Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 20

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Сүхбаяр,

Шүүгдэгч: Л.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоохор овогт Лхагвасүрэнгийн Энхболдод холбогдох 201615000328 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 31 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт 2 дугаар баг 33-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Энхболдод оногдуулсан 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлснийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 167 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 cap 28 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Цоохор овогт Лхагвасүрэнгийн Энхболд /РД: ЙД86080617/

Шүүгдэгч Л.Энхболд нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 31-13 тоотод оршин суух иргэн П.Энхсайханы гэрээс дээл, 2 ширхэг ширдэг, өрх зэргийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж иргэн П.Энхсайханд 310.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Л.Энхболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би П.Энхсайхан гэдэг айлд очсон. Тэнд хоол унд хийлгэж идчихээд П.Энхсайхантай нэг шил архи хувааж уусан. Тэгтэл П.Энхсайхан цэцэрлэгийн хүүхдээ авах гээд явсан. Тэр хойгуур нь би гэрт нь жоохон унтаж байгаад босоод дээл 1 ширхэг, ширдэг 2 ширхэг, өрх 1 ширхэгийг хулгайлсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.

Хохирогч П.Энхсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Манай гэр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 31-13 тоотод байдаг. Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ ирчихээд буцаад гэртээ харихад манай сумын гарлын Л.Энхболд гэх залуу хашаанд зогсож байсан. Би Л.Энхболдыг нэг нутгийн Лхагвасүрэнгийн хүүхэд болохоор таньдаг. Аав ээж нь надтай сайн танил хүмүүс байсан. Тэгээд би Энхболдоос хаа хүрч яваа юм бэ? гэж асуухад Богд сум явчихаад ирлээ. Орой хот руу мал борлуулахаар явах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд надаас та хоол хийгээд өгөөч гэхээр нь би түргэн болдог болохоор нь бантан хийж өгсөн. Гэтэл Л.Энхболд 1 шил “Нутгийн буян” нэртэй архи гаргаад ирэхээр нь Л.Энхболдтой хамт тэр архийг нь хувааж уусан. Тэгээд би орой нь 16 цагийн орчимд ач охиноо цэцэрлэгээс нь авах гээд гэрээсээ гарсан. Тэгэхэд Л.Энхболд та хэр удах юм бэ? гэхээр нь би удахгүй, хурдан ирнэ гэж хэлчихээд Энхболдыг гэртээ ганцааранг нь үлдээгээд хүүхэд рүүгээ явсан. Тэгээд хүүхдээ авчихаад буцаад гэртээ харихад Л.Энхболд манайхаас гараад явчихсан байсан. Тухайн өдөр эд зүйл алдсан гэдгээ анзаараагүй. Маргааш нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай эхнэр өрхний оосор хадах гээд байшингийн жижиг өрөөнд байсан өрхөө үзэхэд өрх байхгүй байсан. Тэгэхээр нь эд зүйлээ бүртгээд үзэхэд манай гэрт байсан 2 жижигхэн ширдэг, миний хөвөнтэй дээл, шинээр хийж байсан өрх зэрэг эд зүйл алга болсон байсан. Өөр эд зүйл алдагдаагүй. Тэгээд маргааш нь Л.Энхболдын аав ээж дээр очиход аав, ээж 2 нь одоохон цагдаад мэдэгд. Л.Энхболд cap шахуу гэртээ ирээгүй гэж хэлэхээр нь цагдаад мэдэгдсэн. Л.Энхболд тухайн үед ганцаараа явган ирсэн байсан. Бид хоёр 1 шил архи хувааж уусан. Дараа нь манай гэрт үлдээд гэрээс гарахдаа манай эд зүйлийг хулгайлаад гарсан байсан. Ямар нэгэн унаа тэрэггүй явж байсан. Хулгайд алдсан эд зүйлээ буцааж олж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй. /хх-ийн 34-35 хуудас/

Гэрч Э.Баасансүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 10 дугаар сарын 08 билүү 09-ний өдөр байх надтай хамт 0256 дугаар ангид жолооч ажилтай байсан Л.Энхболд гэх залуу манай гэрт ирээд 2 ширхэг орны хивс авах уу? Найз нь эгчийнхээсээ авч ирсэн. Мөнгөний хэрэг гараад 20.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь би нөгөө ширдгийг нь хараад жижиг, гайгүй ширдэг байхаар нь нэг их зүйл бодолгүй 20.000 төгрөг өгөөд авсан. Ингээд Л.Энхболд 20.000 төгрөг авчихаад манайхаас гараад явсан. Тэр ширдгээ манай эгчийнх, би Богд сумаас авч ирсэн л гэж хэлсэн. Л.Энхболд өөр ямар нэгэн эд зүйл барьж орж ирээгүй. Надад ширдэгнээс өөр зүйл зараагүй. Манайд ганцаараа ирсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 39 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Л.Энхболд, Э.Баасансүрэн, П.Энхсайхан нараас асууж авсан тайлбар, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ¹11/15, ¹11/20, ¹11/33, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ¹12/17 дугаартай үнэлгээний тайлан, түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 он 11 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 167 дугаар шүүгчийн захирамжуудын хуулбарууд, шүүгдэгч Л.Энхболдын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч П.Энхсайханы алдагдсан эд зүйлээ буцааж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, иргэний нэхэмжлэгч М.Уртнасангийн алдагдсан акумулятор 1 ширхэгийг буцааж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд /хх-ийн 1, 4-6, 8, 13-15, 17-19, 21-30, 47-50, 54-57, 61-64, 84-85, 87-88, 99-100, 102-106 хуудас/

Шүүгдэгч Л.Энхболдын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 89, 93 хуудас/

Шүүгдэгч Л.Энхболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Л.Энхболд нь ялтай байхдаа, согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 31-13 тоотод оршин суух хохирогч П.Энхсайханы гэрээс дээл 1 ширхэг, ширдэг 2 ширхэг, өрх 1 ширхэгийг тус тус хулгайлж хохирогч П.Энхсайханд 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Л.Энхболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Энхсайханы Л.Энхболд нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 31-13 тоотод байх манай гэрээс 2 жижиг ширдэг, миний хөвөнтэй дээл, шинээр хийж байсан өрх зэрэг эд зүйлийг хулгайлсан байсан. Гэрч Э.Баасансүрэнгийн Л.Энхболд манайд орж ирээд 2 ширхэг орны хивс авах уу? Мөнгөний хэрэг гараад 20.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь би нөгөө ширдгийг нь хараад жижиг, гайгүй ширдэг байхаар нь нэг их зүйл бодолгүй 20.000 төгрөг өгөөд авсан гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Л.Энхболд, Э.Баасансүрэн, П.Энхсайхан нараас асууж авсан тайлбар, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ¹11/15, ¹11/20, ¹11/33, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ¹12/17 дугаартай үнэлгээний тайлан, түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 он 11 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 167 дугаар шүүгчийн захирамжуудын хуулбарууд, хохирогч П.Энхсайханы алдагдсан эд зүйлээ буцааж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, иргэний нэхэмжлэгч М.Уртнасангийн алдагдсан акумулятор 1 ширхэгийг буцааж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд, шүүгдэгч Л.Энхболдын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Л.Энхболдын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.Энхболд нь ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 он 11 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 167 дугаар шүүгчийн захирамжуудын хуулбарууд, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Энхболдод холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

               Шүүгдэгч Л.Энхболд нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,

                Шүүгдэгч Л.Энхболд нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Л.Энхболд нь хувьд ногдох эд хөрөнгөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Энхболдын үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнд 35.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Энхболдоос 35.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнд олгож,       

            Шүүгдэгч Л.Энхболдын цагдан хоригдсон 39 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Шүүгдэгч Л.Энхболдын эзэмшлийн 20.000 төгрөгийн үнэ бүхий БНСУ-д үйлдвэрлэгдсэн ягаан өнгийн, Anycall загварын хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч П.Энхсайхан, иргэний нэхэмжлэгч М.Уртнасан нарт хулгайлсан эд зүйлсийг буцаан олгосон, хохирогч П.Энхсайхан, иргэний нэхэмжлэгч М.Уртнасан нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цоохор овогт Лхагвасүрэнгийн Энхболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Л.Энхболдод эд хөрөнгө хураахгүйгээр, 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Л.Энхболдод оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Л.Энхболдын цагдан хоригдсон 39 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Энхболдоос 35.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнд /Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар баг Сүйхт гэх газар оршин суух/ олгосугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч П.Энхсайхан, иргэний нэхэмжлэгч М.Уртнасан нарт хулгайлсан эд зүйлсийг буцаан олгосон, хохирогч П.Энхсайхан, иргэний нэхэмжлэгч М.Уртнасан нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Л.Энхболдын эзэмшлийн 20.000 төгрөгийн үнэ бүхий БНСУ-д үйлдвэрлэгдсэн ягаан өнгийн, Anycall загварын хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгчид иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Энхболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ