Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2026/0192

 

 

 

 

 

 

 

 

“Х” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй  

захиргааны хэргийн тухай          

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн: 

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү  

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа         

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б    

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Х” ГХОХХК  

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 

Нэхэмжлэлийн шаардлага: “Х" ГХОХХК-ийн XV-017748 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай              

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0965 дугаар шийдвэр          

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг  

Хэргийн индекс: 128/2025/0489/3          

ТОДОРХОЙЛОХ нь:       

1. Нэхэмжлэгч “Х” ГХОХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Х" ГХОХХК-ийн XV-017748 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                     

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0965 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч "Х" ХХК-аас Ашигт малтмал, Геологи уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн XV-017748 дугаартай ашигт малтмалын -хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг нь хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.                

3. Давж заалдах гомдлын агуулга:      

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо:    

“...Нэхэмжлэгч компани Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2024 онд төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй, мөн "Х" ГХОХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай албан бичгээр төрийн захиргааны байгууллагад гомдол гаргаж байгаагүй гэдэг нь "Х" ГХОХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/1548 дугаартай албан бичгүүдээр тогтоогдож байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.    

"Х" ГХОХХК нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаартай албан бичгээр 2024 онд болсон буюу дээрх бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, төрийн албан хаагчийг худал гүтгэсэн агуулга бүхий албан бичгийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/2189 дугаартай албан бичгээр тус компанид эерэг нөлөө үзүүлсэн, хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй хугацаанд сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байхад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад өгсөн байна гэж тухайн бодит нөхцөл байдлыг илтэд гуйвуулсан албан бичгийг, "Х" ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаартай албан бичигт дурдагдсан тус компанийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай албан бичгийг төрийн захиргааны байгууллагад өгсөн гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх "... дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч компани нь өөрийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө хугацаа нь дуусахаас 1 сарын өмнө төрийн захиргааны байгууллагад хандан гаргахыг зохицуулсан байх ба үүний дагуу хариуцагч нь нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргаагүй гэж үзэн нэхэмжлэгчийн эзэмшил бүхий тусгай зөвшөөрлийн эрхийг системд дуусгавар болгож, өргөдлийг хүлээн аваагүй байна..." гэж хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад үндэслээгүй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэгт "Шүүх цахим баримт бичгийг эргэлзээтэй гэж үзвэл энэ хуульд заасны дагуу шаардлагатай ажиллагаа хийнэ.", 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэж заасныг тус тус зөрчсөн.   

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.", 32.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй." гэж заасныг зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулалгүйгээр "... Хэдийгээр нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад хандсан албан бичгийн агуулга зөрүүтэй байгаа боловч шууд өргөдөл гаргаагүй гэж шүүхээс дүгнэх үндэслэл болохгүй ба өргөдөл гаргасан гэж хандсан байгууллага нь өргөдөл өгөхөөр ирсэн, хүлээн аваагүй гэх агуулгаар нэхэмжлэгчид хариу албан бичиг хүргүүлж байсан үйл баримт тогтоогдож байгаа энэ тохиолдолд энэхүү үйл баримт болоогүй мэтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "... тус аж ахуйн нэгж бол Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй, үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл хүлээн авдаг мэргэжилтэнтэй уулзаагүй, Агентлагийн даргаас өгсөн албан бичиг бол нэхэмжлэгчид ашигтай гарсан..." гэх тайлбараар үндэслэлгүй баримт гэж шүүхээс үнэлэх боломжгүй..." гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 21.1.2, 22.1.3, 22.1.4 дэх заалтад заасан баримт бичгийг бүрдүүлж төрийн захиргааны байгууллагад өгсөн гэсэн нотлох баримт хэргийн материалд байхгүй зэргийг анхан шатны шүүх дүгнээгүй.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0965 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.       

 

ХЯНАВАЛ:      

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Х” ГХОХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.                 

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.     

 

2.1. “Х” ГХОХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Х" ГХОХХК-ийн XV-017748 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.                   

2.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 766 дугаар шийдвэрээр “И” ХХК-нд Увс аймгийн Малчин сумын Хаг нэртэй газарт орших 6877.32 га гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын XV-017748 дугаар тусгай зөвшөөрлийг  2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаагаар олгож[1], Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 600 дугаар шийдвэрээр 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж,[2] 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 504 дугаар шийдвэрээр[3] 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.    

2.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаар шийдвэрээр[4] “И” ХХК-ийн Увс аймгийн Малчин сумын Хаг нэртэй газарт орших 6877.32 га гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-017748 дугаар тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Х” ГХОХХК-д шилжүүлж, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн байна[5].   

2.4. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ”, 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.”, 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэж тус тус заасан.

2.5. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дуусахаар байсан бөгөөд тэрбээр хугацаа сунгуулах тухай өргөдлөө 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан байх ба энэ нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/2189 дүгээр албан бичгээр тогтоогддог. [6]

Тус албан бичигт “...2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг өгөх шаардлагатай байсан. Албан бичигт дурдсаны дагуу тус газрын Кадастрын хэлтсийн холбогдох мэргэжилтнээс тодруулахад 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ашигт малтмалын хайгуулын ХВ-017748 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл өгөхөөр ирсэн байна... Иймд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.   

2.6. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах өргөдөл гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшиж буй этгээдийн эрх бөгөөд хариуцагчийн хувьд сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзах биш, харин өргөдлийг хүлээн авч, хуулийн нөхцөл, шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, хугацааг сунгах, эсхүл хугацаа сунгахаас татгалзах шийдвэр гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт тодорхой заажээ.  

2.7. Хэдийгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан 1 сарын өмнө гаргаагүй боловч тусгай зөвшөөрлийн хугацаандаа багтаж гаргасан тохиолдолд захиргаа тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхгүй өөрөөр хэлбэл хуульд энэ үндэслэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалт байхгүй учраас нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй, системд дуусгавар болгож бүртгэсэн бүртгэл хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчээс гаргасан хугацаа сунгуулах өргөдлийг нь зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.  

2.8 Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 21.1.2, 22.1.3, 22.1.4 дэх заалтад заасан баримт бичгийг бүрдүүлж төрийн захиргааны байгууллагад өгсөн гэсэн нотлох баримт хэргийн материалд байхгүй зэргийг анхан шатны шүүх дүгнээгүй....” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл Маягт К-02, мөн өдрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлсөн төлбөрийн баримт, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгдсэн зэрэг бусад баримтаар нотлогдсон гэж үзнэ.    

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0965 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.        

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН   

 

ЕРӨНХИЙ   ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ    

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] 1 хавтаст хэргийн 6-9 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 225-226 хуудас

[3] 2 хавтаст хэргийн 1 дэх тал

[4] 1 хавтаст хэргийн 167-168 хуудас

[5] 2 хавтас хэргийн 142-145 хуудас

[6] 2 хавтаст хэргийн 17 дахь тал