Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/818

 

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч Х.*******, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,

шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай (цахимаар),

шинжээч эмч С.Эрдэнэцэцэг (цахимаар) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******д холбогдох эрүүгийн 2305003760139 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 27-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, “******* *******” бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хорооллын дугаар байрны тоотод оршин суух, урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1056 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, овогт ийн ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” бааранд хохирогч Х.*******ийн биед тодорхой шалтгаангүйгээр халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохих, хоолойг нь боож газар унагаах, хавирга хэсэгт нь цохих зэргээр халдаж, баруун доод 1, 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, уруулын салстад язарсан шарх, зүүн 9, 10, 11 дүгээр хавиргануудын хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Хохирогч ******* нь эхлээд над руу дайраад нүүр лүү цохисон. Би манараад өөрийгөө хамгаалах ёстой юм байна гэж бодоод нүүр хэсэгт нь цохиж, жийж унагаасан. Газарт унасных нь дараа цээж болон хөл рүү нь өшиглөсөн. Хохирогчийг хоёулаа нийлж зодсон зүйл байхгүй. Би хэрэг гарснаас хойш хохирогчоос уучлалт гуйсан, хохирол төлбөрт 580,000 төгрөг төлсөн. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Х.******* мэдүүлэхдээ: “...Тухайн үед бааранд үйлчлүүлж байгаад хүмүүстэй нь маргалдаад энэ хүнийг заалнаас олж дуудаж авчраад танай хүмүүс ингээд байна гээд хэлсэн. Тэгтэл намайг юу хүсээд байгаа юм гээд цээж рүү маань цохиж зодсон. Намайг бүлэглэж зодсон. Миний нүүр болон толгой хэсэгт хөлөөрөө дэвсэж гэмтээсэн, араас эдний хүн өвдөглөснөөс гурван хавирга хугарсан. Тэгээд нөгөө хүнд хандаж чи ахыгаа гэмтээчихлээ гээд хэлсэн. Би энэ хүнээс нэг төгрөгийн ч хохирол аваагүй, эмнэлэгт үзүүлж томографын шинжилгээ хийлгэсэн төлбөрөө буцаан авсан. Өөр ямар нэгэн хохирол төлөөгүй. Би өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, шүд хийлгэх 9,000,000 төгрөг нэхэмжилж байгаа, мөн цаашид гарах зардлаа нэхэмжилнэ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “******* *******” бааранд ь, Төрөө нарын хамт 22 цагийн үед орсон. Тухайн бааранд архи согтууруулах ундаа хэрэглээгүй, гадаа салхинд гараад хувцасны өлгүүрийн залуутай тамхи татаад зогсож байгаад би буцаад өлгүүр рүү очих үед өлгүүр дээр өөр нэг залуу зогсож байгаад над руу агсраад, миний ам руу салаавч хийгээд шууд гараад явсан. Би тухайн залууд “чи үйлчилгээний байгууллагын ажилтан байж ингэж болохгүй” гэж хэлсэн чинь дахиад хараал хэлээд гараад явсан. Тэгэхээр нь би тухайн байгууллагын менежер гэх залуутай уулзаад “танай байгууллагын нэг ажилтан миний ам руу салаавч хийчихлээ, танай байгууллага үйлчилгээний байгууллага байж ингэж харьцаж болохгүй, би танай байгууллагад мөнгө төлчихөөд ам руугаа салаавч хийлгэмээргүй байна” гэж хэлсэн. Гэтэл тухайн менежер гэх залуу “чи надаас юу хүсээд байгаа юм бэ” гээд миний цээж рүү атгасан гараараа чичлээд байхаар нь би “яагаад байгаа юм бэ” гээд буцаагаад түлхэх үед тухайн менежер залуу боож, мушгиж унагаагаад дээрээс цохиод, миний цээж хэсэг рүү өвдөглөсөн. Тухайн үед миний хавирга хугарсан гэж бодож байна. Би болъё гэх үед хар хувцастай залуучууд ирээд “чи хүн зодсон” гээд над руу дайраад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Миний тархи, толгой, шүд хэсэг хөндүүртэй, хавирга хугарсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр найз *******, төр нарын хамт “******* *******” бааранд бүжиглэж байгаад буцаад ширээн дээрээ сууж байтал ******* бие засахаар гарчихаад буцаж орж ирэхгүй байхаар нь араас нь очсон. Гэтэл өлгүүрийн тэнд менежер ******* гэх залуу *******ийг газар унагаагаад өшиглөж байхаар нь салгаад менежер ******* гэх залууд “чи одоо настай хүнийг зодож байдаг ямар хаашаа залуу вэ, бүхэл бүтэн энэ байгууллагын менежер гэх залуу байж” гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан. Гэтэл ******* миний хавирга хугарсан байх өвдөөд байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн *******-17 дугаар хуудас),

Гэрч Б.-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр манай өлгүүрчин рүү нэг настай ах дайраад байхаар нь манай менежер ******* тухайн ахтай очиж уулзсан. Гэтэл тэр ах ******* руу бас дайраад *******н элэг рүү цохиод мөргөсөн. Тэгэхээр нь би тухайн ахыг салгаж холдуулсан. Гэтэл нөгөө үл таних хүн өлгүүрийн хэсгээс баар руу орох гээд явсан, араас нь ******* баар руу орж ажлаа хийх гээд явсан. Тухайн ах эргэж хараад *******н нүүр хэсэг рүү нэг удаа цохихоор нь ******* тухайн ахыг түлхэхэд газарт унасан. ******* тухайн ахыг газарт унасан байхад нэг удаа өшиглөхөөр нь би салгасан. Тэгээд бүгд салсан. Тухайн хүнийг ******* цохисон, өөр хүн гар хүрээгүй. ...Манай зөөгч охид дунд урт үстэй 2-3 охин байдаг. Харин эрэгтэй урт үстэй хүн нэг ч ажилладаггүй, тийм хүн огт байгаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 103 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 983 дугаартай: “Х.*******ийн биед баруун доод 1, 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, уруулын салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 219 дугаартай: “Х.*******ийн биед баруун 4, 5, 6 дугаар хавиргануудын хуучин хугарал гэмтлийг 2022 оны 12 дугаар сарын 29-ний гавал, цээж, бүсэлхий нурууны рентгенээр тогтоосон болно. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжгүй. “Мед Траума” эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын -ны цээжний КТГ-р Х.*******ийн биед зүүн 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Энэ нь 2022 оны 12 дугаар сарын 28-нд буюу хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Зүүн 9, 10, 11 дүгээр хавиргануудын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 108-111 дүгээр хуудас),

Шүүгдэгч А.*******н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний бие 2022 оны 12 дугаар сарын 28-нд ажил дээрээ 20 цагийн үед ирсэн. Ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байхад манайхаар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч 50 орчим насны халзан толгойтой, *******8 см орчим өндөртэй, дундаж биетэй ах манай өлгүүр дээрээс зөвшөөрөлгүй хувцсаа авсан байсан. Тухайн үед нь манай ажилтан ахаа та өлгүүрийн дугаараа өгөөд аваарай гэж хэлсэн бөгөөд энэ үед нөгөө хүн би танайд мөнгөө өгч үйлчлүүлж байж загнуулах юм уу гээд хэрүүл маргаан эхэлсэн байсан. Би тухайн хүн дээр очоод юу болсон талаар асуухад надад хандаад чи энэ юмандаа хэл л дээ, би мөнгөөрөө үйлчлүүлж байхад намайг загнаад байна гэж хэлсэн. Би тухайн ахад хандаад за ойлголоо, танд өөр ямар нэг гомдол санал байгаа юу гээд асуусан чинь нөгөө эрэгтэй би танай ажилтанд чинь гомдолтой, намайг загнаж зандарсан гэх зүйл хэлсэн. Би тухайн үед нь ажилтнаасаа асуухад би тэгээгүй шууд авахаар нь хөөе наадахаа дугаараа өгч байж аваарай, таны эд зүйл мөн юм уу гэж асуусан гэх зүйл хэлсэн. Би энэ үед нөгөө ахад хандаад за манай ажилтан танаас дугаараа үзүүлэхийг хүссэн байна, чангаар хэлсэн бол уучлаарай ах гээд хэлсэн чинь нөгөө ах надад хандаад энэ муу намайг мөнгөөрөө үйлчлүүлж байхад хэн гэж бодоод байгаа юм гээд маргаан хийгээд салахгүй байсан. Би ажилтандаа хэлээд энэ ахтай маргаан хийгээд хэрэггүй, уучлалт гуй гээд хэлсэн бөгөөд манай ажилтан мөн нөгөө хүнээс гуйсан чинь нөгөө ах сая энд нэг хамгаалагч байсан гээд ахиад маргаан хийгээд байсан бөгөөд би ямар хамгаалагч байсан юм хоёулаа дотогшоо ороод харж ольё гэсэн чинь намайг зуураад хэрүүл хийх гээд хоргоогоод эхэлсэн. Тэгж байгаад нөгөө ах намайг элэгдэхээр нь зөрүүлээд цээж хэсэгт гараараа түлхээд ах та ийм хэл амтай хүн согтуу байна, таныг оруулахгүй гээд хувцас таных мөн юм уу, та бид нарт өлгүүрийн дугаараа өг гэж хэлсэн чинь намайг ахиад гараараа шууд нүүр хэсэгт хоёр удаа цохисон. Энэ үед миний уур хүрээд нөгөө ахыг шууд түлхэж унагаагаад газар унахад нь гараа зангидаж байгаад нуруу хэсэгт нь хоёр удаа цохиод толгой орчим нэг удаа хөлөөрөө өшиглөөд авсан юм. Ингээд би өөрөө гэнэт санаа зовоод ахыг босгож ирээд гайгүй байгаа эсэхийг асуух гэтэл нөгөө ах намайг шууд нэг удаа толгойгоороо баруун шанаа хэсэгт мөргөсөн. Тэгээд би хойшоо ухарч холдсон ба энэ үед хамт байгаа хүн нь гээд нэг үл таних эмэгтэй гараад ирсэн ба тэр эмэгтэй цагдаад дуудлага өгөөд байсан. Би тухайн эрэгтэйн нүүр хэсэг рүү нь нэгээс хоёр удаа цохиод унахаар нь нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34, 72 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” бааранд хохирогч Х.*******тэй маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь цохих, газар унагааж хавирга хэсэгт нь өшиглөх зэргээр биед нь халдаж, түүний эрүүл мэндэд баруун доод 1, 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, уруулын салстад язарсан шарх, зүүн 9, 10, 11 дүгээр хавиргануудын хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Х.*******, гэрч Л.ь, Б.- нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээч эмчийн 983, 219 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч А.*******н яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Х.*******ийн биед учирсан зүүн 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал бүхий гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 219 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Хохирогч Х.*******ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч А.*******н гэм буруутай үйлдэл болох цохиж, өшиглөснөөс үүссэн шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч А.******* өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Х.******* нь зодуулсныхаа дараа 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, мөн өдрөө мэдүүлэг өгөхдөө баарны менежер буюу шүүгдэгч А.*******д хэрхэн, яаж зодуулсан талаараа тодорхой мэдүүлсэн байх ба шүүх хуралдаанд мэдүүлгээ өөрчилж “А.******* миний хавиргыг хугалаагүй, бааранд хамгаалагч хийдэг бололтой үсээ ардаа боосон өндөр залуу ирээд ардаас өвдөглөсөн” гэж мэдүүлжээ.

Хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байх тохиолдолд түүний аль мэдүүлэг нь үнэн зөв эсэхийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтын эх сурвалжтай харьцуулан судалж, мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогчтой хамт явж байсан Л.ь, баарны хамгаалагч Б.- нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч А.*******н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр хохирогч Х.*******ийн биед шүүгдэгч А.*******гаас өөр этгээд халдаж зодсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирогчийн “намайг бүлэглэж зодсон” гэсэн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч А.*******н бусдыг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А.******* нь хохирогчид 580,000 төгрөг нөхөн төлсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.******* шүүгдэгчээс имплант шүд хийлгэх 9,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нэхэмжилсэн болно.

Шүүх хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс гэж нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй зардалд тооцох үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Харин хохирогч Х.******* “имплант шүд хийлгэх шаардлагатай байгаа” гэж 9,000,000 төгрөг нэхэмжлэн “Adore implant clinic” эмнэлгийн баримтыг хэрэгт хавсаргасан байх ба ирээдүйд гарч болзошгүй уг зардлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч Х.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.*******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч А.******* хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч А.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид 580,000 төгрөг нөхөн төлсөн зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч А.*******н хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди), хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 1500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч А.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч А.******* нийт 580,000 (таван зуун наян мянга) төгрөгийг хохирогч Х.*******өд төлсөн болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.*******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди), хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НЯМДАВАА