| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00510/И |
| Дугаар | 00262 |
| Огноо | 2020-04-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 00262
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Л.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 14-13 тоотод оршин суух, Бавуу овогт Эрдэнэчулууны Б / /-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт оршин суух, Бошго овогт Б .М/ /,
хамтран хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 10 дугаар гудамжны 05 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ЭСБА-н 1 дүгээр 24 айлын 21 тоотод оршин суух, Хос алтай овогт О.Б/ / нарт холбогдох,
гэм хорын хохирол 23,227,300 /хорин гурван сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, иргэдийн төлөөлөгч Р.Азхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл том оврын автомашиныг барьж байгаа бөгөөд жолооны А, В, С, Д, Е ангилалтай болно. Би хувиараа Хово маркийн 64-23 улсын дугаартай, 58-89 УЧ чиргүүлтэй хүнд даацын машиныг Үенчийн хүлгүүд ХХК-ийн нэр дээр өөрөө барьж нүүрс ачиж, зохих газарт нь хүргэж буулгадаг. Үенчийн хүлгүүд ХХК-д 2019 оны 06 сараас эхлэн явж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй.
Гэтэл 2019 оны 08 сарын 07-ны өдөр би Хөшөөтийн МоЭнКО ХХК-иас нүүрсээ ачаад Хятадын Такшканд хүргэж буулгахаар Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн хар үзүүр гэх өгсүүр, огцом эргүүлттэй газар явж байтал урдаас 83-88 ХОҮ дугаартай Бенз машиныг жолоодож явсан Б.Мөнхбат нь урсгал сөрөн орж ирсний улмаас замын хажуу руу шахагдаж Хово маркийн 64-23 ХОҮ улсын дугаартай машин болон чиргүүлийн хамт унасан. Тухайн үед миний бие 71 тонн нүүрс ачиж явсан. Машин уначихсан байхад цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллага, Үенч хүлгүүд ХХК-ийн захирал болон албан хаагчид ирсэн байсан. Тухайн үед МоЭнКо ХХК-иас нүүрсээ ачаад БНХАУ-ын Такшкент боомтод хүргэж буулгаад, буцаж ирэхэд зарцуулахаар өөрийн Хово 64-23 ХОҮ автомашинд 531 литр түлш хийчихсэн байсан боловч машин унах үед асгарч дууссан.
Мөн Үенчийн хүлгүүд ХХК-ийн жолооч н.Батгэрэл нь өөрийнхөө том оврын VЗ маркийн хүнд даацын машин болон тусгай машин ачих зориулалттай траллер чиргүүлийг /300,000 төгрөгөөр түрээслэж/ авч ирээд ZL50LОҮОL ковшийг автомашин дээр ачиж, түлшинд 450,000 төгрөгний түлш хийсэн. Ингээд миний машины нүүрсийг жолооч н.Раднаасэдийн хүнд даацын \/3 машинд ачиж МоЭнКО ХХК-нд хүргэж буулгасан.
Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Ач заяа хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоо биеийн байдал, эрүүл мэндийн байдал арай гайгүй байгаа.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс нь тухайн хэргийг шалгаж хохирогчоор Э.Б , холбогдогчоор Б.Мөнхбатыг тогтоож, 2019 оны 08 сарын 12-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Эд зүйлд үнэлгээ хийсэн тухай 2019 оны 08 сарын 14-ний өдрийн тогтоолоор Э.Б миний бие 64-23 ХОҮ улсын дугаартай Хово маркийн автомашин, мөн 58-89 УЧ дугаартай чиргүүлд учирсан бодит хохирол 11,660,000 төгрөг гарсан. Зөрчлийн хэргийн материалаар холбогдогч Б.Мөнхбатад 2019 оны 08 сарын 26-ны өдөр Шийтгэлийн хуудас оногдуулж 100,000 төгрөгөөр торгосон.
Нэхэмжлэгч Э.Б би Хово маркийн 64-23 ХОҮ дугаартай автомашин болон 58-89 УЧ дугаартай чиргүүлийг засаж хэвийн үйл ажиллагаанд оруулахад гаргасан бодит зардал БНАХАУ-аас 15000 юанийн үнэтэй Хово маркийн автомашины кабин худалдаж авсан. Монголоор оруулж ирэхэд гаалийн татвар 7000 юань төлсөн нийт 22000 юань /монгол төгрөгөөр 1 юань 378 төгрөг, 378*22000юань=8,316,000/ төгрөг, зарцуулсан. Өөрийн эзэмшлийн Хово маркийн автомашины кабины доторхи эд зүйл болон гаднах гэрэл дохио, гүпэр зэрэг материалуудыг Улаанбаатар хотоос 1,735,000 төгрөгөөр Алагтолгойн хишиг ХХК-иас худалдан авсан. Мөн Ян Шинэ техник ХХК-иас Хово маркийн автомашины кабины агаар шүүгчийг 250,000 төгрөгөөр худалдан авсан. Хово маркийн автомашины 58-89 УЧ дугаартай чиргүүлийн хаалга, багана зэргийг Улаанбаатараас хотын ОБМА ХХК-иас 6,300,000 төгрөгөөр худалдаж авсан. Миний бие өөрийн эзэмшлийн 64-23 улсын дугаартай том оврын Хово маркийн автомашин, 58-89 УЧ дугаартай чиргүүлийг засаж сайжруулах, гагнуур хийлгэхээр завсарчин Н.Одгэрэлээр хийлгэсэн. Н.Одгэрэлд ажлын хөлсөнд 2,300,000 төгрөг төлсөн. Тухайн үед миний эзэмшлийн Хово маркийн автомашин унасны улмаас 531 литр түлш асгарсан /1 литр түлш 2300 төгрөг, 531литр түлш*2300 төгрөг= 1,221,300 төгрөг, Ховд аймгийн Ач заяа хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 355000 төгрөг, Үенчийн хүлгүүд ХХК-ийн жолооч Ш.Батгэрэл нь 64-23 ХОҮ тээврийн хэрэгслийг босгохоор явахдаа авто ачигч чиргүүлийг 300,000 төгрөгөөр түрээслэж, 450,000 төгрөгний түлш хийсэн нийт зардал 750 000 төгрөг, Үенчийн хүлгүүд ХХК-ийн жолооч Ө.Алтанцоож нь ZL50LОYOL маркийн ковшоор 64-23 маркийн тээврийн хэрэгслийг босгож нүүрс ачсаны төлбөрт 2,000,000 төгрөг, гагнуурчин, завсарчин Н.Одгэрэлд 64-23 ХОҮ улсын дугаартай Хово маркийн автомашин болон 58-89 УЧ улсын дугаартай чиргүүлд завсар үйлчилгээ хийлгэсний төлбөрт 2,300,000 төгрөг төлсөн нийт 23,227,300 төгрөгний бодит хохирол учирсан болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын амь нас эрүүл мэнд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.
Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь ханган хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Б нь харуицагч О.Батмонголтой 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээгээр хариуцагч О.Батмонгол нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгнөөс 2020 оны 03 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2020 оны 1, 2 дугаар сард тээвэрт явсны хөлс орж ирэнгүүт тус тус нэхэмжлэгч Э.Б т төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 17,227,300 төгрөгийг хариуцагч О.Батмонголоос гаргуулахаас татгалзан нэхэмжлэгч Э.Б , хамтран хариуцагч О.Батмонгол нар эвлэрсэн.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь том авто машинаар тээвэр хийдэг жолооч нар учраас хөл хориотой холбоотойгоор тээврийн хөлс орж ирээгүй байгаа тул 2020 оны 01, 02 дугаар саруудын тээврийн хөлс орж ирэнгүүт төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн. Нэгэнт хариуцагч О.Батмонголтой нэхэмжлэгч Э.Б нь эвлэрлийн гэрээ байгуулсан тул Б.Мөнхбатыг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байгаа юм....гэв.
Нэхэмжлэгч Э.Б , хариуцагч О.Батмонгол нараас тус шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Э.Б ийн нэхэмжлэлтэй Б.Мөнхбат, О.Батмонгол нарт холбогдох гэм хорын хоихролд 23,227,300 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжпэгч Э.Б , хариуцагч О.Батмонгол бид нэхэмжлэлийн шаардлагаас дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрч байна. Үүнд:
1.Нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг хариуцагч О.Батмонгол нь төлөхөөр зохигчид харилцан тохиролцлоо. Хариуцагч О.Батмонгол нь 6,000,000 төгрөгнөөс 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2020 оны 01, 02 дугаар саруудад тээвэрт явсны хөлс орж ирэнгүүт төлөхөөр,
2.Зохигчид эвлэрсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 17,227,300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,
3.Нэхэмжлэпч Э.Б , хариуцагч О.Батмонгол нар эвлэрсэнтэй холбоотойгоор хариуцагч Б.Мөнхбатыг хариуцагчийн үүргээс чөлөөлөхийг нэхэмжлэгч нь зөвшөөрч,
4.Зохигчид эвлэрсэнтэй холбоотойгоор энэхүү асуудлаар дахин шүүхэд маргаан үүсгэхгүй бөгөөд энэхүү гэрээг сайн дурын үндсэн дээр, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж хийсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь Б.Мөнхбатад холбогдуулан гэм хорын хохирол 23,227,300 /хорин гурван сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь хамтран хариуцагчаар О.Батмонголыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч О.Батмонгол нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөс 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, үлдэгдэл 5,000,000 /таван сая/ төгрөгийг 2020 оны 01, 02 дугаар сард тээвэрт явсны хөлс орж ирэнгүүт тус тус нэхэмжлэгч Э.Б т төлөхөөр, нэхэмжлэгч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 17,227,300 /арван долоон сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулахаас татгалзаж нэхэмжлэгч Э.Б , хамтран хариуцагч О.Батмонгол нар эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,390 /гурван зуун гучин хоёр мянга гурван зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Батмонголоос 6,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийн тал хувь болох 55,475 /тавин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Б т олгохоор тогтов.
Энэхүү шүүхийн тогтоолыг хамтран хариуцагч О.Батмонгол нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, нэхэмжлэгч Э.Б нь тус шүүхэд гаргасан гэрч Д.Раднаасэд, Н.Одгэрэл нарыг асуулгах хүсэлт, Б.Мөнхбатыг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан болохыг тус тус дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнхбат, хариуцагч О.Батмонгол нарт холбогдох, гэм хорын хохирол 23,227,300 /хорин гурван сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хамтран хариуцагч О.Батмонгол нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөс 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, үлдэгдэл 5,000,000 /таван сая/ төгрөгийг 2020 оны 01, 02 дугаар сард тээвэрт явсны хөлс орж ирэнгүүт тус тус нэхэмжлэгч Э.Б т төлөхөөр, нэхэмжлэгч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 17,227,300 /арван долоон сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулахаас татгалзан нэхэмжлэгч Э.Б , хамтран хариуцагч О.Батмонгол нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Э.Б нь тус шүүхэд гаргасан гэрч Д.Раднаасэд, Н.Одгэрэл нарыг асуулгах, Б.Мөнхбатыг хариуцагчаар оролцуулахаас тус тус татгалзсан болохыг дурдусгай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,390 /гурван зуун гучин хоёр мянга гурван зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч О.Батмонголоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 55,475 /тавин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Б т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хамтран хариуцагч О.Батмонгол нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ