| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00194/И |
| Дугаар | 00265 |
| Огноо | 2020-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 00265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт оршин суух, Жантекей овогт Солтонмуратын Харапа /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 153/2020/00194/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч С.Харапа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Харапа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1961 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн. 1970-1973 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн сургуульд сурсан. Манайх 1974 онд Ховд аймгийн Буянт сум руу шилжиж ирээд би сургууль завсардсан. Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад эцэг эхийн хамт малчин хийж байгаад 1980 онд цэрэгт яваад 1983 онд цэргээс халагдаад тэндээ улирч ажиллаж байгаад 1984 оны 11 сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд аймгийн нийтийн ахуйн үйлчилгээ, холбооны газар, нэгдэл дундын үйлдвэрт ажилласан. 1992 оноос өнөөдрийг хүртэл малчнаар ажиллаж байна.
Одоо тэтгэвэрт гарах нас болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Иймд намайг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1977 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би 3-р анги төгсөөд сургуулиас гарсан....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Харапа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Харапа нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1977 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Харапа нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1537 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 4 дүгээр бригадын 1978-1980 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 05/5629 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Солтансуратын Харапа нь Ховд аймгийн НАХЯ-ны сайдын 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0119 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар 6 дугаар сарын 19-ний өдөр халагдсан” гэх бичилттэй лавлагаа, гэрч М.Хүрэлбаатарын “....Намайг 1976 оны 6 дугаар цэргээс халагдаад Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг бригадад ирэхэд Ховд аймгийн Ховд сумаас шилжиж ирсэн гэх Солтанмурат гэдэг айл манай бригадад ирчихсэн байсан....С.Харапа нь цэргийн албанд 1980 оны 6 дугаар сард татагдаж, цэргээс 1983 онд халагдаж ирсэн. С.Харапа нь цэргийн албанд татагдах хүртлээ эцэг эхийн хамт Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан. С.Харапаг хэдэн онд нэгдлийн гишүүн болж байсныг мэдэхгүй байна. С.Харапа нь цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн төвд нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байгаад 1990 оноос хойш дахиж мал дээр гарч мал маллаж амьдарч байгаа хүн юм....” гэх мэдүүлэг, гэрч Г.Нямдоржийн “....Намайг 1975 оны 6 дугаар цэргээс халагдаад Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг бригадад ирэхэд Ховд аймгийн Ховд сумаас шилжиж ирсэн гэх Солтонмурат гэдэг айл манай бригадад ирчихсэн байсан. Энэ үед С.Харапа нь 13, 14 орчим настай хүүхэд байсан. С.Харапа нь Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1977 онд төгсөөд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад эцэг эхийнхээ хамт малчнаар ажиллаж байсан. С.Харапа нь цэргийн албанд 1980 оны 6 дугаар сард татагдаж, цэргээс 1984 онд халагдаж ирсэн. С.Харапа нь цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн төвд нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан. С.Харапа нь 1984 оны сүүлчээр Кенчлик гэдэг хүнтэй гэр бүл болсон....” гэх мэдүүлэг гэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7-10, 11-13, 14, 29-31, 32-34 дүгээр тал/
Харин нэхэмжлэгч нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1977 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд С.Харапа нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1977 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан иргэн Г.Нямдорж, М.Хүрэлбаатар нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч С.Харапагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жантекей овогт Солтонмуратын Харапа /ПН61092916/-ийн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч С.Харапа нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1977 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Харапагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ