Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2020/00333

 

            Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............ онд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй,  дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Улаанбаатар хот, ........................... дүүрэг ...............дүгээр хороо, .................дугаар хороолол, Х гудамж ...... дүгээр байрны .................. тоотод оршин суух, Б.Н.Унэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........................ онд Багануур дүүрэгт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад судлаач мэргэжилтэй, ............................. менежер  ажилтай, Багануур дүүргийн ................... дүгээр хороо, .................. дугаар байрны ......... тоотод  оршин суух, Б овогт Г.М-д  /РД:......................./  холбогдох  зуучлалын  гэрээний үүрэгт 11.000.000 төгрөг, хохиролд 10.000 төгрөг  гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын  16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон, хариуцагч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Н.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие өөрийн дүү Э.А-д тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж сургалтын төлбөр төлдөггүй, сар бүр тэтгэлэг олгодог дээд сургуульд Хятад улсад суралцуулах зорилготой байсан. Г.М нь “Wechat”  хэмээх олон нийтийн сүлжээнд “Хятадын Засгийн газрын тэтгэлэгтэй сургалтад хүүхэд зуучилна” гэсэн зар тавьсан байсныг  олж уншаад Г.Мын 94660379 дугаар руу залгаж ярихад “Манайх Хятад улсын “MalishaEdu”  компанийн Монгол дахь салбар” гэж танилцуулаад 13 дугаар хорооллын Эрхэс төвийн 4 давхарт байх ажлын байрандаа ирж уулзахыг санал болгосон. Очиж уулзахад Г.М “Шанхай, Бээжин гэх мэт том хотуудад сургалтын төлбөргүй, байр нь үнэгүй, сар тутмын 2000-2500 юанийн тэтгэлэгтэй дээд сургуульд зуучилж оруулж өгнө, зуучлалын хөлс 13 сая төгрөг” гэсэн. Ингээд ярилцаж байгаад зуучлалын хөлсийг 11 сая төгрөгөөр тохирч, 2018 оны 3 дугаар сард урьдчилгаа 3 сая төгрөгийг Г.М-ын дансанд шилжүүлсэн. Эрүүл мэндийн шинжилгээ өгөх шаардлагатай гэсний дагуу 2018 оны 3 дугаар сард 70.000 орчим төгрөгөөр Э.А шинжилгээнүүдийг өгүүлсэн. Мөн Э.Ахувийн мэдээллийг орчуулгын товчоогоор 40.000 төгрөгөөр орчуулуулсан. Г.М энэ бүгдийг аваад “Бичиг баримтыг чинь “MailishaEdu” компани руу явууллаа, урилгаа хүлээж бай, 7 сард урилга ирнэ” гэсэн. Урилга хүлээсээр байгаад 10 дугаар сар болсон. Г.М үлдэгдэл мөнгөө өгөхийг шаардсан учир 2018 оны 10 дугаар сард дансанд нь 8.000.000 төгрөг хийсэн. 10 дугаар сарын сүүлээр Г.М “энэ жилээс хэлний бэлтгэлд тэтгэлэг өгөхөө больсон байна, Шанхайгаас өөр мужийн сургуульд хэлний бэлтгэлд явуулах боломж байна” гэхээр нь дүү Э.А2018 оны 11 дүгээр сард Г.Мын оч гэсэн газар руу хэлний бэлтгэлд явуулсан. Э.А очиход эхлэн суралцаж байгаа хүүхдүүдийн анги байгаагүй тул өмнө нь хятад хэл судлаад эхэлчихсэн ангид оруулсан ба Э.Ахоцорсон учир хичээлээ ойлгохгүй байна гэж байсан. Тухайн оныхоо 12 дугаар сарьн сүүлээр эхлэн суралцагчдын анги шинээр нээгдсэн ба тэр ангидаа ороод хэдхэн хоног хичээллээд улирлын амралт болсон. Ингээд дараа оны буюу 2019 оны 03 сараас хичээл нь ороод үзэж судлах ном сурах бичгээ дутуу үзээд төгсгөсөн байсан. Г.М нь 11.000.000 төгрөг авсныхаа дараа гэнэт 4 дэс оноо авах ёстой гэж ярьж эхэлсэн, үүнээс хойш 11 сар хүртэл дүүгээ сургуульд явуулж өгөхийг хүлээсний эцэст Г.Мд наад асуудал чинь худлаа болж байгаа юм биш үү гэхэд харин тиймээ, худлаа боллоо гэхээр нь мөнгөө буцааж авмаар байна гэхэд “MalishaEdu” компанийн дансанд мөнгө нь орсон учраас буцааж өгөх боломжгүй гээд байсан. Тухайн компанийг судалж үзэхэд Г.М “MalishaEdu” компанийн Монгол дахь төлөөлөгч гэдэг нь худал байсан, би анх энэ компанийн төлөөлөгч гэхэд нь итгэсэн,  компанийг нь ч судалсан учраас дүүгээ явуулах талаар ярилцсан, хэрвээ энэ компанийн төлөөлөгч биш байсан бол Г.М тай ийм асуудал ярихгүй байсан. Би дүүгээ бакалаврын зэрэгтэй болгохын тулд ийм их хэмжээний мөнгө төлсөн болохоос биш хятад хэл сургахын тулд 11.000.000 төгрөг төлөөгүй. Зуучлалын хөлс ийм өндөр байдаггүй юм байна лээ. Г.М нь анх дээд сургуулийн хэлний бэлтгэлд оруулна гэж ярьчихаад авч яваад 3 онооны сургалттай коллежид оруулсан байсан. Хятад хэлний анхан шатны мэдлэггүй хүүхэд 4-5 сар сургалтад хамрагдаад 4 дэс оноо авна гэж байхгүй, тэгээд одоо болохоор HSK-4 онооны шалгалтад тэнцээгүй учраас дээд сургуульд орж чадаагүй нь өөрөөс нь болсон гээд байгаа. Г.М нь өөрийгөө төлөөлөгч байсан гэж өнөөдөр хүртэл худлаа ярьж байна. “MalishaEdu” компани дээр очиж уулзахад “2017 онд Г.М гэж хүн манай төлөөлөгч болъё гэж нэг удаа ирээд дахиж ирээгүй, хэрвээ албан ёсоор шүүх, цагдаагийн байгууллагаас манайд хандвал төлөөлөгч биш гэсэн баримтыг гаргаж өгөх боломжтой” гэсэн. 2018 онд зуучлалын гэрээ гэж байгуулсан нь үнэн. Гэхдээ тухайн гэрээг Г.М өөрөө бичээд надаар гарын үсэг зуруулсан. Надаас 11.000.000 төгрөг авсан юм чинь дүүг маань тэтгэлэгтэй дээд сургуульд оруулж өгнө гэж итгэсэн. Манай дүүтэй хамт явсан хүүхдүүдээс 4 дэс оноогоо аваад, дараагийн сургуульдаа орсон хүүхэд байхгүй, Багануураас явсан зарим хүүхдүүдийн мөнгийг буцааж өгсөн байсан, хотоос явсан хүүхдүүд мөнгөө буцааж авч чадахгүй, Г.М ыг зугтаагаад олдохгүй байна гэж байсан. 11.000.000 төгрөгөөс Г.Мын төлсөн гээд байгаа хэлний  бэлтгэлийн сургалтын болон байрны төлбөр 5000 юанийг хасаж тооцож болно. Гэхдээ Г.М манай дүүгээс 2000 юань авсан гэж дүү хэлсэн. Иймд зуучлалын гэрээний дагуу авсан 11.000.000 төгрөг, нэхэмжлэл гаргахаар Багануур дүүрэгт ирсэн замын зардалд 10.000 төгрөг нийт 11.010.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

       Хариуцагч Г.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2018 оны 10 сард Н.У болон түүний дүү Э.Аэхний жилийн хэлний бэлтгэлд суралцаад их сургуулийн босго оноо буюу НSK 4 оноог шалгалтаар авч чадахгүй бол 2019-2023 он хүртэлх тэтгэлэгт хамрагдах боломжгүй, мөн зуучлалын хөлс 11.000.000 төгрөгийг буцаан олгох боломжгүй гэдгийг маш сайн анхааруулж хэлсний үндсэн дээр үлдсэн төлбөрийг авсан. Хэрвээ боломжгүй гэж үзэж байвал татгалзаад урьдчилгаанд өгсөн 3.000.000 төгрөгөө буцаагаад ав гэхэд хоорондоо ярилцаад зөвшөөрсний үндсэнд 2018 оны 10 сард 2 тал гараар гэрээ хийж үлдсэн төлбөрийг авсан. Тухайн үед Э.Ахамт зуучлуулсан хүүхдүүдэд адилхан шаардлага тавьж бүгдэд нь хичээнгүй суралцахыг хатуу анхааруулаад өөрийн биеэр Хятад дахь сургуульд нь хүргэж өгсөн. Тэр үед өөрсдийгөө боломж бололцоогоороо дайчлан хичээнгүй суралцаад хятад хэлний НSK оноогоо авсан хүүхдүүд 2019 оноос эхлэн Хятад улсад 100% тэтгэлгээр их дээд сургуулиудад суралцаж байгаа. Суралцагч, сурах хариуцлагаа гүйцэд ухамсарлаагүй, биеэ дайчилж хичээгээгүйн улмаас хэлний бэлтгэлийн анхан шатны шалгалтандаа тэнцээгүй. Хэлний бэлтгэлийн босго оноонд тэнцээгүйн улмаас их сургуульд орж чадаагүй учир миний бие Н.Уыг хохироосон гэж үзэхгүй байна. Би “MalishaEdu” компанийн төлөөлөгч байсан нь үнэн. 2019 оны 3 сард гэрээгээ цуцалсан. Гэхдээ надад энэ талаарх баримт байхгүй байна.  Сургалт хятад хэл дээр явагдаж байгаа тохиолдолд HSK оноо заавал яригддаг, Хятад улсад сурч байгаа учраас хятад хэл дээр сургалт явагддаг гэдгийг мэдэж байгаа, бакалаврын зэрэг олгох тэтгэлэгтэй сургалтад хамруулж өгнө гэж гэрээгээр тохирсон боловч өөрөө дээд сургуульд орох босго оноогоо авч чадаагүй. Эд нараас авсан 11.000.000 төгрөгөөс би өөрөө хэлний сургуульд оруулж өгсөн зуучлалын хөлсөнд 500 долларыг авсан, мөн эд нарыг надад зуучилж өгсөн залуу 1.000.000 төгрөгийг нь авсан.  Хэлний сургалтын төлбөрт 3000 юань, байрны зардалд 2000 юань,  бүртгэлийн хураамжид 400 юань,  даатгалд 600 юань төлсөн.  Э.А-аас 2000 биш 400 юань авсан. Бусад үлдэгдэл мөнгийг тухайн сургуулийн багшид бэлнээр өгсөн. Мөнгийг хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Хэлний бэлтгэлд яг 3 онооны 4 онооны анги гэж байхгүй, өөрсдөө хичээж суралцаад 4 онооны шалгалтаа өгөх боломжтой. Урилга нь 7 сард ирэх байсан боловч ирэхгүй байсаар 10 сар болсон, Хятадын элчин сайдын яаман дээр виз гаргах зөвшөөрөл авах гээд нилээн удсан. Тэгээд 10 сарын сүүлээр авч явж сургуульд нь оруулсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

    Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.У нь хариуцагч Г.М д холбогдуулан зуучлалын гэрээгээр төлсөн 11.000.000 төгрөг, гэрээнээс үүдэлтэй хохиролд 10.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Г.М нь зуучлалын гэрээний үүргээ биелүүлсэн, Э.А дээд сургуульд орж чадаагүйд хариуцагч буруугүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

 

Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  Зуучлах, зуучлуулах  гэрээ  байгуулагдсан ба гэрээгээр хариуцагч Г.М нь  нэхэмжлэгчийн дүү болох Э.А БНХАУ-ын тэтгэлэгт 11.000.000 төгрөгөөр зуучилна.  2018-2019 онд БНХАУ-ын Вэйфан хотод 1 жилийн хэлний бэлтгэлд, 2019-2023 онд Шанхай хотод сурах. 2018-2019 онд суралцах хугацаанд Э.Ань  HSK  шалгалтандаа 4 оноо болон түүнээс дээш оноогоор тэнцсэн тохиолдолд 2019-2023 оны тэтгэлэгт хамрагдана. Хэрвээ HSK шалгалтандаа тэнцээгүй тохиолдолд сүүлийн 4 жилийн буюу  2019-2023 тэтгэлэгт хамрагдахгүй, төлбөрийг буцаахгүй  байхаар тохиролцжээ.

           

         Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

       

          Талуудын хооронд хийгдсэн зуучлах, зуучлуулах гэрээ, гэрээнд заагдсан нөхцөл, тохиролцоо, агуулгаас дүгнэж үзэхэд зуучлагч Г.М нь зуучлуулагч Н.У ын дүү Э.А Хятад улсын тэтгэлэгтэй дээд сургуульд оруулах, зуучлуулагч Н.У нь тэтгэлэгтэй дээд сургуульд оруулж өгсөн зуучлалын хөлс, шагналд 11.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон нь  Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний шинжийг агуулсан байна.

         Зуучлалын хөлсөнд 11.000.000 төгрөг төлсөн эсэхэд талууд маргаагүй.

       

         Нэхэмжлэгч Н.У нь гэрээний дагуу 11.000.000 төгрөгийг зуучлалын хөлсөнд төлөх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч Г.М нь тэтгэлэгтэй дээд сургуульд зуучилж оруулна гэсэн амлалтаа биелүүлээгүй үндэслэлээр зуучлалын хөлсөө буцаан шаардсан бөгөөд 11.000.000 төгрөгөөс хэлний сургалтын төлбөрт төлсөн гэх 5000 юанийг хасаж тооцохыг хүлээн зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэлээ гаргахаар Багануур дүүрэгт ирсэн замын зардал 10.000 төгрөгийг хохиролд тооцон нэмж шаардсан.

         

          Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд “Хэрвээ HSK шалгалтандаа тэнцээгүй тохиолдолд сүүлийн 4 жилийн буюу  2019-2023 тэтгэлэгт хамрагдахгүй, төлбөрийн эргэн олголт байхгүй. HSK шалгалтанд 4 оноо авсан тохиолдолд 2019-2023 оны тэтгэлэгт хамруулж өгнө” гэсэн нөхцөлийг дурдсан байгаа боловч зуучлагч Г.М нь  суралцагч Э.А HSK шалгалтанд 4 оноо авах нөхцөл боломжийг хангаж өгөөгүй, анх тохиролцсон дээд сургуулийн хэлний бэлтгэлд бус коллежид оруулсан, сургуульд явуулах хугацааг 2 сараар хожимдуулж явуулсан, өөрийгөө “MalishaEdu” компанийн Монгол дахь төлөөлөгч гэж  танилцуулан зуучлуулагчид итгэл төрүүлж гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийн дүү болох Э.А Хятад улсын дээд сургуульд элсэн суралцах өөрийн зорилгоо биелүүлэхэд зуучлуулагчийн зүгээс ямар ямар нөхцөл болзол, шаардлагыг хангах ёстой талаарх ойлголт, мэдээлэлийг анхнаасаа бүрэн гүйцэд өгөөгүй, зуучлуулагчаас авсан 11.000.000 төгрөгийг хэнд, хэзээ, ямар зорилгоор өгсөн болон “MalishaEdu” компанийн Монгол дахь төлөөлөгч байсан гэх баримтгүй, энэ талаарх өөрийн тайлбараа баримтаар нотолж чадахгүй байна.

         

         Хариуцагч Г.М нь зуучлуулагчийг дээд сургуульд орох босго оноогоо аваагүй нь өөрийнх нь хариуцлагагүй байдалтай холбоотой гэж тайлбарлаж байгаа боловч  Хятад хэлний анхан шатны мэдлэггүй хүн 4-5 сарын хугацаанд HSK 4 оноо авах боломжгүй, түүний өгсөн энэ талаарх тайлбар бодит үнэнд нийцээгүй болох нь гэрч Д.Б-ын шүүхэд өгсөн “…манай сургууль нь бүтэн нэг жилийн хугацаанд HSK 3 түвшний мэдлэг олгодог сургууль юм. 1.5-2 жилийн хугацаанд сурч байгаа хүүхдүүдэд тусдаа HSK 4 онооны анги гаргаж өгдөг. Гэхдээ хичээлээ сайн шахаад үзсэн хүүхдүүд   HSK 3 түвшний мэдлэгийг 1 жилийн хугацаанд сурах боломжтой. Зөвхөн сурах бичгээ үзээд явсан тохиолдолд HSK 2 түвшний мэдлэг олж авна. Э.А хичээл эхэлсэнээс хойш 2 сарын дараа манай сургуульд ирсэн. 2019 оны 01 сарын 15-наас 3 сарын эх хүртэл сургууль амарсан. 3 сараас хичээл эхлээд Э.А 5 сарын сүүл хүртэл суралцаад Г.М эгч 7 сарын 01-нээс өмнө HSK 4 оноогоо аваарай гэсэн, өөр арга хайхаас гээд Монгол руугаа буцсан. Хятад хэлний анхан шатны мэдлэгтэй, дуудлагатай, бүх юмаа мэддэг бол шууд ханзандаа орох боломжтой. Анхан шатны мэдлэггүй бол 4-5 сарын хугацаанд дуудлага, зурлага, сонсгол, хөгийг мэдсэн тохиолдолд ханзандаа орох боломжтой, HSK 4 оноо авахад 1200 ханз цээжилсэн байхыг шаарддаг” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Ашүүхэд өгсөн “…Намайг зуучлагч 9 сар гэхэд сургуульдаа найдвартай орно гэж хэлсэн. Намайг сургуулиа сонго гэхээр нь Шанхай хотын их сургуулийг сонгосон. 2018 оны 7 сард сургууль дээр жаахан асуудал гараад урилга ирэхгүй байна гэсэн. Тэгээд 10 сарын сүүлээр уулзахад урилга ирсэн байсан. Намайг HSK 3 түвшний хэлний бэлтгэлийн сургалтад хамруулж өгсөн байсан. 12 сарын дундуур шинэ ангидаа ороод сар гаруй хичээллээд цагаан сарын амралт болсон. 3 сарын эхээр хичээл эхэлсэн. 5 сарын сүүлээр Г.М эгч манай эгч рүү яриад HSK 4 оноогоо 7 сарын 01-нээс өмнө авах ёстой, тэгж байж дээд сургуульд оруулж өгнө гэж ярьсан байсан. Би HSK 3 түвшний сургалтад хамрагдсан учраас HSK 4 түвшний шалгалтыг өгөх боломжгүй болоод Монгол руугаа буцсан” гэсэн мэдүүлэг, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.  

           

          Талууд зуучлах, зуучлуулах талаар 2018 оны 03 сард анх ярилцаж зуучлалын хөлсний зарим хэсэг болох 3.000.000 төгрөгийг өгч авалцсан, тухайн үед HSK 4 онооны талаар яригдаагүй, тухайн онооны талаар 2018 оны 10 сард үлдэгдэл төлбөр болох 8.000.000 төгрөгийг шилжүүлсний дараа яригдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь  гэрч Д.Б  шүүхэд өгсөн “…3 сараас хичээл эхлээд Э.А 5 сарын сүүл хүртэл суралцаад Монгол руу буцах болсон, яагаад хичээлээ дуусгахгүй буцаж байгааг асуухад Г.М эгч 7 сарын 01-нээс өмнө HSK 4 оноогоо аваарай гэсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Э.А шүүхэд өгсөн “… 3 сарын эхээр хичээл эхэлсэн. 5 сарын сүүлээр Г.М эгч манай эгч рүү яриад HSK 4 оноогоо 7 сарын 01-нээс өмнө авах ёстой, тэгж байж дээд сургуульд оруулж өгнө гэж ярьсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Д шүүхэд өгсөн “…2018 оны 10 сард Н.У, Г.М, түүний нөхөр, Э.Абид 5 уулзсан. Г.М хятад хэлний оноотой байж дээд сургуульд орох боломжтой талаар хэлсэн. Тэгэхээр нь тэгвэл анхан шатны мэдлэггүй юм чинь бүтэхгүй, мөнгөө буцааж авъя гэхэд Г.М мөнгө чинь “MalishaEdu” компанийн дансанд орсон, буцаах боломжгүй гэж хэлсэн. Анх 3 сард уулзахдаа онооны талаар огт яриагүй” гэх мэдүүлэг, гэрч Э.О шүүхэд өгсөн “ …Г.М анх Шанхай хотод топ 10 сургуулийн 1-д оруулна гэж хэлсэн. 2018 оны 03 сард дүүгийнхээ урьдчилгаа төлбөрийг төлөөд Шанхайн эдийн засгийн их сургуульд явуулна гээд хүлээгээд байтал Шанхайн сургууль нь бүтэхгүй болоод Шандуны Вэйфан хотод сургахаар болоод 11 сард хүүхдүүдийг аваад явсан.  HSK 4 түвшний дээд сургуулийн сургалтад хамруулна гэж авч яваад HSK 3 түвшний коллежид  оруулсан байсан. Шанхайн их сургуульд оруулна гэчихээд ямар ч тэтгэлэггүй сургуульд оруулдаг нь ямар учиртай юм бэ гэхэд “Malisha”-гаас зуучлалын хөлс гэж 500 доллар авдаг тэрийгээ өөрт чинь өгье гээд надад буцааж 500 доллар өгсөн. 2018 оны 10 сард бүх мөнгөө авсны дараа HSK 4 оноогоо хичээлдээ суугаад авчихна, тэгэхээр нь их сургуульд оруулж өгнө гэж хэлсэн. Тухайн оруулсан сургууль нь HSK 3 түвшний мэдлэг олгодог гэдгийг 2019 оны 05 сард мэдсэн” гэсэн мэдүүлгүүдээр  давхар нотлогджээ.

       

         Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар үүрэг хүлээсэн эрх зүйн харилцаа талуудын хооронд үүссэн боловч хариуцагч Г.М нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 зааснаар өөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна гэж шүүх үзэв.

    

        Иймд хариуцагч Г.М ын “6000 юанийг зуучлуулагчийн дүү Э.А сургалтын төлбөр, байрны төлбөрт төлсөн, үүнээс 400 юанийг Э.Аззаяагаас авсан, зуучлалын хөлс шагналд 500 долларыг өөрөө авсан” гэх тайлбар болон дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага болох 11.010.000 төгрөгөөс байр, сургалтын зардал 5600 юань,  зуучлалын хөлс шагнал 500 долларыг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг баримтлан Зууны мэдээ сонины 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 111 дугаарт зарлагдсан “Найман шарга” валют арилжааны төвийн валютын ханшийн мэдээг үндэслэн 1 юанийг 392.5 төгрөгөөр, 1 долларыг 2814 төгрөгөөр тус тус тооцож, 3.605.000 төгрөгийг /5600 х 392.5 = 2.198.000/, /500 х 2814 = 1.407.000/ зуучлалын хөлсөнд төлсөн 11.000.000 төгрөгийн төлбөрөөс суутган 7.395.000 төгрөгийг, замын зардал 10.000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

             

            Нэхэмжлэгч Н.У нь хариуцагч Г.М ыг  2000 юань дүү Э.А-с авсан гэж мэдүүлсэн боловч 400 юань авснаа хариуцагч хүлээн зөвшөөрсөн, үлдэх 1600 юанийг хариуцагчид өгсөн гэдгээ баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэв.

          

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 7.405.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

              Зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах шаардлагыг хангасан, тухайн хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж үнэлсэн болно.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б овогт Г. М-с 7.405.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Н.У-д олгон, үлдэх 3.605.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.У ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  191.110 төрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 7.405.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 133.430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.У д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                    П.ЦЭЦЭГДУЛАМ