Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0276

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК /РД:*******/,

Хариуцагч: Н*******,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/774 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/878 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалт бухий 27,616 м.кв газрын хувьд газар эзэмших эрхийг манай компанид олгосон. Үүгээр Газрын тухай хуулийн 27.1-т "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацааг болзолтойгоор гэрээний үндсэн зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж, 35.1-т "Газар эзэмшигч дараах эрхтэй." гэж, 35.1.1-т "Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах" гэж тус тус заасны дагуу бидэнд газар эзэмших эрх үүссэн. Гэтэл маргаан бүхий захиргааны актаар бидэнд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна. Иймд тус актын улмаас бидний газар эзэмших эрх зөрчигдөж байна. Маргаан бүхий захиргааны актыг бид дapaax үндэслэлүүдээр хууль бус болсон гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3-т "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах" гэж, 40.3-т "Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана" гэж, 40.4-т "Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана" гэж тус тус заасан. Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг Газрын тухай хуулийн 4.1.2, 4.1.5, 39.1.4, 56.1, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, 49.3.3 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон байна. Эдгээрээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, цуцлах үндэслэлд холбогдолтой зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 49.3.3 дахь заалт байх бөгөөд бусад нь тус харилцаанд шууд хамааралгүй, нийтлэг зохицуулалт байна.

Захиргааны акт гаргах болсон бодит нөхцөл байдлыг актад заахдаа "Э ХХК нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн" гэж заасан байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 49.3-т "Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг ... дараах тохиолдолд цуцалж болно" гэж, 49.3.3-т "шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол" гэж тус тус заасныг үндэслэн манай компанийг нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна гэж ойлголоо. Гэвч энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй, хууль бус юм.

Маргаан бүхий захиргааны актаар бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан байх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэлүүдийг Газрын тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан. Хариуцагчийн зүгээс хуулийн тус хэсгийг үндэслэл болгоогүй. Иймд хуульд заасан үндэслэлээс гадуур буюу тийнхүү үндэслэл бий болоогүй байхад бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан нь хууль бус юм.

Биднийг "нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэх боловч энэ нь маш ерөнхий, тодорхой бус байгаа. Тодруулбал, бид хэзээ, ямар байдлаар нийтийн ямар ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, хууль зөрчсөн болохыг маргаан бухий захиргааны актад заагаагүй. Иймд хариуцагч нь акт гаргах болсон бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, хийсвэр, зохиомол байдлаар тус нөхцөл байдлыг актад заалаа. Бидний зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр олгогдсон газрыг эзэмших, ашиглах явцдаа хууль зөрчсөн, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй. Түүнчлэн, хариуцагчийн зүгээс энэхүү маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон нөхцөл байдлыг бидэнд тодорхой мэдэгдэж, биднээс тайлбар авах, сонсох ажиллагаа явуулах журмыг хэрэгжүүлсэнгүй. Хэрэв биднийг нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа гэж үзэж буй нөхцөл байдлыг бидэнд тодорхой мэдэгдсэн бол бид энэ талаар тодорхой тайлбар, баримт гаргаж өгөх, няцаах байлаа. Үүгээр хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийх, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах, тайлбар авах тухай зохицуулалтуудыг илтэд зөрчлөө.

Хариуцагчийн зүгээс болон холбогдох агентлагуудын зүгээс ямар нэгэн байдлаар бидний газар эзэмших эрхийг цуцлах арга хэмжээ авахаа ил тод илэрхийлж ирсэн. Тодруулбал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр бидний газар эзэмших эрхийг "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй" гэх үндэслэлээр цуцлах талаар мэдэгдэж байлаа. Дараа нь 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг "анх олгохдоо хууль зөрчсөн" гэх үндэслэлээр хүчингүй болгох тухай мэдэгдэж байлаа. Үүний дараа холбогдох албан тушаалтнуудтай уулзахад "иргэд эсэргүүцээд хэцүү байгаа учир манай газрыг цуцална" гэж байв. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нь хуульд захирагдахгүй, гагцхүү бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах гэсэн хүсэлдээ захирагдаж ажиллалаа. Энэ нь "төрийн байгууллага үйл ажиллагаандаа хууль дээдлэх" тухай Үндсэн хуулийн гол зарчмыг ноцтой зөрчиж буй хэрэг билээ.

Бид газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд заасан зориулалтын дагуу ажлаа явуулах гэсэн боловч тодорхой бүлэг хүмүүс хууль бусаар бидний ажилд саад болж байсан. Энэ нь бидний газар эзэмших эрхийг зөрчиж буй тухай болон бидний үйл ажиллагаанд саад учруулж буй тухай бид цагдаагийн байгууллага, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандаж байсан. Гэвч тэд хууль бус үйлдлийг таслан зогсоох, бидний зөрчигдөж буй газар эзэмших эрхийг сэргээх арга хэмжээ аваагүй.

Ийнхүү дээрх байдлаар маргаан бүхий захиргааны акт нь үндэслэлгүй, хууль бус байх бөгөөд бидний газар эзэмших эрхийг зөрчиж байх тул түүнийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухай: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана" гэж заасан. Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгох дээд шатны байгууллага эсхүл гомдол хянан шийдвэрлэх байгууллагыг хуульд заагаагүй. Иймд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар байна. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг бидэнд гардуулж өгөөгүй. Бид тус актыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай компанийн туслан гүйцэтгэгч компанийн ажилчдаас хүлээж авлаа. Иймд түүнээс хойш 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргав. Маргаан бүхий захиргааны акт гарсан өдрөөс хойш тоолсон ч тус хугацаа өнгөрөөгүй юм.” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/774 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар маргаан бүхий захиргаан актыг хүчингүй болгоход 2 урьдчилсан нөхцөл шаарддаг.  Нэгдүгээрт: Маргаан бүхий захиргааны акт хууль бус байх, Хоёрдугаарт: түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байх гэсэн шаардлага тавигддаг.

Тус маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдөж байна. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар олгогдсон 27,616 м.кв газрын хувьд эзэмших эрхийг дуусгавар болгож, гэрчилгээг хүчингүй болгосон учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хөндөгдөж байна.

Хоёрдугаарт: Маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон бодит үндэслэл болон хууль зүйн үндэслэлийг захиргааны байгууллагаас тухайн актад заасан. Захиргааны ерөнхий 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь заалтыг баримталсан бодит үндэслэлээ Э ХХК нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэдэг байдлаар тодорхойлсон. Нэхэмжлэгч талын зүгээс тухайн бодит нөхцөл байгаагүй гэж үзэж байгаа юм. Маргаан бүхий захиргааны актад заасан бодит үндэслэл байхгүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл огт байхгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь заалт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох бүрэн эрх олгосон заалт биш юм. Э ХХК нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж дурдсан. Гэтэл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тухай ямар ч баримт байхгүй. Э ХХК нь газар эзэмшигчийнхээ хувьд ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй, бусад байдлаар тус компанийг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь заалт нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол актыг цуцлах тухай ойлголт биш, харин шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол актыг цуцална гэдэг ойлголт юм. Хариуцагч байгууллагын зүгээс нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч өөр агуулга бүхий хуулийн заалтыг үндэслэл болгосон байна. Тэгэхээр тухайн нөхцөл байдалд ямар ч шинэ нөхцөл байдал бий болоогүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-т заасан үндэслэл бий болоогүй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь заалт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл биш, энэ заалт нь эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг дараах тохиолдолд цуцалж болох тухай ойлголт буюу захиргааны актыг өөрийг нь цуцалж хүчингүй болгох тухай ойлголт юм. Тэгэхээр газар эзэмших харилцааны тухайд захиргааны акт нь Н*******ас гарсан газар эзэмшүүлэх тухай захирамж байгаа юм. Тэгэхээр хуулийн энэ заалтаар тухайн захирамжийг л хүчингүй болгох тухай асуудал болохоос биш газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй юм. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг Газрын тухай хуульд тодорхой нарийвчлан заасан байдаг. Тэдгээр үндэслэлүүдээр гагцхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Харин бодит байдалд нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрыг цуцалж өгөөч гэдэг байдлаар тодорхой бүлэг хүмүүс өргөдөл гомдол гаргадаг, өмнө нь ч мөн гаргаж байсан. Өмнө тухайн хүмүүсийн шаардлага гомдлын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж байсан. Ингээд шүүхээс тухайн цуцалсан захирамжийг хүчингүй болгосон. Тухайн захирамжийг хүчингүй болгосон ч гэсэн газар эзэмших эрх сэргээгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгочихоод Суруга гэдэг компанид мөн тухайн газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар олгосон байсан. Анх нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо тухайн газарт ногоон байгууламж барина гэж тайлбарлаж байсан боловч ижил зориулалтаар С ХХК-д олгосон байсан.  Бид тухайн Суруга ХХК-д газар олгосон захиргааны акттай маргаж, тухайн актыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Тухайн анхан шатны шүүхийн шийдвэрт талуудаас гомдол гаргаагүй учраас тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Өмнөх газар эзэмших эрхийг цуцалсан маргааны гурван шатны шүүхийн шийдвэр, С ХХК-д олгосон захирамжийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хавтаст хэрэгт өгсөн.

Энэ удаад газар эзэмших эрхийг ямар үндэслэлээр цуцалсан бэ гэвэл мөн хэсэг бүлэг хүмүүс “...Энэ компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж өгөөч...” гэж шаардсан. Хотын захиргааны байранд ингэж шаардаж байхдаа Н******* Д.Су*******тай тааралдсан, Н*******ас “...Тухайн газрын эзэмших эрхийг цуцална...” гэж хэвлэл мэдээллийн байгууллагуудын өмнө ам гарсан учраас тухайн үгэндээ баригдаж цуцалсан. Бид нартай хотын захиргаанаас хэд хэдэн удаа уулзахдаа “...Ямар ч байсан танай компанийн газар эзэмших эрхийг цуцална, хүмүүсийн гаргасан санал хүсэлтийг хүлээж аваад, газар эзэмших эрхийг цуцална, дараа нь маргааныг шүүхээс шийдвэрлэнэ...” гэдэг байдлаар гэж хэлж байсан. Одоо яг хэлснээр нь болж байна.

Анх газар эзэмших эрхийг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр цуцална гэсэн гэтэл бид нарын газар эзэмших эрх сэргээд 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байсан учраас тухайн үндэслэлээр цуцлаагүй. Дараа нь тухайн газар эзэмших эрхийг анх олгохдоо хууль зөрчиж олгосон байна, тухайн үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцлах гэсэн боловч тухайн үндэслэл мөн боломжгүй байсан. Анх газар эзэмших эрх олгохдоо манай компанид олгоогүй, бид нар шилжүүлж авсан. Тэгээд газар эзэмших эрхийг цуцлах өөр үндэслэл олдоогүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-т заасныг баримтлан цуцалсан юм байна. Үүнийг нэхэмжлэгч компанид мэдэгдээгүй. Энэ талаар нэхэмжлэгч компанид шинэ нөхцөл байдал бий болсон, танай компани нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна, үүнд тайлбар байна уу гэсэн бол манай компаниас тайлбар гаргах байсан. Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж тайлбарлаад байгааг нь бид ойлгохгүй байгаа, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн ямар  ч нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Тийм учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.

Нөхөн олговортойгоор буцаах талаар хандаж байгаагүй. Газар нь  орон сууцны зориулалттай олгогдсон газар юм. Тухайн газар үйлчилгээний зориулалттай 2-3 давхар нам барилга баригдах юм. Тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, эскиз зураг шинээр батлуулах гээд явж байх үед газар эзэмших эрх цуцлагдаад шинээр батлуулж чадаагүй. Өмнө нь батлуулсан архитектур төлөвлөлтийн даалгавар хүчинтэй эсэхийг мэдэхгүй байна. Эс ХХК-иас тухайн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барихгүй өөрчлөөд барих талаараа саналаа өгөөд явж байх үед газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Нэгэнт газар эзэмших эрхийг хүчингүй болгосон учраас газар эзэмших эрхээ сэргээлгэсний дараа архитектур төлөвлөлтийн даалгавраа дахин батлуулах байх. Хойд талын гудамжны хэсэгт  барилга баригдахгүй, чөлөөтэй үлдэнэ. Тэр хавийн замыг нь бариад ямар нэгэн байдлаар асуудалгүй шийднэ. Хэрвээ бид нар тухайн иргэдийн хашаатай давхцуулан олгосон газарт барилга барина гэвэл түүнийг нь хүчингүй болгох байдлаар маргах эрх нь байгаа. Бид тухайн байдлаар барилга барихгүй. Тухайн айлууд хашаагаа сунгасан ч бид тухайн иргэдийг хашаагаа тат, бид тухайн газарт нь барилга барина гэж хэлэхгүй.

Э ХХК нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Хариуцагч “...Э ХХК нь газар эзэмших гэрчилгээ эзэмшиж байгаагаараа сөргөөр нөлөөлж байна...” гэж тайлбарлаж байна. Хэрвээ газар эзэмших гэрчилгээ Э ХХК-ийн нэр дээр байгаа нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа бол хариуцагчийн буруу болохоос Э ХХК-ийн нэр дээр гэрчилгээ байгаа нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа юм биш. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь заалт нь нийтийн ашиг сонирхолд нөлөөлсөн шинэ нөхцөл байдал бий болвол өмнөх тухайн шийдвэрийг хүчингүй болгох тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл Э ХХК-д газар олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай асуудал болохоос биш газар эзэмших эрхийг дуусгавар болгох буюу газар эзэмших гэрчилгээг цуцлах үндэслэл биш юм. Газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгох үндэслэлийг Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу захирамж гаргахын тулд Э ХХК-д анх газар олгосон буюу бусдаас шилжүүлж авсан шийдвэрийг хүчингүй болголоо гэхэд өмнө нь газар эзэмшиж байсан компаниудын газар эзэмших эрх сэргэнэ.

Н******* Д.Су******* албан өрөөнөөсөө гарч явж байхад нь хэсэг бүлэг хүмүүс “газар эзэмших эрхийг нь цуцал” гэж шаардсаны дагуу камерын өмнө “цуцална” гэж хэлсэн. Сонсох ажиллагаа хийхдээ Н*******ас Э ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцална гэж хэлсэн. Ямар үндэслэлээр цуцлах юм бэ гэхэд ярилцаж байгаад шийднэ гэж хэлсэн. Танай компани дуудлага худалдааны үнэ төлсөн юм уу гэж асуухад нь төлсөн гэж хэлсэн. Эхний уулзалт үүгээр дууссан. Дараагийн уулзалтад танай компанийн газар эзэмших эрхийг 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцална гэж хэлсэн, тэгэхээр бид нар газар эзэмших эрхийн гэрчилгээ гарснаас хойш 2 жилийн хугацаа болоогүй гэж тайлбарлахад дараа уулзъя гэж хэлсэн. Дараа нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа учраас газар эзэмших эрхийг чинь цуцалж байна гэсний дагуу албан бичиг явуулсан. Бид нийтийн ямар ашиг сонирхолд нөлөөлсөн юм бэ? Хэрвээ нөлөөлсөн бол түүний дагуу үндэслэлээ тайлбарлавал бид хариу тайлбар өгье, одоогоор манай компанийн газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл байхгүй байна гэж дурдсан.

Маргаан бүхий газрын эзэмших эрхийг цуцлаад, Э ХХК-иас актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт өгөөгүй, түүнээс хойш маргаан бүхий газар нь эзэнгүй байсан. Эзэнгүй байх хугацаанд хог хаягдал хаясан байсан. Маргаан бүхий газарт Э ХХК-иас хог асган, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаа бол тухайн асуудлыг баримтжуулан, тухайн бохирдсон асуудалд Э ХХК буруутай гэдэг зүйл тогтоогдвол энэ нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болно.

Сонсох ажиллагааны үед ч гэсэн Э ХХК-ийг хог асгасан талаар юу ч яригдаагүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нөхөх олговрын талаар танай компани өөрсдөө хүсэлтээ гаргаагүй гэж тайлбарлаж байна. Нөхөн олговор нь хүсэлт гаргаж авдаг зүйл биш юм. Үндсэн хуульд бусдын өмч хөрөнгийг нийтийн ашиг сонирхолд зайлшгүй хэрэгцээнд авч болно, ингэхдээ шударга нөхөх олговортойгоор авч болно гэж заасан байдаг. Газрын тухай хуульд нөхөх олговортойгоор газрыг улсад буцаан авах болбол эхлээд нөхөх олговрыг нь олгоод дараа нь газар эзэмших эрхийг нь дуусгавар болгохоор байна. Үнэхээр нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол нөхөх олговоргүйгээр цуцлах ёстой. Хэрвээ манай газрыг зайлшгүй авч байгаа бол нөхөх олговор олгоё гэж санал болгосны дагуу бид нөхөх олговрын талаар ярилцах байсан.” гэв.

 3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжаар Э ХХК нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30573 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Б ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 953 дугаар захирамжаар Б ХХК-иас шилжүүлэхдээ газрын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн тул эрх, ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзэн Э ХХК-ийн дээрх газрыг хэмжээг 38393 м.кв болгон, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамжаар Э ХХК-ийн дээрх газрыг 6100 м.кв болон 27616 м.кв болгон 2 хувааж, орон сууцны зориулалтаар тус бүр 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А//792 дугаар захирамжаар Э ХХК-ийн дээрх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон боловч Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 282 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 293 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийн дагуу 2018 оны А/792 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Э ХХК-ийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөл нь удаа дараа нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж буй талаар өргөдөл, хүсэлт гаргасан тул 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/774 дүгээр захирамжаар Э ХХК-ийн 27616 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Маргаан бүхий захиргааны акт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/77 дугаартай захирамж гарсан. Тус маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг үндэслэж гарсан. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байна” гэж заасан. Маргаан бүхий газар нь Э ХХК-ийн өмч биш, харин төрийн өмчид байдаг. Үүнийг Н******* хэрэгжүүлж ажилласан. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх.” гэж заасан байдаг.  Тус захирамжид хүн амын эрүүл мэнд гэх агуулгаар тусгасан.  Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 буюу маргаан бүхий захиргааны актын гол хуулийн үндэслэл болсон. Захиргааны ерөнхий хуулийн 49.3.3-г тайлбарлахдаа эерэг нөлөөлөл буюу Э ХХК-д эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч цуцалж болно. Шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгож болно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус заалтыг өөрөөр тайлбарлаж байна. Нэхэмжлэгч өөрөө хууль бус үйл ажиллагаа явуулаагүй бол эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй гэж тайлбарлаж байна.

Шинэ нөхцөл байдал хэрхэн үүссэн бэ гэхээр тухайн маргаан бүхий газрын ойр орчимд иргэдийн хууль ёсны эрх, ашиг хөндөгдөж байна гэдэг нөхцөл байдал үүссэн гэж хариуцагчийн зүгээс харж байна. Хаадын залуус ТББ-аас гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаад түүнийг нь шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Хаадын залуус ТББ нь тухайн газрын ойр орчмын иргэдийн өмнөөс гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан. Тус хүсэлтээ зөвхөн шүүхэд гаргаагүй, төрийн захиргааны байгууллагад анх тус хүсэлтээ гаргасан. Э ХК-ийн газар эзэмших эрх нь тухайн ойр орчмын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, мөн нийтээр ашиглах боломжтой газрыг Э ХХК нь барилга, байгууламж барьж, эрх ашгийг нь хөндөх гээд байна гэдэг агуулгаар гомдол гаргасан. Тухайн гомдолдоо “...Тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, нийтийн эзэмшилд авч, нийтээр ашиглах ногоон байгууламж бий болгож өгнө үү” гэж гаргасан. Тухайн ойр орчмын иргэдээс гомдол хүсэлт байнга гардаг. Төрийн захиргааны байгууллага нь иргэдийн ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгаж үзэх ёстой байдаг. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу шалгахад тухайн бүс нутагт Э ХХК-д эзэмшүүлсэн маргаан бүхий газар л сул чөлөөтэй байгаа юм.

Маргаан бүхий газрыг нийтээр ашиглах ногоон байгууламж, зам, талбай, чийрэгжүүлэлтийн талбай, Яармагийн иргэд тухайн газарт салхилах, хүүхэд залуучууд нь спортоор хичээллэх боломжтой талбайг бий болгохоор Н*******д удаа дараа гомдол хүсэлт тавьсан учраас маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Маргаан бүхий захиргааны акт нь 2021 оны 10 дугаар сард гарсан. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу зорилгодоо нийцсэн байхыг шаарддаг. 2022 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш 2 сарын дараа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор гарсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлээд яагаад тухайн газрыг нийтийн эдэлбэрт авах ёстой талаар тогтоолдоо оруулсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэлэлцээд иргэдийн аюулгүй орчинд байлгахын тулд ногоон байгууламж байгуулах нь зүйтэй гэж үзэн тогтоол баталж, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг тусгасан. 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний товхимолын 38 дугаар хуудаст Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Яармагийн гэр хороолол урд талд нийтийн эдэлбэр газарт 2,7 га газрыг авахаар тусгасан. 2,7 га газар нь Э ХХК-ийн 25,000 буюу 2,7 га газрыг хүчингүй болгосон хэмжээтэй таарч байгаа юм. Энэ нь энэ захиргааны актын зорилго нь нийтийн эдэлбэр газар байгуулах нь үнэн, н*******ас иргэдээ бодсон шийдвэр гаргасан, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна гэдэг нь тогтоогдож байгаа юм.

Тухайн ойр орчмын иргэд ногоон байгууламж байгуулахыг шаардсан. Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь Н*******ас хангасан. Нийслэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нийтийн эдэлбэрт авах эсэх асуудлыг шийддэг. Зөвхөн Э ХХК-ийн газарт биш Улаанбаатар хот даяар ногоон байгууламж байгуулах бодлого баримталж байна. Яармаг орчмын нийт хүн амын дунд ногоон байгууламж дутагдаж байна. Тухайн маргаан бүхий газарт очин нөхцөл байдалтай танилцаад эдгээр хүмүүсийн эрх, ашгийг хөндөж байгаа юм байна, энд ногоон байгууламж байсан нь зүйтэй юм байна гэдэг бодлогынхоо хүрээнд шийдвэрлэсэн. шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэгт нийтийн эрх ашиг байна гэж үзсэн юм. Үүнийг иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд шинээр илэрсэн нөхцөл байдал бий болсон байна үзэн тухайн газарт ногоон байгууламж байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь иргэд ингэтлээ бухимдаагүй байсан. Маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон шалтгаан нь замбараагүй газар олголт нь Нийслэл Улаанбаатар хотын нийт иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм.

Сонсох ажиллагаа явуулсан, нэхэмжлэгч талаас өнөөдрийг хүртэл Н*******д өөр газар олгож өгөх тухай саналаа тавиагүй. Газрын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-т зааснаар тухайн нөхцөл байдалд хүчингүй болгож болно гэж заасан байдаг. Хүн амын эрүүл мэнд гэдгийг Газрын тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-т заасантай холбож үзэх нь зүйтэй байх. Тус заалтад нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол гэж заасан. Э ХХК нь барилгаа барих юм бол хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэх юм байна гэж харж байна.

Газрын үзлэгийн үеэр тогтоогдсон нөхцөл байдлууд байгаа юм. Шүүхээс газрын үзлэг хийхэд тухайн газарт ямар нэгэн барилга, байгууламж бариагүй мөртөө ойр орчмын иргэдийн аюулгүй орчинд сөргөөр нөлөөлөх  бохирдол буюу ил задгай хог хаягдал үүсгээд байгаа юм. Газрын үзлэгээр очиход иргэд өөрсдөө мод тарьсан, хогийг нь түүгээд явж байсан. Барилга, байгууламж барьсныхаа хог хаягдлыг тухайн газарт авчирч хаяад байхаар ард талд байгаа оршин суугчдын цэвэр агаараар амьсгалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх нь хөндөгдөж байгаа юм. Тухайн газарт одоог хүртэл ямар нэгэн бодитой үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй. Магадгүй хүндэтгэх үзэх шалтгаан байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар тухайн газраа ашиглаагүй. Тухайн газар нь яармаг орчмын хогийн цэг шиг байгаа үйл баримт бас байдаг. Нэхэмжлэгч олгогдсон хэмжээгээрээ хашаалж барилга барихаар бол хойд талын гудамжийг хааж зарим айлын хашааруу давхцахаар байгаа. Дүүргийн Эрүүл мэндийн төвийн хашааруу тулгаж олгосноос орж гардаг хэсэг хаагдаж иргэдийн эрх зөрчигдөхөөр байсан.

Э ХХК-иас тайлбарлахдаа нөхөн олговортойгоор авах, хохирлоо барагдуулах хүсэлт гаргаагүй, манай компани тухайн газрыг бүхэлд нь ашиглах эрхийг хүссэндээ шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна. Нэгдүгээрт: Э ХХК нь маргаан бүхий газрыг бүхэлд нь эргүүлж авахыг хүсэж байна. Хоёрдугаарт: Нийслэлийн Засаг даргын зорилго нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бодсон шийдвэр гаргасан. Гуравдугаарт: Маргаан бүхий газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл маш тодорхой байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал буюу нийтийн ашиг сонирхол Э ХХК нь барилга бариад эхлэх юм бол зөрчигдөх юм байна гэж үзсэн учраас зөрчигдөхөөр байна гэж үзээд шийдвэрлэсэн.  

Э ХХК нь хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байна гэж үзсэн бол тухайн саналаа ирүүлэх ёстой. Э ХХК-д 2-3 сонголт байхад тус компаниас маргаан бүхий газрыг яг энэ зориулалтаар яг энэ хэмжээгээр авна гэсэн тайлбарыг ирүүлсэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нийтийн эдэлбэрт нөхөн төлбөр төлж авах боломжгүй гэж үзсэн.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох зохицуулалт байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-т заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгож болно. Захиргааны акт нь хүчингүй болонгуут Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд захирамж нь хүчингүй болохоор газар эзэмших эрх нь дуусгавар болно гэж заасан байдаг. Тэгэхээр тухайн хууль зүйн агуулгууд нь Э ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох хууль зүйн хүчин төгөлдөр захиргааны акт мөн.

Нийслэлийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд дүүрэг бүрээс нийтийн эдэлбэрт авахаар тусгасан 28 байршилд ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК нь тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/774 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Тухайн газрын эзэмших эрх олгогдсон шийдвэрүүдийн тухайд: Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уг газрыг Э ХХК нь нийслэлийн Засаг даргын 2010 оны 815 дугаар захирамжаар 30573 м.кв хэмжээгээр газар эзэмших эрхийн "Б" ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд түүний дараа 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 953 дугаар захирамжаар эзэмших эрх шилжүүлэхдээ газрын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн гэж үзэн "Э" ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 38393 м.кв болгон, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамжаар "Э ХХК-ийн дээрх газрыг 6100 м.кв болон 27616 м.кв болгон 2 хувааж, орон сууцны зориулалтаар тус бүр 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/792 дугаар захирамжаар газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг тус компани маргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 293 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 282 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2018 оны А/792 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, улмаар ийнхүү шүүхээр маргаж байх хугацаанд нь уг газрыг бусдад эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар дахин маргаж, тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 919 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлийн Засаг даргын 2017 оны А/878 дугаар захирамжийг үндэслэн 27597 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгож, кадастрын зургийг мэдээллийн санд нэгж талбарын 1******** дугаараар бүртгэжээ.

Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/774 дүгээр захирамжаар Э ХХК-ийн 27616 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Э ХХК нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” үндэслэлээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-т заасныг баримтлан хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т зааснаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон бөгөөд нэхэмжлэгч нь “шинэ нөхцөл байдал үүсээгүй, тус компани нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн үйл ажиллагаа явуулаагүй” гэх агуулгаар маргаж, хариуцагч нь “тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөл нь удаа дараа нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж буй талаар өргөдөл, хүсэлт гаргасан нь шинэ нөхцөл байдал үүссэн, тус компани уг газрыг эзэмшиж барилга барих нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байгаа” гэж тайлбарлажээ.

Хоёр. Маргаан бүхий актын буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлийг дүгнэвэл:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5 дахь заалтыг буюу төрөөс газрын талаар баримтлах “газар төрийн хяналт хамгаалалтад байх”, “хүн амын эрүүл мэнд ...-д харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх” зарчмыг газар эзэмших эрх авсан хуулийн этгээдийн хувьд зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. Хэрвээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан нэхэмжлэгч компанид уг газрыг эзэмшүүлснээр буюу анх тухайн газарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас тухайн орчмын иргэдийн ногоон байгууламжтай, эрүүл орчинд амьдрах ашиг сонирхолд харшилсан гэж үзвэл газар эзэмших эрхийг дуусгавар болгох өөр зохицуулалтыг хэрэглэхээр байна.

2. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “хот, тосгон, суурины газарт иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, суурины засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд маргаанд хамаарах газрын орчмыг газар зохион байгуулалтын болон хотын ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөлтөд хэрхэн төлөвлөгдсөнийг судлахад Хан-Уул дүүргийн  6 дугаар хороо нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолоор баталсан Нисэх, Яармаг орчмын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр холимог, дундаж давхрын орон сууцны бүс байхаар төлөвлөгдсөн, нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд буюу маргаанд хамаарах байршлыг нийтийн эдэлбэрт авахаар төлөвлөөгүй, харин уг төлөвлөгөөнд хот байгуулалтын чиглэлээр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нисэх Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийхээр тусгасан ч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас энэ талаар лавлагаа авахад дээрх 2015 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг ирүүлсэн.

Өөрөөр хэлбэл газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүнд үндэслэж боловсрогдож батлагдсан хот төлөвлөлтийн баримт бичиг болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр шинэ нөхцөл байдал үүсээгүй, үүссэн талаар маргаан бүхий шийдвэрийг гаргах үед баримтаар тогтоогдоогүй байжээ.

Тиймээс тухайн газрыг анх эзэмшүүлж, газар эзэмших эрхийг шилжүүлэн шийдвэрлэх үед маргаан бүхий шийдвэрт баримталсан Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрчиж, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд зааснаас өөрөөр шийдвэрлэсэн болох нь тогтоогдохгүй байна.

3. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь заалт нь “шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол хөндөгдөхөөр бол эрх зүйн зөрчилгүй, эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч цуцалж болох” зохицуулалт бөгөөд энэ нь анх тухайн шийдвэрийг гаргах үед мэдэгдээгүй шинээр бий болсон нөхцөл байдлаас хамаарч нийтийн ашиг сонирхол хөндөгдөхөөр тохиолдолд хэрэглэх заалт байна. Э ХХК-ийн хувьд тухайн газрыг эзэмших эрхийг хэрэгжүүлэх явцад нийтийн ашиг сонирхлыг хөндөх ямарваа үйл ажиллагаа явуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, иргэд хүсэлт, гомдол гаргасныг шинэ нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй тул маргаанд хамаарах харилцааны хувьд ийнхүү тухайн байршилд анх 2008 онд газар эзэмшүүлэх үед мэдэгдээгүй, сүүлд шинээр бий болсон нөхцөл байдал үүссэн гэх байдал мөн тогтоогдоогүй.    

Дээр дүгнэснээр тухайн байршилд шинээр төлөвлөлт хийгдээгүй байхад энэ заалтыг баримталж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нөгөөтэйгүүр энэ заалт нь эрх зүйн зөрчилгүй эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах зохицуулалт болохоос газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход хэрэглэх зохицуулалт биш юм. 

4. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход үндэслэдэг зохицуулалт биш, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох зохицуулалт бөгөөд хариуцагч нь энэ агуулгаар баримталсан байна.

Ийнхүү маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Гурав. Э ХХК нь тухайн газрыг эзэмшсэнээр нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх Газрын тухай хуулиар болон газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байдал мөн тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан “уг газрыг эзэмшиж барилга барих нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байгаа” гэх үндэслэл нь тухайлан хэн уг газрыг эзэмшсэнээс үл хамаарах, өөрөөр хэлбэл Э ХХК газрыг эзэмшсэнээрээ нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж буй хэрэг биш бөгөөд тухайн Нисэх Яармаг хорооллыг, Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хороог төлөвлөхдөө харгалзах ёстой байсан нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, эрүүл мэнд, спортын зориулалтаар аливаа байршил, талбайг төлөвлөөгүйгээс үүссэн нийтийн ашиг сонирхлын асуудал байна. Өөрөөр хэлбэл тухайн хороололд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, эрүүл мэнд, спортын зориулалтаар аливаа байршил, талбайг төлөвлөөгүйгээс нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн нь тухайлсан газар эзэмшигчийн Газрын тухай хуулиар олгогдсон субьектив эрхэд халдах үндэслэл болох учиргүй. Нийтийн ашиг сонирхол хөндөгдөх үндэслэлийг хууль тогтоогч дангаар нь эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах үндэслэлд зааж өгөөгүй, шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн эрх ашиг зөрчигдөхөөр бол гэж урьдчилсан нөхцөл зааж өгсөн, энэ үндэслэл үүсээгүй байна.

Газрыг нийтийн ашиг сонирхлын улмаас нийтийн эдэлбэрт авах зохицуулалт хуульд бий, тодруулбал гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшлийн газрыг солих буюу эргүүлэн авах, бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах зохицуулалтыг Газрын тухай хуулиар зохицуулсан бөгөөд  газрыг нийтийн ашиг сонирхлын улмаас нийтийн эдэлбэрт авах шаардлага, үндэслэл нь хуулийн энэ зохицуулалтаас гадуур газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хязгаарах, хөндөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.   

Дөрөв. Маргаан бүхий шийдвэрийг гарснаас хойш гарсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/33 дугаар тогтоолоор нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдахад Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармаг гэр хорооллын урд байршилд 2.7 га газрыг нийтийн эдэлбэрт авахаар, байршлын зургаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын байршилд төлөвлөгдсөн бөгөөд ийнхүү дараа нь гарсан шийдвэрийг өмнө нь гарсан маргаан бүхий актын үндэслэлд хамаатуулан түүнийг зөвтгөж дүгнэх боломжгүй.

Маргаанд хамаарах байршлын тухайд Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар нийтийн эдэлбэрийн газар хэмээн тогтоосон эрх бүхий этгээдийн аливаа шийдвэр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үед ч, одоо ч гараагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг энэ үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсний дараа нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 3 дугаар сарын 16-нд “нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай” нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын төслийг боловсруулж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулахдаа шүүхэд маргаан үүсэн хянагдаж байгаа байршлуудыг хассан, үүнд маргаанд хамаарах байршлыг нийтийн эдэлбэрээр тогтоох санал хасагдсан байдаг. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/774 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Ийнхүү нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийхэд, газрыг нийтийн эдэлбэрт холбогдох журмын дагуу авахаар шийдвэрлэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/774 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

               

 

                         

 

                                     ШҮҮГЧ                            Д.ХАЛИУНА