Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8-18 тоотод оршин суух, Тайж овогт Н. П / /-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, ХМК-ын 5-1-8 тоотод оршин суух, Тайжууд овогт Баатарын О //-т холбогдох,

хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 153/2020/00159/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Н.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баатар овогтой Отай 2012 онд анх танилцсан. 2015 оноос хойш үерхэж эхлээд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр том хүүгээ төрүүлсэн, 2019 оны 5 дугаар сарын 19-ны өдөр охиноо төрүүлсэн. Бага охин төрсний дараа Б.О нь нийслэлийн түргэн тусламжийн 103-д зун дадлага хийх ёстой тиймээс би та гурвыг харж, хандаж чадахгүй юм шиг байна. Нялх биетэй байгаа юм чинь хөдөө гэртээ очоод тэнхэрчхээд ир, би ажлаа жинхэлчхээд та гурвыг 9 дүгээр сард авъя гэж хэлээд бид гурвыг хөдөө явуулсан. Хөдөө ирснээс хойш байнгын холбоотой байж байгаад 2019 оны 11 дүгээр сараас эхлээд холбоогүй болсон. Холбоо барихгүй болохоор нь би өөрөө сураглаж, байж холбоо бариад юу болсон талаар асуухад надад эхнэртэй ч юм шиг, эхнэргүй ч юм шиг санагдаад байна гэж хэлчхээд дахиж холбоо бариагүй. Намайг залгахаар утсаа авдаггүй, холбоо барьж болох бүх хаягийг блок хийгээд холбоо барих боломжгүй болгосон. Би Б.Отай уулзаж ярилцахаар 2019 оны 11 дүгээр сард Ховд аймгаас Улаанбаатар аймаг руу явсан. Улаанбаатар хотод оччихоод нөхрийнхөө байгаа газрыг мэдчихээд араас нь дагаж явж байгаад нэг айл руу орохыг нь харчхаад би өөрийн 3 найзаа дуудаад найзуудаа ирэхээр нь Б.Оыг гараад ир гэж хэлээд орцных нь үүдэнд хүлээсэн. Б.О нь гарч ирэхгүй байж байгаад өөрийн бага эгчийгээ ирсний дараа гарч ирсэн. Б.Оыг гарч ирэхээр нь гэр лүүгээ дагуулж очоод ярилцахад Б.О нь чи хөдөө явсан. Бүх зүйл чамайг хөдөө явснаас болсон гэж над руу дайрсан.

Би Ховдод нялх хүүхдээ үлдээчихсэн байсан болохоор буцаад Ховд аймагт ирсэн. Намайг ирсний дараа Б.О нь чи муу тэтгэмжээ аваад зайлахгүй гээд яадаг юм гэж намайг мессэжээр элдвээр хэлж доромжилсон.

Хүүхдүүдээ бүртгүүлэхдээ Б.О бид хоёр хүсэлт гаргаад, эцэг нь мөн гэсэн өргөдөл бичиж өгөөд Б.Оаар овоглуулсан. Бид хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй. Б.О нь өөр эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа. Намайг 11 сард Улаанбаатар хотод очиход Б.О нь 7 сараас хойш тэр эмэгтэйтэйгээ хамт амьдарч байгаа гээд нэг гэрт орчихсон байсан. Би тэр эмэгтэйгээс салчихсан гэхдээ чамтай хамт амьдрахгүй чи 2 хүүхдээ аваад яв гэж намайг хөөсөн.

Бага охиноо 2 сартайгаас нь эхэлж угжсан. Манай охин 800 граммын Нано гэдэг сүүг 8 хоногийн дотор уудаг, энэ сүү ойролцоогоор 50,000-55,000 төгрөгийн үнэтэй байдаг. Сард энэ сүүнээс 4 ширхэгийг хэрэглэдэг. Хүүхдээ сүүгээр нь таслахгүй байхын тулд надад санхүүгийн асуудал их тулгардаг. Иймээс би Б.Оаас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоохдоо цалингаас нь гаргуулж тогтоолгох хэрэгтэй байна. Би хоёр хүүхдийнхээ хамт аавындаа амьдардаг. Бид нэг гэрт олуулаа амьдрах нь хэцүү байна. Хүүхдүүдийнхээ хэрэгцээг нь хангаж, эрүүл аюулгүй орчинд амьдрахыг хүсэж байна....2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүү Оын Түвшинбадрах төрсөн, 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр охин Оын Сарангэрэл төрсөн....2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Оын Түвшинбадрах, 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Оын Сарангэрэл нарт эцэг Баатарын Оаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийг нь цалингийн хувиас нь тооцож гаргаж өгнө үү....Б.О нь цалингаас нь өөр орлого байхгүй учир цалингаас нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна....гэв.

Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баатарын О би тус шүүхэд шийдвэрлэгдэж байгаа иргэн Нямдоржийн Поос гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэг маргаанд иргэний хариуцагчаар оролцож байгаа ба нэхэмжлэлтэй танилцаад доорх хариу тайлбар гаргаж байна.

Н.П бид хоёр хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Тодорхой шалтгааны улмаас бид хамт амьдрах боломжгүй болсон бөгөөд энэ талаараа бид хоёр харилцан ойлголцож салцгаасан.

Миний хувьд эцэг хүний үүргээ ухамсарлаж хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргийг хүлээх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар хүүхэд тус бүрд тэтгэмж олгохыг хүлээн зөвшөөрч байна.

Шүүх нэгэнт бидний гэр бүлийн асуудалтай холбоотой хэргийг хянаж шийдвэрлэж байгаа тул бидний дунд үүсээд дараах асуудлыг харгалзаж Н.Под хууль бус үйлдэл хийж байгааг ойлгуулж өгнө үү гэж хүсэж байна.

Н.П нь 2019 оны 12 сарын 09-ны өдөр Чингүүн заяа гэх Fасеbоок ны хаягнаас миний хамтран амьдрагч Ганболдын Санчир бид хоёрын овог нэр, ажлын газар, төгссөн сургуулийг дурдаж байгаад дарамталсан, нэр хүндэд халдсан мэдээлэл тараасан, мөн өөрөө нэхэмжлэлдээ дурьдсан байсан Г.Санчирын гэрт нь дайрч орон хэрүүл маргаан үүсгэж дураараа авирласан зэрэг хууль зөрчсөн, зүй бус үйлдэл гаргаж байгааг түүнд ойлгуулж хойшид ийм асуудал гаргахгүй байх талаар арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Би асуудлыг аль болох эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд энэ байдал цааш даамжирсан тохиолдолд зохих хуулийн дагуу зохих байгууллагад хандахыг ойлгуулж өгнө үү гэж хүсэж байна.

Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийгг хүсэж байна.

Миний хувьд Нийслэлийн түргэн тусламжийн төвд түргэний эмчээр ажилладаг ба Корнит-19 гэх шинэ халдварт өвчин дэлхий нийтийг хамраад байгаа, Монгол Улс эрсдэлтэй бүсэд байж эмнэлгийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаж намайг байхгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.

Жич: Н.Пын бичиж олон нийтийн мэдээллийн сүлжээнд тавьсан мэдээллийг хэвлэж хавсаргав гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.П нь Б.От холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.О нь цалингаас нь өөр орлого байхгүй учир цалингаас нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна... гэж тайлбарлав.

Хариуцагч Б.О нь тус шүүхэд .....Миний хувьд эцэг хүний үүргээ ухамсарлаж хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргийг хүлээх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар хүүхэд тус бүрд тэтгэмж олгохыг хүлээн зөвшөөрч байна.... гэх тайлбарыг ирүүлжээ.

Нэхэмжлэгч Н.П, хариуцагч Б.О нарын дундаас 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүү О.Түвшинбадрах, 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр охин О.Сарангэрэл нар төрсөн болох нь 8401000555, 1116610176 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдлоо. /хх-ийн 6, 7 дугаар тал/

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү О.Түвшинбадрах, охин О.Сарангэрэл нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Оаас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү О.Түвшинбадрах, охин О.Сарангэрэл нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Б.О нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг төлөхийг зөвшөөрсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй гэх хуулийн зохицуулалт нь шүүхээс хүүхдийн тэтгэлэг тогтоох хэмжээнд хамааралгүй бөгөөд шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болон хариуцагчийн ажил олгогчоос цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэлгийг шилжүүлэхдээ дээрхи хэмжээнээс хэтрүүлж болохгүйг ойлгоно.

Иймээс Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Оаас хүүхдүүдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч Н.Пын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,680 төгрөгөөс 54,003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13,677 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү О.Түвшинбадрах нь 3 нас 8 сартай, 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин О.Сарангэрэл нь 10 сартай байгаа тул Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 203,400 төгрөгийн 50 хувь болох 101,700 төгрөг х 2 = 203,400 төгрөгийг сар бүр хариуцагч Б.О төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү О.Түвшинбадрах, охин О.Сарангэрэл нарт сар бүр төлөх тэтгэлэг 203,400 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2,440,800 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,003 төгрөгийг хариуцагч Б.Оаас гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.Под олгохоор тогтлоо.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Н.Под, хүүхдүүдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.От тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү О.Түвшинбадрах, 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин О.Сарангэрэл нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг хүүхэд тус бүрээр сар бүр эцэг Б.Оаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,680 /жаран долоон мянга зургаан зуун ная/ төгрөгөөс 54,003 /тавин дөрвөн мянга гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13,677 /арван гурван мянга зургаан зуун далан долоо/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Б.Оаас улсын тэмдэгтийн хураамж 54,003 /тавин дөрвөн мянга гурав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.Под олгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Н.Под, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдүүдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.От тус тус мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ