| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0909/З |
| Дугаар | 221/МА2026/0160 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0160
С.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г
Нэхэмжлэгч: С.Э
Хариуцагч: Эрүүл мэндийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/76 дугаар тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон, тушаалыг хүчингүй болгож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 62 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0909/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Э-оос Эрүүл мэндийн сайдад холбогдуулан “Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/76 дугаар тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон, тушаалыг хүчингүй болгож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 62 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.Э-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 62 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 2.8-д “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд Засгийн газрын гишүүний бүрэн эрх гээд 1 дэх хэсэгт “...Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор” гэж, мөн хэсгийн 4 дэх заалтад “...хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга/ эрхлэгч, захирал/-ыг томилж чөлөөлнө” гэж зааснаар Засгийн газрын гишүүн болох Эрүүл мэндийн сайд нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, түүний бүтэц, дүрмийг батлах, даргыг томилох эсхүл чөлөөлөх эрх хэмжээтэй байна” гэж анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Учир нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө” гэж зааснаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын даргыг томилох, чөлөөлөх эрх Засгийн газарт хуулиар олгогдсон байхад “Эрүүл мэндийн сайд нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллагын даргыг томилох, чөлөөлөх эрхтэй” гэх хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх “Агентлагын даргыг томилох, чөлөөлөх” асуудлыг “Эрүүл мэндийн сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Эрүүл мэндийн яамны харьяа төрийн байгууллагын дарга, удирдлагыг томилох, чөлөөлөх” эрхийн хуулийн зохицуулалттай адилтган буруу дүгнэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Ж.Ч 2025 оны 09 сарын 22-ны өдрийн Б/76 дугаартай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэж шийдвэр гаргасан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг ажил албан үүргээс чөлөөлөх, дуусгавар болгох, ажлаас халах эрх хууль тогтоомжоор Эрүүл мэндийн сайдад олгогдоогүй байхад анхан шатны шүүх нь Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 17- ны өдрийн 17 дугаар хуралдааны тэмдэглэлээр эрх олгосон мэтээр тайлбарлан дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй.
Тодруулбал анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 2.9-д "Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар хуралдаанаар ... Эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгож шийдвэрлэсний дагуу өөрт олгогдсон хэмжээнийхээ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, зохион байгуулалтыг сайжруулах зохиолгоор нэхэмжлэгчийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатганы Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй." гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа нь Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон Засгийн газрын тэмдэглэлийг эрх олгосонтой адилтган үзэж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж гомдолтой байна.
3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 2.13-д "...Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар "...Албан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан өөртэй нь болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагатай тохиролцсоны дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын ахлах зөвлөх Ц-ын Б-ыг Засгийн газрын газ хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар шилжүүлэн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцээд тогтоол гаргахаар тогтож," Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн "Шилжүүлэн ажиллуулах туайх" 155 дугаар тогтоолоор "...Ц-ын Б-ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар шилжүүлэн ажиллуулж" шийдвэрлэсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ... нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй байна." гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн, хууль зүйн үндэслэлгүй, хууль бус захиргааны акт нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөд байхад ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна.
3.3. Хариуцагч Эрүүл мэндийн сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд нь 2025 оны 09 сарын 22-ны өдрийн Б/76 дугаар тушаал батлан гаргасныхаа дараа буюу ажил хүлээлцэх явцад уг тушаалыг С.Э-д танилцуулсан бөгөөд сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэхдээ шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 2.19-д "...2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан байх төдийгүй мөн өдрийн 11 цаг 07 минутад сонсох ажиллагааны талаар мэдэгдэл өгч, ажил хүлээлцсэн байх тул тус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийн өөрийгөө илэрхийлэх боломж буюу шийдвэр гаргах ажиллагаанд оролцоог нь хангаж, санал, тайлбар гаргах боломжийг олгосон гэж шүүх үзэхээргүй байх боловч зөвхөн сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй." гэсэн хууль бус үйлдэл, хууль зорчсөн, сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй хариуцагчийн үйлдэлийг анхан шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.4. Эрүүл мэндийн сайд Ж.Ч 2025 оны 09 сарын 22-ны өдрийн Б/76 дугаартай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэж шийдвэр гаргасан нь тушаалд Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүй, ажлаас чөлөөлөх үндэслэл үүсээгүй, тушаалд энэ талаар огт үндэслэл заагаагүй байхад анхан шатны шүүх нь энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, төдийгүй энэ талаар "маргаан бүхий Эрүүл мэндийн сайдын тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй" гэж дүгнэлт хийж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг хянан үзээгүй, хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг үндэслэлгүй дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0062 дугаартай шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.Э-оос Эрүүл мэндийн сайдад холбогдуулан “Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/76 дугаар тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон, тушаалыг хүчингүй болгож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
3. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн албан тушаалд томилогдоогүй, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөний газрын даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Эрүүл мэндийн сайдад даалгасан Засгийн газрын шийдвэрийн дагуу түр томилогдсон байх тул Төрийн албаны тухай хуульд заасан түүнийг ажлаас чөлөөлөх, халах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зэрэг төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэхээргүй байна...” гэх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Хэргийн үйл баримтын тухайд:
4.1. Анх Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаар хуралдаанаар “...Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг шинээр томилох хүртлэх хугацаанд түүний албан үүргийг хууль тогтоомжид заасны дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Эрүүл мэндийн сайдад даалгаж...” шийдвэрлэсний дагуу Эрүүл мэндийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга сонгон шалгаруулалтаар томилогдох хүртэл С.Эыг тус газрын даргаар түр томилсон байна.
4.2. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар хуралдаанаар “...Эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгож...” шийдвэрлэсний дагуу Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгох тухай” Б/76 дугаар тушаалаар С.Э-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацааг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болгосон.
4.3. Мөн Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 155 дугаар тогтоолоор “...Албан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан өөртэй нь болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагатай тохиролцсоны дагуу Ц.Б-ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар шилжүүлэн томилсон байна.
5. Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор Засгийн газрын агентлагийн дарга нь төрийн захиргааны тэргүүн түшмэл (ТЗ-1)-ийн ангилалд хамаарч байгаа бөгөөд төрийн захиргааны тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдох иргэн төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэх хуульд заасан тусгай шаардлагыг хангахаар зохицуулсан.
6. Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх…”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно”, 31.1.1-т “энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тус тус заажээ.
8. Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаар хуралдаанаар …Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсний дагуу С.Э-ыг түр томилж, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар хуралдаанаар …Эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох хууль журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
9. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй...” гэж, мөн хэсгийн 4 дэх заалтад “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө” гэж тус тус зааснаас үзэхэд Эрүүл мэндийн сайд нь Засгийн газраас эрх олгосноор өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн С.Э-ыг чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй.
10. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 06/2702 тоот албан бичгээр “...Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын сул орон тоог нөхөх захиалгыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш ирүүлээгүй байна...” гэж, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04/21 тоот албан бичгээр “…С.Э нь төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх … шаардлагыг хангаагүй болно” гэснээс үзэхэд С.Э нь тухайн албан тушаалд томилогдох хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй байна.
11. С.Э нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд түр томилогдсон бөгөөд тухайн албан тушаалд томилогдох хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 62 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээснийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН