| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 110/2025/0069/З |
| Дугаар | 221/МА2026/0170 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2026/0170
А.А-ын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч А.А
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч А.А
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн
Нийтийн Хурлын дарга
Гуравдагч этгээд: А.Х, А.Ж, Б.Т
Нэхэмжлэлийн шаардлага: "Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Өвөлжөөний бэлчээрийн зааг тогтоох тухай" шийдвэр, Дэлүүн сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Бэлчээрийн зааг тогтоох тухай" 01/255 дугаар шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Дэлүүн сумын 4 дүгээр багийн "Чихэртэй" гэх газар байршилтай "Улаанчулуут" өвөлжөөний бэлчээрийн бүс газрыг иргэн А.Ж, А.Х, А.А нарт хот айлаар хамтран ашиглахыг даалгах шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах"
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2026/0003 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга бөгөөд Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 110/2025/0069/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.А-аас Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад тус тус холбогдуулан “Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Өвөлжөөний бэлчээрийн зааг тогтоох тухай" шийдвэр, Дэлүүн сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Бэлчээрийн зааг тогтоох тухай" 01/255 дугаар шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Дэлүүн сумын 4 дүгээр багийн "Чихэртэй" гэх газар байршилтай "Улаанчулуут" өвөлжөөний бэлчээрийн бүс газрыг иргэн А.Ж, А.Х, А.А нарт хот айлаар хамтран ашиглахыг даалгах шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2026/0003 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, 52.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А-ын Дэлүүн сумын Засаг дарга болон Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдуулан гаргасан "Дэлүүн сумын 4 дүгээр 2. багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Өвөлжөөний бэлчээрийн зааг тогтоох тухай" шийдвэр, Дэлүүн сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Бэлчээрийн зааг тогтоох тухай" 01/255 дугаар шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Дэлүүн сумын 4 дүгээр багийн "Чихэртэй" гэх газар байршилтай "Улаанчулуут" өвөлжөөний бэлчээрийн бүс газрыг иргэн А.Ж, А.Х, А.А нарт хот айлаар хамтран ашиглахыг даалгах шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч А.А давж заалдах гомдолдоо:
“...Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1 дэх хэсэг, 21.4 дүгээр зүйлийн 21.4.4 дэх хэсэг, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь хэсэг, Малчин өрхийн Нэгдсэн холбооны Эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2, 4.1.3 дахь заалтууд, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 дахь хэсэг болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул хууль ёсны шийдвэр гаргаагүй гэж гомдол гаргаж байна. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Дараах газрын төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана" гэж, 6.2.1-д "Бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглана" гэж заасан хуулийн зохицуулалт байгааг шүүх "Шийдвэр"-ийн үндэслэл болгоогүй нь буруу шийдвэрлэх үндэс болсон юм.
Анхан шатны шүүх “Шийдвэр”-ийн “Үндэслэх нь” хэсгийн 3.1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасан "Багийн иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээний дагуу ашиглуулж болно” гэсэн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх” гэснийг зөрчиж байна. Тухайлбал: Малчин өрхийн Нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-д “малчин өрхийн анхдагч холбоо” гэж сайн дурын үндсэн дээр малчин өрхийн нийтлэг эрх ашгийн төлөө өөрөө удирдах зарчимд үндэслэн байгуулагдсан хуулийн этгээд” гэж тодорхойлсон бол, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Тухайн сумын зэргэлдээ малчин өрхүүд бэлчээрийг зохистой ашиглах, амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор сайн дураар нэгдэж “малчин өрхийн анхдагч холбоо” байгуулж болно.
Малчин өрхийн анхдагч холбоо нь 10-аас доошгүй малчин өрхийн гишүүнчлэл, бүрэлдэхүүнтэй байхаар заасан ба хуулийн 7.3 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар хүчинтэйд тооцох, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Малчин өрхийн анхдагч холбооны эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал, түүний чөлөөт цагт тэргүүлэгчид байна” гэж мөн хуулийн 13.3- дахь хэсэгт “анхдагч холбоог ахлагч удирдаж, төлөөлөх эрхтэй байхаар заасан байлаг билээ. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт зааснаар “Багийн Иргэдийн Нийтийн хурлын санал, Сумын Засаг даргын шийдвэр ёсоор зөвхөн, “малчин өрхийн анхдагч холбоо” гэх хуулийн этгээдийн эрхтэй, сайн дурын холбоонд” бэлчээрийг гэрээний дагуу хуваан өгч ашиглуулж болохоор заасан. Харин малчин өрх бүрд бэлчээр хуваан ашиглуулах, гэрээ байгуулах боломжгүй юм.
Нэхэмжлэгч А.А, А.Х, Б.Т нар нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь хэсэг, Малчин өрхийн Нэгдсэн холбооны Эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан "Малчин өрх” гэж жилийн 4 улирал мал аж ахуй эрхэлж, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог өрхийг хэлнэ" гэх утгаар, "Малчин өрх" байгаа болно. Анхдагч холбоо биш учраас тэд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 6.2.1-д заасан "Бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглана" гэх заалт, 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 52.7 дахь хэсэгт зааснаар малын бэлчээрийг "хот айлаар нийтээр ашиглах" бөгөөд тухай "Улаан чулуутын өвөлжөө"-ний бэлчээрийн бус газрыг малчин өрх Жо, Х. Ти, А нарт хувааж өгч, маргааныг зохицуулах шийдвэр хуульд нийцээгүй байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт "Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гэж заагаад, мөн хуулийн 21.4.4 дэх хэсэгт "Бэлчээрийг малчин өрхийн анхдагч холбоонд ашиглуулах гэрээ байгуулах эрхтэй" байхаар заасан юм.
Гэтэл нэхэмжлэгч А.А, гуравдагч этгээд Ж, Х, Т нар "Малч өрхийн анхдагч холбоо" байгуулаагүй учраас сумын засаг дарга бэлчээр хуваарилан өгч, гэрээ байгуулах эрхгүйгээ гадна, анхдагч холбоо 10 өрхөөс доошгүй байх шаардлага хангаагүй байна. Нэхэмжлэгч А.А, гуравдагч этгээд Ж, Х, Т нарын мал сүрэг зөвхөн Ж, Х нарт хуваарилан олгосон "Б" гэх голын уснаас ундаалдаг нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасан "Бэлчээр дэх уст цэгийг нийтээр ашиглана" гэх заалт, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасан “Дамжиж өнгөрөх бэлчээрийг нийтээр ашиглана” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2026/0003 дугаартай "Шийдвэр"-ийг хүчингүй болгож, нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.А-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч А.А-аас Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга, Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад тус тус холбогдуулан “Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Өвөлжөөний бэлчээрийн зааг тогтоох тухай" шийдвэр, Дэлүүн сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Бэлчээрийн зааг тогтоох тухай" 01/255 дугаар шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Дэлүүн сумын 4 дүгээр багийн "Чихэртэй" гэх газар байршилтай "Улаанчулуут" өвөлжөөний бэлчээрийн бүс газрыг иргэн А.Ж, А.Х, А.А нарт хот айлаар хамтран ашиглахыг даалгах шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Нэхэмжлэгч А.А, гуравдагч этгээд А.Ж, А.Х, Б.Т нар хоорондоо бэлчээрийн маргаан үүсгэсэн тул уг асуудлыг Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцэж[1], А.А, А.Ж, А.Х, А.Б /Б.Т-ийн аав/ нарт тэнцүү хуваахаар шийдвэрлэсний дагуу Дэлүүн сумын Засаг дарга 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 01/201 дүгээр албан бичгээр[2] “Буратын гол хүртэл бэлчээрийг А.О буюу /А.А/, өвөлжөөнөөс доошоо Шар жалгаа хүртэлх бэлчээрийг А.Ж, А.Х нарт ашиглуулахаар шийдвэрлэсэн ч талууд дахин маргаан үүсгэсний улмаас Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн хэсэгчилсэн Нийтийн Хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, бэлчээрийн зааг тогтоож, Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/255 дугаар албан бичгээр “...А.А, Б.Т нарт иргэн А.Х-ийн өвөлжөөний байшингийн хойд талаас Бурат гол хүртэл, А.Ж, А.Х нарт иргэн А.Х-ийн өвөлжөөний доод талаас А.Ж-ын өвөлжөө хүртэл бэлчээрийг зааглан тогтоож шийдвэрлэжээ.
2.3. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "бэлчээр" гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газрыг”, 52 дугаар зүйлийн 52.2-т “Бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр гэсэн ерөнхий хуваарийн дагуу ашиглана. Отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр, уст цэг, хужир мараа бүхий бэлчээрийг нийтээр ашиглана. Бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээрийн даацыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээний дагуу ашиглуулж болно.”, 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.”, 52.10-д “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.” гэж тус тус заасны дагуу бэлчээрийг зааглан тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
2.4. Учир нь нэхэмжлэгч А.А, гуравдагч этгээд А.Х, А.Ж, Б.Т нар нь бэлчээр ашиглах асуудлаар маргадаг байсан нь маргаан бүхий актууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогддог, тус асуудлыг зохицуулахын тулд хуульд заасан бүрэн эрхийн дагуу Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр болон 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус тус хуралдаж бэлчээрийг зааглах шийдвэр гаргаж, үүнийг үндэслэж Дэлүүн сумын Засаг даргаас “Бэлчээрийн зааг тогтоох тухай” талуудад мэдэгдсэн албан бичиг нь хуульд тогтоомжид нийцсэн байх учраас нэхэмжлэгчийн “...“малчин өрхийн анхдагч холбоо” гэх хуулийн этгээдийн эрхтэй, сайн дурын холбоонд” бэлчээрийг гэрээний дагуу хуваан өгч ашиглуулж болохоор заасан. Харин малчин өрх бүрд бэлчээр хуваан ашиглуулах, гэрээ байгуулах боломжгүй юм.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
2.5. Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг зөвхөн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болохоор хуульд заасан тул Дэлүүн сумын 4 дүгээр багийн "Чихэртэй" гэх газар байршилтай "Улаанчулуут" өвөлжөөний бэлчээрийн бүс газрыг иргэн А.Ж, А.Х, А.А нарт хот айлаар хамтран ашиглахыг даалгах шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах үндэслэлгүй ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2026/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.А-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА