Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 00274

 

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2020/00274

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, Их Монгол 35 айл, 13 тоотод байрлах, К ББСБ /..../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, 52 айлын орон сууц, 14 тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, Аръяа овогт Ц.О –д холбогдох,

үндсэн зээл 24,416,788.90 төгрөг, зээлийн хүү 16,705,028.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,341,005.64 төгрөг нийт 44,462,822.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Цэдэнбал Отгонбаяр нь К ББСБ ХОВД САЛБАР-тай 2018 оны 02 дугаар сарын 27 -ны өдөр 2018/11 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 25.000.000 /хорин таван сая / төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 /дөрөв/ хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Ховд аймгийн Жаргалант сумын 8-р баг,Наран нарангийн 12 айл байр, 1 тоотод байрлах 60м2 талбайтай 2-н өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээл болон хүүний төлбөрийг хугацаандаа төлөөгүй. Цаашид ч уг зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөхгүй нь тодорхой байгаа. Иргэн Цэдэнбал Отгонбаяр нь зээл болон зээлийн хүүний төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн болон хүүний төлбөрийг төлөхөөс удаа дараа зайлсхийж байсан. Иймд зээлдэгч Цэдэнбал Отгонбаяраас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, цаашид ч төлөхгүй нь тодорхой байгаа тул үндсэн зээл 24,416,788.90 төгрөг, зээлийн хүү 16,705,028.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,341,005.64 төгрөг нийт 44,462,822.76 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Отгонбаяр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би К ББСБ-аас 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо үндсэн зээл 24,416,788.90 төгрөг, зээлийн хүү 16,705,028.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,341,005.64 төгрөг нийт 44,462,822.76 төгрөгийг төгрөгийг төлнө. Зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь хариуцагч Ц.Отгонбаярт холбогдуулан үндсэн зээл 24,416,788.90 төгрөг, зээлийн хүү 16,705,028.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,341,005.64 төгрөг нийт 44,462,822.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 24,416,788.90 төгрөг, зээлийн хүү 16,705,028.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,341,005.64 төгрөг нийт 44,462,822.76 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,264 төгрөгийн тал хувь болох 190,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 190,132 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 190,132 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ББСБ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Отгонбаярт холбогдох үндсэн зээл 24,416,788.90 төгрөг, зээлийн хүү 16,705,028.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,341,005.64 төгрөг нийт 44,462,822.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 44,462,822.76 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,264 төгрөгийн тал хувь болох 190,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 190,132 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 190,132 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ