Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0662/з |
Дугаар | 221/МА2017/0029 |
Огноо | 2017-01-04 |
Маргааны төрөл | Орон сууц хувьчлах, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2017/0029
Иргэн Д.Болдын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Д.Болд, гуравдагч этгээд Л.Энхтайван нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 807 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Д.Болдын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 807 дугаар шийдвэрээр: “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолын Баянзүрх дүүргийн 7-р хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 119 тоотыг О.Зоригоос өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар хуурамч баримтаар бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007433 дугаар бүртгэлийг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж“ шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Болд шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 807 дугаар шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 21-нд гардан аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгч С. Оюунгэрэл хэрэглэвэл зохих хуулийг огт хэрэглэсэнгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан “захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, түүнийг гаргах”, 70.2-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.1. 70.2.6. 70.3 70.4 гэсэн хуулиудыг огт хэрэглэсэнгүй, хууль зүйн үндэслэлгүй шүүхийн шийдвэр гаргалаа. Иймд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 807 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт бүрэн цуглараагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөнөөс давж заалдах шатны шүүх гомдлын агуулгад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Анхан шатны шүүх иргэн Д.Болдоос “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар хуурамч баримтаар бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007433 тоот дугаарыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “улсын бүртгэлийн Ү-2204007433 дугаарын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар тодруулж, “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлснийг шүүх хянан шийдвэрлэсэн байна.
Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэхэмжлэгчийн тайлбарыг анхаараагүйгээс хэрэгт ач холбогдолтой байж болох нотлох баримтыг бүрэн цуглуулж чадаагүй байна.
Тухайлбал, нэхэмжлэгчээс урьд нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 119 тоотын нэг өрөө орон сууцыг хувьчилсантай холбоотой маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлсэн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142 дугаар шийдвэр гарсан гэх бөгөөд энэ талаарх асуудлыг тодруулаагүй нь буруу бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл болно. Тухайн алдаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2-т заасны дагуу нэхэмжлэгчид эрх, үүргийг нь тайлбарлаагүйтэй холбоотой байна.
Дээрх асуудлыг тодруулах нь нэхэмжлэгч Д.Болдын нэхэмжлэлийн шаардлагыг урьд нь шүүх хянан шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой бөгөөд энэ нь энэхүү хэргийн шийдэлд нөлөөлөхөөр байна.
Түүнчлэн шүүх “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагатай холбогдуулж, холбогдох нотлох баримтыг гаргуулах ажиллагааг гүйцэд хийх шаардлагатай.
Үүнээс гадна шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн орон сууц хувьчлах товчоог хариуцагчаар татан оролцуулаагүй атлаа шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 8466 дугаар захирамжаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны эрх залгамжлагчаар Орон сууц, нийтийн аж ахуйн газрыг татан оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнийг анхааруулах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР