| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00376/И |
| Дугаар | 00322 |
| Огноо | 2020-05-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 00322
| 2020 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2020/00322 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум, Намаржин багт оршин суух, дугаарын регистртэй, Тольтон бургууд овогт П-ын Ггийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн П.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1966 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт Пын 2 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийн нэгдүгээр ангид 1974 онд элсэн орж суралцаад, 1985 оны 06 дугаар сарын 19-ний өдөр аравдугаар ангиа төгссөн. Аравдугаар ангиа төгсөөд 1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Цэвэрлэх байгууламжид операторчингаар ажиллаж байгаад 1987 оны 08 дугаар сарын 01 өдөр Автын сургуульд суралцах болсон тул өөрийн нь хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. 1987 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Авто сургуульд элсэн орж суралцаж байгаад 1988 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Тээврийн удирдах газрын мэдэлд шилжсэн. 1989 оны 03 дугаар сарын 1-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажилласан. 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр орон тооны цомхотголд орсон тул хүмүүжүүлэгчийн туслахын ажлаас чөлөөлөгдсөн. 1990 оны 11 дүгээр 07-ны өдөр Ядамсүрэнгийн Батцэнгэлтэй гэр бүл болж 1993 оны 07 дугаар сараас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намаржин багт малчнаар ажилласан. Би одоог хүртэл мал маллаж амьдардаг. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэрт бичсэн тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хийсэн хүний тэмдэг буруу болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд П.Г намайг Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгт 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч П.Г нь 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч П.Ггийн 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч П.Г нь 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 111 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай ажилчин түр авч ажиллуулах тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаартай туслах багшаар ажиллуулах тухай тушаалын хуулбар,
Хүсэлт гаргагчийн 1987 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 215529 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нээлгэсэн 0659581 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оны 07 дугаар сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1616000122 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1986 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нээлгэсэн 632140 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн 1990 онд ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зураг, 510947 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 126/002890 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 126/002846 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа
Иргэн Т.Хишигсүрэнгийн ...Миний бие П.Гтай Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгт 1989 оноос 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хамтдаа ажиллаж байсан нь үнэн. П.Г нь 4 дүгээр цэцэрлэгийн хүмүүжүүлэгийн туслахаар ажиллаж байсан... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Иргэн Б.Гүлнарийн ..Миний бие П.Гтай Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгт 1989 оноос 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хамтдаа ажиллаж байсан нь үнэн. П.Г нь 4 дүгээр цэцэрлэгийн хүмүүжүүлэгийн туслахаар ажиллаж байсан... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан П.Ггийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тольтон бургууд овогт Пын Гг 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ