Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 00321

 

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2020/00321

Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дөргөн сум, Сээр багт оршин суух,  дугаарын регистртэй, Цоохор овогт Я-ын Б-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Я.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Цоохор овогт Яын Б миний бие нь 1964 оны 09 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт малчин Р.Яын 5 дахь хүү болж төрсөн. Миний бие нь 1972 онд Ховд аймгийн Дөргөн сумын 4 жилийн бага сургуульд элсэн орж 4 дүгээр ангиа төгсөөд 1975-1980 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж 8 дугаар анги төгссөн. 8 дугаар анги төгсч бүрэн бус дунд боловсрол эзэмшээд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад Илгээлтээр гарч, эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1982 оны 06 сарын 10-нд хугацаат цэргийн албанд татагдаж Ардын армийн 126 дугаар ангид алба хааж 1985 оны 06 сарын 15-ны өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд мөн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж нэгдэл тарах хүртэл мал малласан. Я.Б миний бие нь 1990 онд Намжилмаа овогтой Мөнхчимэгтэй гэр бүл болсон. Миний бие нь 1980 оноос хойш одоог хүртэл тасралтгүй 40 жил мал маллаж байна. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1990 оноос 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд Цоохор овогт Яын Б намайг 1980 оны 06 сарын 10-ны өдрөөс 1982 оны 06 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд, мөн 1985 оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Я.Бын 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Я.Б нь 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1024 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 1980 оноос 1982 он, 1985 он, 1988 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/345 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн малчин Р.Яын 1986 он, 1987 онуудын хөдөлмөрийн хөлс,

Хүсэлт гаргагчийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1605000799 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 00051 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролыг сургуулийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

БХЯ-ны сайдын 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдөр халагдсан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8395 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Иргэн Б.Цэгмэдын ...Я.Б нь 1979 онд 7 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад аав ээжийн хамт малчин болж байсан. 1982 оноос 1985 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1985 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа нь үнэн болно... гэх тодорхойлолт,

Иргэн Д.Цэрэнжаргалын ..Я.Б нь 1979 онд 7 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад аав ээжийн хамт малчин болж байсан. 1982 оноос 1985 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1985 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа нь үнэн болно... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Я.Бын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цоохор овогт Яын Быг 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ