Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 00324

 

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2020/00324

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Зэрэг сум, Гүвээ багт оршин суух, ... дугаарын регистртэй, Гулзадынхан овогт Згийн О-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч З.О нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Згийн О миний бие 1968 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Згийн 7 дахь охин болж төрсөн. Манай эцэг, эх нь Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан бригадад насаараа мал малласан хүмүүс байгаа юм. Би бага насаа эцэг, эхийн гар дээр хүмүүжиж өссөн бөгөөд 1976 онд Ховд аймгийн сумын Зэрэг сумын сургуулийн 1 дүгээр ангид элсэн суралцаад 1983 оны хавар 7 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. Сургуулиас гараад гэртээ байж байгаад 1984 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригад буюу Бургасан бригадад эцэг, эхийн хамт нэгдэл тартал нэгдлийн мал маллаж байсан. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл 1991 оны өвөл тарсан. Нэгдэл тараад компани болоход би компанид орж ажиллаагүй Ховд аймгийн төвд эгчийнхээ хүүхдийг 2 жил харж байгаад буцаад эцэг, эхийн хамт хувийн малаа маллаж байгаад 1995 оны 05 сарын 20-нд нөхөр С.Мягмартай гэр бүл болсон бөгөөд түүнээс хойш одоог хүртэл тасралтгүй малаа маллан амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч 1984 оноос 1990 оны хөдөлмөрийн дэвтэр дээр миний аавын нэр дутуу бичилттэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас 70 дугаар данс хагас дутуу гарч ирж байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байсан. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хуульд зааснаар 1991 оны 02 дугаар сараас 2000 оныг дуустал нөхөн тооцуулалтад хамрагдсан учраас 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал гэж хүсэлтийнхээ шаардлагыг гаргалаа. Иймд З.О намайг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч З.Оын 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч З.О нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1140 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан буюу 2 дугаар бригадын 1983 оноос 1991 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 1984 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 842200149 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, 08 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 17 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 196 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 26-нд Хөдөлмөр ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,

Иргэн Т.Дамирангийн ...Миний бие З.Отай 1984 оноос 1991 оныг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан З.Оын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчийг оролцуулан хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гулзадынхан овогт Згийн Оыг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ