| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0195/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/190 |
| Огноо | 2023-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/190
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч Х.Ө,
хохирогчийн өмгөөлөгч Д.А,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж т овгийн Жийн Бкт холбогдох 2313000000255 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 5, аав, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж товгийн Жн Брегистрийн дугаар .....
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар нуур” гэх газарт 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 03 цагийн үед хохирогч М.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
2.1. Иргэн М.Тээс 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гаргасан “...2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Өлгий сумын иргэн Жийн Б нь шалтгаангүйгээр миний эрх чөлөөнд халдан, зодож, баруун гарын дунд хурууг хазаж, гэмтээсэн...” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-9 дэх тал),
2.3. Хохирогч М.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өнгөрсөн шөнө буюу 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 3 цагийн үед гэрийн гадаа мал үргэсэн. Тэгээд 3 цагийн мал үргэхээр нь гадаа гарч харахад цайвар өнгийн тээврийн хэрэгсэл манай хотонд байсан малын дундуур орж ирээд зогсчихсон байсан, ямар зорилгоор ирснийг нь мэдсэнгүй, ямар ч байсан хойд хаалга нь гүйж онгойдог “Тоёота альфард” загварын машин байсан. Улсын дугаар нь 91-88 БӨҮ гэсэн байх. Манай гэрийн хүмүүс тэгж харсан гэсэн. Тэгж байтал нөгөө машинаас миний таньдаг залуу болох Жйн Бнь машинаас ганцаараа бууж ирээд юу ч хэлэхгүйгээр, шалтгаангүйгээр миний зүүн талын нүд тус газар гараараа нэг удаа цохиж авсан. Тэр үед би чангаар “энэ тайлах дүү чинь зодож алах юм байна” гэж орилох үед гэрээс манай эхнэр гараад ирсэн. Тэгээд би Бт хандаад “хөөе чи Бк байна шүү дээ, юу хийгээд явж байгаа юм бэ, чи тэнэг юм уу” гэж хэлээд зүүн гараараа Бийн мөрнөөс бариад зогсож байтал гэрээс манай төрсөн ах Ертай гарч ирээд “хөөе юу болсон бэ” гэж хэлж байтал Б нь миний баруун гарын дунд хурууг амаараа хэд хэдэн удаа хазаж аваад надаас холдоод манай ахыг нуруу хэсэг рүү нь нэг зүйлээр цохисон. Яг юугаар цохисныг нь харж амжаагүй. Тэгээд ч гадаа харанхуй, сарны гэрэлтэй байсан. Б нь манай ахыг нуруу хэсэг рүү цохиж авчхаад миний нуруу хэсэг рүү гараараа нэг удаа цохиод гүйж очоод машиндаа суугаад яваад өгсөн. Тэр хооронд манай мал нэг удаа үргэсэн бөгөөд дундуур нь мал руугаа дөхөж очиход дээрх машинаас хоёр залуу бууж очоод манай малыг үргээж байгаад намайг очингуут цаашаагаа хээр тийшээгээ гүйгээд явчихсан. Б машиндаа суух хооронд би араас нь очиж барьж аваад ноцолдож байгаад түүний өмсөөд явж байсан өрөөсөн сандаал болон тэлээг нь тайлж авсан. Гэтэл Б миний цээжнээс түлхэж байгаад миний цээж рүү өшиглөх үед би малын хашаа руу унахад малын хашааны нэг хэсэг нь нурчихсан юм. Бт зодуулж, гараа гэмтээснээс болж 5 удаа аймгийн төв нэгдсэн эмнэлэгт ирж боолт хийлгүүлсэн. Эмчилгээний эм болон бусад зардал гээд нийтдээ 300,000 төгрөг надаас зарлага гарсан бөгөөд тухайн мөнгийг Бээс нэхэмжилж байгаа юм. Тухайн авсан эм болон ирж явсан бензиний баримтуудын бүгд байгаа. Тухайн баримтуудыг би шүүхийн шатанд гаргаж өгөх болно. Б нь уг асуудлаас хойш намайг гэртээ байхгүй хойгуур 2-3 удаа ирээд уучлал гуйх гэж ирлээ гээд манай эхнэртэй уулзаад явсан байна лээ. Бт ямар нэгэн гомдол санал байхгүй бөгөөд хэрэв Б нь надтай уулзаж надад учирсан хохирлыг төлж барагдуулах юм бол надад Бээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-19 дэх тал),
2.4. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-25 дахь тал),
2.5. Гэрч М.Ейн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Шөнө дунд 03 цагийн үед байх, нэг мэдтэл манай дүүгийн эхнэр гэрт орж ирээд надад “Тийг зодож байна, та гарч, салгах уу” гэхээр нь би дотуур өмдөө өмсөөд гараад иртэл өвөлжөөний байшингийн үүдэнд Т нь үл таних залуутай ноцолдож байсан. Тэр үед Тийн зүүн шанаа хэсгээс цус гарчихсан байсныг бэрийн барьж явсан гар чийдэнгийн гэрэл тусах үед харсан. Тэгээд би тэр хоёрын дундуур орох үед миний нуруу хэсгээр суран зүйлээр нэг удаа цохиж авахаар нь би нуруугаа бариад тэр хоёроос холдох үед Тийн баруун гарын хурууг нөгөө залуу амаараа хазаж авсан байсан. Тухайн үл таних залуу нь нэлээн биерхүү өндөр нуруутай залуу байсан, эрүүл согтууг нь анзаарсангүй. Ямар ч байсан дүү Тийн баруун гарын хуруунаас хазаж авахаар нь би дахиж дөхөж очоод тэр хоёрыг салгаж авсан. Тэр хооронд үл таних залуугийн бүс болон өрөөсөн сандаал нь ноцолдсон газарт үлдчихсэн. Тэгээд үл таних залуу машинаа унаад зугтаад яваад өгсөн. Нэлээн биерхүү, өндөр нуруутай, шар царайтай залуу байсан. Дүүгийн хэлснээр Б гэх таньдаг залуу гэж хэлсэн. Одоо бодоод байхад үл таних залуу бүсээ тайлж аваад миний нуруу хэсэг рүү цохих шиг болсон. Ямар ч байсан зөөлхөн юм байсан, тас гэж дугарсан. Бодвол тэр бүс нь байсан биз. Ямар ч байсан манай дүүтэй ганцаараа ноцолдсон, машинд нь хүн амьтан байсан эсэхийг мэдсэнгүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
2.6. Гэрч Е.Аегийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Гадаа гараад хартал манай нөхөр Т “туслаарай намайг алах юм байна.” гэж чанга дуугаар хашхираад орилсон юм. Би айсандаа гэр лүү буцаж ороод манайд хонож байсан хадам ах Ертайг сэрээхэд хадам ах Ертай хамт гараад яваад очсон. Яваад очтол манай нөхөр Тийг Б гэх хүн боогоод чамайг ална гээд хэлж байсан. Тэгээд хадам ах очоод салгасан. Тэгээд Б нь босоод зугтаад яваад өгсөн. Гэрт буцаж орж ирэхэд манай нөхөр Тийн зүүн талын нүд хөхөрсөн ба долоовор хуруунаас маш их цус алдаад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-2 дахь тал),
2.7. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Еын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 564 дугаартай “...1. М.Тийн биед зүүн нүд цус хуралт, зүүн чамархай, баруун гарын дунд хуруунд шалбарсан шарх, бүсэлхий нуруунд зулгаралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
2.8. Яллагдагч Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М.Т нь миний хамаатан, хүргэн ах гэж явдаг. Хэдэн жилийн өмнө манай аавын малыг малладаг байсан. Түүнээс хойш би М.Т ахын гэрт хааяа очиж өвөлжөөний хашаа хороонд нь ойр зуурын ажил хийж тусалж өгдөг байсан. Би 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай төгсөлтийн найзууд Толбо нуурын амралтын газарт байгаа талаар надад утсаар холбогдсон бөгөөд тэнд намайг хүрээд ир гэж 17 цагийн үед дуудсан юм. Тэгээд би өөрийн хувийн ажлаа амжуулаад орой 22 цагийн орчимд Толбо нуурын амралтын газарт очиж найзуудтайгаа уулзаж, ярилцаад хэсэг суусан. Тэр үеэр би ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд би цаг нэлээд орой болсон ба одоо харихгүй бол болохгүй гэхэд найзууд хоноод яв гэх зүйл ярьж байсан ба тухайн газарт найзууд нэлээд согтсон, хоорондоо жаахан хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би тэндээс өөрийнхөө машинаа аваад буцсан. Тэгээд буцах замдаа явж байгаад Т ахын гэрт очоод унтаж амраад хоноод өглөө эрт гэртээ очъё гэж бодоод М.Тийн хашаа хороонд очиж машинтайгаа зогсоод машин дотор хэсэг суусан. Тэгтэл байшингаас М.Т ах гарч ирээд миний машин руу дөхөж ирээд “...хэн бэ чи, наанаа юу хийж байгаа юм, мал хулгайлах гэж байгаа юм уу, буугаад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т ахыг миний машиныг мэдэж байгаа байх, намайг гэдгийг таньж байгаа гэж бодоод машин дотроо сууж байтал Т ах ирээд машины хаалга онгойлгоод чи наашаа буугаад ир гээд миний хувцаснаас зуурсан. Тэгээд би “та яагаад байгаа юм бэ, намайг танихгүй байгаа юм уу” гэж хэлээд машинаас буух үед байшингаас манай эгч Ахбөпе болон танихгүй нэг эрэгтэй хүн байсан тэд нар ирээд, эгч намайг таниад “наадах чинь Б л байна шүүдээ, яагаад байгаа юм бэ” гэж хэлж байсан. Тэгээд Т болон түүний хажууд байсан танихгүй эрэгтэй хүн хоёр нийлээд намайг машинаас чирч буулгаад миний хувцас, хунараас зууралдаад, намайг зохих гээд бөөн бужигнаан болсон. Энэ үеэр миний уур хүрсэн, Т миний цамцны мөр дээрээс гараараа бариад татаад байхаар нь би Тийг нэг удаа гараараа цохисон ба миний хувцаснаас зуурч байсан гарынхан хуруу хэсгээс нь хазсан. Тэгээд Т нь намайг тавихаар нь би зугтаад машин руугаа орох үед тэр хоёр миний өмдний тэлээнээс татаад салгаад авсан ба миний өмсөж явсан гэрийн тавчик газарт унаад үлдсэн. Тэр үед тэдгээр хүмүүс согтуу байсан болохоор би намайг зодоод алах юм шиг байна гэж бодоод би машинаа асаагаад гэр рүүгээ яваад өгсөн юм. Би тэр үед өөрийнхөө “Альфард” загварын 9188-БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа очсон юм. Би амралтын газарт очоод явахдаа миний машин дотор гэрийн тавчик /углааш/ өмсөөд явж байсан. Тэр тавчик, бүс хоёр миний өмсөж, хэрэглэж байсан эд зүйл мөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58 дахь тал),
2.9. Хохирогч М.Тийн хохирлыг төлүүлж авсан гэсэн агуулгатай хүсэлт, эмчилгээ хийлгэсэн гэх баримтууд зэрэг нотлох баримтууд болно.
2.10. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Иргэний үнэмлэхийн болон байнгын оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаанууд (хавтаст хэргийн 44, 46 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.11. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч М.Т, гэрч М.Ертай, Е.Ахбөпе нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 16-19, 28, 31-32 дахь тал), шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан 564 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал), яллагдагч Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Б нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 03 цагийн үед Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Шар нуур” гэх газарт хохирогч М.Ттэй маргалдаж, улмаар хохирогчийн гарын хурууг хазах, гараараа цохих зэргээр зодсон, шүүгдэгчид зодуулсны улмаас хохирогчийн биед зүүн нүд цус хуралт, зүүн чамархай, баруун гарын дунд хуруунд шалбарсан шарх, бүсэлхий нуруунд зулгаралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учирсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.
4.1.Шүүгдэгч Б нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
4.2 Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Бийн хохирогч М.Тийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
4.3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч М.Тийн биед нь үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
4.4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б нь хохирогч М.Тийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон, шүүгдэгчийн гараараа цохисон идэвхтэй үйлдэл болон хохирогчийн биед үүссэн гэмтэл буюу эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.
4.6. Иймд шүүгдэгч Бийг хохирогч М.Тийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй.
4.7. Шүүгдэгч хохирогч нар хувийн таарамжгүй харилцаа, хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2. Гэмт хэргийн улмаас хохирогч М.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал буюу гэмт хэргийн хор уршиг 600.000 төгрөгийг шүүгдэгч Б төлж барагдуулсан нь хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн хүсэлтээр тогтоогдож байна. Иймээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Бийг шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тус аймгийн Өлгий сумын сумын 3 дугаар багт оршин суудаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 59 дэх тал),
2.3. Шүүгдэгч Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.4. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгж буюу 700000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэсэн агуулгатай дүгнэлт гаргасан болно.
2.5. Шүүгдэгч Бийн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Бийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгчийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
2.6. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас, шүүгдэгч Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч М.Тт учирсан гэмт хэргийн хор уршгийг төлж барагдуулсан, энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3.3. Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн бор өнгийн суран бүс 1 ширхэг, хар өнгийн сандаал 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж тх ургийн овгийн Жгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Бт сануулсугай.
4. Шүүгдэгч Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. 2313000000255 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч М.Тт 600000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн, энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заанаар эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн бор өнгийн суран тэлээ 1 ширхэг, хар өнгийн сандаал 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б