Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00722

 


                                                ****гийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2022/00157 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар магадлалтай,

****гийн нэхэмжлэлтэй,

А. ****т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчА. ****, түүний өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ****нь А. ****т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийг өөрийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ****, Е.Айжулдыз, Е.Бекарыс нарт ногдох 1,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2022/00157 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т.Жансая, А. **** нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2018.03.18-ны өдөр төрсөн охин Е.Айжулдызыг эцэг А. ****ийн, 2019.09.03-ны өдөр төрсөн хүү Е.Бекарысыг эх ****гийн асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019.09.03-ны өдөр төрсөн хүү Е.Бекарысыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, сар бүр эцэг А. ****ээр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 1 толгой адуу , 4 толгой ямаа (1толгой эм ямаа, 3 толгой хоёр насны эм борлон) зэрэг малыг хариуцагч А. ****т үлдээж, хариуцагч А. ****ээс гэр бүлийн гишүүд болох ****, Е.Бекарыс нарт ногдох 1,145,000 төгрөгийг гаргуулан ****, Е.Бекарыс нарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 775,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2022/00157 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-дзааснаар 2018.03.31-ний өдөр төрсөн охин Е.Айжулдыз, 2019.09.03-ны өдөр төрсөн Е.Бекарыс нарыг эх ****гийн асрамжид үлдээсүгэй. гэж өөрчилж, 2 дахь заалтын Е.Бекарысыг гэснийг Е.Бекарыс, гэж өөрчилж, уг үгийн дараа 2018.03.31-ний өдөр төрсөн охин Е.Айжулдыз нарыг гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ****гийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргуулж нэхэмжлэгч ****д буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч А. ****хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөхдөө илтэд нэг талыг баримтлан, холбогдох хуулийг буруу тайлбарлан өөрчилснөөс миний эрх ашиг, сонирхол ноцтой зөрчигдсөн. Давж заалдах шатны шүүх “хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайыпаас хүүхдүүд гэрлэгчдийн хэнд нь илүү ээнэгшэн дассан байдлыг шинжээч томилж тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. Анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 206 дугаар шүүгчийн захирамж, түүнийг хянасан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 дугаар шүүхийн тогтоолоор хүсэлтийг хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд ханан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ", 25 дугаар зүйлийн 25.1.3-т хэргийн оролцогч нь шинжээч томилуулах тухай хүсэлт гаргах эрхтэй, 38 дугаар зүйлийн 38.6-д “шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэснийг ноцтой зөрчсөн байна” гэж дүгнэсэн атлаа хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримт цуглуулах эрх, мэтгэлцэх эрхийг нь хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр, өөрчлөлт оруулан, хариуцагч надад ашигтай шийдвэрийг 380 градус эргүүлж, эсрэг шийдвэр болгосон явдалд гомдолтой байна.

4.1. Мөн давж заалдах шатны шүүх үйл баримтыг буруу дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг гомдол гаргагчийн эрх ашгийн үүднээс илтэд мушгин буруу тайлбарлан хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, миний эрх ашгийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх “Охин Е.Айжулдыз нь гэрлэгчдийн тусдаа амьдрах хугацаанд эцэгтээ эсхүл А. ****ийн эцэг, эхийн хэн алинд нь ээнэгшин дассан, хариуцагч А. ****ийн ахуйн нөхцөл бололцоо зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар бодитой тогтоогдоогүй” гэжээ. Эхнэр **** нь өөрийн гэсэн орон байргүй, ямар ч орлогогүй, жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй байхад миний асрамжид байсан охин Е.Айжулдызыг эрүүл саруул өсгөж, дулаан байр, хангалуун амьдралыг бүтээж байгаа А. **** миний гаргаж өгсөн эмчийн тодорхойлолт, Баяннуур сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, дүрс бичлэг бүхий хуурцаг зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс үнэлэншийдвэр гаргасныг ямар ч үндэслэлгүйгээр үгүйсгэсэн байна. Би бол тогтвортой орлоготой, ганц охиноо өөрөө асарч чадах талаарх нотлох баримтыг шинжээч томилон дүгнэлт гаргуулахыг хүссэн боловч хүсэлтийг хангахаас татгалзсан юм. Үүнд миний болон охины минь буруу байхгүй. 

4.2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. ****гийн ёс суртахууны байдал нь “гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн, хэргийн 55 дугаар талд авагдсан баримтыг үйлдсэн”, түүний ахуйн нөхцөл, бололцоо, эцэг, эхийн халамжийг тодорхойлохдоо “ **** нь ямар ч орлогогүй, хөхүүл хүүхэдтэйгээс гадна жирэмсэн, ажил хийх чадваргүй, татаж унадаг өвчтэй” зэрэг байдлыг давж заалдах шатны шүүх огт харгалзан үзэхгүйгээр анхан шатны шүүхийн дүгнэлтийг ямар ч үндэслэлгүйгээр үгүйсгэж шийдвэрт өөрчлөлт оруулсан. Намайг нэг удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хуульд зааснаар хариуцлага хүлээж байсан тул хүүхдийг асарч чадахгүй гэж үзсэн явдал нь үндэслэлгүй. Би огт архи ууж байгаагүй, эмэгтэй хүнийг хүндлээгүй зүйл огт байхгүй. Бид хоёрын гэр бүлийн маргаан ****гийн хөнгөн явдлаас болсон. **** нь Бирлес гэдэг хүнтэй хувийн харилцаа тогтоож, өдөр шөнөгүй түүнтэй гар утсаар ярьж, фейсбүүкээр зурваас илгээж, түүнтэй уулзахын тулд гэр орон, хүүхдүүдээ орхиж явдаг болсон, үүнтэй холбоотой нэг удаа түүнийг түлхсэнээс болж баривчлах шийтгэл хүлээж байсан. Энэ нь хүүхдийг минь хайрлан хамгаалах, асрахад саад болно гэж бодохгүй байна. Харин **** нь өөрөө хүүхдээсээ татгалзсан явдлыг давж заалдах шатны шүүх яагаад харгалзан үзээгүй юм бэ. 2021.11.01-ний өдөр **** нь жижигхэн цаасанд гэрээслэл бичиж миний ээжид өгч явсан юм. Уг гэрээслэлд “Надад ямар нэгэн зүйл тохиолдвол Көжек буруугүй, 2 хүүхдээ өөрт нь өгөөрэй. Намайг задланд өгч болохгүй” гэх зүйл бичсэн байсан. Ийм хүнд 3 хүүхдийг үлдээх шийдвэр гаргасан явдлыг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч ****хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.05.27-ны өдрийн 001/ШХТ2022/00582 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна. Тодруулбал:

Хоёр шатны шүүх 2018.03.18-ны өдөр төрсөн охин Е.Айжулдыз, 2019.09.03-ны өдөр төрсөн хүү Е.Бекарыс нарын асрамжийг шийдвэрлэхдээ зохигчийн тайлбарын үндэслэл, шалтгаан, тэдгээрийн агуулгыг зөв тодруулаагүйгээс хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй, охин Е.Айжулдызын асрамжийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй дүгнэсний улмаас хүүхдийн асрамж бодит бус, хуульд заасан шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөнтул хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

8. Анхан шатны шүүхТ.Жансая, А. **** нарын гэрлэлтийг цуцалж, 2018.03.18-ны өдөр төрсөн охин Е.Айжулдызыг эцэг А. ****ийн, 2019.09.03-ны өдөр төрсөн хүү Е.Бекарысыг эх ****гийн асрамжид тус тус үлдээж, 2019.09.03-ны өдөр төрсөн хүү Е.Бекарысыг сар бүр эцэг А. ****ээр тэжээн тэтгүүлж, 1 толгой адуу, 4 толгой ямаа зэрэг малыг хариуцагч А. ****т үлдээж, хариуцагч А. ****ээс гэр бүлийн гишүүд болох ****, Е.Бекарыс нарт ногдох 1,145,000 төгрөгийг гаргуулан ****, Е.Бекарыс нарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 775,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад 2018.03.31-ний өдөр төрсөн охин Е.Айжулдыз, 2019.09.03-ны өдөр төрсөн Е.Бекарыс нарыг эх ****гийн асрамжид үлдээж, шийдвэрийн 2 дахь заалтын Е.Бекарысыг гэснийг Е.Бекарыс гэж өөрчилж, уг үгийн дараа 2018.03.31-ний өдөр төрсөн охин Е.Айжулдыз нарыг гэсэн нэмэлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

8.1. Зохигч хүүхдийн асрамж, гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлох талаар мэтгэлцжээ.

9. ХариуцагчА. ****ийн өмгөөлөгч С.НургайыпИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хуулиар олгогдсон эрхээ эдлэж, 2018.03.18-ны өдөр төрсөн охин Е.Айжулдыз, 2019.09.03-ны өдөр төрсөн хүү Е.Бекарыс нарын асрамжийн талаар хөндлөнгийн шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШЗ2022/206 дугаартай шүүгчийн захирамж, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 130/ШТ2022/00020 дугаартай шүүхийн тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын тайлбар, мэтгэлцээн, нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүхээс шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл шүүх хөндлөнгийн мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, дүгнэлт гаргуулаагүй тохиолдолд зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн нас буюу бага насныонцлог, түүнчлэн хүүхдийн эрүүл мэнд,сэтгэхүйн хөгжил, эцэг, эхийн хайр халамж, эрүүл мэндэд тавих анхаарал, хүүхдийн өсөж бойжих орчин, орон сууц, эд хөрөнгийн байдал, эцэг, эхийн өөрсдийн хүмүүжил, боловсрол, хүүхдийг болон гэр бүлийн бусад гишүүдийг эд хөрөнгийн хийгээд сэтгэл санааны дарамтад байлгадаг эсэх, дассан орчныг өөрчлөх ямар шаардлага бий болсон зэрэгт нэг бүрчлэн дүгнэлт хийснээр хүүхдийн эрх хангагдах юм.

Иймээс шүүхээс дээр дурдсан хууль, тэдгээрийн урьдчилсан нөхцөлд дүгнэлт хийх шаардлагатай.

10. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг хүүхдийн эрхийг хангах, хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүргийн талаар хуульд үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тодруулан хуульчилжээ.

10.1. Охин Е.Айжулдыз, хүү Е.Бекарысыг нарыг хоёуланг эсхүл тус тусд нь эцэг, эхийн аль нэгний асрамжид үлдээсэн тохиолдолд Т.Жансая, А. **** нарыг хүүхдүүдтэйгээ хэрхэн уулзах, эрх үүргээ яаж хэрэгжүүлэх, хүүхдүүд хоорондоо уулзах нөхцөлийг тодорхой шийдвэрлээгүй орхисон нь хүүхдийн эрх ашигт нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно гэж зааснаар шүүх шийдвэрлэх ёстой.

11. Хүүхдийн эрхийн конвенцын 9 дүгээр зүйлийн 1-д “Оролцогч улсууд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ...” гэж тусгагджээ.

Т.Жансая, А. **** хэн аль нь хүүхэдтэйгээ уулзахдаа ирж очих боломж бололцоо, орон нутгийн онцлог зэргийг харгалзан уулзах цаг хугацааг нэг мөр шүүх тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

12.  Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хүүхдийн асрамж, Т.Жансая, А. **** нар эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

13. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт 2018.03.31-ний өдөр төрсөн охин Е.Айжулдызыг эх Т.Жансаягийн асрамжид үлдээх өөрчлөлт оруулсан атлаа нэхэмжлэгчийн эцэг А. ****ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд дүгнэлт хийж, шийдвэрлэлгүй орхигдуулсныг дурдах нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2022/00157 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                               

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД