Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 123/ШШ2018/0037

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 123/ШШ2018/0037

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ЭНХ ТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн У ИТХ, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицолыг батлах тухай тогтоолыг болон мөн өдрийн 09 тоот тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Иргэдийн хурлын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот тогтоолыг болон Угтаалцайдам сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ЭНХ ТББ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагч Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Даваасүрэн, хариуцагч Угтаалцайдам сумын Засаг дарга Р.Батбаяр, гуравдагч этгээд Бор Өндрийн Хишиг ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02 тоот тогтоолыг илт хууль бус болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ гарах үндэслэл нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Бөр Өндрийн өвөр гэсэн газар бичил уурхайн нэр дор 7 дугаар сарын 26-наас эхлэн уурхай ажиллаж эхэлсэн. Үүн дээр бид нар гомдол гаргасан байгаа. Хурал яагаад хуралдаагүй юм бэ гэхээр 4 дүгээр сарын 13-ны өдөр ээлжит хуралдаанаа Иргэдийн Төлөөлөгчийн Хурал хуралдсан байгаа. 4 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсан хэрнээ 4 дүгээр сарын 14-ны өдөр Тэргүүлэгчдийн хурал хийж 4 дүгээр сарын 28-ны өдөр хурал болно гэсэн тов зарлаад 2 хэлэлцэх асуудал хэлэлцэнэ гэсэн байгаа. Нэгдүгээрт төсөв бодлого хийнэ гэсэн байгаа. Төсөв бодлого гэдэг дээр хууль зөрчсөн гэж үзээд байгаа. Хоёрдугаарт 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолыг яагаад илт хууль бус гэж байгаа юм бэ гэхээр тухайн маргалдах 7 дугаар сарын 26-ны өдөр манай суманд бичил уурхай болон уурхайн талаар ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Хурлын төлөөлөгч нар ч гэсэн ямар ч мэдээлэлгүй байсан. 7 дугаар сарын 17-ны өдөр ээлжит бус хурал хийхдээ тэрний хэлэлцэх асуудал дээр тэрийг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулаагүй хэрнээ хамгийн сүүлийн хэлэлцэх бусад асуудал дээр тамгын газрын ажилчдыг гаргаж байгаад зөвхөн бичил уурхай танилцуулах асуудал дээр ярьсан байгаа. Үүнээс үүдээд бид төлөөлөгч нартай хэд хэдэн удаа уулзахад төлөөлөгч нар огт тийм зүйл болоогүй гэж хэлсэн хүмүүс 10 дугаар сарын 05-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан боловч Авлигатай тэмцэх газар бол манай тэргүүн Алтангэрэлийг нэг дуудаж асуугаад өөр хүн огт асуугаагүй байдаг. Ингээд 02 дугаар сард Авлигатай тэмцэх газар Прокурорын газраас хэргийг хаасан байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурал яагаад хуралдаагүй гэдгийг мэдээд байна гэхээр тухайн цаг үе 7 дугаар сарын 17-ны өдөр тэнд сууж байсан төлөөлөгч нар өөрсдөө мэдээгүй анх удаа сонсож байна гэж ярьж байсан. Үүнээс хойш хүмүүс хувираад хурал болсон талаар хэлдэг. Одоо түрүүнд яриад байсан Гантулга гэдэг хүн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тухайн цаг үеийн 13-ны өдрийн багийн дарга нар бол Алтанбулаг суманд цэргийн сургалттай байсан учраас хуралд суугаагүй. 4 дүгээр сарын 27, 28-ны өдөр Төв аймаг дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 3 дарга сууж байсан. Амарсанаа гэдэг хүн өөрийн машинд шатахуун хийж ирж хуралд суусан байдаг. Анхнаасаа хууль зөрчиж тогтоол гаргаж байгаа дээр манай төрийн бус байгууллагад итгэмжлэл өгөөд явж байгаа юм. Хурал хуралдаагүй гэдэг дээр бид итгэлтэй байгаа. Монгол улсын Засгийн газрын журамд тусгай хэрэгцээний газрыг сумын Засаг дарга, Иргэдийн хурал шийддэг тэгээд төрийн байгууллагад уламжилдаг байсан боловч 5 дугаар сарын 24-ны өдөр Монгол улсын Засгийн газар ашигт малтмалыг ашиглуулах журам өөрчлөн 151 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг дарга нарын хуралд эрх мэдлийг нь шилжүүлсэн байгаа. Энэ цаг хугацаатай холбоотой 4 дүгээр сарын 28-ны өдөр гарсан тогтоолыг Ашигт малтмалын газар 5 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн байдаг. Ашигт малтмалын газарт хүсэлт хүргүүлсэн боловч бидэнд хариу өгөөгүй байдаг. Ингээд 6 дугаар сарын 20-ны өдөр Аймгийн Засаг даргаас боломжтой эсэх дүгнэлт гэсэн албан бичиг Ашигт малтмалын газарт хүргүүлээд тэр Ашигт малтмалын газар нь 6 дугаар сарын 29-ны өдөр энэ газар нь боломжтой юм байна. 151 дүгээр тогтоолын хүрээнд хий гэсэн албан тоот өгсөн байдаг. 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг яагаад илт хууль бус гэж үзээд байгаа юм гэхээр бид нарын нотлох баримт цуглуулахад Ашигт малтмалын газраас хууль бус гэж хэлсэн. Илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлт гаргасан. Хүсэлт гаргаад явж байхад нотлох баримт архиваас авахад нөгөө ээлжит бус 2 дугаар хуралдааны 02 тоот тогтоол нь 4 дүгээр сарын 13-ны өдрийн 09 тоот тогтоол гэж бас албан бичгээр 5 дугаар сарын 08-ны өдрийн 142 тоот албан бичгээр хүргэсэн байдаг. Тэгээд 4 дүгээр сарын 28-ны өдөр дахиад 142 дугаартай албан бичгээр 02 дугаар тоот тогтоолыг явуулсан байдаг. Энэ нь 02 тоот тогтоолыг илт хууль бус болохыг нотлоод байна гэж үзээд байгаа юм. Монгол улсын Засгийн газрын 308 тоот тогтоол хүчингүй болсон цаг хугацаа 151 тоот тогтоол хүчинтэй болсон цаг хугацаанд сумын хурал болсон байгаа учраас өөрт олгогдоогүй эрхийг эдэлж хууль бус үйлдэл хийсэн гэдэг нь нотлогдоод байгаа. Ашигт малтмалын газар, Засаг даргын тамгын газар нь ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь харагдаж байна. 4 дүгээр сарын 13-ны өдөр хурал болоод 8 асуудал хэлэлцсэн нь үнэн. Тэгээд 4 дүгээр сарын 13-ны хурал дээр 09 тогтоол гэж явуулчхаад дараа нь 4 дүгээр сарын 28-ны өдөр 09 гээд явуулсан байгаа. Тийм учраас энэ бүгдэд засвар орсон нь харагдаж байна. Ингээд илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Ашигт малтмалын газраас Сумын Засаг дарга нарт удаа дараа бичиг өгсөн байдаг. 7 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн 3, 7, 44 гэсэн албан бичгээр Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга Гантулга танаа гээд танай 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 142 тоот албан бичгээр ашигт малтмал олборлох тухай хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын 151 тоот тогтоолоор батлагдсан бичил уурхай, ашигт малтмал олборлох журмын дагуу анхааруулга өгсөн гэтэл 29-ний өдөр Аймгийн Засаг дарга боломжтой байна гэсэн хариу ирүүлсэн. Боломжтой гэсэн зүйлийг Аймгийн Засаг дарга хүлээж аваад шинэ журам буюу 151 тоот тогтоолоор хүчингүй болгосон. 151 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг дарга, Аймгийн хуралд өргөн бариад Аймгийн хурал орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан эсэх талаар шийдвэр гарсны дараа Ашигт малтмалын газар буюу дээд төрийн байгууллагад илгээх байтал 7 дугаар сарын 17-ны өдөр ээлжит хурал болоод хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй төлөөлөгч нарт ирсэн урилга материал нь бусад асуудал гээд орон нутгийн тусгай хэрэгцээ гэж байхгүй байсан. Хуралд суусан хүмүүс хурлын хамгийн сүүлийн асуудал дээр ийм асуудал орж ирээд Бор Өндрийн хишиг нөхөрлөлөөс танилцуулга хийгээд 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэдгээрээ танилцуулаад энэ хурал дээрээс тогтоол гаргасан байгаа. 02, 09 тогтоол нь тоот үг үсэг яг адилхан. Ганцхан өгүүлбэр нэмсэн нь Ашигт малтмалын газрын 6 дугаар сарын 29-ны өдрийн дүгнэлт албан тоотыг үндэслэн гэж байгаа. Ингээд энэ тогтоолоо үг үсэггүй адилхан баталсан байдаг. Тэгээд үүнийхээ дагуу Засаг дарга нь Ашигт малтмалын газар өөрт олгогдоогүй эрхийнхээ хүрээнд Аймгийн Засаг дарга, Аймгийн хурлын шийдвэр очоогүй байхад өөрийн албан тоотыг 7 дугаар сарын 18-ны өдөр бүртгэж өгнө үү гэсэн хүсэлт явуулсан байдаг. Тэгэхээр Мөнхтамир гэдэг хүн нь 7 дугаар сарын 21-ны өдөр үүгээр Батжаргал дарга гэж толгойг нь бичээд албан тоот явуулсан байна. Үүгээр 151 тоот тогтоолын дагуу ажилла гэсэн албан бичиг ирж байгаа. Яагаад орон нутгийн тусгай хэрэгцээнд аваагүй вэ гэхээр шүүхийн материалд хавсаргасан бичиг Бор Өндрийн хишиг нөхөрлөл орон нутгийн тусгай хэрэгцээнд ямар нэгэн зүйл өгөөгүй гэдгээр ирсэн байгаа. Тэгэхээр энэ хурал бол өөрт олгогдоогүй эрх хэмжээнийхээ хүрээнд сумын Засаг дарга болон хурал энэ асуудлыг удаа дараа шийдсэн гэж үзээд байгаа. Тэгэхээр 06 тоот тогтоол хүчингүй. Яагаад хүчингүй гэж үзээд байна вэ гэхээр би өөрөө 8 сард аймаг орж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын материалтай танилцахад Аймгийн Угтаалцайдам сумын 4-н хурлын материал байсан. Бусад материал ирээгүй байсан. Сүүлд 10 сард Захиргааны хэргийн шүүх дээр Бөр Өндрийн Хишиг нөхөрлөлийн хүсэлт хангагдаад Засаг даргын захирамжийг хүчингүй болгосны дараа хэргийн материал, Аймгийн хурлын материал бүгд ирсэн. Миний өгсөн материалууд шал өөр болсон байсан. 06 тоот тогтоол бол өөрт олгогдоогүй мэдлийн хүрээнд гаргасан шийдвэр учраас хүчингүй болгож өгөөч гэж байгаа.

Засгийн газрын 308 дугаар тогтоол хүчингүй болсон. 151 дүгээр тогтоолоор явна. 7 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцээд дэмжихгүй байх ёстой. Яагаад гэвэл Аймгийн Засаг даргад бүх эрх нь шилжсэн байсан. Ашигт малтмалын газарт 6 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт явуулсан. Надад 6 дугаар сарын 30-ны өдөр хариу ирүүлсэн. Хариу ирээд Аймгийн хурал, Засаг дарга хүлээн зөвшөөрөөгүй байгаа учраас ажлын хэсэг гаргаад дүгнэлт гаргасан байгаа. Хууль зөрчсөн учраас дүгнэлт гаргах ёстой гэсэн байна. Нийт 4 бичиг өгсөн байгаа. Үүнийг хэлэлцээгүй байгаа нь хардах нэг үндэслэл ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж хараад байгаа. Тийм учраас хурал хуралдаагүй, Аймгийн Засаг дарга журам зөрчсөн, хууль зөрчсөн, өөрт оногдоогүй эрхээ зөрчсөн учраас хүчингүй болгуулах гээд байгаа гэв.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Илт хууль бус байна гээд Аймгийн Засаг дарга очиж шалгасан гээд байна. Тухайн ажлын хэсэг очиж шалгасан. Шалгаад тодорхой заалт бүхий албан тоот өгөөд тоотын дагуу зөрчлүүдийг арилгаад үйл ажиллагааг зогсоогоод лацдаад явсан байдаг. Тэгээд зөрчлийг тухай бүр нь арилгаад мэргэжлийн хяналтаас шалгаад буцаад ажиллаад явсан байдаг. Хууль зөрчсөн зүйл байхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаан хуралдаж 02 тоот тогтоолыг гаргасан байгаа. Нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа зүйлүүдийг бид хавтаст хэрэг хангалттай нотлох баримтаар авагдсан байгаа гэж үзэж байгаа. 4 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн 09 тоот тогтоол гээд 2 удаа гаргасан байгаа тогтоол нь бичиг хэргийн ажилтны буруутай үйлдлээс болж гарсан гэв.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн 02 тогтоол нь тухайн үеийн Засгийн газрын тогтоолтой уялдуулан дахин гарсан байгаа. Тухайн үед байсан Засаг даргын албан тоот солигдоод явсан. Тухайн солигдсонтой уялдаад дахин явсан байдаг. 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаан нь тухайн хуралдаанд хуралдсан хурлын төлөөлөгчид ирцийн дагуу бүгд ирсэн. Энэ талаар зохих байгууллагуудад шалгагдаад, Авлигатай тэмцэх газар, Прокурорын газраас дүгнэлт гарсан байгаа. Дараагийн шатанд мөрдөн байцаагч, Цагдаагийн байгууллагад шалгагдсан байгаа. 4 дүгээр сарын 28-ны өдөр мөн 09 тогтоол гарсан юм шиг харагдаж байгаа ч гэсэн тийм тогтоол гараагүй. Тэр 09 гэж бичигдсэн нь ажилтны буруутай байдлаас болж гарсан гэв.

   Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 4 дүгээр сарын 28-ны өдөр гарсан 02 тоот тогтоолыг илт хууль бус болгох шаардлага гаргасан байгаа. Хуралдаан болоогүй гэж тайлбарлаж байгаа. Энэ тайлбар нь үндэслэлгүй юм. Учир нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тухайн нотлох баримтын эх сурвалжийг эрх бүхий этгээдээс шалгасан байдал, түүнийг шийдвэрлэсэн шийдвэр нь өөрөө хуралдаан зохих журмын дагуу явагдаад шийдвэрээ үндэслэлтэй гаргасан байна. Ингэж гаргасан шийдвэр, хурлын үйл явцын талаар тэмдэглэл нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ер нь бол тухайн хэлэлцэгдэх асуудалд ороогүй байсан, орсон эсэх нь тодорхойгүй. Мөн дээрээс нь тухайн хуралдаан болсон эсэх нь тодорхойгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хуралдааныг хэрхэн яаж явуулах вэ гэсэн журмыг зохицуулсан байгаа. Энэ зохицуулалтад нийцүүлээд хуралдааныг товлон зарлаад хэлэлцэх асуудлыг тогтоогоод хуралдаан болсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Үүнийг тогтоож байгаа нотлох баримт хавтаст хэрэгт цугларсан байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэл нь үндэслэлгүй юм. Тайлбарлаж байгаа тайлбараа хангалттай нотлоогүй. Нэхэмжлэгч бол санаанаасаа яриад байна гэж үзэж байна. Толгойд нь гэнэт бодож явсан санаагаа л яриад байна. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр бол зөвхөн аль нэг этгээдэд зориулагдаж байж орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгаа. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар дээр үйл ажиллагаа явуулахыг зохих журмын дагуу хүсэлт, өргөдөл гаргаад гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулсан Бор Өндрийн хишиг нөхөрлөл болохоос биш тусгай хэрэгцээнд авч байгаа нь аль нэг хуулийн этгээд, иргэн, албан тушаалтанд зориулж тусгай хэрэгцээнд аваагүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчээс Иргэдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 тоот тогтоолыг болон мөн өдрийн 09 тоот тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Иргэдийн хурлын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот тогтоолыг болон Угтаалцайдам сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 тоот захирамжийг хүчингүй болгуулах гэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед дахин өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ЭНХ ТББ нь иргэн Д.Лувсанжанцан, Б.Болдбаатар, Ч.Цангиа, Б.Эрдэнэ-Очир, Б.Баяраа, Э.Баярцогт, Я.Цэенхорол, Т.Эрдэнэчимэг, Ч.Нацагдорж, Ж.Зоригт нарын нэр бүхий 10 иргэнээс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон итгэмжлэлээр тухайн иргэдийг төлөөлөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах тухай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж[1][1], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах [2][2] гэж, мөн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн [3][3] бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн зарим шаардлагаа дээрх байдлаар өөрчлөн тодорхойлсон болно.

1. Нэхэмжлэлийн Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах тухай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагын тухайд:

Хариуцагчаас маргаан бүхий акт болох Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг гаргахдаа сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай мэдээллийг хэлэлцээд, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 16 дугаар зүйлийн 16.1.11 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаас тогтоох нь гээд, 1-д Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил талбайн хэмжээ, солбицолыг нэгж талбараар нь 1 дугаар хавсралтаар баталсугай гэж, 2-т ... газрыг 5 жилийн хугацаатай тогтоосугай гэж, 3-т ...газарт үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан нөхөрлөлүүдтэй хууль, журмын хүрээнд гэрээ байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгасугай гэж, 4-т ...Засгийн газрын журмын хэрэгжилтэд хяналт тавьж, төсөвт орох татварыг гэрээнд заасан хугацаанд төвлөрүүлж заавар , зөвлөмж өгч ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгосугай гэж, 5-д Нөхөрлөлийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн үр дүнтэй байлгах үүднээс аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг сумын Засаг даргад даалгасугай гэж, 6-д Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай гэж тус тус зааж, нийт 3,5 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ.[4][4]

Энэ актад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардлагын үндэслэлдээ ...Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг зарлаж хуралдуулахгүйгээр хурлын даргын хувиар гарын үсэг зурж баталсан байдаг. Энэхүү үйлдэл нь нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн нь илт хууль бус гэж, хариуцагч Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргаас ...хурлыг зохих журмын дагуу хийж, тогтоол гаргасан гэж, хариуцагч сумын Засаг даргаас ... 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаан нь тухайн хуралдаанд хуралдсан хурлын төлөөлөгчид ирцийн дагуу бүгд ирсэн. Энэ талаар зохих байгууллагуудад шалгагдаад, Авлигатай тэмцэх газар, Прокурорын газраас дүгнэлт гарсан байгаа гэж, гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс ... 4 дүгээр сарын 28-ны өдөр гарсан 02 тоот тогтоолыг илт хууль бус болгох шаардлага гаргасан байгаа. Хуралдаан болоогүй гэж тайлбарлаж байгаа. Энэ тайлбар нь үндэслэлгүй юм. Учир нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тухайн нотлох баримтын эх сурвалжийг эрх бүхий этгээдээс шалгасан байдал, түүнийг шийдвэрлэсэн шийдвэр нь өөрөө хуралдаан зохих журмын дагуу явагдаад шийдвэрээ үндэслэлтэй гаргасан байна. Ингэж гаргасан шийдвэр, хурлын үйл явцын талаар тэмдэглэл нь хавтаст хэрэгт авагдсан байгаа гэж тус тус тайлбарлан маргасанд холбогдуулан үзвэл.

Нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЭНХ ТББ-ын тэргүүн Г.Алтангэрэлээс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтүүд[5][5]-ийн дагуу шүүхээс тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нэр бүхий иргэдийг гэрчээр асуусан тэмдэглэлд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, 02 тоот тогтоолыг гаргасан болохыг мэдүүлсэн[6][6] байхын зэрэгцээ Төв аймгийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/284 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтад, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, 02 тоот тогтоолыг гаргасан эсэх талаар шалгасан гэрчийн мэдүүлгүүд, тус асуудлыг шалгасны үндэслэн гарсан Төв аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 32 тоот Прокурорын тогтоолыг ирүүлжээ. [7][7]

Энэхүү Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоолоор ...тус аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 15 төлөөлөгчийг оролцуулан, 71,4 хувийн ирцтэй хуралдаж, 02 дугаартай тогтоолыг гаргасан болох нь гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж шалган дүгнээд, ЭНХ ТББ-ын тэргүүн Г.Алтангэрэлээс ... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулалгүй ... 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж шийдвэр гарсан мэтээр 02 тоот хууль бус тогтоолыг гаргасан... гэсэнд холбогдох мэдээллээр үүссэн хэрэг бүртгэлтийн ... тоот хэргийг хаасан байна.

Үүнээс нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн ...Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг зарлаж хуралдуулахгүйгээр хурлын даргын хувиар гарын үсэг зурж баталсан байдаг. ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02 тоот тогтоол илт хууль бус гэсэн шаардлагын үндэслэл нь эрх бүхий байгууллагаар шалгагдан тогтоогдсон баримтаар хуульд нийцсэн болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжил бус хуралдаан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна, 23.7-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэсэнд болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална гэж зааснаар Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах тухай 02 дугаартай тогтоолыг гаргасан болох нь нотлогдож байна.

Түүнчлэн маргаан бүхий акт гарсан тухайн үед буюу 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Монгол улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 308 дугаартай тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байх ба уг журмын 2.1-д Бичил уурхайн хэлбэрээр ашигт малтмал олборлох талаар нөхөрлөлөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч, Газрын тухай хуулийн 16.1.11-д /бичил уурхайн зориулалтаар олгосон газар/ заасан зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрыг сонгож, солбицлыг тогтоох гэж сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлж өгсөн байхаас үзвэл хариуцагчийн 2017 оны 02 тоот тогтоол нь эрхийн хүрээнд гарчээ. Харин тус тогтоолоо Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх үед буюу 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинэчлэгдэн батлагдсан болох нь тогтоогдож байгаагаар хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж заасан чиг үүргийг зөрчөөгүй, тухайн үед үйлчилж байсан журмын дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд гарсан акт болох нь тогтоогдож байна.

Мөн актаар 3,5 га газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа нэхэмжлэгч нэр бүхий 10 иргэний газартай давхцуулаагүй болох нь тус сумын газрын даамал Б.Мөнгөнтуяагийн шүүхэд өгсөн бусдын газартай давхцалгүй, энэ газарт айлын өвөлжөө байхгүй, тусгай хэрэгцээнд авсан Бор өндөр хайрханыг бэлчээрийн газраар ашиглах боломжгүй хад чулуу ихтэй газар байдаг гэж тайлбарласан мэдүүлэг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... тэнд ойрхон Цэен, Лувсан гэдэг хүмүүсийн өвөлжөө байгаа, тэдний Үндсэн хуульд олгосон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа, хууль бус олборлолт явуулж байгаа, тухайн багт амьдардаг малчдын эрх ашиг хөндөгдөж байгаа гэж хараад байгаа. Уул уурхайн үйлдвэрлэл явуулдаггүй манай сум ... гэсэн тайлбараар нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаан бүхий актын улмаас хөндөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч талаас 09 дугаартай тогтоол нь 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар гарсан гэж байгаа. Тэгэхээр тэр хурлаас 09 тогтоол гаргаагүй, 02 дугаар тогтоол гарсан. Нэг он сар нэг утга агуулгатай тогтоол нэг албан бичгээр 2 хүргэгдсэн байна. Ашигт малтмалын газарт 142 дугаартай тоогоор хүргэгдсэн байгаа. Энэ 2 тогтоол нь бичиг үсгийн илэрхий алдаа гарсан гээд байгаа. Бидний хувьд энэ өдөр хурал хийгээгүй байж хуралдсан мэтээр зөвтгөж явуулахдаа 2 тоот тогтоол гаргачихсан. Иргэдийн төлөөлөгчдийн 02 дугаартай тогтоол гараад явж байхад хаанаасаа 09 дугаартай тогтоол гараад ирдэг юм. Энэ хоёрын хооронд бүр 7 тооны зөрүү байгаа. Тийм байхад техникийн алдаа гарсан гэж хариуцагч талаас тайлбарладаг. 09 дугаартай тогтоолыг Засаг дарга гараар бичээд хүргүүлсэн. Гэтэл 09 тоот тогтоолоор бүртгэж, 6 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газар хүлээж авсан. Шийдвэр гаргасан огноо нь 6 дугаар сарын 29-ны өдрийн тогтоолын дугаар 09 бүртгэсэн он нь 7 дугаар сарын 10-ны өдөр байгаа. Иймээс 02 тоот тогтоол гарахаас өмнө хуурамчаар 09 тоотыг үйлдэж гаргасан, дараа нь 02 тоотыг гаргасан гэж, хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас ... ажилтны алдаа болсон, ажилтан нь шинэ хүн байсан учир өмнөх хуралдаанаар 8 асуудал шийдвэрлэсэнд дараагийн хуралдааны шийдвэрийг нь дараалаад 09 гэж дугаарлаж алдаа гаргасан, 09 тогтоол гэж гараагүй гэж, хариуцагч Засаг даргаас Тэр 09 гэж бичигдсэн нь бичиг хэргийн ажилтны буруутай байдлаас болж буруу бичигдсэн байна, 09 тоот тогтоол гэж гараагүй, Үүнээс холбогдолтой үр дагавар гарахгүй, 02 тоот тогтоолоо хавсаргаж явуулсан гэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаартай албан бичгийн хүргүүлсэн огноо нь 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгаа. Өөрөөр хэлбэл Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан 4 дүгээр сарын 28-ны өдөр болсон түүнээс хойш тогтоолууд явсан. Тийм учраас нэхэмжлэгчийн яриад байгаа шиг баримт бичгийг сүүлд бүрдүүлж нөхөж явуулсан гээд байгаа нь үндэслэлгүй байгаа. Энэ бол техникийн алдаа гарсан байна. Үүнд үр дагавар байхгүй байгаа. Илт хууль бус болохыг тооцуулах нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Бид Ашигт малтмал газрын тосны газрын бүртгэлтэй маргаагүй байгаа учраас нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь үр дагавар үүсгээгүй учраас илт хууль бус болох, хүчин төгөлдөр болох нь эрх зүйн ач холбогдолд нөлөөлөхгүй. 09 тогтоолын дараа 02 дугаар тогтоол очсон байгаа нь алдаагаа зассан зүйл байж болох юм гэж тус тус тайлбарлан маргажээ.

Үүнд холбогдох баримтад, нэхэмжлэгч талаас илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргаж байгаа Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаартай тогтоол буюу тухайн дугаар бүхий захиргааны акт нь Ашигт малтмал, газрын тосны газарт хүргэгдэж очсон болох нь Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицолыг тогтоох тухай 09 дугаартай тогтоол, тус тогтоолын хавсралт, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст хаяглан явуулсан 142 дугаартай албан бичиг [8][8] зэрэг баримтаар тогтоогдож байх боловч, мөн дээрх Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 142 дугаар бүхий албан бичгээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаартай тогтоолыг дахин явуулсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицолыг тогтоох тухай 02 дугаартай тогтоолын хуулбар [9][9] баримтаар тогтоогдож байна.

Эндээс хариуцагч нараас уг тогтоол нь 09 гэсэн дугаартай гараагүй, бичилтийн алдаа байсан гэж уг 09 тоот тогтоолыг тийм дугаартай акт гарах үндэслэлгүй байсан гэж хүлээн зөвшөөрч байх боловч сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 09 дугаартай тогтоол нь Ашигт малтмал, газрын тосны газарт очсоноор, эрх зүйн ямар үр дагавар бий болгосон, түүний улмаас нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн болох нь тогтоогдохгүй байна.

Харин тухайн тогтоолыг шийдвэр гаргах этгээдэд хүргэгдсэнээр ямар нэгэн үр дагавар гарах бол Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж зааснаар, эсхүл хариуцагчийн тайлбарлаж байгаагаар бичилтийн алдаа гарч буруу дугаарлагдсан бол энэ талаар тухайн хурлыг төлөөлж гарын үсэг зурах эрх бүхий этгээд нь өөрөө залруулга хийх эрхтэй байх бөгөөд уг тогтоолын улмаас ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй иргэдийн нэхэмжлэлийн үндсэн дээр шүүхээс илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэлгүй байна.

3. Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, шаардлагын тухайд:

Хариуцагчаас маргаан бүхий акт болох Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг гаргахдаа сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай мэдээллийг хэлэлцээд Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 06 дугаар сарын 29-ний №7/4565 тоот бүхий Дүгнэлт хүргүүлэх тухай албан тоот, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 16 дугаар зүйлийн 16.1.11 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус гуравдугаар хуралдаанаас тогтоох нь гээд, 1-д Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил талбайн хэмжээ, солбицолыг нэгж талбараар нь 1 дугаар хавсралтаар баталсугай, Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрыг 5 жилийн хугацаатай тогтоосугай гэх зэргээр шийдвэрлэжээ. [10][10]

Үүнд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг дарга, Аймгийн хуралд өргөн бариад Аймгийн хурал орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан эсэх талаар шийдвэр гаргах байтал 7 дугаар сарын 17-ны өдөр ээлжит хурал болоод хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй, төлөөлөгч нарт ирсэн урилга материал нь бусад асуудал гээд орон нутгийн тусгай хэрэгцээ гэж байхгүй байсан гэж, хариуцагч Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг даргаас Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн бичгийн үндсэн дээр хуралд бусад асуудал гэсэнд оруулж, өмнө нь шийдвэрлэсэн асуудлыг дахин хэлэлцэж баталсан гэж тус тус маргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 123/шш2017/0031 дугаартай шийдвэрээр Бор өндөрийн хишиг зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ Маргаан бүхий Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут багийн Бор өндөрийн өвөр нэртэй 3,5 га газрыг ...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицолыг тогтоох тухай тогтоолоор бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатай авахаар газрын байршил, талбайн хэмжээ, солбицолыг нэгж талбараар нь баталж ... шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т ... заасантай нийцсэн байна [11][11] гэж маргаан бүхий акт буюу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаартай тогтоолыг нэгэнт хуульд нийцсэн болохыг тогтоосон байх тул тус тогтоолын улмаас ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдсөн болох нь тогтоогдохгүй байгаа иргэдийн нэхэмжлэлээр тус актыг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн ямар эрхийг сэргээх гэсэн үндэслэл нь тогтоогдохгүй байна.

4. Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 дугаар захирамжийг гаргахдаа Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 123/ШШ2017/0031 дугаартай шийдвэр, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/18 дугаартай албан мэдэгдэл, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 123/ШЗ2017/ 0007 дугаартай захирамж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай гүйцэтгэх хуудас, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18200126/01 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн мэдэгдэх хуудасны дагуу Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дугаартай Хориг тавих тухай, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/149 дугаартай Гэрээ цуцлах тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай гэж шийдвэрлэжээ. [12][12]

Өмнөх дүгнэлтэд дурдсанчлан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 123/шш2017/0031 дугаартай шийдвэрээр ...Төв аймаг Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дугаартай Хориг тавих тухай захирамжийг хүчингүй болгож, ... шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсноор Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Албадан гүйцэтгүүлэх тухай 123/ШЗ2017/ 0007 дугаартай захирамж гарч, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18200126/01 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн мэдэгдэх хуудсаар[13][13] шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн байна.

Үүнээс хариуцагч Засаг дарга Шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан ажиллагаа хийсний үндсэн дээр маргаан бүхий актыг гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ актыг улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэх зүйл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчээс энэ талаар маргахгүй, харин дээрх дүгнэлтүүдээр дүгнэгдсэн актуудыг хууль бусаар гарсан, түүний үндсэн дээр энэ захирамж гарсан гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн эрх нэр бүхий иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь энэ актын улмаас хөндөгдсөн гэх үндэслэл мөн тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр болон түүний үндсэн дээр олгогдох гүйцэтгэх хуудас байна гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нарын маргаж буй энэ акт нь шүүхийн шийдвэр биелүүлж гарсан акт болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр тус актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ маргаан бүхий актыг гаргасан гэх дээрх хурал болоогүйг нотлох зорилготой гэж, ... хуралд орсон гэх зарим төлөөлөгч Оюунбилэг, Содномнамжил нар нь хуралд хэн танилцуулга хийсэн талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн, гэрчийг дахин асуулгах, Л.Амарсанаа нь хуралд оролцсон эсэх дээр цагдаагийн байгууллагаар тогтоолгох баримтыг авах, энд холбогдуулж эдгээр гэрчээс гадна О.Гантулга гэдэг хүнийг шүүх хуралдаанд оруулах гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т ... эсхүл зориуд худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага оногдуулна, 38 дугаар зүйлийн 38.4-т Төрийн байгууллага, ...бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж зааснаар дээрх хүсэлтэд дурдсан нэг төлөөлөгч хуралд оролцсон эсэх болон хуралд хэн танилцуулга хийсэн эсэх асуудал нь хэрэгт авагдсан бусад гэрчийн мэдүүлэг болон эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийг үгүйсгэн шийдвэрлэх хангалттай нотлох баримтын үндэслэл болохгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, энэ хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д Шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талын талаар ... гаргасан хүсэлтийг ... даруй шийдвэрлэнэ, 85 дугаар зүйлийн 85.7-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно гэж зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус хүсэлтэд дурдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Амарсанаа нь тухайн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцоогүй болон тус сумын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаагүй гэсэн асуудлаа шалгуулах нь энэ шийдвэрээр хязгаарлагдахгүй бөгөөд мөн тухайн хурал хуралдаагүй гэх асуудал тогтоогдсон нөхцөлд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас энэхүү шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргах эрх нь нээлттэй байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрхээс үзвэл хариуцагч Төв аймгийн У ИТХ болон тус сумын сумын Засаг даргын гаргасан маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндсэн хууль олгосон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа, хууль бус олборлолт явуулж байгаа учраас тухайн багт амьдардаг малчдын эрх ашиг хөндөгдөж байна гэж шүүх хуралдаанд тайлбарласнаар нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн аюулгүй орчинд амьдрах, малаа бэлчээрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч иргэдийг төлөөлөн гаргасан ЭНХ ТББ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.7, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 136 дугаар зүйлийн 136.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Д.Лувсанжанцан, Б.Болдбаатар, Ч.Цангиа, Б.Эрдэнэ-Очир, Б.Баяраа, Э.Баярцогт, Я.Цэенхорол, Т.Эрдэнэчимэг, Ч.Нацагдорж, Ж.Зоригт нарын нэр бүхий 10 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч ЭНХ ТББ-аас төлөөлөн гаргасан Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 тоот тогтоолыг болон мөн өдрийн 09 тоот тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот тогтоолыг болон Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

[1][1] Хавтаст хэрэг 1-ийн 1-18 дахь тал

[2][2] Хавтаст хэрэг 1-ийн 232-233 дахь тал

[3][3] Хавтаст хэрэг 2-ын 121-123 дахь тал

[4][4] Хавтаст хэрэг 1-ийн 29-30 дахь тал

[5][5] Хавтаст хэрэг 1-ийн 57-58 дахь тал

[6][6] Хавтаст хэрэг 1-ийн 59-81 дэх тал

[7][7] Хавтаст хэрэг 1-ийн 136-211 дэх тал

[8][8] Хавтаст хэрэг 2-ын 176-178 дахь тал

[9][9] Хавтаст хэрэг 2-ын 171 дэх тал

[10][10] Хавтаст хэрэг 2-ын 180 дахь тал

[11][11] Хавтаст хэрэг 2-ын 22-26 дэх тал

[12][12] Хавтаст хэрэг 1-ийн 233 дахь тал

[13][13] Хавтаст хэрэг 2-ын 21-30 дахь тал