Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 8

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй, 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              П.Шижиртуяа

         Шүүгдэгч                                               С.Б                                         

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Х.Ундрах-Оргил

        Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолтой С.Б.д холбогдох 1915002580202 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Б түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, С.Б.

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 05 дугаар сарын 03-04-ний шилжих өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн М.Д.н 12 тооны хонийг хулгайлж 1480000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 07-8-ны өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн Д.О.н нэг тооны адууг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 07-08-ны өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн А.Х.н 2 тооны адууг хулгайлж  1100000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн Ч.Л.н 2 тооны адууг хулгайлж 1450000, иргэн Д.Т.н 2 тооны адууг хулгайлж 1450000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сард Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутаг Нарангийн энгэр гэх газраас иргэн О.н 2017 оны 05 дугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн Тэрэгт гэх газраас цавьдар хүрэн зүсмийн шүдлэн насны морийг бэлчээрээс алдсан, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас 550000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч С.Б.г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2. Шүүгдэгч С.Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг 15 нэгжийг 1 хоногийн хорих ялд шилжүүлэн 40 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 40 хоногийн хугацаагаар тогтоож,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б.д оногдуулсан 3 жил 40 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлж,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн **-** ОРО улсын дугаартай цэнхэр өнгийн KIA BONGO FRONTIER маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

7. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдаж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж,

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нь давж заалдах гомдолдоо: “...Хэдийгээр С.Б нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан ба бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч С.Б ийн хувьд 2013 онд авто осолд орсноос хойш биеийн байдал хэвийн бус болох нь мэдэгдэж, байнга тархи толгой нь өвдөж, унаж татдаг болж эмнэлгийн байгууллагын хяналтанд байдаг болсон. /энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн/

Иймд С.Б.н хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг хуульд зааснаар хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч С.Б нь давж заалдах гомдолдоо: “...Би мөрдөн байцаалтын шатанд Д гэх хүний 12 тооны хонийг өөрийн хонинд нийлүүлж А гэх хүнд мөнгөнийхөө өрөнд өгсөн гэж мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн. Уг хэрэгтээ бол тухайн Д гэх хүний 12 тооны хонийг би авч өрөндөө өгөөгүй. Манай дүү М нь А.с хонины мөнгө зээлсэн байсан тэр өрөндөө аваачиж өгсөн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хийгээгүй. Миний бие О ахын цавьдар үрээг аваагүй, авсан гэж хэлэх болсон шалтгаан маань Баян-Агт сумын хэсгийн төлөөлөгч М чи энэ цавьдар үрээг даагаад хохирол мөнгийг нь барагдуулчих, тэгэх юм бол би чиний хэргүүдийг аймаг явуулахгүй сумандаа бүгдийг нь шийдээд өгье гээд надад хэлээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. О ахад ээжээсээ 1.800.000 төгрөг авч өгсөн. Тэгээд хэсгийн төлөөлөгч М надаас цавьдар үрээний талаар мэдүүлэг аваагүй, өөрөө мэдүүлгийг зохиож бичээд надаар гарыг үсэг зуруулж авч байсан. Иймд би хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байна ...” гэжээ.

Давж заалдах шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: ”...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн С.Б.д  холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 05 дугаар сарын 03-04-ний шилжих өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн М.Д.н 12 тооны хонийг хулгайлж 1480000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 07-8-ны өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн Д.О.н нэг тооны адууг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 07-08-ны өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн А.Х.н 2 тооны адууг хулгайлж  1100000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн Ч.Л.н 2 тооны адууг хулгайлж 1450000, иргэн Д.Т.н 2 тооны адууг хулгайлж 1450000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сард Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутаг Нарангийн энгэр гэх газраас иргэн О.н 2017 оны 05 дугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн Тэрэгт гэх газраас цавьдар хүрэн зүсмийн шүдлэн насны морийг бэлчээрээс алдсан, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас 550000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Б.н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд хангалттай тогтоогджээ.

Анхан шатны шүүх С.Б.г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 40 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нь “....Б.н хувьд 2013 онд авто осолд орсноос хойш биеийн байдал хэвийн бус болох нь мэдэгдэж, байнга тархи толгой нь өвдөж, унаж татдаг болж эмнэлгийн байгууллагын хяналтанд байдаг болсон. Иймд С.Б.н хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг хуульд зааснаар хөнгөрүүлж өгнө үү...”, шүүгдэгч С.Б нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хийгээгүй...” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан, хохирогч нар нь гомдол саналгүй гэж байгаа боловч

анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон гэм бурууд тохирсон байхаас гадна түүний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг өндөр тогтоогоогүй байна.

Түүнчлэн шүүгдэгч С.Б.н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч С.О болон шүүгдэгч С.Б.н мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч С.Б түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ХҮРЭЛБААТАР                                   

                                         ШҮҮГЧИД                                 С.ЦЭЦЭГМАА                                                  

                                                                                          Ё.БЯМБАЦЭРЭН