Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/206

 

2023       11          16                                        2023/ШЦТ/206

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Э,

Шүүгдэгч Д.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Дын Мд холбогдох эрүүгийн 2335000000259 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны 12 дугаар сарын 27-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, хувиараа гутал оёдог, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг ......... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан Х овогт Дын М /РД:................../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Мнь Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг “Хар бургас” гэх нэртэй газрын ойд 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зөвшөөрөлгүйгээр 1.539 м.куб хэрэглээний нойтон бургас мод бэлтгэсний улмаас байгаль экологид 542.192 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.Мг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дахь тал),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-11 дэх тал),

Эд зүйл буюу сүхэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзуүлэлтүүд (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (хавтаст хэргийн 18 дахь тал),

Увс аймгийн Тэс сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/20 дугаартай “Хэрэглээний модны зөвшөөрөл олгох тухай” захирамж (хавтаст хэргийн 73 дахь тал),

Увс аймгийн Тэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 9/06 дугаартай “2023 онд ашиглах ойн нөөцийн хэмжээ тогтоох тухай”  тогтоол, түүний хавсралт  (хавтаст хэргийн 74-75 дахь тал),

Увс аймгийн Тэс сумын байгаль хамгаалагч У.Бын 2023 оны хэрэглээний модны тайлан (хавтаст хэргийн 78-82 дахь тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэнээс надад Тэс сумын 11 дүгээр баг “Хар Бургас” гэх газраас нэг хүн ирсэн хууль бусаар мод бэлтгэж байна гэх дуудлага ирсэн. Тэгээд би сумын тамгын даргад мэдэгдэж тээврийн хэрэгсэл гаргуулж, жолоочийн хамтаар очсон юм. Тухайн 16 цагийн үед очсон юм. Тэгээд тухайн газарт очиход тухайн мод бэлтгэсэн хүн машин очсоныг нь мэдээд зугтсан юм шиг байна. Тухайн мод бэлтгэсэн хүн Д.М гэдгийг Н.Б гэх айлаас асууж тодруулахад Д.М гэх хүн гэж хэлсэн юм. Мөн тухайн мод бэлтгэж тавьсан газар нь Н.Б гэх айлаас 20 м зайтай газарт хурааж тавьсан байдалтай байсан. Иргэн Д.М гэх хүн ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг аваагүй юм. Тухайн хүнийг Тэсийн сумын харьяалалтай болохоос аймгийн төвд оршин суудаг гэж Н.Б гэх хүний эхнэр Д.О хэлсэн. Тухайн М гэх хүн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Н.Б гэх хүний гэрт ирсэн ба тухайн айлд хоносон гэж Н.Бын эхнэр Д.О хэлсэн. Тухайн газар нь улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарахгүй ба тухайн жилийн мод бэлтгэж авах газарт хамаарахгүй газар юм. Өөрөөр хэлбэл тухайн жилд мод бэлтгэж болохгүй газар юм. Д.Мгийн бэлтгэсэн мод нь “бургас” гэх нэртэй мод юм. Харин бургас мод болохоор хэмжээ тодорхойлох боломжгүй. Уг үйлдлийн улмаас манай сумын байгаль экологид тодорхой хэмжээний хохирол учирсан бөгөөд би байгаль экологийн үнэлгээнд заагдсан хохирлыг нэхэмжлэн одоогоор хохирлыг барагдуулаагүй байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 27 дахь тал),

Гэрч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би М гэх хүнийг танина. М гэх хүнийг зөвхөн нэг сумын иргэн гэдэг утгаар л танина. Мтай янз бүрийн хамаатан, төрөл садангийн холбоо байхгүй болно. М гэх хүн манай гэрт 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр орой ирсэн. Би тухайн өдөр хөдөө хашаа барих зорилгоор нөхрийн хамт явсан байсан ба орой гэрт ирэхэд М гэх хүн ирсэн. Мгаас ямар ажлаар явж байгаа юм байгаа юм вэ гэж асуухад би мод худалдаж авмаар байна гэж хариулсан ба би энд мод зарах хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд М тухайн өдөр манай гэрт хоносон юм. Маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхөр бид хоёр дахиад хашаа барихаар хөдөө явсан ба М гэх хүн манай гэрт үлдсэн байсан. Нөхөр бид 2 орой ирэхэд М гэх хүн байхгүй байсан ба манай гэрийн хажууд 20 м зайтай газарт мод /бургас/ овоолоод тавьсан байдалтай байсан. Манай гэр “Хар бургас” гэх нэртэй газарт байдаг. 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр орой М манай гэрт ирсэн бөгөөд замын унаагаар ирсэн гэж хэлсэн ба өөрөө ганцаараа ирсэн. Тухайн өдөр манайд хоносон. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Тэс сумын Засаг даргын Тамгын газрын хүмүүс ирж Фургон маркийн тээврийн хэрэгслээр ирж уг бургас модыг ачиж аваад явсан. Бид хэдээс М гэх хүнийг асуусан” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 29-30 дахь тал)

Шинжээч Я.Нгийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 208 дугаартай “Увс аймгийн Улаангом суманд 2023 оны 9 дүгээр сарын байдлаар модон иштэй хуучин сүхний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 15.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 49 дэх тал)

Шүүгдэгч Д.Мгийн  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “2023 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө эрт О эхнэрийн хамт хашаа янзлан гэж хэлээд машинтайгаа явсан юм. Би хэсэг Оын гэрт амарч байгаад 10 цагийн үед гэрийн ойролцоо мод руу орж хэсэг явж үзэж байгаад ургаа байдалтай бургас сүх ашиглаж тайрсан. Би 1.5 метрээс 2.7 метрийн урттай нийт 261 ширхэг бургас мод тайрч бэлтгэсэн ба тухайн тайрч бэлтгэсэн бургаснуудаа Оын гэрийн ойролцоо зөөж хураасан /би хурааж дуусаад цаг хартал 16 цаг болж байсан/ юм. Маргааш нь буюу 2023 оны 9 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед О надруу гар утсаар залгаж таны бэлтгэсэн мод цагдаагийн хүмүүс болон ойн байцаагч нар ирээд ачиж явсан талаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 60-61 дэх тал)-үүдээр тогтоогдож байна.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана” гэж тус тус заасны дагуу иргэн нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсны дагуу мод бэлтгэхээр хуульд заасан байна.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ хэмээн хууль тогтоогч хуульчлан тогтоожээ.

Зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч Д.Мнь эрх бүхий байгууллагад хэрэгцээний мод бэлтгэх талаар хүсэлт тавьж, албан ёсоор зөвшөөрөл аваагүй атлаа Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг “Хар бургас” гэх нэртэй газрын ойгоос 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зөвшөөрөлгүйгээр 1.539 м.куб хэрэглээний нойтон бургас мод бэлтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үгндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Шинжээч Д.Агийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1 дугаартай “Тэс сумын 11-р багийн нутаг N 50o31*48.9, Е 94o17*19.8 байрлалд орших Хар бургас гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Иргэн Д.Мгийн бэлтгэсэн мод нь бургас мод байна. Тухайн мод нь 1.539 м3 байна. Тухайн мод нь хэрэглээний нойтон мод байна. Уг нойтон бургас модны нийт 1.539 м3 =542,192 төгрөг болж байна” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 40 дэх тал)-ээр ойн санд 542.192 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс шүүгдэгч Д.Мгийн ойн санд учруулсан бодит хохирол болох 542.192 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, хохирлын хэмжээг 1.626.576 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Мнь шүүхийн хэлэлцүүлэгт 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 1.635.576 төгрөгийг М /шж......../ гэх утгаар шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг 1 ширхэг баримтыг эх хувиар шинээр гаргаж өгсөнг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Мнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд тухайн зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Мурьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал )-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Мгийн хувийн зан байдлын талаар: Гэрч Д.Игийн өгсөн: “Д.Мтай 1988 онд албан ёсоор гэр бүл болсон. Аймгийн төвд шилжин ирж хувиараа бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж амьдарч байна. Би өөрөө хараа бэрхшээлтэй 50 хувийн групп авдаг тул манай нөхөр охин 2 гутал оёж байгаа. Яриасаг, тайван даруу, хүнд их тусархуу, төлөв даруу,  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хорт муу зуршил байхгүй, ажилч хичээнгүй, хөдөлмөрч, урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн 32-33 дахь тал) авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Мнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Мд 5 /тав/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь түүнийг дахин ойн сан бүхий газарт очих нөхцлийг хязгаарлах, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Д.Мд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Д.Мгийн хууль бусаар бэлтгэсэн 542.192 төгрөгийн үнэ бүхий 1.539 метр.куб бургас модыг хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ауйн хэрэглээний зүйл болох модон иштэй сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Дын Мг  Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1-т заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Мд 5 /тав/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Д.Мд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Мгийн хууль бусаар бэлтгэсэн 542.192 төгрөгийн үнэ бүхий 1.539 метр.куб бургас модыг хурааж  улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийдвэр гүйцтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ялллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.                          

                        

 

 

                             ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ