| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1914007110411 |
| Дугаар | 2020/ДШМ/019 |
| Огноо | 2020-03-10 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2020/ДШМ/019
Г.Б, Б.О,
Г.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор В.Дэлгэрмаа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа
Шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, Г.Т, тэдгээрийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Б, Б.О, Г.Т нарт холбогдох эрүүгийн 1914007110411 дугаар хэргийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Г.Т, 1996 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй
Монгол Улсын иргэн, Б.О, 1997 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2,
Монгол Улсын иргэн, Г.Б, 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2013 оны 11 дүгээр сарын 06-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан
Г.Б, Б.О, Г.Т нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн нутаг Гэзгийн худаг гэх газраас Г.Б эзэмшлийн олон тооны буюу 58 тооны ямааг хулгайлж бусдад 5.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.Б, Б.О, Г.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Т, шүүгдэгч Б.О, Г.Б нарыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүлйийн 1.3-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг нэг / 1 / жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийг хоёр /2/, жил зургаан /6/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Бг хоёр /2/ жил, гурван /3/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оод оногдуулсан нэг /1/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Тт оногдуулсан хоёр /2/ жил, зургаан /6/ сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Бд оногдуулсан хоёр /2/ жил, гурван /3 /сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн мотоциклийг хурааж, улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Оын эзэмшлийн “...57-78 БНА улсын дугаартай портер маркийн авто машин...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Оод буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нь Г.Т, Б.О бид 3-ыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүлэглэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн нутаг гэзгийн худаг гэх газраас Г.Б эзэмшлийн олон тооны буюу 58 тооны ямааг хулгайлж бусдад 5.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар надад 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.
Миний зүгээс прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл нь бидний үйлдэлтэй тохирохгүй байсан, мөн бидний энэ үйлдэл маань гэмт хэрэг мөн үү, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт хамаарах уу, хамаарах бол эрүүгийн хуулийн хэд дүгээр зүйлд заасан зүйлчлэлд хамаарах вэ гэдгийг хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүүхээр гэм буруугаа тогтоолгох байр суурьтайгаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон. Ингэж оролцохдоо болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлж айлын 19 тооны ямааг авсан, уг үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа хэлсэн. Бид 3 айлын ижил сүргээсээ тасарч хээр хоносон, эзэн нь хаяж, гээж нүүсэн малнаас 19 тооны малыг л бусдад зарж борлуулан завшсан. Г.Т малаа харж байгаад эзэнгүй мал малтай нь нийлэх гэж байсныг хараад намайг дуудсан байдаг, би тэр малыг нь очиж харахад тухайн ямаанууд нь хээр хоноод дөнгөж хөдөлж байгаа бололтой малын эхний хэсэг нь Г.Тийн малтай нийлж байсан ба би доголон улаан ямаагаар нь Г.Б гуайн мал гэдгийг таниад Г.Тт утсаар ярьж хэл гээд явсан. Бидэнд 58 тооны мал хулгайлах, авах завших санаа бодол огт байгаагүй, 58 тооны малыг аваагүй, харин Г.Т нь Г.Батбаяр гуайн руу утсаар ярьж хэлэхэд Г. Батбаяр нь малынхаа тоог мэдэхгүй байх үед л 20 тооны малыг завших сэдэл Г.Тт төрж Г.Т нь Б.Отгонболд бид хоёрыг дуудсан гэсэн. Би Г.Т, Б.О нартай бүлэглэн Г.Б гуайн 19 тооны малыг зарж борлуулсаныг хүлээн зөвшөөрч байгаа, өөрийн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна. Бид хохирогчоос уучлалт гуйж хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч эвлэрсэн, хохирогчийн зүгээс цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн. Би эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Бууцагаан суманд мал маллан амьдрал ахуйгаа авч явдаг. Хүүхдүүд маань бага насны нялх нойтон хүүхдүүд байдаг, би хэдэн жилийн өмнө өвөлжөөгөө янзалж байгаад дээрээсээ чулуу унагаж түүнээс болж биедээ гэмтэл авсан. Тухайн гэмтэл нь цаг хугацаа өнгөрөх тусам хүндэрч нурууны суулт өгч, аарцаг нурууны мэдрэлд нөлөөлснөөс болж хөл хэлбэрээ алдаж байгаа. Одоо цагдан хоригдож байгаа энэ хугацаанд бие байнгын өвдөж яс янгинаж бүтэн нойртой хонож чадахгүй байгаа билээ.
Миний хүний эд хөрөнгийг захиран зарцуулсан маань хууль бус үйлдэл байгаа учраас би шүүхээс надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулвал шүүхэд гомдох гомдол байхгүй.
Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал болон бидний хувийн байдлыг харгалзан үзээд бидэнд ашигтайгаар хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна, надад итгэл хүлээлгэж энэрэнгүй шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хэргийн бодит байдалд нийцсэн зүйлчлэлээр хэргийг зүйлчлэн бидний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Г.Т тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ...анхан шатны шүүх нь Г.Б, Б.О бид 3-ыг Г.Б эзэмшлийн 58 тооны ямааг хулгайлж бусдад 5.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, надад 2 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Гэтэл уг шийдвэр нь тухайн үеийн нөхцөл байдалд тохирохгүй дүгнэлт хийсэн шударга бус байсан. Би тухайн өдөр малаа хараад байж байхад эзэнгүй мал манай малтай үзүүр нь нийлж байсан. Тэгээд би мал дээрээ очиход хээр хоносон бололтой /тухайн газар нь малын хэвтэр гарсан байсан/ эзэнгүй мал байсан. Манай ойролцоо буюу манай мал бэлчдэг бэлчээрт айлын мал бэлчдэггүй, мөн манай ойр хавьд айл байхгүй байсан. Тэгээд Г.Бандихүү ах руу утсаар яриад хээр хоносон эзэнгүй мал байна хэний мал юм бол үзээтэх гэсэн, тэгээд Г.Б ах ирээд тухайн ямаануудыг харчихаад доголон улаан ямаа байна Г.Батбаяр гуайн мал юм шиг байна утсаар яриад хэлчих, малдаа нийлүүлчих гээд явсан. Тухайн ямаанууд надтай надгүй нийлсэн байсан. Тэгээд Г. Батбаяр гуай руу утсаар яриад хэлэхэд өөрийнхөө малыг хээр хоносон, хаяж нүүсэн болохоо ч мэдэхгүй байснаа манай мал гэдгийг яаж мэдэж байгаа юм гэх мэт яриа өрнүүлж байгаад манай мал байна, худаг дээр л тасарсан байх, би одоо очиж авж чадахгүй маргааш очиж авъя чи харж байгаарай хэдэн тооны мал байна гэх үед л надад Г.Б гуай малынхаа тоог мэдэхгүй эргэлзээд байх тэр үед л 20 ямааг нь авах сэдэл надад төрөөд Г. Батбаяр гуайд 30 гаруй тооны мал байна лээ гэж хэлсэн. 20 ямааг ямаанаас нь салгаж туугаад хээр аваачиж Б.О, Г.Б ах нарыг дуудаж энэ талаар хэлж зөвшөөрүүлээд Б.Оын машинд ачиж Б.Оын малтай нийлүүлсэн. Тухайн үед ийм л үйл явдал болсноос яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн тогтоолд бичигдсэн шиг 58 тооны малыг хулгайлсан зүйл огт байхгүй. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэх санаа зорилго хэдийд үүссэн болохыг анхаарч хараагүйд гомдолтой байна. Би 58 тооны мал хулгайлсан гэж зүйлчилсэнийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа болохоос Г.Б 19 тооны малыг авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэтэл анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэн ял шийтгэл өндөр оногдуулж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Би өнгөрсөн жил хурим найраа хийсэн бөгөөд эхнэр хүүхдийн хамт Бууцагаан суманд мал маллан амьдардаг. Өөрийн үйлдэлдээ үнэхээр их харамсаж байгаа, дахин ийм алдаа дутагдал гаргаж, хууль зөрчсөн үйлдэл хийхгүй гэдгээ амлаж байна. Би тухайн хэрэгт холбогдсон цаг үеэс эхлэн өөртөө дүгнэлт хийж хохирогчоос уучлалт гуйж хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч намайг мал олж өгсөнд баярлаж 1 тооны ямаа өгсөн. Намайг цагдан хоригдож байх хугацаанд ар гэрээс аав болж байгаа талаар сайхан мэдээ ирүүлсэн. Би хоригдож байгаа энэ хугацаанд жирэмсэн эхнэр, нялх хүүхэддээ үнэхээр их санаа зовж байна. Миний алдсан алдаан дээр дахин түлхэлгүйгээр нэг удаа уучилж өршөөж хэргийн бодит байдалд нийцсэн бидэнд ашигтай шийдвэр гаргана гэдэгт давж заалдах шатны шүүхэд итгэж байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
...Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй , хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсонд гомдолтой байна.
Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд бичигдсэнээр Г.Б, Б.О, Г.Т нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн нутаг Гэзгийн худаг гэх газраас Г.Б эзэмшлийн олон тооны буюу 58 тооны ямааг хулгайлж бусдад 5.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтууд болох хохирогч Г.Б ...гэзгийн худаг гэх газраас хөндийн бууц гэх газар руу нүүсэн юм. Тэгээд тухайн нүүсэн өдрийн орой 18 цагийн үед Г.Т 98245000 дугаарын утаснаас миний 98146903 дугаарын утас руу яриад танайх бололтой 30 гаруй тооны ямаа байна гэхээр нь би ...манай ямаанууд мөн юм болов уу гэхэд тэрээр ...Бандихүү ах танай ямаа мөн гэж байсан гэсэн тэгэхээр би .. манай ямаанууд яг мөн байна. чи харж байгаарай маргааш очиж авна гэж хэлсэн. Ямаа ер нь худгаас ус уухдаа зарим нь түрүүлээд зарим нь хоцроод байдаг юм. Би 11 тооны ямаагаа 2019 оны 10 дугаар сарын 17-18 ны үед санагдаж байна ...шар хонгил гэх газраас олсон, тухайн газар нь амны устай газар байгаа юм гэх мэдүүлэг хх-64-65, хохирогчийн ...манайхаас нийт 69 тооны ямаа тасарсан байсан. Үүнээс 33 тооны ямааг Түмэнцэрэг өөрөө гаргаж өгсөн, 1 тооны ямааг Түмэнцэрэгт олж өгсөн гэж бэлгэнд өгсөн 11 тооны ямааг би өөрөө эрж хайгаад явж байгаад 3-4 хоногийн дараа байх Шар хонгил гэх газраас олсон, сүүлд манайд нийт 23 тооны ямааг авчирч өгсөн би өөрийнхөө ямааг бүрэн бүтэн олж авсан юм гэх мэдүүлэг /хх-62-63/, гэрч Н.Эрдэнэбат, Т.Батмөнх нарын мэдүүлэг, Г.Б, Г.Т, Б.О нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр Г.Б, Г.Т, Б.О нар нь анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг хохирогчийн 58 тооны мапыг хулгайлсан үйлдэл хийгээгүй нь хангалттай нотлогдож байсаар байтал анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж .. Г.Б мал нь нутаг бэлчээрийн хүрээнээс өөрийн хөлөөр өөр нутаг оронд бэлчээрлэн очсон, малын эзэн, хариуцагчийг тогтоох боломжгүй, мал олсон этгээд орон нутгийн засаг захиргаанд тэмдэглүүлээгүй, малын эзнийг олтол тодорхой хүний хариуцлагад хадгалуулах зэргээр арга хэмжээ аваагүй, харин шууд өөрийн болгож, бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна гэж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг илтэд дордуулсан, эрүүгийн хуулийн өрөнхий ангид заасан шударга ёсны зарчим, хууль ёсны зарчимд үл нийцэх дүгнэлтийг хийсэн.
Хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор нууцаар авч байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдэхгүй гэсэн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцааны нэгдэл бөгөөд тухайн үйлдлийг гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжтэй адилтган үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч талын зүгээс шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтээ гаргасан ба ингэхдээ Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн санаа дэвшүүлсэн ч шүүх огт хүлээж аваагүй. ...Алдуул мал, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салсан, эсхүл хаяж гээгдсэн эд хөрөнгө, малыг олж аван завшиж буй шууд санаатай үйлдлээр илэрдэг. Өөрөөр хэлбэл алдуул мал, гээгдэл эд хөрөнгө агуулж буй этгээд уг мал, эд хөрөнгийн талаар зохих байгууллагад мэдэгдээгүй эс үйлдэхүй нь дангаараа тухайн гэмт хэргийн обьектив талын шинжийг бүрдүүлэхгүй бөгөөд энэхүү эс үйлдэхүй нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрч завших үйлдэлтэй холбогдсоноор тухайн гэмт хэргийн шинжийг агуулдагаараа онцлог.
Анхан шатны шүүх Г.Б, Г.Т, Б.О нарын үйлдлийг хулгайлах үйлдэлтэй төсөөтэй хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтуудыг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх бүрэн боломжтой байсныг авч хэлэлцээгүй.
Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж шүүгдэгч нарын хууль бус шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа эсэхийг анхааран үзэж Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч нарт ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ; Шүүгдэгч нар нь 58 тооны буюу олон тооны малыг бусдын мал гэдгийг мэдсээр байж үйлдлээрээ нэгдэн бусдад хохирол учруулсанаараа төгссөн хулгайлах гэмт хэрэг юм. Тэдгээрийн үйлдэлд завших гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 58 тооны ямаа тасарсан байсаныг малтайгаа нийлүүлж 20 тооны ямааг нь үлдээж авсан. Миний нуруу гэмтлийн улмаас их өвддөг, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Танихгүй малыг хараад ах Бандихүүд хэлж 34 тооны ямааг Г.Бт өгч 20 тооны ямааг нь авсан. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна.Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үздэг. Шүүгдэгч нарыг 58 тооны буюу олон тооны мал хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэн улмаар шүүх шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. 58 тооны малаас 20 тооны мал хулгайлах гэмт санаа хэзээ төрсөнийг анхаараагүй. Тухайн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг завших, хулгайлах гэмт хэргийн ямар шинжийг хангаад байгааг нягтлан шийдвэрлэж, хэргийг зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б, Г.Т, Б.О нар болон тэдгээрийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;
Эрүүгийн 1914007110411 тоот хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалтын үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийн хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн нутаг Гэзгийн худаг гэх газраас Г.Б эзэмшлийн олон тооны буюу 58 тооны ямааг хулгайлж бусдад 5.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Дээрхи үйл баримт нь хавтаст хэрэг авагдсан хохирогч Г.Б, гэрч Н.Эрдэнэбат, Т.Баянмөнх нарын мэдүүлэг, 58 тооны ямааны зах зээлийн үнийг тогтоосон Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 556 дугаар дүгнэлт, гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т нарын мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т нарыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа “... Г.Б, Г.Т, Б.О нар нь хохирогчийн 58 тооны малыг хулгайлаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул мал завших гэм буруутай...” гэж тайлбарлаж байх хэдий ч шүүгдэгч Г.Т, Г.Б, Г.Т, Б.О нар нь хохирогч Г.Б ямаа гэдгийг мэдсэн мөртлөө түүнд мэдэгдэлгүйгээр мал сүрэгтэйгээ нийлүүлэн улмаар зарж борлуулсан гэмт үйлдлээрээ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх үндэслэлтэй, зөв байна.
Иймд шүүгдэгч Г.Б, Г.Т нар, тэдгээрийн өмгөөлөгч Т. Пүрэвдаваа нарын хэргийн бодит байдалд нийцүүлэн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж өөр төрлийн хөнгөн ял оногдуулж, ашигтай байдлаар шийдвэрлүүлэхээр гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шүүгдэгч Г.Б, Г.Т нарын давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор хохирол, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн тэдгээрт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар, хорих ялын хоёрны нэгээс багагүй ял болох 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т нарын 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хэргийн улмаас цагдан хоригдсон 59 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тус тус тооцсон болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийг хоёр /2/, жил зургаан /6/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Бг хоёр /2/ жил, гурван /3/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Г.Б нарыг тус бүр нэг / 1 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтад “... шүүгдэгч Г.Тт оногдуулсан хоёр /2/ жил, зургаан /6/ сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Бд оногдуулсан хоёр /2/ жил, гурван /3 /сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэснийг
“...шүүгдэгч Г.Т, Г.Б нарт тусбүр оногдуулсан нэг /1/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Г.Б, Г.Т нар, тэдгээрийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т нарын 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тус бүр цагдан хоригдсон 59 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР
Б.БОЛОР-ЭРДЭНЭ