Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 12

 

                                                              Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БА-ийн БСЗД-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “БСЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 02, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Д”, “Д” нөхөрлөлтэй байгуулсан “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ” хууль бус байсан болохыг, мөн Засаг даргын “Д” нөхөрлөлтэй 2019 онд байгуулсан “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ”-г илт хууль бус болохыг тус тус тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х /онлайн/, хариуцагч М.Б /онлайн/, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Нэхэмжлэлийн шаардлагад: 1. БА-ийн БСЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 02, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Д” нөхөрлөлтэй байгуулсан “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ” хууль бус байсан болохыг тогтоолгох, 2. БА-ийн БСЗД-ын “Д” нөхөрлөлтэй 2019 онд байгуулсан “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ”-г илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох. Нэхэмжлэлийн үндэслэл: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “Х” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-000267 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч байгаад урт нэртэй хуулийн үйлчлэлээр хасагдсан талбайгаас хориглосон, хязгаарласан талбайн хилийн заагт хамаарахгүй болсон талбайг буцаан олгож, солбицолд өөрчлөлт оруулан бүртгэж, Туулын цагаан тохой нэртэй 2.43 гектар талбайд гарсан бичил уурхайн дүгнэлтийг хүчингүй болгож, тухайн талбай байрших БСЗД-д 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 7/859 дугаарын албан бичгээр мэдэгдсэн байдаг.

Уг албан бичгийг БСЗД 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч бүртгэлийн дэвтэртээ “Х” ХХК-ийн газрыг чөлөөлсөн гэсэн хаалт хийсэн хирнээ дээрхи талбайг хууль бусаар 2017 оны 06 дугаар сарын 02, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд нөхөрлүүдэд ашиглуулах гэрээ байгуулж, ашиглуулсан байна.

Нөгөө талаас 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6.1.2-т бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгчдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймгийн засаг даргад уламжлах, 7.1.2-т “Аймаг, нийслэлийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэх” нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг байхаар, “сумын Засаг дарга 7.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах олборлох гэрээг байгуулахаар” тус тус журамласан байна.

Дээрхи журмын дагуу БА-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/09-01 дугаар тогтоолоор бичил уурхайн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх бөгөөд уг тогтоолоор тусгай хэрэгцээнд авагдсан газарт нэхэмжлэгч “Х” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр эзэмших талбай хамаарахгүй болсон байжээ.

Гэтэл БСЗД нь БС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолын үйлчлэл дуусгавар болсонд хяналт тавьж, улмаар БА-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/09-01 дугаар тогтоолын биелэлтийг хангах үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлээгүй, манай компанийн эзэмших тусгай зөвшөөрлийн талбайд нөхөрлөлүүдтэй бичил уурхайн гэрээ байгуулан ажиллуулж байсан болно.

БСЗД-аас манай компанийн эзэмших тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан “Д” нөхөрлөлд бичил уурхай явуулах эрх олгохоор байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ”-ний хугацаа дуусгавар болж, БСЗД-аас Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/489 дүгээр албан бичгээр “Д” нөхөрлөлтэй байгуулсан гэрээний хугацаа нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болж, дахин гэрээ байгуулахгүй болсон талаар тайлбар ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн ...” гэж үзэх нөхцөл байдал бий болсон байна.

Учир нь нэхэмжлэгч нь тус шүүхэд 2018 оны 09 дүгээр сарын 26-нд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сумын Засаг даргаас ирсэн тайлбараар маргаан бүхий акт хэрэгжиж дууссан байна.

Сумын Засаг дарга журамд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл үүсгэж, түүний “Д” нөхөрлөлтэй байгуулсан “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ” 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар хүртэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”-оор хуульчилсан.

Хариуцагч сумын Засаг даргын хууль бус ажиллагааны улмаас манай компанийн 1996 оноос эхлэн БА-ийн БС-ын нутагт орших Ар тамсаг нартэй газрын 158.12 га талбайд хайгуулын ажил явуулан, нөөц, эрдсийн бүрэлдэхүүнийг тогтоосны үндсэн дээр ашигт малтмалын нөөцийн дүгнэлтийг Улсын комисст хүлээлгэн өгч, 267А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд нэхэмжлэгчийн хайгуулыг хийж, нөөцийг тогтоосон талбайд бичил уурхайн үйл ажиллагаа явуулах эрх олгосноор манай тогтоосон нөөцөөс бусад этгээд их хэмжээний алт олборлон манай компанид их хэмжээний хохирол учруулсан тул нэгэнт хэрэгжиж дуусгавар болсон захиргааны актын улмаас нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болно.

Нөгөө талаас сумын Засаг дарга нь БС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолын үйлчлэл дуусгавар болсон. Засгийн газраас дээр дурдсанаар шинэчлэн баталсан журмаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тусгай хэрэгцээнд аваагүй газар дээр, нөгөө талаас бусдын эзэмшил талбайд сумын Засаг дарга “Д” нөхөрлөлтэй 2019 онд “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ”-г байгуулсан нь илт хууль бус байна.

Сумын Засаг дарга үүргээ биелүүлэхгүйн улмаас БС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон “Д” нөхөрлөл нь тус Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр гэж тайлбарлан, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр сэргээгдсэн “Х” ХХК-ийн эрх хэрэгжих боломжгүй нөхцөл бүхий үр дагавар үүсгэж, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн болно.

Иймд БСЗД-ын 2017 оны 6 дугаар сарын 02, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Д”, “Д” нөхөрлөлтэй байгуулсан “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ” хууль бус байсан болохыг, мөн Засаг даргын “Д” нөхөрлөлтэй байгуулсан “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ”-г илт хууль бус захиргааны акт болохыг тус тус тогтоолгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БСЗД М.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Учир нь бид дараа нь хохирлын тухай ярихгүй гэж тохирсон. Ингээд М.Б дарга нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа.” гэв.

Хариуцагч БА-ийн БСЗД М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй гэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “БСЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 02, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Д”, “Д” нөхөрлөлтэй байгуулсан “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ” хууль бус байсан болохыг, мөн Засаг даргын “Д” нөхөрлөлтэй 2019 онд байгуулсан “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ”-г илт хууль бус болохыг тус тус тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч БА-ийн БСЗД хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд  илэрхийлжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй учраас тэдгээрийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтыг баримтлан БА-ийн БСЗД-д холбогдуулан гаргасан “БСЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 02, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Д”, “Д” нөхөрлөлтэй байгуулсан “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ” хууль бус байсан болохыг, мөн Засаг даргын “Д” нөхөрлөлтэй 2019 онд байгуулсан “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ”-г илт хууль бус болохыг тус тус тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 51 дүгээр зүйлийн 51.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БА-ийн БСЗД-аас улсын тэмдэгтийн хураамж 35100 /гучин таван мянга, нэг зуун/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БОЛОРМАА