| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00353/И |
| Дугаар | 00323 |
| Огноо | 2020-05-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 00323
| 2020 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2020/00323 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Чандмань сум, Баянхайрхан багт оршин суух, дугаарын регистртэй, Наймынхан овогт Н А-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1965 оны 12 дугаар сарын 15-нд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 57 настай. Ам бүл 4. Бага насаа эцэг эхийн гар дээр өссөн бойжиж сургуульд ороогүй хар багаасаа аав, ээж, ах ,эгч нарын хамтаар Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад мал маллаж байгаад 1984 оны 06 дугаар сарын 05-нд цэргийн албанд татагдан Ардын армийн 265 дугаар ангид цэргийн алба хааж 1987 оны 06 дугаар сарын 15-нд цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад аав, ээж нарын хамт нэгдэл тарах хүртэл мал маллаж өнөөдрийг хүртэл малаа маллаж амьдарч байна. 1997 оны 05 дугаар сарын 06-нд Т.Одонхүүтэй гэр бүл болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд тухайн үед малчнаар ажиллаж байсан үеийн холбогдох баримт бичиг, хөдөлмөрийн хөлсний баримт зэргийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас шүүлгэхэд олдохгүй зэргээс ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд намайг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Аын 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Н.А нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 822 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадын 1981 оноос 1984 он, 1987 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нээлгэсэн 0724389 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1615000539 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 14 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 00341 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, малчнаар ажиллаж байх үедээ авахуулав гэх тайлбар бүхий гэрэл зургууд, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 44 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,
БХЯ-ны сайдын 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дугаар тушаалаар 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр халагдсан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 4932 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 126/002632 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 126/002625 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 168 дугаартай Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэл нь 1992 оны 02 дугаар сарын 15-нд Шинэ зам ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,
Иргэн Б.Ойдовын ...Миний бие нь Н.Аыг 1981 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан гэдгийг сайн мэдэж байна... гэх тодорхойлолт,
Иргэн Б.Н ...Миний бие нь Н.Аыг 1981 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлж байна... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Аын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчийг оролцуулан хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Наймынхан овогт Н Аыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ