Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/816

 

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,

улсын яллагч Г.Онон,

хохирогч Н.*******,

шүүгдэгч А.******* (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******т холбогдох эрүүгийн 2305022*******71*******72 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******89 оны 02 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа авто засварын газарт ажилладаг, ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хорооллын ******* байрны ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн ******* (Регистрийн дугаар: УХ890*******791).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаст-Ойл” ХХК-ийн шатахуун түгээх станцад хохирогч Н.*******г зодож, түүний биед зүүн мөрний үений холбоосны суналт, зүүн бугалга, хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ: “...Тэгээд байж байтал цаанаас нь салбарын эрхлэгч гээд энэ хүн үүрэг өгөөд байсан байна лээ. Нөгөө хүн цаашаа мэдээлэл өгөөд хөдлөхгүй байна гэсэн юм шиг байгаа юм. Энэ хүнийг гараад ирэхээр нь би намайг хол байгаа болохоор сонсохгүй байгаа юм байна гээд хүүхдээ тэврээд машинаасаа буугаад очсон. Тэгээд хүүхдээ тэвэрсэн байхад одоо гар гээд байгаа нь хүнлэг бус байсан. Хөдлөхийн хооронд ямар сүртэй юм бэ гээд хэлсэн. Тэгээд би п-гээр эхэлсэн хараал хэлсэн. Тэгтэл энэ эмэгтэй утсаа гаргаж ирээд шууд бичлэг хийгээд байгаа юм шиг яриад байсан. Тэгэхээр нь би бичлэг яагаад хийгээд байгаа юм, наадах чинь бас хуультай шүү гээд хэлсэн. Би эхнэртээ машиндаа хүүхдээ аваад сууж бай гэж хэлээд суулгаад хөдлөх гэсэн чинь энэ хүн цагдаа дуудсан, чи намайг зодсон гээд явуулахгүй гээд хаалга онгойлгоод байхаар нь түлхсэн. Холдооч гээд хувцаснаас нь татсан зүйл байгаа. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Н.******* мэдүүлэхдээ: “...Миний мөрний араас татаад түлхээд машин мөргүүлээд буцааж татсан. Намайг угзарч татсан, татахдаа миний мөрнөөс махтай хамж татаад машин мөргүүлсэн. Дараа нь эхнэр нь ирээд явах гэхээр нь цагдаад дуудлага өгсөн гэхэд цагдаагаа дууд, цагдаатай чинь цуг хачин болгоно гэж хэлсэн. Би хавтаст хэрэгт 383,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, энэ хүний эхнэр нь хүүхэд маань хагалгаанд орсон, өвчтэй зовлонтой байгаа гэхээр нь энэ мөнгөө нэхэмжилье гэсэн. Уг мөнгөө нэхэмжилж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 08 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаст-Ойл” ХХК-ийн ажлын талбайн зогсож болохгүй хэсэгт *******2 39 УЕМ улсын дугаартай машин ирээд зогсоод байхаар нь түгээгч Дусүрэн энд зогсож болохгүй гэж хэлсэн. Тэгэхэд мэдэж байгаа, дуугүй бай гэхэд манай түгээгч за тэгвэл хөдлөөд яваарай гэсэн. Тэгэхэд нөгөө машины эзэн гэх залуу хэл амаар доромжилж эхэлсэн. Хүүхдээ тэвэрчхээд манай түгээгч рүү орилоод байсан. ...тухайн үед энд зогсож болохгүй гэж өчнөөн хэлж байхад намайг хараагаад байхаар нь би машины зургийг нь дарсан. Намайг пизда минь хачин болгоно шүү гэж заналхийлэхээр нь бас тэр залуугийн зургийг дарсан. Дараа нь зураг дараад байвал ална шүү гэх мэтээр хэл амаар доромжилсон, тэгээд миний араас зүүн мөр лүү шууд цохисон, хажууд байсан машин руу хавсарч түлхэж зодсон. Дараа нь манай ******* түгээгч гарч ирэхэд тухайн залуугийн эхнэр нь хүрээд ирсэн. Тэгээд тэр залууг салгаад би цагдаа дуудсан. Цагдаа ирэх хүртэл намайг дахиад зүүн мөр лүү цохиод, үснээс зулгааж татсан. Тэнд байсан бүх хүмүүс харсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

Гэрч Ц.Дусүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 08 цагийн үед манай шатахуун түгээх газар нэг залуу машин байрлуулахгүй газарт машинаа тавьчихаар нь наана чинь зогсохгүй шүү гэсэн чинь нөгөө залуу хүүхдээ тэвэрчихсэн мэдэж байна пизда минь гэх мэтээр орилоод байсан. Тэгээд би эрхлэгчдээ хэлээд энэ чинь үг авахгүй юмаа, хүн хараагаад гээд хэлсэн чинь манай эрхлэгч чи яахаараа эмэгтэй хүнийг хараагаад байгаа юм, нялх хүүхэд тэвэрчхээд яасан ичдэггүй юм бэ гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд би манай хүүхдийг харах хүнгүй учир ажил дээрээ авч ирэн байлгадаг болохоор хүүхдээ дотогшоо оруулчхаад гараад ирэхэд эрхлэгч орилоод байхаар нь гэнэт сандраад гараад очтол эрхлэгчийн үснээс зулгаагаад зууралдаж байсан. Тэгээд би хүүе ээ чи болиоч ээ, эмэгтэй хүнийг гэж хэлтэл хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Тэгээд эрхлэгчтэй маргалдаж байтал тухайн машинтай залуугийн эхнэр нь ирээд маргалдахаа болиод яваад өгсөн. ...Манай эрхлэгчийн үснээс нь зулгаагаад зогсож байсан, мөн цамцны ханцуй хэсгээс гараас нь татаад байх шиг байсан. Манай эрхлэгч зөндөө үс зулгаачихлаа шүү дээ гээд байсан. Тэгээд тэр залууг явах гэтэл манай эрхлэгч зодуулчихлаа гээд цагдаа иртэл явуулахгүй гээд тухайн залуугийн машины хаалга хэсэгт нь хаагаад зогсож байсан. Тэр үед холдуулах гээд нөгөө залуу түлхэх, зуурах мэтээр л биед нь халдсан байх” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-******* дүгээр хуудас),

Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаст-Ойл” шатахуун түгээх газарт өглөө 08 цагаас 09 цагийн хооронд би ажлаасаа буух гээд ажлаа амжуулж байтал Дусүрэн гэх манай түгээгч гадаа нэг машин манай шатахуун түгээх газрын хашаанд машинаа оруулаад тавьчихсан байсан болохоор явуулах гээд тухайн машин дотор сууж байгаа залуутай энд машин тавихгүй шүү хөдлөөрэй гээд хоорондоо хэрэлдээд дуу нь чангараад Дусүрэн маань тэр залууд шаардлага тавьсан юм байна лээ. Тэгээд бүр болохгүй болохоор нь манай эрхлэгч болох ******* араас нь гараад бас л энд машин тавих ёсгүй гээд шаардлага тавьсан. Тэгсэн чинь тэр залуу манай эрхлэгчтэй хэрэлдээд тэр залуу хараагаад байхаар нь манай эрхлэгч чи жоохон хүүхэдтэй байтал хэрүүл хийхээ болиоч гэтэл тэр залуу аягүй муухай бухимдалтай харьцаж байсан, та нар намайг яаж чадахын гэж хүртэл бид нарыг доромжлоод байсан. Тэгээд манай эрхлэгчийн зүүн мөр хавьцаа цохиод авсан, чи болиоч, эмэгтэй хүнийг гэтэл хуц гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Цагдаа дуудлаа шүү гэхэд цагдаа чинь яахын гэх мэтээр бас үг хэлж байсан. Тэгээд тэр залууд цагдаа дуудчихлаа байж бай гэхэд тэр залуу чадахгүй гээд хүүхдээ тэврээд цаашаа явган явсан. Тэр залуу машинаа үлдээсэн байсан болохоор араас нь эхнэр нь хүрч ирээд машиныг нь аваад явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 658 дугаартай: “...Н.*******гийн биед зүүн мөрний үений холбоосны суналт, зүүн бугалга, хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Н.*******гийн биед учирсан зүүн мөрний үений холбоосны суналт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн бугалга, хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

Шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. ******* гэх хүний биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. Тухайн хүнтэй маргалдаж байгаад бичлэг хийгээд байгаа юм шиг болохоор нь би утсыг нь харах гээд зүүн гараас нь татсан. ...шатахуун түгээх газрын зогсох ёсгүй газар машинаа тавьсан гэсэн шалтгаанаар маргаан эхэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 7******* дүгээр хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаст-Ойл” ХХК-ийн шатахуун түгээх станцад Н.*******тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн мөрний үений холбоосны суналт, зүүн бугалга, хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Н.*******, гэрч Ц.Дусүрэн, Л. нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 658 дугаартай дүгнэлт, шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Н.*******гийн биед учирсан зүүн мөрний үений холбоосны суналт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 658 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Хохирогч Н.*******гийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч А.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч А.******* өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч А.*******ын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн 383,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч А.******* шүүх хуралдааны явцад нөхөн төлсөн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч А.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч А.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч А.*******ын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1******* дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, *******, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсгийг журамлан шүүгдэгч А.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НЯМДАВАА