| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00191/И |
| Дугаар | 00263 |
| Огноо | 2020-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 00263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт оршин суух, Тайлах овогт Б.Ф/ /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 153/2020/00191/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базар нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ф нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ф нь 1968 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. 8 нас хүртлээ эцэг эхийн гарт хүмүүжсэн. Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1984 онд төгсөөд Ховд аймгийн 1-р сургуульд орж суралцаад 1986 онд 10-р анги төгссөн. 10-р анги төгсөөд 1987 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж үйлчлэгч, цэвэрлэгчээр ажилд орсон. Ингээд 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад нөхөрт гарсан. 1987 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ажилд орж байсан тушаал байгаа. Ажлаас халагдсан тушаал олдохгүй байгаа. Зарим сарын цалингийн картыг авсан.
Иймд Б.Фийг Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Б.Ф нь 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус сургуульдаа үйлчлэгчээр ажиллаж байсан. 1990 оноос эхлэн Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдсан. Давхар тогтоолгохгүй учраас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогтоолгоно....Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургууль нь 1990 онд 10 жилийн дунд сургууль болсон....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ф нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базар нь нэхэмжлэлийн шаардлагыг Б.Фийг Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Ф нь Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 360 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд сумын 8 жилийн дунд сургуулинй захирлын 1987 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Түр ажилчин авч ажиллуулах тухай” тушаалын хуулбар, 1987 оны 4 дүгээр сарын, 1987 оны 12 дугаар сарын, 1988 оны 10 дугаар сарын, 1989 оны 1 дүгээр сарын цалингийн картын хуулбарууд, гэрч Х.Шилдебайн “....Би Б.Фд 5 дугаар ангиас нь эхэлж монгол хэл, уран зохиолын хичээл заасан бөгөөд хүүхэд байх үеэс нь мэднэ. Б.Ф нь 1984 оны 6 дугаар сард Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж, 10 дугаар ангид хуваарилагдсан. Б.Ф нь 1987 оны 3 дугаар сард Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд гал тогооны цэвэрлэгчээр анх ажилд орж байсан. Тухайн үед би дунд ангийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Б.Ф нь 1989 оны 12 дугаар сарын сүүлээр Ховд аймгийн Ховд сумын Цагаан бургас багт Аманкелсинтэй гэр болж, 1990 оны 1 дүгээр сараас эхлэн ажлаасаа чөлөөлөгддсөн. Ингээд хөдөө Ховд аймгийн Ховд сумын Цагаан бургас багт малчин болсон. Одоо Ховд аймгийн Ховд сумын төвд амьдарч байгаа. Ховд аймгийн Ховд сумын 12 жилийн сургуулийн түүх Сэтгэлд уяатай сургууль минь гэх нэртэй 2018 онд хэвлэглсэн номны 86 дугаар хуудсанд дахь сургуулийн цэвэрлэгч, үйлчлэгч нарын нэрсийн 34 дүгээрт Б.Фгэж бичигдсэн байгаа....” гэх мэдүүлэг, гэрч Х.Күмисшашийн “....Б.Ф нь 1987 оны 3 дугаар сард миний дараа Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажилд орсон....Ингээд 1989 оны сүүлээр Х.Аманкелсинтэй гэр бүл болж, 1990 он гараад Ховд аймгийн Ховд сумын Цагаан бургас баг руу шилжсэн....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-6, 21-23, 24-25, 30-34 дүгээр тал/
Нэхэмжлэгч Б.Ф нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1613000090 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 9 дүгээр тал/
Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн Х.Күмисшаш, Х.Шилдебай нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаабайх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Б.Фийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайлах овогт Б.Ф/ /-ийн Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Фийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ