Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 369

 

Т.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Т.Э, түүний өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0328 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0481 дүгээр магадлалтай, Т.Э-ын нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0328 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Э-ын “Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/112, Б/114 дүгээр тушаалууд болон хавсралтын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих журмын дагуу тооцон, дэвтэрт нөхөн бичилт хийхийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0481 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/114 дүгээр тушаалын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Э-ыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Эд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5.137.045 /таван сая нэг зуун гучин долоон мянга дөчин тав/ төгрөгийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э-ын Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/112 дугаар тушаалын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт “...Төрийн албаны хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг алдагдуулсан, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн байна” гэжээ. Маргаан бүхий захиргааны акт болох Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/112, Б/114 дүгээр тушаалууд нь нэхэмжлэгч иргэн Т.Э-ын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй буюу хуульд нийцсэн шийдвэр гаргасан. Өмнөх Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр захирамжаар Захиргаа, хуулийн хэлтэс нь дарга, 11 ажилтантай ажиллаж байсан ба нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832, Налайх дүүргийн Засаг даргын мөн оны А/317 дугаар захирамжаар Тамгын газрын бүтцийг Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /хууль зүйн тасаг, архивын тасагтай/ 10 хүний орон тоотой байхаар тус тус шинэчлэн баталсан. Иймд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримтлан чөлөөлснийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг алдагдуулсан гэж шууд дүгнэх боломжгүй. Мөн тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон, Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулаагүй 10 сар ажилласан нь Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Э энэ албан тушаалд мэдлэг, дадлага, туршлага, ур чадварын хувьд шаардлага хангахгүй байгааг нотолж байна.

Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын гаргасан шат шатны шийдвэрүүдийг үндэслэн тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан ажилтнуудыг томилж, чөлөөлсөн ба бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг зөвхөн нэрний хувьд өөрчилсөн гэж үзэх боломжгүй бөгөөд байгууллагын бүтцийн өөрчлөлт нь түүний хамрах хүрээ, авч хэрэгжүүлэх ажлын байрны зорилго, зорилт зэрэг хүчин зүйлийг давхар авч үзэх ёстой ба энэхүү цогц үйл ажиллагаа нь ирээдүйд чиглэсэн, хариу үйлдэл шаардсан эрх зүйн үр дагавар үүсгэнэ. Давж заалдах шатны шүүх Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/114 дүгээр тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэжээ. Гэтэл уг тушаал нь “ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” захиргааны акт буюу ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудын тэтгэлгийн хэмжээг тодорхойлсон, хөрөнгө гаргахыг санхүүд зөвшөөрсөн, шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг үүрэг болгосон ерөнхий зохицуулалтын хэм хэмжээ, шинж, агуулга бүхий дотогшоо чиглэсэн захиргааны акт болно.

Нөгөө талаас гадагшаа чиглэсэн буюу уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн субъектив эрх зөрчигдсөн байвал тухайн маргаан нь Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах болов уу. Харин уг захиргааны акт нь нэхэмжлэгчийн ямар нэг эрх ашгийг хөндөөгүй буюу ажлаас чөлөөлсөн Б/112 дугаар тушаалын үр дагавар буюу хуульд заасан нэг удаагийн тэтгэлэг олгосон шийдвэр бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны гадагш чиглэсэн актад хамаарахгүй. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө”, 27 дугаар зүйлийн 27.2.4-т “...эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, 3 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэлэг 3 082 227 төгрөгийг Тамгын газраас олгож, үүнийг хүлээн зөвшөөрч тэтгэлгээ бүрэн хэмжээгээр авсан. Иймд тэтгэлэг олгосон захирамжийг хүчингүй болгох нь зохисгүй юм.

Нэхэмжлэгч тал “...урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоолгох...” гэж нэхэмжлэлийн нэг үндсэн шаардлагаа тодорхойлсон. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Захиргаа, хуулийн хэлтсийн дарга” гэсэн орон тоо байхгүй бөгөөд удаа дараагийн дээд шатны байгууллагын шийдвэрүүдээр дээрх ажлын байр үгүй болсон билээ. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын “тогтоох” хэсэгт нэхэмжлэгчийг Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн үүрэгт ажилд томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажилдаа тогтоолгохоор маргасан буюу нэхэмжлэлийн шаардлагаас давж шийдвэр гаргах учиргүй. Магадлалын “тогтоох” хэсэгт “...Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/114 дүгээр тушаалын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Э-ыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай” гэжээ. Дээрх үндэслэлүүдээс харахад “ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” тушаалыг хүчингүй болгосон нь ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэл болохгүй нь нотлогдож байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг хэрэглээгүй тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” А/832, Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, ажлын байр /албан тушаал/-ны жагсаалт батлах тухай” А/317 дугаар захирамжуудаар Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн, үүнтэй  холбогдуулж дүүргийн Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллах тухай” Б/112 дугаар тушаалаар тус газрын нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, уг тушаалын үйлчлэлд Т.Э хамрагдсан, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” Б/114 дүгээр тушаалаар Т.Э-д 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон, нэхэмжлэгч Т.Э нь “...шинэ бүтэц, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр миний эрхэлж байсан захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаал нь хэвээр байхад үндэслэлгүйгээр чөлөөлсөн, ...нэг өдөр 2 өөр тушаалаар чөлөөлсөн” гэж, хариуцагч нь “...бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр чиг үүрэг өөрчлөгдсөн,... захиргаа, хуулийн хэлтсийн даргын орон тоо батлагдаагүй, ...Т.Э-д ахлах мэргэжилтний албан тушаал санал болгоход зөвшөөрөөгүй, анхнаасаа уг албан тушаалд дүүргийн Засаг даргын шахалтаар сонгон шалгаруулалтгүйгээр томилогдож хууль зөрчигдсөн” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, дээр дурдсан нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар, Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны А/317 дугаар захирамжуудаар Налайх дүүргийн төрийн удирдлагын байгууллагын бүтцийг Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албатай байхаар тогтоосон, Тамгын газрын бүтцэд Төрийн захиргааны удирдлагын хэлтэс харьяалагдан хэлтсийн дарга, нийт 10 орон тоотой байхаар, харин Захирагчийн ажлын албанд Захиргаа, хуулийн хэлтсийг харьяалуулж, хэлтсийн даргагүй, нийт 5 ажилтантай ажиллуулахаар болсон байна.

Иймд, Захиргаа, хуулийн хэлтэс нь Тамгын газрын бүтцэд харьяалагдахгүй болж, улмаар Захирагчийн ажлын албаны бүтцийн нэгж болсон, уг хэлтсийн даргын орон тоо батлагдаагүй байх тул нэхэмжлэгчийн эрхэлж байсан Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаалын орон тоо хасагдсан болохыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэл бүхий болжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн “...Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгасан шийдвэр гаргасан, “шинэ бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт”-тэй холбогдуулж хариуцагчийн гаргасан 2016 оны Б/112 дугаар тушаалын үндэслэлд буруу дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хэрэглээгүй нь үндэслэлгүй байна.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Захиргаа, хуулийн хэлтсийн дарга гэсэн орон тоо байхгүй, ...уг ажлын байр үгүй болсон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасныг зөрчсөн” гэсэн хяналтын гомдлыг хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0481 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т  заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ