Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/ма2026/0181

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч С.О

Нэхэмжлэгч: С.О

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: “Тэтгэврийн хэмжээг Засгийн газраас баталсан итгэлцүүрээр зөвтгөж өөрчлөхөөс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 238 дугаар тогтоолын 3 дугаарт заасан, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлын 2011 оны 01 дүгээр тогтоолоор баталсан тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож, тэтгэврийн хэмжээг 1.587.840 төгрөгөөр тогтоохыг даалгах”  тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 114/ШШ2026/0005 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 114/2026/0001/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.О-ээс Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Тэтгэврийн хэмжээг Засгийн газраас баталсан итгэлцүүрээр зөвтгөж өөрчлөхөөс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 238 дугаар тогтоолын 3 дугаарт заасан, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлын 2011 оны 01 дүгээр тогтоолоор баталсан тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож, тэтгэврийн хэмжээг 1.587.840 төгрөгөөр тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 114/ШШ2026/0005 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 он/ 5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн /2023 он/ 20 дугаар зүйлийн 20.1, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.О-ийн  Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 114/ШШ2026/0005 дугаартай шийдвэрийг зөвшөөрөхгүй. Учир нь уг хурал дээр нэхэмжлэгч би эрхийнхээ дагуу нэхэмжлэлээ өөрчлөхийг хүссэн боловч тооцсонгүй гэсэн хариуг уг шийдвэртээ оруулсан юм. Миний эрхийнхээ дагуу гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учир гомдол гаргаж байна. Би болох хурал дээр бүх тайлбараа гаргаж хэлэх болно. Яаж шийдэх нь давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.” гэжээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн С-ын О-ийн 2019 оны 06 дугаар сарын 01-ээс тогтоогдсон 344298 дугаар бүхий өндөр насны тэтгэврийн хувийн хэрэгт байгаа баримт бичгийг хянан үзэхэд 33 жил 10 сар 17 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан байна.

С.О нь мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу 1994 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авсан байна. “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны шимтгэлийг үлйдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэврийн даатгалын санд төлөхөөр зохицуулсныг 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж байна.

Иймд 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 11 жил 3 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажилласан жилд тооцохоор нийт 45 жил 2 сар 2 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласнаар тооцуулж, 1986-1991 оны 6 жилийн дундаж цалин хөлсөө сонгон сарын 813,707 төгрөгийн дундаж цалингаас өндөр насны тэтгэврийг сард 673,342 төгрөгөөр тогтоолгон 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож авсан бөгөөд үүнээс хойш Засгийн газрын тогтоолын дагуу болон холбогдох хууль тогтоомжийн дагуу өндөр насны тэтгэвэр нэмэгдсээр 2026 оны 02 дугаар сарын байдлаар 1,519,076 төгрөгийн тэтгэвэр авч байна.

Тус газар нь иргэн С.О-ийн тэтгэврийг хуулийн дагуу үнэн зөв тогтоон олгож байгаа нь удаа дараагийн хяналт, шалгалтаар тогтоогдож байгаа бөгөөд холбогдох нотлох баримт болон тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байгаа болно.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 114/ШШ2026/0005 дугаар шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Анх нэхэмжлэгч С.О-ээс Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 494 дүгээр албан бичгээр тэтгэврийн нэмэгдлийг Засгийн газраас баталсан итгэлцүүрээр зөвтгөж өөрчлөхөөс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийн хэмжээг зөвтгөн нэмэгдүүлэхийг хариуцагчид даалгах, мөн тэтгэврийн зөрүү 2.221.232 төгрөгийн хохирлыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч С.Оээс Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Тэтгэврийн хэмжээг Засгийн газраас баталсан итгэлцүүрээр зөвтгөж өөрчлөхөөс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 238 дугаар тогтоолын 3 дугаарт заасан, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлын 2011 оны 01 дүгээр тогтоолоор баталсан тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож, тэтгэврийн хэмжээг 1.587.840 төгрөгөөр тогтоохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

4. Хэргийн үйл баримтын тухайд:

4.1. Нэхэмжлэгч С.О 1994 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

4.2. Анх тогтоосон тэтгэвэр тогтоолтын хуудаст С.О-ийн тэтгэврийн доод хэмжээг 310.000 төгрөгөөр тогтоосны дагуу сард олгох бүрэн тэтгэврийг 673.342 төгрөгөөр тогтоож, улмаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэврийн доод хэмжээг 350.000 төгрөгөөр тогтоосны дагуу бүрэн тэтгэврийн хэмжээг 737.404 төгрөгөөр тус тус тогтоосон байна.

4.3. Үүнээс хойш С.О-ийн өндөр насны тэтгэвэрийг нийт 45 жил, 2 сар, 2 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласнаар тооцож, 1986-1991 оны 6 жилийн дундаж цалин хөлсийг өөрөө сонгосноор сарын 813,707 төгрөгийн дундаж цалингаас өндөр насны тэтгэврийг сард 673,342 төгрөгөөр, Засгийн газрын “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 238 дугаар тогтоолоор тэтгэвэр бодох дундаж цалин 1,381,620 төгрөг болж өөрчлөгдөж, Засгийн газрын “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 239 дүгээр тогтоолоор өөрчлөгдсөн тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлснээр 1,257,619 төгрөгөөр тогтоосон.

5. 2019 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /1994 оны/-д 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсноор тус хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны шимтгэлийг үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэврийн даатгалын санд төлөхөөр зохицуулсныг 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.

6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч С.О 1994 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосноос дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс буюу 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг хасаад 11 жил 3 сар 15 өдөр ажилласан жилд тооцогдсон.

7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 оны/ 5 дугаар зүйлийн 1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтооно”, 2-т “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно”, З-д “Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ” гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн /2023 оны/ 29 дүгээр зүйлийн 29.3-д “Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө дараалсан зургаа, долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг түүний хүсэлтэд үндэслэн энэ хуулийн 20.1-д заасны дагуу нэг удаа өөрчлөн бодно” гэж тус тус заажээ.  

8. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С.О нь нийт 33 жил 10 сар 17 өдөр ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд үүн дээр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон 11 жил 3 сар 15 өдрийг ажилласан жилд тооцохоор нийт 45 жил 2 сар 2 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласнаар тооцуулж, С.О-ийн тэтгэвэр тогтоолгох 6 жилээ 1986-1991 он гэж сонгосноор сарын 813.707 төгрөгийн дундаж цалингаас өндөр насны тэтгэврийг сард 673.342 төгрөгөөр тогтоолгон 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн авсан.

Засгийн газрын 2023 оны “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1,404,000 төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцсугай” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн 1986-1991 оны 6 жилийн цалинг итгэлцүүрээр өсгөн тооцоход тэтгэвэр бодох дундаж цалин 1.381.620 төгрөг болж өөрчлөгдсөн.

9. Үүнээс үзэхэд, хариуцагчийн “...нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг 20 жил-1.381.620 төгрөг ДЦ х 45% = 621.729 төгрөг, 20-иос илүү ажилласан 25 жил х 1.5%=37.5%, ДЦ х 37.5%= 518.107 төгрөг, 2 сар х 0.125%=0.25% 1.381.620 ДЦ х 0.25%= 3.454 төгрөг гэж тооцсон. Ингээд сард олгох тэтгэвэр 1.143.290 төгрөгийг Засгийн газрын “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 239 дүгээр тогтоолоор 10%-иар нэмэгдүүлсний дагуу сард олгох тэтгэвэр: 1.257.619 төгрөгөөр тогтоосон бөгөөд нэхэмжлэгчийн тэтгэвэр Засгийн газрын 2024 оны 120 дугаар тогтоолоор 1.357.619 төгрөг, 2025 оны 221 дүгээр тогтоолоор 1.439.076 төгрөг, 2026 оны 1 дүгээр сараас 1.519.076 төгрөг болж тус тус нэмэгдэн олгогдож байна...” гэх хариу тайлбар үндэслэлтэй.

10. Мөн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч би эрхийнхээ дагуу нэхэмжлэлээ өөрчлөхийг хүссэн боловч тооцсонгүй...” гэж маргаж байгаа ч анхан шатны шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

   11. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 114/ШШ2026/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                               ШҮҮГЧ                                                 Л.ОДБААТАР

 

                               ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

 

                               ШҮҮГЧ                                                 Б.АДЪЯАСҮРЭН