Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/179

 

 

 

 

 

 

 

 

2023           10             27                                          2023/ШЦТ/179                                                            

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч Х.Д,

орчуулагч, хэлмэрч М.Н,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,

шүүгдэгч А.Н, Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т овгийн Ан Н, Хн овгийн Хизатын М нарт холбогдох 2313000860124 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, 2023 оны  10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл-7, эцэг, эх, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .. дугаар багийн 10 дугаар гудамжны 15 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Т ургийн овгийн Ан Н, регистрийн дугаар ,

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багш ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .. дугаар багийн 23 дугаар гудамжны 15 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х ургийн овгийн Хын М, регистрийн дугаар

 

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч А.Н, Х.М нар нь бүлэглэн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар баг нутаг дэвсгэрт орших улсын тусгай хамгаалалттай газарт буюу “Ачит” нуураас 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1 ширхэг Монгол хадран, 18 ширхэг Нохой сугас, 86 ширхэг Алтайн сугас зэрэг нийт 105 ширхэг загасыг зөвшөөрөлгүйгээр барьж, улмаар 4326 УНЛ улсын дугаартай “Тоёота Марк 2” маркийн тээврийн хэрэгслээр Баян-Өлгий аймгийн Өлгий сум хүртэл тээвэрлэж, амьтны аймагт 1381000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг,

1.1. Шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ:  “Ажлаасаа гадуур зуны улиралд Казахстан Улсад хүн тээвэр хийдэг. Торгуулийн ялыг төлөх чадвартай тул торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

1.2. Шүүгдэгч А.Н мэдүүлэхдээ:  “Ховд аймагт байрлах Хөшөөтийн уурхайд жолоочоор ажилладаг. 15 хоног уурхайд ажиллаж, 15 хоног амардаг. Нэг айлыг тэжээн тэтгэж байгаа. Иймд торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэв.

2. 2313000860124 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаа, цагдаагийн ахлагч З.Арманбекийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “...4326 УНЛ улсын дугаартай “Тоёота Марк 2” маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад зохих зөвшөөрөлгүй 105 ширхэг загас тээвэрлэж явсан...” гэх зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл ( хавтаст хэргийн 01 дэх тал),

2.2. Гэрч З.А.йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...20 цагийн үед Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалт хийж “Хотгор”-ын замаар орж ирсэн 4326 УНЛ гэсэн улсын дугаартай “Тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслийг шалгахад хойд талын багажид олон тооны загас байсан. ...Тэрээр зөвшөөрөлтэй эсэх талаар асуухад ямар нэгэн зөвшөөрөл байгаагүй. Тухайн үед уг тээврийн хэрэгслийг нүдний шилтэй, миний санаж байгаагаар өөрийгөө Х.М гэх залуу жолоодож явж байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тээврийн хэрэгслийн багажид байсан загаснуудыг жолооч нь өөрөө тоолоход 105 ширхэг загас байсан. Хаанаас, хэзээ агнасан талаар асуухад уг тээврийн хэрэгслийн жолооч нь Ногооннуур сумын “Ачит” нуураас агнаж Өлгий сумын төвд орж ирсэн гэж хэлсэн... ...Тээврийн хэрэгсэл дотор мөс цоолох төмөр өрөм 1 ширхэг, загас агнах хэрэгсэл болох улаан өнгийн уурга 1 ширхэг байсан ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 02, 33 дахь тал),

2.3. Гэрч Г.Г.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр З.Арманбек бид хоёр Өлгий сумын 9 дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байгаад 4326 УНЛ улсын дугаартай “Тоёота Марк 2” маркийн тээврийн хэрэгслийг шалгах үед багажаас нь олон тооны загас гарсан... ...Хаанаас, хэзээ, хэдийд агнасан талаар асуухад уг тээврийн хэрэгслийг жолооч нь Ногооннуур сумын нутаг дэвсгэрт байрлах “Ачит” нуураас агнасан талаар хэлсэн...” гэсэн  мэдүүлэг ( хавтаст хэргийн 3, 35 дахь тал),

2.4. Гэрч С.С.ний  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ногооннуур сумын нутаг дэвсгэрт болон Увс аймгийн Бөх мөрөн сумын нутаг дэвсгэрт хамрагдах “Ачит” нуур нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаарт тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авагдсан....” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 4 дэх тал), 

2.5. Эд зүйл буюу хураан авсан загас, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 7-10 дахь тал),

2.6. Монгол Улсын Их хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаартай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах...” тухай тогтоол ( хавтаст хэргийн 12 дахь тал),

2.7. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /( хавтаст хэргийн 18-21 дэх тал),

2.8. Эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл ( хавтаст хэргийн 23-24 дэх тал),

2.9.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Нуур нь тус аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын Их хурлын 46 дугаар тогтоолоор “Ачит” нуурыг бүхэлдээ тусгай хамгаалалттай газарт оруулсан. Өөрөөр хэлбэл “Ачит” нуураас загас агнахыг хориглоно... ...Загасны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээч тогтоож өгсний дараа уг мөнгийг нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 31 дэх тал),

2.10. Гэрч Т.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...”Ачит” нуур нь бүхэлдээ тусгай хамгаалалттай газар нутагт ороод 3 гаруй жил болж байна...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 37-38  дахь тал),

2.11. Шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5 дугаартай “...1. Шинжилгээнд хүргүүлсэн 105 ширхэг загасыг үзэхэд Монгол хадран 1 ширхэг, Нохой сугас 18 ширхэг, Алтайн сугас 86 ширхэг загас байна.. .... 2. Экологи эдийн засгийн үнэлгээ нь Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Монгол хадран загас 5,000 төгрөг, Алтайн сугас загас 7,000, Нохой сугас загас 43,000 төгрөг байна...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 47-52 дахь тал),

2.12. “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн үнэлгээ тогтоосон талаарх 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн БӨА-23-0121 дугаартай “...1. 2023 оны 02 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдсан уурга болон загасны дэгээний утас 28,000 төгрөг, “Тоёота марк 2” маркийн 2004 онд үйлдвэрлэгдсэн 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсад импортлогдсон тээврийн хэрэгсэл 3,000,000 төгрөг...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 60-67 дахь тал),

2.13. Шүүгдэгч А.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр найз болох Х.Мы хамт түүний 4326 УНЛ улсын дугаартай “Тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслээр Ногооннуур сумын төвд очиж, айлын худаг гаргаж өгөөд, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед гараад “Ачит” нуур орж загас агнасан. Тэрээр би тэнд очоод архи уусан бөгөөд аймаг руу гарах үед тасраад машиндаа унтсан байсан. Нэг сэрэхэд аймаг руу орж ирсэн цагдаа нарт баригдсан байдалтай, би тэд нартай үл ойлголцож хэрэлдэж байсан. Ингээд Х.М бид хоёрын агнасан загасыг цагдаа нар хурааж авсан. Х.М өөрийн уургаар би загасны дэгээний утсаар загас агнасан..., ...Аймагт орж ирээд тоолж үзэхэд нийт 105 ширхэг загас байсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 89, 92 дахь тал),

2.14. Шүүгдэгч Х.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр найз болох А.Нийн хамт миний 4326 УНЛ улсын дугаартай “Тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслээр Ногооннуур сумын төвд очиж, айлын худаг гаргаж өгөөд, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед гараад “Ачит” нуур орж загас агнасан. А.Н бид хоёр Ачит нуурт очиход мөсөн дээр олон тооны нүх гаргасан байдалтай, агнагдсан нэлээд хэдэн загас мөсөн дээр хөлдсөн байсан. Ингээд Н бид хоёр сонирхож авч очсон уургаар би 30 гаруй загас агнасан. Харин Н нь өөрийнхөө авч очсон загас агнах дэгээний утсаар загас ангасан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 96, 98 дахь тал),

2.15. Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн ( хавтаст хэргийн 157-161 дэх тал),

2.16. Загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 164-167 дахь тал)

2.17. Шүүгдэгч нараас шүүх хуралдаанд гаргаж өгсөн Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд 1385000, 1381000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан талаарх банкны мөнгөн шилжүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

2.18. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч А.Н, Х.М нар нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Ачит” нуураас 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1 ширхэг Монгол хадран, 18 ширхэг Нохой сугас, 86 ширхэг Алтайн сугас нэртэй нийт 105 ширхэг загасыг барьж, улмаар шүүгдэгч Х.Мы эзэмшлийн 4326 УНЛ улсын дугаартай, “Тоёота Марк 2” загварын тээврийн хэрэгслээр Баян-Өлгий аймгийн Өлгий сум хүртэл тээвэрлэсэн зэрэг үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Үүнд:

 -Эрх бүхий албан тушаалтан, тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаа, цагдаагийн ахлагч З.Арманбекийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл ( хавтаст хэргийн 01 дэх тал),

-Гэрч З.Айн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед уг тээврийн хэрэгслийг нүдний шилтэй, миний санаж байгаагаар өөрийгөө Х.М гэх залуу жолоодож явж байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тээврийн хэрэгслийн багажид байсан загаснуудыг жолооч нь өөрөө тоолоход 105 ширхэг загас байсан. Хаанаас, хэзээ агнасан талаар асуухад уг тээврийн хэрэгслийн жолооч нь Ногооннуур сумын “Ачит” нуураас агнаж Өлгий сумын төвд орж ирсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 02, 33 дахь тал),

-Гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр З.Арманбек бид хоёр Өлгий сумын 9 дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байгаад 4326 УНЛ улсын дугаартай “Тоёота Марк 2” маркийн тээврийн хэрэгслийг шалгах үед багажаас нь олон тооны загас гарсан...” гэсэн  мэдүүлэг ( хавтаст хэргийн 3, 35 дахь тал),

-Эд зүйл буюу хураан авсан загас, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 7-10, 164-167 дахь тал), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /( хавтаст хэргийн 18-21 дэх тал),

-Эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл ( хавтаст хэргийн 23-24 дэх тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Нуур нь тус аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын Их хурлын 46 дугаар тогтоолоор “Ачит” нуурыг бүхэлдээ тусгай хамгаалалттай газарт оруулсан. Өөрөөр хэлбэл “Ачит” нуураас загас агнахыг хориглоно... ...Загасны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээч тогтоож өгсний дараа уг мөнгийг нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 31 дэх тал),

-Шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5 дугаартай “...1. Шинжилгээнд хүргүүлсэн 105 ширхэг загасыг үзэхэд Монгол хадран 1 ширхэг, Нохой сугас 18 ширхэг, Алтайн сугас 86 ширхэг загас байна...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 47-52 дахь тал),

-Шүүгдэгч А.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед гараад “Ачит” нуур орж загас агнасан. ...Ингээд Х.М бид хоёрын агнасан загасыг цагдаа нар хурааж авсан. Х.М өөрийн уургаар би загасны дэгээний утсаар загас агнасан... ...Аймагт орж ирээд тоолж үзэхэд нийт 105 ширхэг загас байсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 89, 92 дахь тал),

-Шүүгдэгч Х.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед гараад “Ачит” нуур орж загас агнасан. А.Н бид хоёр Ачит нуурт очиход мөсөн дээр олон тооны нүх гаргасан байдалтай, агнагдсан нэлээд хэдэн загас мөсөн дээр хөлдсөн байсан. Ингээд Н бид хоёр сонирхож авч очсон уургаар би 30 гаруй загас агнасан. Харин Н нь өөрийнхөө авч очсон загас агнах дэгээний утсаар загас ангасан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 96, 98 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т  “амьтан” гэдэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна” гэж хуульчилжээ.

4.2. Монгол Улсын Их хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаартай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах  тухай” тогтоолоор Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Алтанцөгц сумын нутагт орших Ачит нуурын хамруулан байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын хамгаалалтад авсан байна.

4.3. Шүүгдэгч нарын зөвшөөрөлгүйгээр загас барьсан гэх тус аймгийн Ногооннуур сумын 2 багийн нутаг дэвсгэрт орших Ачир нуур нь  улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын ангилалд хамаардаг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

4.4. Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр амьтан агнах, барихыг хориглосон байхад шүүгдэгч нарын улсын тусгай хамгаалалттай, байгалийн цогцолборт газарт хамаарах Ачит нуураас зохих зөвшөөрөлгүйгээр 105 ширхэг монгол хадран, нохой сугас, алтайн сугас нэртэй загасыг барьж, улмаар шүүгдэгч Х.Мы эзэмшлийн “Тоёота марк 2” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, амьтны аймагт 1381000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдсон учраас шүүгдэгч Х.М, А.Н нарыг  улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан барьсан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэж, хууль бусаар ан агнах гэмт үйлдсэн  гэж үзнэ.

4.5. Шүүгдэгч нар нь хамтарч загас барьж, үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул тэдгээрийг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх ба улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр амьтан агнаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

          4.6. Шүүгдэгч Х.М, А.Н нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь  хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

4.7. Иймд шүүгдэгч Х.М, А.Н нарыг бүлэглэж улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан барьж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.8. Шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байсан нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлжээ. 

5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

5.1. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар загасны экологи-эдийн засгийн үнэлгээг Монгол хадран 5,000 төгрөг, Алтайн сугас 7,000 төгрөг, Нохой сугас 43,000 төгрөгөөр тус тус  тогтоосон байна.

          5.2. Иймээс Засгийн газрын тогтоолын загасны экологи-эдийн засгийн үнэлгээ болох Монгол хадран загас 1 ширхэг 5000 төгрөг, Нохой сугас загас 18 ширхэг 774000 төгрөг, Алтайн сугас 86 ширхэг 602000 төгрөг, нийт 105 ширхэг загасны экологи-эдийн засгийн үнэлгээ 1381000 төгрөгийг амьтны аймагт учирсан хохиролд тооцож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас гаргуулах нь үндэслэлтэй байна.

          5.3. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасныг баримтлан, загасны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй тэнцэх нийт 2762000 төгрөгийн нөхөн төлбөрийг  мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хувь тэнцүүлэн шүүгдэгч Х.М, А.Н нараас гаргуулан Байгал орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй.

5.4. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Заас гаргасан “хохирлыг төлөх хугацаа олгож өгөх”-ийн хүссэн саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хүлээн авч, ажлын 5 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Х.М, А.Н нар нь шүүхээс тогтоосон 1381000 төгрөгийн хохирлыг Байгал орчин, уур амьсгалын санд тус тус төлсөн нь шүүгдэгч нарын гаргаж өгсөн Төрийн банк, Хаан банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна.

5.5. Иймээс шүүгдэгч нарыг гэмт хэргийн хохирлыг төлж барагдуулсан, энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч  Х.М, А.Н нарыг шүүхээс “хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь  үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Х.М, А.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрт нь 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн уураг, дэгээг устгах саналтай ” гэсэн агуулгатай дүгнэлтийг,

шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хохирлыг төлсөн байдлыг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргав.

2.4. Шүүгдэгч Х.М, А.Н нар нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Х.М, А.Н нарын хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

2.6.  Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Х.М, А.Н нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Х.М, А.Н нарт тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг  шүүгдэгч нарт тус тус сануулж шийдвэрлэв.

          3. Бусад асуудлын талаар

3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэмт буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

3.2. “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн үнэлгээ тогтоосон 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн БӨА-23-00121 дугаартай дүгнэлтээр “Тоёота марк 2” загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 3000000 төгрөгөөр тогтоожээ.  ( хавтаст хэргийн 60-67 дахь тал), 

          3.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.М, А.Н нар  нь тус аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт байрлах нуураас барьсан загасыг Өлгий сум хүртэл шүүгдэгч Х.Мы эзэмшлийн “Тоёота марк 2” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3000000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх  хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ.

3.4. Шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.5. Мөн шүүгдэгч нар нь амьтны аймагт учирсан хохирол, хор уршигт 2762000 төгрөгийг  нөхөн төлсөн, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол, төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Х.Мы эзэмшлийн 4326 УНЛ улсын дугаартай, “Тоёота марк 2” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээв.

3.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  шүүгдэгч  нарын эзэмшлийн уурга 1 ширхэг, загасны дэгээний утас 1 ширхэг,  хууль бусаар барьсан гэх 105 ширхэг монгол хадран, нохой сугас,  алтайн сугас зэрэг загаснуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ховогт Хын М, Т овогт Айн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан барьж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хизатын М, Алтайн Н нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт заасныг баримтлан, тэнссэн хугацаанд шүүгдэгч А.Н, Х.М нарт мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.Н, Х.М нарт тус тус сануулсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Х.Мы эзэмшлийн 4326 УНЛ улсын дугаартай, “Тоёота марк 2” загварын тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

          6. Шүүгдэгч А.Н, Х.М нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Шүүгдэгч А.Н, Х.М нар нь амьтны аймагт учруулсан хохиролд 2762000 төгрөгийг төлсөн, тэдгээрээс гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Мы эзэмшлийн 4326 УНЛ улсын дугаартай, “Тоёота марк 2” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шүүгдэгч  нарын эзэмшлийн уурга 1 ширхэг, загасны дэгээний утас 1 ширхэг,  хууль бусаар барьсан гэх 105 ширхэг монгол хадран, нохой сугас,  алтайн сугас зэрэг загаснуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

          9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ө.Б