Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 22

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд онлайнаар нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уранцэцэг

Улсын яллагч Б.Догмиддорж                

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батжаргал, Ш.Отгонбаяр

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Чинзориг

Хохирогч *******,*******

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.Чимэд

Шинжээч С.Баяраа 

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Адъяагийн Бат-Уул, мөн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн Боржигон тайж овогт ******* нарт холбогдох эрүүгийн 201611000283 дугаартай хэргийг  2016 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Монгол Улсын иргэн, 1966 оны 3 сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Рэнж рисорс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар баг, “Бадрал” гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял  шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овогт Адъяагийн Бат-Уул, / РД:*******/

Монгол улсын иргэн, 1984 оны 8 сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, эксваторын операторчин мэргэжилтэй, Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Рэнж рисорс” ХХК-д уурхайн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон тайж овогт *******, /РД: *******/

Шүүгдэгч ******* нь 2016 оны 7 сарын 02-ны өдөр 09 цагаас 10 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан-Чулуутын хоолой” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Рэнж рисорс” ХХК-ний уурхайн аманд “Норт Бенз” маркийн ачааны машиныг байрлуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх хэсэгт заасан “Ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх”, 18.2.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.6 дахь хэсэгт заасан “Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, 18.2.7 дахь хэсэгт заасан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг, мөн тус компаний захирлын 2013 оны 05 тоот тушаалаар батлагдсан “Авто сомасвалын жолооч нарын хөдөлмөр хамгааллын заавар”-ын 7-ийн 1.5-д заасан “жолооч өөрийн үүрэгт ажилд хамааралгүй нэг удаагийн ажлыг тухайн ажлыг хийхэд шаардлагатай хөдөлмөр хамгааллын зааварчилгааг авалгүйгээр хийж эхэлж болохгүй”, 2.1.2-д заасан “кабинаас буухын өмнө машинаа унтрааж эсхүл түлш өсөлтийг хааж, машиныг зогсоолын тормозоор зогсоож, зам дагуу болон эсрэг замын хөдөлгөөнд аюул байхгүйг шалгана”, 4.1.3-д заасан “хэрэв автомашиныг замын налуу болон /бага зэргийн нь ч гэсэн/ зогсоосон бол кабинаас буусны дараа дугуйн дор ивүүр хийж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Н.Ширчинсүрэнгийн амь насыг хохироосон,

     Шүүгдэгч******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”, мөн хуулийн 28.1.2-т “Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь  нас,  эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах” гэсэн заалтыг зөрчиж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2016 оны 7 сарын 02-ны өдөр 09 цагаас 10 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан-Чулуутын хоолой” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Рэнж рисорс” ХХК-ний уурхайн аманд шороо ачихаар зогсож байсан *******ын “11-53 УНУ” улсын дугаартай “Норт Бенз” маркийн тээврийн хэрэгсэлд иргэн Н.Ширчинсүрэн нь дайруулж нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний урд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ар гэрийнхэнтэй нь холбоотой байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний урд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Ийм хэрэг гарсанд маш их харамсаж байна. Цаашид талийгаачийн үр хүүхэд болоод гэр бүлийнхэнтэй нь холбоотой байна. Оногдуулах ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 7 сарын 02-ны өдөр 12 цаг өнгөрч байхад талийгаачийн ажиллаж байсан уурхайн ажилтан хадам ах руу утсаар яриад Ширчинсүрэн автын осолд ороод нас барчихлаа гэж хэлсэн байсан. Тэгээд мэдсэн. Хэргийн хувьд  мэдэх зүйл байхгүй. Шүүгдэгч *******,******* хоёрт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул оногдуулсан хорих ялыг нь тэнсэж өгнө үү?. Хамгийн их хохирч байгаа нь хүүхэд гэдгээр нь хохирол барагдуулсан 20 сая төгрөгийг охиныхоо нэр дээр данс нээлгэж хийлгэсэн. Харин 10 сая төгрөгийг нь гэрийнхээ тохижилтод зарцуулсан. Миний өнчин хүүхэдтэй холбоотой байгаарай. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 7 сарын 2-ны өдөр 13 цаг өнгөрч байхад манай ах Дамдинсүрэн нар руу залгаад Ширчинсүрэн ах нас барсан гэнэ, хүрээд ир гэж хэлэхээр нь шууд гэртээ очсон, тэгээд болсон хэргийн талаар мэдсэн. Өнөөдөр би шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэл болоод бусад зүйлсийг гаргаж өглөө. Шүүх хуралдаан ямар нэгэн маргаангүй явагдаж дууслаа. Шүүгдэгч болоод нөгөө талын хүмүүст хэлэхэд би анх та бүхэнд их зөөлөн хандаж, та бүхэнд асуудлыг хүндрүүлэхгүй гэж хэлж байсан боловч сүүлийн үед бид нарыг үл хүндэтгэж манай ах дүүсийг доромжилж, талийгаач ахыг маань өнчин гэж хэлж байсан. Эдгээр зүйлсэд нь би гомдож байгаа. Шүүгдэгч нар бид нартай огт уулзаагүй. Би энэ хоёрыг  анх удаа харж байна. Миний ах эцэг өөртэй байж болно.Гэхдээ аав минь биднийг хэнийг нь ч ялгалгүй мэргэжил, боловсролтой, амьдралаа аваад явах чадвартай болгосон. Та нар хүнийг тэгж доромжилж болохгүй. Одоогоор нэхэмжлэх зүйлгүй. Өөр хэлж ярих зүйл байхгүй гэв.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.Чимэд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Рэнж рисорс” ХХК-нийг төлөөлж иргэний хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байна. Манай компани талийгаачийн оршуулгын болон бусад зардлыг хариуцаж ирсэн. Одоогийн байдлаар хохирогч *******т 10000000 төгрөг, хохирогч*******д 10000000 төгрөгийг, талийгаачийн охин Ш.Энххүслэнд 20000000 төгрөгийг тус тус өгөөд байна. Шүүх хуралдаанд хохирогч *******ийн гаргаж байгаа оршуулгын зардлын зөрүү болох 5881270 төгрөгийг иргэний хариуцагчийн зүгээс төлөхөд бэлэн байна. Хурал дуусахаар хохирлыг бүрэн төлж барагдуулна гэв.

Шинжээч С.Баяраа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Жолооч ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх хэсэгт заасан “Ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын  журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх”, 18.2.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.6 дахь хэсэгт заасан “Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, 18.2.7 дахь хэсэгт заасан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг, мөн тус компаний захирлын 2013 оны 05 тоот тушаалаар батлагдсан “Авто сомасвалын жолооч нарын хөдөлмөр хамгааллын заавар”-ын 7-ийн 1.5-д заасан “жолооч өөрийн үүрэгт ажилд хамааралгүй нэг удаагийн ажлыг тухайн ажлыг хийхэд шаардлагатай хөдөлмөр хамгааллын зааварчилгааг авалгүйгээр хийж эхэлж болохгүй”, 2.1.2-д заасан “кабинаас буухын өмнө машинаа унтрааж эсхүл түлш өсөлтийг хааж, машиныг зогсоолын тормозоор зогсоож, зам дагуу болон эсрэг замын хөдөлгөөнд аюул байхгүйг шалгана”, 4.1.3-д заасан “хэрэв автомашиныг замын налуу болон /бага зэргийн нь ч гэсэн/ зогсоосон бол кабинаас буусны дараа дугуйн дор ивүүр хийж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Харин уурхайн дарга******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “Үйлдвэрлэлийн явцад бий болсонхими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, техник зохион байгуулалтын арга хэмжээ авах”, мөн хуулийн 28.1.2-т “Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь  нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах” гэсэн заалтыг зөрчсөн тул уурхайн дарга Д.Алтанбаганыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна гэв.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 07 сарын 30-ны  өдрийн  64 тоот актын дүгнэлтэд: 1.Талийгаач Н.Ширчинсүрэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний 1,2-р нугаламын хугарал, мэдрэлийн тасрал, бүсэлхийн 2,4-р нугаламын бяцарсан хугарал, баруун талын 2-11-р хавирга, зүүн талын 4-10-р хавирганы хугарал, элэгний урагдал, духны шарх, зулгаралт, баруун нүдний гадна булангийн шарх, зулгаралт, баруун тохойн гадна хажуу хэсгийн шарх, зүүн цавины шарх, баруун дал, бугалга, шууг хамарсан, зүүн  бугалга, тохой, шуу болон нуруу, хэвлий, баруун цавь, баруун гуя, өвдөг, зүүн гуя, өвдөгний зулгаралтууд, баруун цавь, баруун гуя, зүүн цавины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд байна. 3. Дээрх хүзүүний 1 болон 2-р нугаламын хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүзүүний мэдрэлийн тасрал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.7-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бүсэлхийн 2 болон 4-р нугаламын  хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун талын 2-11-р хавирга, зүүн талын 4-10-р хавирганы хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Элэгний урагдал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Духны шарх, зулгаралт, баруун нүдний гадна булангийн шарх, зулгаралт, баруун тохойн гадна хажуу хэсгийн шарх, зүүн цавины шарх бүхий гэмтлүүд нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дал, бугалга, шууг хамарсан, зүүн  бугалга, тохой, шуу болон нуруу, хэвлий, баруун цавь, баруун гуя, өвдөг, зүүн гуя, өвдөгний зулгаралтууд, баруун цавь, баруун гуя, зүүн цавины цус хуралт бүхий гэмтлүүд тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 4. Талийгаач Н.Ширчинсүрэнгийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь биеийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. 6. Талийгаач Н.Ширчинсүрэн нь 0 (I) бүлгийн харъяалалын цустай байсан байна. 7. Талийгаач Н.Ширчинсүрэн нь нас барах үедээ спиртийн төрлийн зүйл хэрэглээгүй байна гэжээ. /хх-ийн 70-74/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11/

Цогцост үзлэн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг  /хх-ийн 15-16/

Тээврийн хэргсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 17-19/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22, 23/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 26/

Хохирогч*******гийн мэдүүлэг /хх-ийн 32-33/

     Хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 36-37/

     Гэрч мэдүүлэг /хх-ийн 38-40/

     Гэрч мэдүүлэг /хх-ийн 41-43/

     Гэрч мэдүүлэг /хх-ийн 57-58/

     Гэрч мэдүүлэг /хх-ийн 63/

Шинжээч С.Баяраагийн мэдүүлэг /хх-ийн 91/

Шүүгдэгч *******,******* нарын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 103-105, 107, 109-110, 12/

Н.Ширчинсүрэнгийн жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 126/

Өвөрхангай аймгийн Уянга сумын 5, 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 135, 139/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138, 144/

Рэнж рисорс ХХК-ийн захирлын тушаал /хх-ийн 149/

Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 150/

Хохирогч*******д 30000000 төгрөг өгсөн тухай баримт /II хавтаст хэргийн 59-61/ 

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 05/092/09 тоот шинжээчийн дүгнэлт / хх-ийн 38-90/

Хохирогч *******ийн шүүхэд шинээр гаргаж өгсөн 23 ширхэг задгай баримт зэрэг нотлох баримтууд болно.

     Шүүгдэгч ******* нь “Рэнж рисорс” ХХК-ний уурхайд жолоочоор ажиллаж байхдаа 2016 оны 7 сарын 02-ны өдөр 09 цагаас 10 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан-Чулуутын хоолой” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Рэнж рисорс” ХХК-ний уурхайн аманд “Норт Бенз” маркийн ачааны машиныг байрлуулахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх хэсэгт заасан “Ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын  журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх”, 18.2.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.6 дахь хэсэгт заасан “Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, 18.2.7 дахь хэсэгт заасан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, мөн тус компаний захирлын 2013 оны 05 тоот тушаалаар батлагдсан “Авто сомасвалын жолооч нарын хөдөлмөр хамгааллын заавар”-ын 7-ийн 1.5-д заасан “жолооч өөрийн үүрэгт ажилд хамааралгүй нэг удаагийн ажлыг тухайн ажлыг хийхэд шаардлагатай хөдөлмөр хамгааллын зааварчилгааг авалгүйгээр хийж эхэлж болохгүй”, 2.1.2-д заасан “кабинаас буухын өмнө машинаа унтрааж эсхүл түлш өсөлтийг хааж, машиныг зогсоолын тормозоор зогсоож, зам дагуу болон эсрэг замын хөдөлгөөнд аюул байхгүйг шалгана”, 4.1.3-д заасан “хэрэв автомашиныг замын налуу болон /бага зэргийн нь ч гэсэн/ зогсоосон бол кабинаас буусны дараа дугуйн дор ивүүр хийж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Н.Ширчинсүрэнгийн амь насыг хохироосон,

     Шүүгдэгч******* нь“Рэнж рисорс” ХХК-ний уурхайн даргаар ажиллаж байхдаа буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”, мөн хуулийн 28.1.2-т “Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь  нас,  эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах” гэсэн заалтыг зөрчиж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2016 оны 7 сарын 02-ны өдөр 09 цагаас 10 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан-Чулуутын хоолой” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Рэнж рисорс” ХХК-ний уурхайн аманд шороо ачихаар зогсож байсан жолооч *******ын “11-53 УНУ” улсын дугаартай “Норт Бенз” маркийн тээврийн хэрэгсэлд хохирогч Н.Ширчинсүрэн нь дайруулж амь насыг хохироосон гэм хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч*******, хохирогч *******, гэрч Ж.Болдбаатар, Ч.Жаахүү, Б.Сэргэлэнбаатар, Ж.Энхбаатар нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шинжээч С.Баяраагийн мөрдөн байцаалтын шатанд болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэрэг болно. 

Шүүгдэгч *******,******* нарт холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2, мөн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, өмгөөлөх талаас энэ зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Иймд Боржигон овогт Адъяагийн Бат-Уулыг уул уурхайд аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Боржигон тайж овогт Даваасүрэнгийн Алтанбаганыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангаагүйгээс хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогч нарын "нэхэмжлэх зүйлгүй" гэх нөхцөл байдлыг харгалзан тэдэнд нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Иргэний хариуцагч “Рэнж рисорс” ХХК-ийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд гэм хорын хохиролд хохирогч*******д 10000000 төгрөг, талийгаачийн охин Ш.Энххүслэнд 20000000 төгрөг, хохирогч *******т 10000000 төгрөгийг тус тус өгсөн байх бөгөөд шүүх хуралдаанд “хохирогч******* гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж, харин “хохирогч ******* 5881270 төгрөгийн оршуулгын болон бусад зардлын баримтыг шинээр гаргаж өгч, энэ мөнгөө нэхэмжилнэ” гэснийг хариуцагчийн төлөөлөгч нь “Энэ нэхэмжилж байгаа гэм хорын мөнгийг төлөхийг зөвшөөрч байна, төлнө” гэж мэдүүлж байгааг хохирогч ******* түүний өмгөөлөгч нар нь “Энэ нэхэмжилж байгаа мөнгийг төлснөөр тооцож өгнө үү, өөр нэхэмжлэх зүйлгүй” гэж тайлбарлаж  байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул “Рэнж рисорс” ХХК-ийн өмчлөлд байгаа “Норт Бенз” маркийн 11-53 УНУ улсын дугаартай тээрийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөндлөн судалтай эрээн футболка, хар өнгийн даавуун өмд, хар хөх өнгийн нэг хос оймс, хар өнгийн ботинк, шаргал өнгийн дотоож, саарал өнгийн ажлын бээлий 1 хос, шаргал өнгийн мяндсан уяа, нүдний шилний рам, өрөөсөн шил зэргийг устгаж, баримт бичгээр ирсэн ялтан нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг ялтан нарт, 01150967 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч “Рэнж рисорс” ХХК-нд тус тус буцаан олговол зохино.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Адъяагийн Бат-Уулыг уул уурхайд аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Боржигон тайж овогт Даваасүрэнгийн Алтанбаганыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангаагүйгээс хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар шүүгдэгч Адъяагийн Бат-Уулын тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар шүүгдэгч Даваасүрэнгийн Алтанбаганы тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******д оногдуулсан 2 жил, ялтан*******д  оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөндлөн судалтай эрээн футболка, хар өнгийн даавуун өмд, хар хөх өнгийн нэг хос оймс, хар өнгийн ботинк, шаргал өнгийн дотоож, саарал өнгийн ажлын бээлий 1 хос, шаргал өнгийн мяндсан уяа, нүдний шилний рам, өрөөсөн шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн ялтан нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг ялтан нарт, 01150967 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч “Рэнж рисорс” ХХК-нд тус тус буцаан олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134-10-д зааснаар “Рэнжрисорс” ХХК-ийн өмчлөлд байгаа Норт Бенз маркийн 11-53 УНУ улсын дугаартай тээрийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Ялтан нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, /иргэний хариуцагчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд гэм хорын хохиролд хохирогч*******д 10000000 төгрөг, талийгаачийн охин Ш.Энххүслэнд 20000000 төгрөг, хохирогч *******т 10000000 төгрөгийг, шүүхийн шатанд хохирогч *******т 5881270 төгрөгийг, нийт 45881270 төгрөгийг төлсөн/ хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан *******д оногдуулсан 2 жил, шүүгдэгч Д.Алтанбаганд  оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх ялыг 2017 оны 1 сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний хариуцагчийн төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ЭНХБААТАР