| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00338/И |
| Дугаар | 00281 |
| Огноо | 2020-04-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 00281
| 2020 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2020/00281 | Ховд аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Д.С, З.Б нарт холбогдох 597,504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Энхтөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол шуудан банк болон Х банкны хооронд 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ-ээр Монгол шуудан банкны зарим шаардах эрхийг Х банкинд шилжүүлсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Х банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-53 дугаар тушаалаар Х банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Х танкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Х банкны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Х банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Д.СХ, З.Б нарт олгосон чанаргүй зээл хамаарч байна. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Д.СХ, З.Б нар нь Монгол шуудан банктай 2007 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/116 дугаартай Зээлийн гэрээ, 116 дугаартай Фидуцийн гэрээг тус тус байгуулж 6,000,000.00 /Зургаан сая/ төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24,0 хувийн хүүтэйгээр, 17 сарын хугацаатай авч ашигласан. 2007 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 116 дугаартай Фидуцийн гэрээнд 1958 ХОА улсын дугаартай, хар өнгөтэй, Исузи Визард маркийн суудлын зориулттай авто машиныг барьцаалсан хэдий ч тухайн хөрөнгө бодит байдал дээр байдаггүй. Зээлдэгч Д.СХ, З.Б нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг илт хохироож байгаа тул хариуцагч Д.СХ, З.Б нараас 597,504 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Энхтөр нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Х банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Д.СХ, З.Б нарт холбогдох 597,504 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь зээлийн өр төлбөрөө барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Д.СХ, З.Б нарт холбогдуулан 597,504 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.СХ, З.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 597,504 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 63,614 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Д.СХ, З.Б нарт холбогдох 597,504 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Х банкны эрх хүлээн авагч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ