| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00166/И |
| Дугаар | 00254 |
| Огноо | 2020-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 00254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт оршин суух, Мянгат овогт Д.Б/ /-ын нэхэмжлэлтэй,
эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 153/2020/00166/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Д.Б, гэрч Д.Алимаа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1960 онд Ховд аймгийн Мянгад суманд Дашдоржийн 4 дэх хүү болон төрсөн. Намайг нялх байхад манай ээжийн дүү хүүхэдгүй хүн байсан. Ээж аймаг руу биеэ үзүүлэхээр явахдаа намайг эмээд үлдээгээд явсан хойгуур ээжийн дүүг дуудаад намайг өгч явуулсан. Тэгээд миний бие жаахан өвдөхөөр намайг өргөж авсан эцэг эх ламд үзүүлэхэд нэр нь таарахгүй хүүхэд байна гээд надад Сүхээ гэдэг нэр өгсөн. Энэ нэрээрээ сургууль, цэрэгт явж цэргээс халагдаж ирээд паспортоо авах гэтэл чамайг Д.Бгэж байна. Чойжинжавын Сүхээ гэсэн нэрээр бүртгэл чамд байхгүй байна гэсэн. Тэгээд намайг Д.Б гэдэг нэрээр паспортоо ав гэхээр нь авсан. Би Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн алба хаасан. Намар нь цэргийн анги дээрээ очоод би Д.Б гэдэг нэрээр паспортоо авсан тул цэргийн батлахыг Д.Б хааснаар бичиж өгнө үү гэхэд надад уг нэрээр бичиж өгсөн. Улсын бүртгэлээс цэргийн 3 жил хаасан лавлагааг гаргуулахаар Ч.Сүхээ нэрээр гарч ирсэн. Ингээд нэрний будлиан гарсан. Иймд Мянгат овогт Д.Бнамайг Ардын армийн 123 дугаар ангид 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Чойжинжавын Сүхээ нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү....Би анх сургуульд орохдоо Чойжинжавын Сүхээ гэдэг нэрээр орсон....Нутгийнхан дандаа Сүхээ гэж дууддаг....Намайг өсгөсөн аавыг Чойжинжав, ээжийг Дуламсүрэн гэдэг байсан. Намайг төрүүлсэн аавыг Дашдорж, ээжийг Рэгзэдмаа гэдэг байсан....Би 1977 онд 17 настайдаа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салаанд сурагчаар ороод 18 насанд хүрээп цэргийн тангаргаа өргөөд цэргийн алба хаасан....Би тэр үед Сүхээ гэдэг нэртэй байсан. Д.Б гэдэг нэртэй гэдгээ мэдээгүй....Би паспорт авах үедээ өөрийгөө Б гэдэг нэртэйгээ мэдсэн....Би паспорт авалгүй цэрэгт яваад 21 настайдаа паспорт авсан....Нэрнийхээ учрыг гаргачихаад цэргийн батлахаа Б гэж солиулж авсан юм....гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 9472 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”-ны жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Ардын армийн 123 дугаар ангид 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Чойжинжавын Сүхээ нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоолгох гэж өөрчлөв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Д.Бнь 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Ардын армийн 123 дугаар ангид Чойжинжавын Сүхээ нэрээр хугацаат цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 9472 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Үндэсний төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 194 дугаартай тодорхойлолт, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 117 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн 126/000529 дугаартай ХААТР-1 маягтын лавлагаа, 126/000293 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 567717 дугаартай 1983 оны 1 сарын 14-нд 84 тоот цагаан хуудсыг үндэслэн олгов гэх бичвэртэй Цэргийн батлах, гэрч Л.Доржсүрэнгийн “....Би 1974 онд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салаанд алба хааж байх үед Д.Б нь 1977 онд тус хөгжмийн салаанд алба хаахаар ирж байсан. Энэ үеэс нь эхлэн танина....Би Д.Б гэдэг хүнийг Сүхээ гэдэг нэрээр нь мэднэ. Сүхээ нь 1977 онд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салаанд алба хаахаар ирж сурагч болж элсэн орсон. Тэгээд 18 насанд хүрээд цэргийн албаа хааж эхлээд 1981 онд цэргээс халагдсан. Би Сүхээг тус хөгжмийн салаанд элсэн орсон сарыг нь санахгүй байна. Сүхээ нь альт хөгжим тоглодог байсан....Одоо миний гэрчлээд сууж байгаа хүнийг Сүхээ гэдгээр нь мэднэ. Цэргээс халагдсанаас нь хойш өргөмөл гэдгийг нь мэдэж байсан. Аав ээжийг нь танихгүй. Аав нь Ховд аймгийн Буянт сумын өвсний фондод манаач хийдэг байсан. Би нэг очиж байсан санагдаж байна. Өргөж авсан аав нь байсан уу, эсхүл төрүүлсэн аав нь байсан уу энэ талаар мэдэхгүй байна. Жижигхэн хөгшин байсан....” гэх мэдүүлэг, гэрч Д.Батбаярын “....Би Дашдоржийн 2 дахь хүүхэд бөгөөд бид эхээс 5-уулаа. Миний дээр нэг эгч бий. Д.Б нь 1960 онд миний дараа төрсөн. Манай аавыг Цэрэндашийн Дашдорж, ээжийг Чулууны Рэгзэдмаа гэдэг. Манай ээж Д.Батбямбыг төрүүлсний дараа хөх нь өвдөж Ховд аймгийн эмнэлэгт ирж хэвтэн, хагалгаа хийлгэж эмчлүүлсэн гэдэг. Ээжийг Ховд аймгийн төвд эмнэлэгт эмчлүүлж байх хооронд аав маань Д.Батбямбыг ээжийн төрсөн дүү Чулууны Чойжинжавд үрчлүүлсэн гэж ярьдаг. Тухайн үед ээжийн төрсөн дүү Ч.Чойжинжавынх хүүхэдгүй айл байсан бөгөөд манайд ирж Д.Батбямбыг гуйхад нь аав ээжтэй ярилцалгүйгээр үрчлүүлээд өгч явуулсан гэж ярьдаг. Би тухайн үед 2, 3-хан настай хүүхэд байсан учраас санадаггүй юм. Д.Б бид хоёр л айлын эрэгтэй хүүхдүүд байсан учраас би сүүлд том болчихоод ааваасаа яагаад бид 2-ыг салгаад Д.Батбямбыг үрчлүүлсэн юм бэ гэж асуухад дээрх байдлаар тайлбарлаж хэлсэн....Манай ээж аав хоёр Б гэдэг нэрийг өгсөн. Харин өргөж авсан аав ээж нь Сүхээ гэдэг нэрийг өгсөн байсан. Төрсний гэрчилгээ авахдаа ямар нэрээр бүртгүүлж төрсний гэрчилгээ авсныг мэдэхгүй байна....Бид нар бол Б гэж дууддаг. Манайхан бол Ховд аймгийн Мянгад сумын хүмүүс байгаа юм. Үрчилж авсан эцэг эх нь Сүхээ гэж дууддаг. Өргөж авсан аав, ээж нь Ховд аймгийн Буянт сумын хүмүүс байсан. Одоо Д.Батбямбыг Ховд аймгийн Буянт сумын иргэд Сүхээ гэдэг нь нэрээр нь таньдаг, дууддаг юм байна лээ....Би 1978 онд цэргээс халагдаж ирэхэд Д.Б нь Ховд аймгийн цэргийн анги буюу Ардын армийн 123 дугаар ангид хөгжмийн салаанд алба хааж байсан. Хэзээ цэргээс халагдсныг нь санахгүй байна....” гэх мэдүүлэг, гэрч Э.Мягмарын “....Би 1999 онд Улаанбаатар хотоос Ховд аймгийн Буянт суманд шилжиж ирсэн. Энэ үеэс эхлэн Д.Батбямбыг танина. Д.Б нь манай багийн малчин иргэн юм. Би Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн засаг дарга ажилтай....Д.Бнь манай Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн иргэн байгаа юм. Д.Б нь намайг 1999 онд Ховд аймгийн Буянт суманд ирэхэд тус багт амьдарч байсан. Одоог хүртэл амьдарч байна. Би 2004 оноос эхлэн Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар ажилладаг байх үед энэ Батбямбыг манай нутгийн хүмүүс Сүхээ гэж дууддаг байсан юм. Гэтэл албан бичиг баримт дээр Д.Бгэж бичигдсэн байсан. Би багийн дарга болчихоод Д.Бас хүмүүс өөрийг нь яагаад Сүхээ гэж дуудаад байдаг талаар асуухад Д.Б нь “Намайг хүнд өргүүлээд өргөж авсан аав ээж нь Сүхээ гэж дууддаг байсан юм. Тэгээд иргэний үнэмлэх авахдаа төрсний гэрчилгээгээрээ буюу Д.Бнэрээрээ авч байсан” гэж хэлж байсан. Үрчлэлт хийгдсэн талаар мэдэхгүй байна. Д.Батбямбын эхнэр нь хүртэл Сүхээ гэж дууддаг. Манай нутгийн хүмүүс Сүхээ гэж дууддаг бөгөөд Д.Б гэх нэрээр нь их ховорхон хүмүүс мэднэ. Манай нутгийн хүмүүс Цуурайгийн Сүхээ гэдгээр нь сайн мэднэ. Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт байрлах өвсний фондны манаач хийдэг байсан юм. Тухайн өвсний фондны байрлаж байсан газрын нэрийг Цуурай гэдэг юм. Тэгээд тухайн хийж байсан ажлынх нь газрын нэрээр нь Цуурайгийн Сүхээ гэж дууддаг юм....Энэ Батбямбыг өргөж авсан аавыг нь Чойжинжав гэдэг байсан гэдэг. Батбямбыг Чойжинжавын Сүхээ гэж дууддаг байсан гэж миний талийгаач аав ярьдаг байсан юм. Батбямбынх болон манайхан ойролцоо нутагладаг байсан юм. Би түрүүн хэлэх гээд нэр нь орж ирдэггүй Чойжилсүрэн билүү гэж санаад байсан чинь Чойжинжав ш дээ....” гэх мэдүүлэг, гэрч Д.Алимаагийн шүүх хуралдаанд өгсөн “....Д.Батбямбыг төрүүлсэн ээж, өсгөсөн аав хоёртой нь би садан төрлийн холбоотой....Чойжинжав, Дуламсүрэн нар суугаад хүүхэд гараагүй болохоор дүү нь хүн болгож аваарай гээд хүүхдээ өгсөн. Гэхдээ албан ёсны үрчлэлт хийгдээгүй. Д.Б нь цэрэгт явах хүртлээ өсгөсөн аав ээжийн гар дээр өссөн. Цэргээ ирсний дараа өсгөсөн аав ээж нь нас барсан. Цэрэгт явахад нь Ч.Сүхээ гэдэг нэрээр явуулсан....Бид 2 нэрний аль алинаар нь дууддаг. Сүүлийн үед Д.Б гэж дуудаж байгаа. Ах дүү нар нь Сүхээ гэж дууддаг....Ховд цэргийн албанд хөгжим үлээдэг байсан. Манай хашааны урьдхан талд ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Бид ах дүү хүмүүс юм....” гэх мэдүүлэг, гэрч Л.Доржсүрэнгийн 593177 дугаартай цэргийн батлахы нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5, 6, 7, 8, 9, 10, 11-24, 32-34, 42-43, 44-45, 46-47 дугаар тал/
Иймд Мянгат овогт Дашдоржийн Батбямбыг Ардын армийн 123 дугаар ангид 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Чойжинжавын Сүхээ нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Мянгат овогт Д.Б//-ыг Ардын армийн 123 дугаар ангид 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Чойжинжавын Сүхээ нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ