Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/848

 

                                      

 

 

 

 

 

 

  2023           11           01                                      2023/ШЦТ/848

      

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Б.Алтанзул,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Алтанзулд холбогдох эрүүгийн 2305033441949 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 25-нд Баянхонгор аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 7, эх, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суварга, солдат 2 дугаар гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн дотуур байрны 202 тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Жадамба овогт Баянмөнхийн Алтанзул (Регистрийн дугаар: ВН99112501).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б.Алтанзул нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “SEA” гэх нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч Ш.Өлзийсайхантай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгойн тус газар шар айргийн шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Алтанзул мэдүүлэхдээ: “...Тухайн үйл явдал 2023 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө болсон. Тухайн үед би 2-3 пиво уусан байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү, ийм үйлдэл гаргасандаа харамсаж байгаа. Хадгаламжид маань хэдэн төгрөг байгаа, торгох ялыг төлөх боломжтой” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ш.Өлзийсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр хоёр эмэгтэй манай ширээний хажууд ирж юм ярьж зогсож байснаа намайг халтар гичий гэж хэлээд хажуугаар гараад явсан. Тэр үед намайг юу гэнээ энэ хүүхэн гэж уурлаад буцаад тэр эмэгтэйг хажуугаар явахаар нь ширээнд байсан 0,5 литрийн савлагаатай цэвэр усыг шидсэн. Тэгсэн чинь миний толгой руу хэн нэгэн хүчтэй юмаар цохих шиг болоод миний ухаан балартсан. Миний толгойноос цус ихээр гарч эхэлсэн. ...тэндээсээ гэмтлийн эмнэлэг явж толгойдоо буюу духандаа 6 ширхэг оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

Гэрч Б.Мичидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр найз Алтанзулын хамт 3-4 дүгээр хороололд байдаг “SEA” нэртэй бааранд орой 23 цагийн орчимд орсон. Ороод хойд талын ширээнд суусан. Би цүнх болон тортой эд зүйлээ суусан ширээн дээрээ орхиод пиво авахаар тек рүү яваад Хайнекен 0,5 литрийн савлагаатай пиво 2 шилийг 22,000 төгрөгөөр авч ирсэн. Би нэг шил пивоо найз Алтанзулд өгсөн. Тэгсэн чинь Алтанзул надад урд сууж байгаа охин намайг цаашаа суу, цаашаа бай, битгий хажууд зогсоод бай гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь би тоохгүй орхичих оо, хоёулаа бүжиглэе гэж бүжгийн талбай явах замдаа урд ширээнд сууж байсан харалдаа очоод иймэрхүү юмнууд угаасаа ингэж л байдаг шүү дээ гэж найздаа хандаж хэлээд пивоо бариад явсан. Бүжгийн талбай дээр очоод харсан чинь найз Алтанзул араас ирэхгүй ширээний тэнд зогсоод байсан. Тэгэхээр нь би Алтанзулыг тэр охиноос холдуулах санаатай очих гээд явж байхад урд талын ширээнд суусан байсан охин над руу 0,5 литрийн савлагаатай цэвэр ус шидсэн. Тэр сав миний баруун шанаа руу оносон. Би цохиулаад доошоо хараад эргээд хартал тэр охин ширээн дээрээ тонгойсон байсан. Тэр үед Алтанзул ширээнд сууж байсан охины хажууд очоод маргалдаад байсан. Тэндээс удалгүй бид хоёр гараад явсан. Гадаа байж байхад баарны хамгаалагч миний ууж байсан пивыг хурааж авсан. Баарны хамгаалагч цагдаа дуудна та хоёр хүлээж бай гэсэн. Тэгсэн чинь тэр цохиулсан охин яваад өгсөн.  ...Намайг пиво аваад ирэх хооронд найз Алтанзул тэр охин хоёр хоорондоо үл ойлголцсон юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11464 дугаартай: “...Ш.Өлзийсайханы биед тархи доргилт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

Шүүгдэгч Б.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийг шилжих шөнө би найз Мичидмаагийн хамтаар Баянгол дүүрэг 3, 4 дүгээр хороололд байдаг “SEA” нэртэй бааранд ороод шатны баруун талын ширээнд суусан. Удалгүй Мичидмаа пиво авах гээд явсан. Тэгсэн чинь урд ширээнд суусан байсан 20 гаран насны эмэгтэй нэг залуутай хамт сууж байсан. Тэгээд тэр эмэгтэй надад хандаж битгий наанаа зогсоод бай, цаашаа бай, цаанаа суу гэж хэлсэн. Тэгээд Мичидмаа хоёр шил Haineken нэртэй пиво аваад ирсэн. Тэгэхээр нь би Мичидмаад энэ урд ширээнд сууж байгаа охин цаашаа бай, цаанаа суу гэж байна гэдгийг хэлсэн. Тэгсэн чинь Мичидмаа тэр охины хажуугаар зөрж гарахдаа баарны гичий нар угаасаа ийм л байдаг шүү дээ гэж хэлээд явсан. Тэгээд Мичидмаа бүжгийн талбай яваад ирэх замд нь нөгөө охин ууж байсан цэвэр усаа Мичидмаагийн нүүр лүү шидсэн. Тэгэхээр нь би найзыгаа өмөөрөөд уугаад зогсож байсан пивоны шилээр тэр охиныг цаашаа хараад сууж байхад нь толгой руу нь цохисон. Тэр охин толгойгоо бариад тонгойсон. Тэр үед Мичидмаа уурлаад гарна гээд бид хоёр баарнаас гарсан. Баарны гадаа байж байхад тэр охин араас гарч ирээд маргалдсан. Тэр үед баарны хамгаалагч гарч ирээд одоо найзыгаа аваад яв гэж хэлсэн, тэгээд бид хоёр яваад өгсөн. Би хар өнгийн савхин куртик, хар өнгийн даавуун цамцтай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн өсгийтэй гуталтай байсан. ...Би найзыгаа өмөөрч уурлаад бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Тухайн үеийн уураа барьсан бол ийм асуудал гаргахгүй байсан, уучлаарай” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...23 цаг 35 минут 32 секундэд гэрч Б.Мичидмаа нь хохирогч Ш.Өлзийсайханыг сандал дээр сууж байх үед хажуугаар нь ямар нэгэн зүйл хэлээд зөрж байгаа харагдана. 23 цаг 35 минут 40 секундэд гэрч Б.Мичидмааг дахин зөрж өнгөрөх үед хохирогч Ш.Өлзийсайхан сандал дээр сууж байх үедээ баруун гараараа цэвэр ус мэт савтай зүйл шидэж гэрч Б.Мичидмаагийн баруун шанааг онож байгаа харагдана. 23 цаг 35 минут 41 секундэд холбогдогч Б.Алтанзул хохирогч Ш.Өлзийсайханы толгойг ууж байсан пивоны шилээр цохиж буй дүрс бичлэг” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 06-09 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Б.Алтанзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Алтанзул нь 2023 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “SEA” бааранд найз Б.Мичидмааг өмөөрч хохирогч Ш.Өлзийсайханы толгой руу шар айргийн шилээр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Ш.Өлзийсайхан, гэрч Б.Мичидмаа нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 11464 дугаартай дүгнэлт, хяналтын камерын бичлэг, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Ш.Өлзийсайханы биед учирсан тархи доргилт, духанд шарх бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 11464 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Хохирогч Ш.Өлзийсайханы эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Алтанзулын гэм буруутай үйлдэл болох шар айргийн шилээр цохисноос үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Алтанзул өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Б.Алтанзулын бусдыг шар айргийн шилээр цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн П.Галбадрахаас гэрчийн мэдүүлэг авахдаа эрх, үүрэг танилцуулах, хууль сануулах, өгсөн мэдүүлэг зөв бичигдсэн эсэхийг танилцуулан гарын үсэг зуруулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Өлзийсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Алтанзул нь хохирогчид 300,000 төгрөг нөхөн төлсөн байна.

Хохирогч Ш.Өлзийсайхан “толгойдоо гэмтэл авснаас үүдэж ажилд явж чадаагүй өдрийн цалинг нэхэмжилнэ” гэсэн хүсэлтийг “Ди Ти Ти Кореа Лайни” ХХК-ийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хамт шүүхэд ирүүлсэн байх ба хэд хоног ажилдаа явж чадаагүй талаарх баримт хэрэгт байхгүйн дээр хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус, энэ талаар хэрэгт хангалттай нотлох баримт авагдаагүй байх тул шүүх уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Иймд хохирогч Ш.Өлзийсайхан нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Алтанзулаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Б.Алтанзул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.Алтанзулд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.Алтанзулд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 300,000 төгрөг нөхөн төлсөн зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанзулыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Б.Алтанзулын орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Алтанзул баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Жадамба овогт Баянмөнхийн Алтанзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанзулыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Алтанзулд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанзул торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Өлзийсайхан нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Алтанзулаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Алтанзул нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогч Ш.Өлзийсайханд 300,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Алтанзулд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НЯМДАВАА