Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1412

 

 

 

 

 

 

 

 

    2023       11          15                                    2023/ШЦТ/1412

 

 

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул

Улсын яллагч Я.Болортуяа

Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, *********  овогт *********  ********* холбогдох эрүүгийн “2306 02093 3005” дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 20** оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 2* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “*********” групп компанид өрлөгчнөөр ажилладаг, ам бүл 7, эцэг, эх, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ********* хотхон 53/3-2 дугаар байр ********* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

          ********* овогт ********* ********* /РД: *********/.

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

        Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

 

         Шүүгдэгч ********* нь 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өглөөний 8 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуун овооны Шинэ-Амьдрал барилга дээр ажлын байран дээрээ байхдаа тус газарт ажилладаг ********* таарамжгүй харилцаа үүсгэн, өөрийнх нь ээжийг “авсан цалиндаа хахаж үхээрэй” гэж хэлсэнд уурлаж, улмаар хохирогч ********* толгой руу гараараа болон хамгаалалтын малгайгаар удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********* өгсөн: “... Би 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өглөө 8 цагт Чулуун овооны Шинэ амьдрал барилга дээр ажилдаа ирж хуруугаа уншуулчхаад хувцас солих өрөөнд орсон чинь  ********* ирчихсэн байхаар нь би “яасан эрт ирсэн юм бэ?” гэсэн чинь ********* надаас “чи манай ээжийг авсан цалиндаа хахаж үхээрэй гэж хэлсэн юм уу?” гэхэд нь би “тийм” гэсэн чинь ********* миний нүүр рүү гараараа хэд хэд цохиод, тонгойлгож байгаад барилга дээр өмсдөг хамгаалалтын малгайгаараа толгой руу хэд хэдэн удаа цохиж толгой хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,

 

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4989 дугаар:

            1. ********* биед дагзны зүүн хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ********* яллагдагчаар өгсөн: “... Би 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2306 02093 3005 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна.

            Би “*********” групп-д өрлөгчний ажил эрхэлдэг юм. Манай байгууллага Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Шинэ амьдрал хотхоны барилгыг барьж байгаа ба би уг барилга дээр өрлөг хийдэг ********* гэдэг ах болохоор туслах ажилтны ажил хийдэг юм. 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өглөө би 08 цагийн үед ажил дээрээ ирсэн юм. ********* архи үнэртүүлчихсэн ирсэн өмнөх өдрүүдэд нь нэлээн олон өдөр архи уусан байдалтай ирээд байсан болохоор нь би “архиа болиод ажлаа хий ажил цалгардаад байна” гэж хэлсэн чинь ********* ах намайг “олсон мөнгөндөө хахаж үхээрэй” гэж хэлэхээр нь би ********* руу хамгаалалтын каскан малгайг шидсэн чинь толгойн дагз хэсэгт оносон тэгээд бид хоёр зууралдсан ба би ********* ахыг зүүн гараараа заамдаж байгаад толгойн орой хэсэг нь баруун гараараа 5-6 удаа цохисон тэгээд л бид хоёр салсан өөр зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,

 

            Шүүгдэгч ********* оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/,

 

            Шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ********* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч ********* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад зааснаар ********* оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ********* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт ********* ********* “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч ********* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ********* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС