| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 110/2025/0063/З |
| Дугаар | 221/МА2026/0168 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2026/0168
С.Д, Д.С нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.С, С.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч С.Д, Д.С
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “Хадлангийн талбай ашиглуулах тухай” захирамжийг хавсралтын хамтаар хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2025/0084 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д
Хариуцагч М.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 110/2025/0063/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Д, Д.С нараас Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “Хадлангийн талбай ашиглуулах тухай” захирамжийг хавсралтын хамтаар хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2025/0084 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Д, Д.С нарын тус шүүхэд гаргасан "Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай "Хадлангийн талбай ашиглуулах тухай" захирамжийг хавсралтын хамтаар хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч Д.С, С.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нар давж заалдах гомдолдоо:
“...Ногооннуур сумын өвс хадлангийн зориулалттай бүс нутгаас бусад иргэдийн нэгэн адил Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн "Хадлангийн талбай хуваарилах тухай" 39 дүгээр тогтоол, Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн "Хадлангийн талбай ашиглах тухай" 55 дугаар захирамж болон захирамжийн дагуу байгуулагдсан комиссын хүчин төгөлдөр шийдвэрээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу хадлангийн талбай болох "Бэлчээрийн эх" гэх газар байршилтай газраас нэхэмжлэгч Д.С-д 1.5 га, С.Д-д 1.5 га буюу нийт 3,0 га газрыг тус сум дахь "Хос харагай" хоршоонд 14.5 га, иргэнд Х.Р 1.5 га, Х.Д-д 1.5 га, Д.Б-д 1.5 га хадлангийн талбайг тус тус хадлангийн зориулалтаар ашиглуулсан ба уг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн гаргасан 39 дүгээр тогтоол, Засаг даргын 55 дугаар захирамж, комиссын шийдвэр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа...Дээрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын хүчин төгөлдөр захирамж буюу комиссын шийдвэрээр хуваарилуулан авч олон жил ашиглаж ирсэн хадлангийн талбай болох "Бэлчээрийн эх" гэх газар байршилтай хадлангийн талбайд нэхэмжлэгч Д.С, С.Д нар бид тус сум дахь Хос харагай хоршоо болон иргэн Х.Д, Д.Б, Х.Р нартай хамт 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр газрын даамалтай хамтран дахин хэмжилтийг Улаанбаатар хотын албан ёсны зөвшөөрөлтэй "З" ХХК-д хийлгэж хүн тус бүрийн ашиглаж байсан хадлангийн талбайн хил заагийг тогтоолгож, хүн тус бүрийн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын схем зураг болох кадастрын зургийг гаргуулж байсан.
...Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хууль бус А/32 дугаартай захирамжийн үндэслэл болгож уг Засаг даргын захирамжийг хууль бусаар ашиглаж 6 машины үнэ гээд 9,000,000 төгрөгийг ямар ч гэм буруугүй Д.С, С.Д бид хоёроос үндэслэлгүй 2023 оны өвсний үнэ нэхэмжилснээр дээрх Засаг даргын гаргасан хууль бус захирамж эрхийн актаас болж бидний хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна.
...Иргэний хэргийн анхан шатны шүүх 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэхдээ Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03-р сарын 15-ны өдрийн А/32 дугаар хууль бус захирамжийг үндэслэн 9,000,000 төгрөгийн өвсний үнийг Д.С, С.Д бид нараас гаргуулан дээрх иргэдэд олгох тухай 302/ШШ2025/00630 дугаартай шийдвэр гарснаар бидний хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөн. Үүнийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 302/ШШ2025/00630 дугаартай шийдвэр нотолно.
Ачит нуур Дэвлийн арлын байгалийн цогцолборт газрын хилийн хязгаарлалтын бүсэд хамрагдаж тусгай хамгаалалтад 2020 онд дахин авагдсан газар учраас Ногооннуур сумын Засаг даргын хариуцагч нарт газар олгохоор гаргасан захирамж нь хуулийн хүчин төгөлдөр биш хүчингүй хууль бус захирамж эрхийн акт байна...“Хадлангийн газар ашиглуулах тухай” А/32 дугаартай захирамжийг Ногооннуур сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох” тухай А/144 дугаартай захирамжаар хүчингүй болгосон. Ногооннуур сумын Засаг даргын гаргасан дээрх хууль бус захирамж нь бусдад давуу байдал бий болгосон захирамжид дурдагдсан иргэд уг захирамжийг өөр зорилгоор хууль бусаар ашиглаж нэхэмжлэгч бид нараас их хэмжээний өвсний үнэ нэхэмжилсэн асуудлаас болж бидний хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөн.
Иймд Улсын тусгай хамгаалалтын бүс нутгаас иргэн С.Б, М.Т, Ж.А, К.Ү, С.А нарт хадлангийн зориулалтаар газар ашиглуулсан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн "Хадлангийн газар ашиглуулах тухай" А/32 дугаартай хууль бус захирамжийг Ногооннуур сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай” А/144 дугаартай захирамжаар хүчингүй болгосон тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2025/0084 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн "Хадлангийн газар ашиглуулах тухай" А/32 дугаартай хууль бус захирамжийг хавсралтын хамт шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Д, Д.С нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч С.Д, Д.С нараас Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “Хадлангийн талбай ашиглуулах тухай” захирамжийг хавсралтын хамтаар хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаар захирамжаар М.Т, К.Ү, Ж.А, С.А, С.Б гэх нэр бүхий 5 иргэнд Хартахарын ганц бургас гэх газрын доод талд байрлах газарт тус бүр 1,5 га хэмжээ бүхий талбайг хадлан бэлтгэх зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгожээ.[1]
2.3. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар “Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчин улсын тусгай хамгаалалттай “Ачитнуур, Дэвлийн арлын байгалийн цогцолборт” газарт хадлангийн зориулалтаар газар ашиглуулсан” гэж үзэж Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна.[2]
2.4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж тус тус заасны дагуу Засаг дарга өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.
2.5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж хуульчилсан.
2.6. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон захиргааны акт нэгэнт хүчингүй буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх, эрх зүйн хамгаалалт үүсэх нөхцөл бүрдэхгүй энэ утгаараа эрх зүйн үйлчлэлгүй актыг хүчингүй болгуулахыг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.
2.7. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаар захирамжийг улсын тусгай хамгаалалттай “Ачитнуур, Дэвлийн арлын байгалийн цогцолборт” газарт хадлангийн зориулалтаар газар ашиглуулсан гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар хүчингүй болгосон ба нэгэнт тус маргаан бүхий акт эрх зүйн үйлчлэлгүй болсон энэ тохиолдолд шүүхээс дахин хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... иргэн С.Б, М.Т, Ж.А, К.Ү нар нь А/32 дугаар захирамжийн дагуу 9 сая төгрөгийг биднээс нэхэмжилж иргэний шүүхийн шийдвэр гарсан...” гэх агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2025/0084 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.С, С.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА