Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2019/0900

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.М-д холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ш ХХК /РД:******* /

Хариуцагч: Хан-Уул дүүргийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л..

Нэхэмжлэлийн  шаардлага: Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчийн Ш ХХК-г 3 сая төгрөгөөр торгосон ******** дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай,

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, гомдол гаргачийн өмгөөлөлч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, гэрч Б.Т  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдол гаргагч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани ХУД-н 25-р хороонд байрлах Оргил дунд сургуулийн цайны газрыг түрээслэн ажиллуулахдаа ажилтан Цэцгээг бүх үйл ажиллагааг хариуцан ажиллуулахаар томилон 2 жилийн турш хэвийн ажиллуулсан. 2019 оны 10 сарын 10 өдөр ХУД-н Мэргэжлийн хяналтын байцаагч үйл ажиллагааг 1910001155 зөрчлийн хэрэг нээн шалгасан байна. Шалгалтаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ажилтнуудаа бүрэн хамруулаагүй, эрүүл ахуйн зохистой дадлын бүртгэл байхгүй, цэвэрлэгээнд жавелин ашигладаг боловч зааврын дагуу хаягжуулж ажлын байранд байршуулаагүй, ажлын байрны угаалга цэвэрлэгээ халдваргүйтгэлийг графикийн дагуу хийдэггүй гэх үндэслэлээр манай компанийг зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн /Эрүүл ахуйн тухай хууль зөрчих/ 3 дахь хэсэгт зааснаар 3000 нэгж буюу 3 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг аваагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн байгаа боловч Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тушаалын дагуу дутуу 2 ажилтнаа эрүүл мэндийн үзлэгт хамруулан, цэвэрлэгээ үйлчилгээний график хөтлөх, жавелин ашигладаг талаараа хаягжуулан ажлын байранд байршуулах зэрэг зөрчлөө арилгасан байхад торгосон байна. Дээрхи зөрчлүүдийг шуурхай арилгасан төдийгүй манай компанийг төлөөлж тухайн цайны газрыг ажиллуулж буй ажилтан А.Цэцгээгийн ажилдаа гаргасан алдаа зөрчил байхад манай компанийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж торгууль оногдуулсныг хүчингүй болгож өгнө үү.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6-2-д зааснаар эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж байгаа тул энэхуү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.М шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...НМХГ-ын 70128012 утсаар иргэн Д.Бат-очироос ирүүлсэн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Иргэн Д.Бат-Очироос ирүүлсэн ХУД-ийн 25-р хороо Удирдлагын академийн ар талд байрлах Оргил сургуулийн цайны газар эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир орчинд үйл ажиллагаа явуулж байна шалгаж өгнө үү гэх гомдлын дагуу 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Оргил сургуулийн цайны газарт менежер ажилтай А.Цэцэгээ, сургуулийн эмч нарыг байлцуулан хяналт шалгалт хийсэн.

1. Оргил сургууль нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот Түрээсийн гэрээг Ш ХХК-тай байгуулсан бөгөөд гэрээний 12.3 т Энэхүү гэрээг 4 хувь үйлдэж талуудад түрээслэгчид 1 хувь, түрээслүүлэгчид 1 хувь, нотариат 1 хувь, улсын бүртгэлд 1 хувийг тус тус хадгалуулах ба тэдгээр хувиуд нь хуулийн адил хүчинтэй байна гэж гэрээнд тусгагдсан байна.

2.Шалгалтаар очиход Ш ХХК 2019 оны 08 сарын 26-ны өдөр Хан- Уул дүүргийн Эрүүл мэндийн төвтэй Урьдчилан сэргийлэх үзлэгийн гэрээ" байгуулсан боловч тогооч С.Ананд нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс тус цайны газарт тогоочоор ажилд орсон боловч 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар арьсны халдварт өвчний шинжилгээнээс бусад шинжилгээ /сүрьеэ, цагаан хорхой/-г өгөөгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй, угаагч Б.Лхагвасүрэн нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шинжилгээнд хамрагдаж дэвтэрт баталгаажилт хийгдсэн боловч ЭМС-ийн 145 дугаар тушаалын дагуу хичээлийн жил эхлэхээс 30 хоногийн өмнө дахин шинжилгээнд хамрагдаагүй, тогооч Ж.Урантуяа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, эрүүл мэндийн шаардлага хангаагүй ажилтныг ажлын байранд нэвтрүүлж хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцуулсан. Угаагч Б.Лхагвасүрэнг 2019 оны 09-р сарын 27-ны өдөр ажлаасаа гарсан тушаалыг тус компаниас ирүүлсэн,

3.Мөн эрүүл ахуйн зохистой дадлын бүртгэл хөтлөлт /Ажиллагсад ажлын байранд ээмэг, бөгж, зүүлт, бугуйн цаг, гар утас хэрэглэдэггүй, гарын хумс ургуулж будаагүй, гарын ариун цэврийг сахидаг эдгээрт хяналт тавьж бүртгэл хөтөлдөггүй, ажилчид ил шархгүй, идээт үрэвсэлгүй, халдварт өвчнөөр өвчилсөн шинж тэмдэггүй, ямар нэг халдварт өвчнөөр өвчилсөн, эсвэл ийм өвчтэй хүн асарсан тохиолдол бүрт тухайн ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулж бүртгэл хөтөлдөггүй, ажлын байрны өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг графикийн дагуу тогтмол хийдэггүй, бүртгэл хөтөлдөггүй.түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн хадгалж буй хөргөх, хөлдөөх төхөөрөмжүүдийн хэмийг хянаж бүртгэл хөтөлдөггүй, хүнсний агуулах зориулалтын чийглэг, температур хэмжигчтэй, хянаж бүртгэл хөтөлдөггүй.бэлтгэсэн шөлтэй хоолыг 75-аас доошгүй хэмд, хоёрдугаар хоолыг 65-аас доошгүй хэмд хадгалж үйлчилдэг, хугацааг тэмдэглэн бүртгэдэг, бүхлээр нь шанзалж болгосон шувууны мах болон шүүрхий, болгосон махны гүний температурыг хянаж бүртгэл * хөтөлдөггүй, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлтэй, хүнс, түүхий эдийг буцаан таталт хийсэн, бүртгэлгүй/ байхгүй байсан.

4. Цэвэрлэгээ угаалгад халдваргүйтгэлийн бодис /жавелин/ ашигладаг гэх боловч зааврын дагуу найруулж хаягжуулж ажлын байранд байршуулаагүй, ажлын байрны угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг графикийн дагуу тогтмол хийдэггүй зөрчил гаргасан болох нь сургуулийн цайны газрын эд зүйлээс авсан 15 арчдасны шинжилгээний 11-д буюу цайны данх, ногооны вандан, бэлэн бүтээгдэхүүний вандан, үдийн хоолны аяга, ахлах тогооч А.Цэцэгээгийн гар болон хормогч, порцны тогооч Ж.Урантуяагийн гар болон хормогч, ариутгасан дээжний шил, хоолны сав, буузны жигнүүрийн тавиур зэрэгт гэдэсний бүлгийн эмгэг төрөгч илэрсэн талаарх НМХГ-ын Төв Лабораториос ирүүлсэн 0005613/19-708/ сорилтын дүн, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дээрх зөрчил дутагдлууд нь тогтоогдсон.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эсхүл эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно,

Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг аваагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх заалтыг тус тус хангаж ажиллаагүй тул Ш ХХК-д тус 3000 нэгжийн торгуулийн арга хэмжээг ногдуулсан .

Ш ХХК нь тус цайны газрыг хариуцан ажиллуулж буй А.Цэцэгээд Оргил сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд манай компанийн албан ёсны төлөөлөгчөөр томилсугай гэсэн тушаал ирүүлсэн нь Ш компанийг биш А.Цэцэгээг торгох үндэслэл болохгүй. гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Гомдол гаргагч Ш ХХК нь Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчийнШ ХХК-г 3 сая төгрөгөөр торгосон ******** дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлын шаардлагыг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Мын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №******** тоот шийтгэлийн хуудсаар Ш ХХК-ийг эрүүл ахуйн шаардлага нийцээгүй зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3-д заасны дагуу 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3-д Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг аваагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...биечлэн харьцдаг ажилтныг ... эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй бол ...хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу болон мөн тус хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу торгууль оногдуулсан гэж Зөрчлийн тухай хуулийн 2 өөр зүйл, хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан мэтээр тайлбарлаж байна.

Маргаан бүхий 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №******** тоот шийтгэлийн хуудсаас үзэхэд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3-д заасны дагуу шийтгэл оногдуулсан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораториос ирүүлсэн 0005613, /19-708/ Сорилтын тайлангаар Enterobacter илэрсэн байна.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч нь биечлэн харьцдаг ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй гэсэн үг, өгүүлбэр Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт байхгүй, ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй зөрчил нь тус хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарахгүй тул маргаан бүхий шийтгэлийн хуудас хууль зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3-д ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй талаархи зохицуулалт /диспозиц/ байхгүй хэдий ч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагаврыг шуурхай арилгах арга хэмжээг аваагүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох талаар заасан байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл Ш ХХК-ийн цайны газар нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй зөрчил гаргасан болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораториос ирүүлсэн 0005613/19-708/ дугаар сорилтын тайлан буюу шинжилгээний дүнгээр / enterobacter илэрсэн / нотлогдож байна.

Тодруулан хэлбэл хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй зөрчлийн талаар заагаагүй боловч үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зохицуулсан байх ба маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тус хуулийн 6.17 дугаар зүйлийн 3-д заасны дагуу торгууль оногдуулсан байх тул маргаан бүхий ******** тоот шийтгэлийн хуудсыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй байна.

Мөн хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу торгууль оногдуулсан гэж хуулийн 2 өөр зүйл, хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан мэтээр ойлгомжгүй тайлбар хийж байх боловч маргаан бүхий ******** тоот шийтгэлийн хуудсаас үзэхэдЗөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3-д заасны дагуу шийтгэл оногдуулсан, тус 6.17 дугаар зүйлийн 3-дүйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй тул хариуцлага хүлээлгэх талаар заасан байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хуульд нийцээгүй гэж үзэж боломжгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.5-д ... бодит нөхцөлд тохирсон ... гэж заасан байна.

Иймд дээр дурдсан шинжилгээний дүнгээр enterobacter илэрсэн нь нотлогдож байх тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн2019 оны №******** тоот шийтгэлийн хуудас дээрх хуулийн бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3-дтус тус заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Мын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № ******** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Ш ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ