| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2023/1301/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1358 |
| Огноо | 2023-11-01 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1358
2023 11 1 1358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Б.Мөнхтулга,
шүүгдэгч Э.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2206 0428 82528 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь “10 байрны эрх байгаа, 10 сая төгрөг өгсөн хүнд очерыг нь урдуур оруулаад байранд оруулж өгнө” гэж хохирогч Д.Цэцэгмааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 6 дугаар сарын 08, 21-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр нийт 10,000,000 төгрөгийг ХААН банкны ... дугаар дансаар шилжүүлэн авч, залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Иргэн Д.Цэцэгмаагийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан гомдол,
/хх-ийн 12-13 дугаар хуудас/
Хохирогч Д.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Эрдэнэ овогтой Цэцэгмаатай 2021 оны 3 сард миний ажиллаж байсан цайны газарт ажилладаг байхдаа танилцаж байсан. Цэцэгмаа нь танилцсаныхаа дараа надад “10 байрны эрх байгаа, 10 сая төгрөг өгсөн хүнд очерыг нь урдуур оруулаад байранд оруулж өгнө” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тухайн үед итгээд зөвшөөрч байсан. Тэгсэн удалгүй 2021 оны 6 сарын 08-ны өдөр “эхний ээлжид яаралтай 5 сая төгрөг явуулчих” гэхээр нь өөрийн ... тоот данснаас ... тоот данс руу Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа явуулсан. Тэгээд 2021 оны 6 сарын 21-ний өдөр үлдсэн 5 сая төгрөгийг нь шилжүүлсэн. Мөнгөө явуулсны дараа хэлсэн үгэндээ хүрэхгүй удаад байхаар нь “8 сардаа мөнгөө буцааж авъя” гэж хэлтэл “чам шиг мөнгөө өгөх хүн байхгүй байна, өөр хүн мөнгө өгчихөөр зөрүүлээд чиний мөнгийг чинь өгнө” гэж хэлэхээр нь “битгий худлаа яриад бай” гэсэн “үнэн” гэж хэлээд байхаар нь итгэсэн. Тэгээд 2021 оны 12 сард нэг холбогдоход “би мөнгийг чинь хүүтэй нь өгнө” гэж хэлсэн. Би уг асуудлаар цагдаагийн байгууллагад тухайн үедээ хандах гэсэн боловч өгөх байлгүй дээ гэж өөрөө итгэсээр өдий хүрээд байна. Одоо болтол ямар ч холбоо байхгүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 21-23 дугаар хуудас/
Д.Цэцэгмаагийн “ХААН” банкны ... дугаар депозит дансны “2021.06.08-ны өдөр ... тоот данс руу 5,000,000 төгрөг, 2021.06.21-ний өдөр .... тоот данс руу 5,000,000 төгрөгийн зарлага гаргасан” хуулга,
/хх-ийн 17-19 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 32 дугаар хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Э.Б нь “10 байрны эрх байгаа, 10 сая төгрөг өгсөн хүнд очерыг нь урдуур оруулаад байранд оруулж өгнө” гэж хохирогч Д.Цэцэгмааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 6 дугаар сарын 08, 21-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 10,000,000 төгрөгийг ХААН банкны ...дугаар дансаар шилжүүлэн залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас 10 сая төгрөгийн хохирол учруулсан, 650.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 9.350.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар марган мэтгэлцээгүй болно.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Б нь “10 байрны эрх байгаа, 10 сая төгрөг өгсөн хүнд очерыг нь урдуур оруулаад байранд оруулж өгнө” гэж хохирогч Д.Цэцэгмааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүнээс 2 удаагийн гүйлгээгээр нийт 10,000,000 төгрөгийг ХААН банкны ... төгрөгийг дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг ...ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.
Залилах гэмт хэрэг нь хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Шүүгдэгч Э.Бгийн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, орон сууцанд орох эрхийн бичгийг бусдад олгох эрхгүй атлаа бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчоос нийт 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Э.Бгийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Б нь хохирогч Д.Цэцэгмаад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Д.Цэцэгмаа нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрт учирсан гэм хорын хохирол 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг мөнгийг 2023 оны 6 дугаар сарын 8, 21-ний өдрүүдэд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан “ХААН” банкны дансны хуулгаар /хх17-19/ тогтоогдсон, шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд 650.000 төгрөгийг хохирогчид буцаан өгсөн /хх19/ байх тул хохирлоос хасч, үлдэх 9,350,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Д.Цэцэгмаад олгох үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч Э.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг төлж, төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж уг ялыг тэнсэх саналтай байна.” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн, эрүүл мэндийн хувьд 2022 оноос чихрийн шижин өвчний улмаас эмчийн хяналтад байдаг, өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэх шаардлагатай, ам бүл 3, 2 зээгийн хамт амьдардаг, сард 825,000 төгрөгийн цалинтай болох нь тогтоогдож байгаа, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бага насны 2 зээгийн хамт амьдардаг, чихрийн шижин өвчтэй, ажил эрхэлдэг зэрэг хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж шүүгдэгч Э.Бд Эргүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналтын хугацаанд тогтоосон үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Э.Бд мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналтын хугацаанд тогтоосон үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Бгаас 9,350,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Цэцэгмаад олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ