Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1246

 

Ө.Э-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01151 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ө.Э-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э-т  холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 47 030 600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                          З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Э, түүний төлөөлөгч Ч.Ням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ө.Э нь 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1 сарын хугацаатай зээлийн гэрээг иргэн Ц.Э-т ай байгуулж, төлж дуусгасан боловч Ц.Э надаас үндэслэлгүйгээр дахин мөнгө нэхэж миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10-62 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204018256 тоот гэрчилгээг барьцаанд аван буцааж өгөхгүй байна. Иймд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10-62 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204018256 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ц.Э-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч Г.Хонгорзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Э нь 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1 сарын хугацаатайгаар 27.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Э-т ай зээлийн гэрээ байгуулан зээлэхдээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны 62 тоот 30 мкв хоёр өрөө орон сууцыг барьцаанд тавин үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч Т.Тогтмаагийн данс руу шилжүүлэн авсан. Ингээд зээлсэн мөнгөө зээлийн гэрээнд заасан нэг сарын дотор эргүүлэн төлөөгүй учраас хугацаа сунгагдан, хүү төлөх болж, зээлийн хүүг сар бүр бүтэн буюу 1.350.000 төгрөгийг төлж явсан. Харин 2016 оны 12 дугаар сараас хүүгээ хагаслаж төлөх болсоор 2017 оны 7 дугаар сард 1.080.000 төгрөгийг төлж тэрнээс хойш дахин төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрч байна. Иймд Ө.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгорзул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Э нэхэмжлэгч Ө.Э-т ай 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 27.000.000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны 62 тоот 30 мкв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд зээлийн гэрээг сарын 5 хувийн хүүтэй байхаар харилцан тохирсон. Зээлийн гэрээг утсаар ярьж амаар тохирон сунгалт хийж, хүүг дансаар шилжүүлсээр үндсэн зээлийн төлөлт хийгдээгүй өнөөдрийг хүрсэн боловч гэрээний үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлэлгүй барьцаа хөрөнгийг чөлөөлөх шаардлага гаргаж буй учир хариуцагч миний бие үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хоёр талын харилцан тохирсон гэрээний дагуу нэхэмжлэгчээс үндсэн зээл 27.000.000 төгрөг, хүү 6.530.600 төгрөг, алданги 13.500.000 төгрөг, нийт 47.030.600 төгрөгийг Ө.Э-аас гаргуулж, барьцаа хөрөнгөөс гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Э-с 27.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 2.5-5 хувийн хүүтэй авч Ц.Э-н хувийн компани болох Доог Алт ХХК-д Ц.Э-н зөвшөөрснөөр зээлийн төлбөрийг төлж дуусгасан.  Би Ц.Э-т ай 2017 оны 8 дугаар сард ажил дээр нь очиж үлдэгдэл 660.000 төгрөгөө төлж зээлийн тооцоогоо дуусган, гэрчилгээ авахаар очиход таниас мөнгө авахгүй гэж зугтаагаад уулзаагүй. 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг сунгаж, тодорхой хугацаа тогтоож зөвшөөрөлцсөн асуудал огт байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныгбаримтлан нэхэмжлэгчӨ.Э-н хариуцагч Ц.Э-т  холбогдуулж гаргасан Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны 62 тоот, улсын бүртгэлийн Ү-2204018256 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 14.850.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ц.Э-т  олгож, Ц.Э-н сөрөг нэхэмжлэлээс 32.180.600 төгрөгийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Ө.Э нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны 62 тоот, 30 мкв талбайтай, 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204018256 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 463.800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.Э-аас 232.200  төгрөг гаргуулж хариуцагч Ц.Э-т  олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгорзул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ө.Э нь нийт 14.850.000 төгрөгийт Ц.Э-т  төлөх үүрэгтэй байна гэж шийдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүх сөрөг нэхэмжлэлийн дагуу үндсэн зээлд 27.000.000 төгрөг, хүү 6.530.600 төгрөг, алданги 13.500.000 төгрөг, нийт 47.030.600 төгрөг нэхэмжилснээс 32.180.600 төгрөгийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээг сунгагдсан талаар хангалттай нотлох баримт гаргаж өгч, хавтаст хэрэгт авагдсан боловч шүүх зээлийн гэрээ сунгасан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдохгүй гэж дүгнэсэн. Түунчлэн хариуцагч нь "Доог алт" ХХК-ийн зээлийн тооцооны баримт гэсэн нотлох баримтыг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шуүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээг "Доог алт" ХХК-ийн захирал Ц.Э-т ай байгуулсан боловч   Ц.Э-н   хувийн  компани  болох  "Доог алт"  ХХК-д зээлийн  төлбөрийг төлсөн хэмээн хүлээн зөвшөөрсөн байхад "Доог алт ХХК-ийн зээлийн тооцооны баримт, сунгалт зэргийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ө.Э хариуцагч Ц.Э-т  холбогдуулан Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны 62 тоот, улсын бүртгэлийн           Ү-2204018256 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэг,  алданги, нийт        47 030 600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Ц.Э нь 27 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдэгч Ө.Э-т  зээлдүүлэх, зээлдэгч зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт тус тус нийцсэн, талууд зээлийн мөнгөн хөрөнгө 27 000 000 төгрөгийг зээлдэгч нь зээлдүүлэгчид шилжүүлэн өгсөнөөр гэрээ байгуулагдсан талаар маргаагүй.

Мөн зохигчдын хооронд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  Ө.Э, Т.Тогтмаа, Э.Гантулга нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны 62 тоот, 30 мкв талбайтай, 2 өрөө, улсын бүртгэлийн             Ү-2204018256 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр  барьцаалсан гэрээг  улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, Ө.Э нь гэрээний хугацаа дуусахад зээлийн хүүд 1 350 000 төгрөгийг төлсөн,  2015 оны 10 дугаар сарын    12-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 25 650 000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэжээ.

Мөн хариуцагчийн нийт төлсөн 25 650 000 төгрөгийг үндсэн зээлийн 27 000 000 төгрөгөөс хасч үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 1 350 000  төгрөгийг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцүүлэн нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 27 000 000 төгрөгийн 50 хувиар алданги тооцож, 13 500 000 төгрөгийн хамт нийт 14 850 000 төгрөгийг хариуцагч Ө.Э нь Ц.Э-т  төлөх үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт заасан үндэслэлгүй байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ө.Э-н үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Э-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ө.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 14 850 000 /1 350 000+13 500 000/ төгрөгийг гаргуулж, Ц.Э-т  олгож, төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар, сөрөг нэхэмжлэлээс 32 180 600 төгрөгийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь “Доог-Алт” ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй, зохигчдын хооронд үүссэн зээлийн харилцаанд “Доог-Алт” ХХК-ийн “зээлийн тооцооны баримт” нь хамааралгүй байхаас гадна  хүү тогтоосон зээлийн гэрээг сунгасан гэрээг бичгээр хийх  шаардлагыг хангаагүйгээс  хариуцагч нь  хүү авах эрхээ алдсан байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.