| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2026/0105/3 |
| Дугаар | 221/МА2026/0207 |
| Огноо | 2026-03-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2026/0207
| 2026 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 221/МА2026/0207 | Улаанбаатар хот |
“Э” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч: “Э” ХХК
Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч А.Рл
Гомдлын шаардлага: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0695097 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0183 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч улсын ахлах байцаагч А.Рл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө
Хэргийн индекс: 128/2026/0105/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Э” ХХК-иас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч А.Рлд холбогдуулан “2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0695097 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0183 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 10.13 дугаар зүйлийн 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.52-т заасныг баримтлан гомдол гаргагч “Э” ХХК-иас гаргасан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №0695097 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1 Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь гадаадын иргэдийг нутаг буцаах талаар идэвхтэй үйлдэх хийгээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Бидний зүгээс 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт дээрх 2 иргэний хөдөлмөр эрхлэх хугацааг дуусгавар болгох хүсэлт өгч, тус ажилчдад талуудын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул нэн даруй буцах мэдэгдлийг бичгээр удаа дараа өгсөн. Гэтэл бидний шаардлагыг огт хүлээж авахгүй байсан тул бид Гадаадын иргэн, харьяатын газарт 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдэж, өөрсдөө санаачилга гарган хандсан. Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс зөв дүгнээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
3.2 Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1062041 дугаартай шийтгэлийн хуудсаар “зөвшөөрөлтэй хугацаа хэтрүүлсэн” гэх үндэслэлээр манай компанид 580,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байхад дахин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагчаас мөн адил шалтгаанаар 20,000,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, 1 зөрчилд 2 шийтгэл ногдуулсан.
3.3 Анхан шатны шүүх “...эдгээр нь өөр өөр эрх зүйн харилцаа, өөр бүрэлдэхүүнтэй зөрчил тул нэг зөрчилд давхар шийтгэл ногдуулсан гэж үзэхгүй” хэмээн дүгнэсэн боловч тус тусдаа ямар хуулиар хамгаалсан эрх, ашиг зөрчигдсөн ямар ямар бүрэлдэхүүнтэй болохыг тусгайлан зааж, хэдий хэмжээний хохирол, гэм хор учруулсан ямар захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн эсэхийг тухайлан шүүхийн шийдвэрт тусгаагүй, ойлгомжгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0183 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч тал гомдол гаргагчаас гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,
3.1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн XS, XZ нар нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргагч “Э” ХХК-тай харилцан тохиролцон, засал чимэглэлийн ажилтнаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээг байгуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг олгож, 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 7/4124 дугаартай албан бичгээр Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлсэн.
Дээрх иргэдийн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хугацааг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаагаар сунгаж, энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6/12279 дугаартай албан бичгээр Гадаадын иргэн, харьяатын газарт мэдэгдсэн.
3.2. Гомдол гаргагч “Э” ХХК-иас 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 25/29 дугаар албан бичгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандан “Монгол улсад хөдөлмөр эрхлэх эрх олгосон XS, XZ нарын ...гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр хасалт хийж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасны дагуу тус газраас 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6/20546 тоот “Хасалт хийх тухай албан бичгээр” XS, XZ нарын хөдөлмөр эрхлэх хугацааг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгосон тухай Гадаадын иргэн, харьяатын газарт мэдэгдсэн.
3.3. Улмаар “Э” ХХК-иас 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Зөрчил шалган шийдвэрлүүлэх тухай” гэх 25/24 тоот албан бичгээр Гадаадын иргэн, харьяатын газарт хандан “...Манай байгууллагын 2 гадаад ажилтны хөдөлмөр эрхлэх хугацааг дахин 1 сараар сунгах байсан боловч ажилтны буруу ойлголтоос болж 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хасалт хийсэн байсан. Ингээд хугацаа хэтэрсэн зөрчилд орсон тул дараах 2 ажилтны хугацаа хэтэрсэн зөрчлийг шалган шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан
Үүний дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын улсын байцаагчаас 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1062041 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтыг үндэслэн гомдол гаргагч “Э” ХХК-д 580,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, БНХАУ-ын дээрх 2 иргэнийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хилээр гарган, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 05/2136 дугаар албан бичгээр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандан “... “Э” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Байгууллага нь ... гадаадаас авч ажиллуулж байгаа ажиллах хүч, мэргэжилтнийг хөдөлмөрийн гэрээ дуусмагц эх оронд нь буцаах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй...” гэх зөрчил үйлдсэн байж болзошгүй байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.52-т зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шалгуулахаар...” шилжүүлсэн.
3.4. Улмаар хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч А.Рл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0695097 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон.
4. Гомдол гаргагч “Э” ХХК нь маргаан бүхий Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0695097 дугаар шийтгэлийн хуудастай холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлийн 4-т заасан зөрчлийг гаргаагүй гэх агуулгаар бус харин Гадаадын иргэн, харьяатын газрын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1062041 дугаар шийтгэлийн хуудсаар 580,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан зөрчилд хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0695097 дугаар шийтгэлийн хуудсаар дахин торгох шийтгэл оногдуулсан нь “... нэг зөрчилд хоёр удаа шийтгэл оногдуулсан” хэмээн маргаж байна.
5. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 10.13 дугаар зүйл “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль зөрчих”, 10.13 дугаар зүйлийн 4-т “Байгууллага нь гадаадад хөдөлмөр эрхлүүлж байгаа монгол иргэд, гадаадаас авч ажиллуулж байгаа ажиллах хүч, мэргэжилтнийг хөдөлмөрийн гэрээ дуусмагц эх оронд нь буцаах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тухайлан заасан.
6. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу гадаадаас ажиллах хүч авч ажиллуулж буй этгээд нь өөрийн үйл ажиллагаандаа Гадаадын иргэн, харьяатын асуудлыг зохицуулсан хууль тогтоомжийн зэрэгцээ ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний асуудлыг зохицуулсан хууль тогтоомжийг баримтлан ажиллах үүрэгтэй. Зөрчсөн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.13 болон 6.52-д тус тус зааснаар гадаадын иргэний хяналтын улсын байцаагч болон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид тус тусын чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэй.
7. Тухайн тохиолдолд, анхан шатны шүүх “... Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан энэ үүргийг шууд ажил олгогчид хүлээлгэсэн байх ба арга хэмжээ авах гэж заасан нь зүгээр нэг мэдэгдэл хийх, эсхүл дотоод бүртгэлээс хасалт хийх, эсхүл албан бичгээр тухайн иргэдэд мэдэгдэл өгөхийг хэлээгүй, харин гадаад ажилтныг бодитоор эх оронд нь буцаахад чиглэсэн идэвхтэй, зохион байгуулалттай үйл ажиллагаа хийсэн байхыг ойлгохоор байна” хэмээн дүгнэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” хэмээн тухайлан заасан.
Гомдол гаргагч ”Э” ХХК-ийн үйлдсэн гадаадаас авч ажиллуулж байгаа ажиллах хүч, мэргэжилтнийг хөдөлмөрийн гэрээ дуусмагц эх оронд нь буцаах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний асуудлыг зохицуулсан хуулиар тогтоосон журмыг зөрчсөн зөрчлийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулсан.
Гадаадын иргэн, харьяатын газрын гадаадын иргэний хяналтын улсын байцаагчаас 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1062041 дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад “оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн” гэх зөрчилд уригч этгээд болох ”Э” ХХК-д хариуцлага хүлээлгэсэн үйл баримт нь гомдол гаргагчийн Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА