Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2026/0183

 

 

 

 

 

 

 

 

 

 

АТвц ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Д

Нэхэмжлэгч: АТвц ХХК

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

Гуравдагч этгээд: ГЗЗ ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон ГЗЗ ХХК-ийн хооронд байгуулсан ЭҮТӨҮГ/20250****** тендерийн дугаартай, Ган туйван /нүүрстөрөгчит ган/ нэртэй худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерт дахин үнэлгээ хийлгэхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгах, Улсын орлогод хураагдсан 7,294,173.0 төгрөгийн тендерийн баталгааг буцаан олгуулахыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 119/ШШ2026/0006 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 119/2026/0002/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч АТвц ХХК-иас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон ГЗЗ ХХК-ийн хооронд байгуулсан ЭҮТӨҮГ/20250****** тендерийн дугаартай, Ган туйван /нүүрстөрөгчит ган/ нэртэй худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерт дахин үнэлгээ хийлгэхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгах, Улсын орлогод хураагдсан 7.294.173,0 төгрөгийн тендерийн баталгааг буцаан олгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 119/ШШ2026/0006 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудыг баримтлан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаар шийдвэр, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон ГЗЗ ХХК-ийн хооронд байгуулсан 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2025/14-Н- дугаартай худалдах, худалдан авах гэрээг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “хууль тогтоомжийн дагуу тендерт дахин үнэлгээ хийлгэхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгах”, “Улсын орлогод хураагдсан 7.294.173,0 төгрөгийн тендерийн баталгааг буцаан олгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Гуравдагч этгээд ГЗЗ ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

АТвц ХХК нэхэмжлэлд хавсаргасан материалдаа "тохирлын гэрчилгээг хуурамч гэдгийг нотлох баримт" гэж бичсэн байна. Гэтэл энэ нь нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй, гадны цахим сайтаас хуулбарласан гадаад хэлээр бичигдсэн ердөө ганц хуудас анх шүүхэд өгчээ. Захиргааны хэрэг үүсгэснээс хойш АТвц ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасан нотлох баримт гаргаж өгөх, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах талаар ямар ч идэвхтэй үйлдэл хийгээгүй, нэхэмжлэгчид хуулиар олгосон эдгээр эрхүүдээ эдэлж хэрэгжүүлээгүй, нэмэлт нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт огт гаргаагүй байна.

АТвц ХХК-ийн гаргасан гомдол, нэхэмжлэлийн шаардлагын агуулга болон тохирлын гэрчилгээ "хуурамч болсон" цаг хугацаа хоорондоо зөрүүтэй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч, уг гэрчилгээ "хуурамч байх" нь хэний ашиг сонирхолд нийцэх вэ, үүнийг хуурамчаар үйлдэгдэх сэдлийг хэн өдөөж хэрэгжүүлсэн бэ гэдэгт ач холбогдол өгөх нь зүйтэй. АТвц ХХК-ийн Сангийн яам гомдлыг нь үндэслэлгүй гэж мэдэгдсэн 2015.10.31-ний өдрөөс 10 хоногийн дараа, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ тендерт шалгарсан компанитай 2025.11.12-ны өдөр 2025.11.10-ны өдөр бараа ХХАГ гэрээ байгуулсны дараа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т "тохирлын гэрчилгээ хуурамч" гэх мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Түүнчлэн 2025.11.12-ны энэ өдөр ICR|VC|HE24**** дугаартай тохирлын гэрчилгээн дээр "хуурамч" гэх бичилт хийгдсэн нь санаатай үйлдэл үү, эсхүл санамсаргүй давхцал уу?... Хуурамч гэсэн атал гэрчилгээн дээрх хүчинтэй хугацаанд өөрчлөлт ороогүй, гэрчилгээг эзэмшигч этгээд "хуурамч гэрчилгээ"-г хүчингүй болгоогүй зэрэг нь шүүхийн анхаарвал зохих асуудал мөн.

Хэрэв АТвц ХХК ямар нэгэн байгууллагад и-мэйл илгээж, тохирлын гэрчилгээ хуурамч гэх хариу авсан нь үнэн юм бол яагаад энэхүү и-мэйлээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй юм бэ? Эдгээр асуудлаар ГЗЗ ХХК-ийн өмгөөлөгчийн үгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх ямар ч нотлох баримтгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн аман үгээр, хэрэг маргааныг эцэслэн шийдэхгүйгээр ГЗЗ ХХК-ийн тендерт шалгарсан шийдвэр, бараа худалдах худалдан авах гэрээг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь үнэхээр зөв, шударга буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульчлагдсан шаардлагыг бүрэн дүүрэн хангаж байгаа эсэхийг давж заалдах шатны шүүхээр хянуулж засуулахын тулд энэхүү гомдлыг гаргаж байна.

АТвц ХХК улсын орлогод хураагдсан 7,294,173 төгрөгийн тендерийн баталгаагаа буцаан авах зорилгоор Сангийн яаманд анх гомдол гаргасан, дараа нь "хуурамч гэрчилгээний зохиомол сэдэл"-ээр шүүхэд нэхэмжлэл гаргасан болов уу. Нэхэмжлэгч шүүхэд ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй нь "хуурамч"-ийг өөрсдөө бий болгосноо сайн мэдэж, үүний улмаас Эрүүгийн хуульд зааснаар хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн эрүүгийн хариуцлагад татагдахаас зайлсхийсэн ч байж болзошгүй... Гадаад, дотоодын аль нэгэн цахим хуудсыг АТвц ХХК-ийн захирал Б.Гантулгын өөрийнх нь хэлснээр "фотошопдож", канондохыг бол хүссэн хүн бүр хийж чадах үйлдэл. Иймээс үүнийг нотлох баримтын шаардлага хангаагүй хууль зүйн үндэслэлээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох учиртай. Гэтэл анхан шатны шүүх мөн зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь харамсалтай. Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч 3.Ж, хэргийн гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Д нар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үйл баримтууд, хууль зүйн үндэслэлийн талаар хүсэл зоригоо тодорхой илэрхийлсэн. Харин анхан шатны шүүхийн шүүгч Б.Б нотлох баримтыг үнэлэх шүүгчийн үүрэг, хариуцлагаа хэргийн хариуцагчид шилжүүлж, улмаар "ГЗЗ" ХХК-ийн тендерт шалгарсан шийдвэр, бараа худалдах-худалдан авах гэрээг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульчлагдсан шаардлагыг хангаагүй байна.

3.4. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ган туйвангийн тендерийг 2025.03.18-ны өдрөөс эхлэн 3 дахь удаагаа зарлаж, 2025.10.15-ны өдөр ГЗЗ ХХК-ийг шалгаруулжээ. Ийнхүү бараг 1 жилийн өмнө зарлагдсан тендерт 4 сар гаруйн өмнө шалгарсан компани тендер захиалагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бараагаа татаж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын агуулахад буулгажээ. Гэсэн ч шүүхийн маргааны улмаас худалдан авагч тал тендерийн барааг хүлээн авсан акт үйлдээгүй, худалдагч талд барааны үнийг төлөөгүй хэвээр байна. ГЗЗ ХХК-ийн мөнгөн хөрөнгө ийнхүү царцаагдсанаар уг компани эдийн засгийн үр ашиггүй нөхцөл байдалд өртөж, тендерт шалгарсан компанийн хууль ёсны эрх, бизнесийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь үнэн. Гэтэл мөнгө санхүүгийн болон бусад хохирол, хор уршигтай бодит байдлаар учраагүй АТвц ХХК-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрлэхээс зайлсхийж тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, шийдлийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т шилжүүлснийг оновчтой шударга, хууль ёсны шийдвэр болж чадаагүй гэж үзэж байна. Тендер захиалсан, тендерт шалгарсан ашгийн төлөөх аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд цаг хугацааны алдагдал араасаа ямагт эдийн засгийн хохирол, хор уршиг дагуулдагийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.

Худалдах худалдан авах гэрээний талууд гэрээндээ бараа бүтээгдэхүүний чанар, стандартын шаардлагыг нарийвчлан тусгасан бөгөөд үүнтэй холбогдох гомдол гаргах, гомдлын шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар уг гэрээнд хангалттай олон заалт бий. Эдгээр заалтаар бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээ хуурамч эсэхээс үл хамаарч, тендерийн бараа нь үйлдвэрлэлийн бодит хэрэглээний явцад биет байдлаар шалгагдах боломжтой. Иймээс шүүх тендер шалгаруулалтыг үндэслэлгүй удаашруулахгүйгээр, талуудад эдийн засгийн үр ашиггүй нөхцөл байдлыг бий болгохгүйгээр эцэслэн шийдвэрлэх нь зохистой байна. Иймд дээр дурдсан үйл баримтууд, хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн "нотлох баримт" гэх гадаад хэлээр бичигдсэн, ганц хуудас канондсон хуулбарыг анхан шатны шүүх буруу үнэлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026.02.09-ний өдрийн 119/ШШ2026/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг баримтлан АТвц ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь 1,458,834,451.25 төгрөгийн төсөвт өртөг бүхий Ган туйван /нүүрстөрөгчит ган/ ЭҮТӨҮГ/20250****** дугаартай тендерийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан үзэхэд үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн 100%-ийн саналаар 8 оролцогчоос АТвц ХХК, ГЗЗ ХХК-иудын ирүүлсэн материалыг шаардлагад нийцсэн тендер гэж үнэлсэн.

Шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн 2 оролцогчоос хамгийн бага үнийн санал ирүүлсэн ГЗЗ ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн 100% саналаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулан, захиалагчид гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг хүргүүлсэн.

Сангийн яамнаас 2025 оны 10 сарын 20-ны өдөр 02/9482 дугаартай “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай” албан бичгээр тендерийг түр түдгэлзүүлсэн тухай тус үйлдвэрийн газраас 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ДБ-112-12/4187 дугаартай албан бичгээр тендерт оролцогчдод мэдэгдсэн.

Сангийн яам АТвц ХХК-ийн гаргасан гомдлыг хянан үзээд 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02/9830 дугаар албан бичгээр АТвц ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлдээ үндэслэлгүй гэж үзсэн тул захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн хугацааг тухайн өдрөөр дуусгавар болгож тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэхийг мэдэгдсэн.

Түүнчлэн Сангийн яамны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/9957 дугаартай албан бичгээр 7.294.173 төгрөгийн тендерийн баталгааг улсын орлогод төвлөрүүлэхийг даалгасан тул Худалдаа хөгжлийн банкинд энэ тухай мэдэгдэж улсын орлого болгосон.

2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон ГЗЗ ХХК нарын байгуулсан 2025/14-Н-0465 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

АТвц ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/12-02 дугаартай албан бичиг үйлдвэрийн газрын бичиг хэргийн дотоод сүлжээгээр 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЭҮТӨҮГ/20250****** дугаартай тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Э.Ээд хуваарилагдсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7 дахь хэсэгт “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш гомдол хүлээн авахгүй” гэж заасанд нийцэхгүй тул АТвц ХХК-ийн гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй болно.

Нэхэмжлэгч АТвц ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ ГЗЗ ХХК-ийн тендерт ирүүлсэн тохирлын гэрчилгээг хуурамч гэдгийг нотлох баримтыг ирүүлээгүй бөгөөд мөн шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдоогүй. Харин зөвхөн хариуцагчийн төлөөлөгч Э.Э-ийн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт тендерийг дахин хянан үзэхгүйгээр ICR|VC|HE24**** дугаартай тохирлын гэрчилгээ шаардлага хангаж буй эсэхийг хянан үзэж, 1 сарын дотор дахин шинэ акт гаргахыг даалгасан нь ойлгомжгүй байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу АТвц ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2. Нэхэмжлэгч АТвц ХХК-иас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон ГЗЗ ХХК-ийн хооронд байгуулсан ЭҮТӨҮГ/20250****** тендерийн дугаартай, Ган туйван /нүүрстөрөгчит ган/ нэртэй худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерт дахин үнэлгээ хийлгэхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгах, Улсын орлогод хураагдсан 7,294,173.0 төгрөгийн тендерийн баталгааг буцаан олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

3. Анхан шатны шүүхээс “...Тендерт шалгарсан ГЗЗ ХХК-ийн ICR/VC/HE24**** дугаар бүхий барааны тохирлын гэрчилгээ нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээ үүсгэж байгаа нь шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэх үндэслэлд хамаарах бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул захиргаа дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй…” гэж дүгнэн маргаан бүхий захиргааны актуудыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т” Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан.

4.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд анхан шатны шүүх ГЗЗ ХХК-ийн ICR/VC/HE24**** дугаар бүхий барааны тохирлын гэрчилгээ хуурамч эсэх талаар нэхэмжлэгчээс гаргаж өгсөн англи хэл дээрх баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад уг баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна” гэж заасантай нийцэхгүй бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

5. “Улсын орлогод хураагдсан 7.294.173,0 төгрөгийн тендерийн баталгааг буцаан олгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1. Сангийн яамны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны 02/9957 дугаар албан бичгээр “...АТвц ХХК-иас гаргасан гомдлыг хянан үзэж, гомдол бүхэлдээ үндэслэлгүй болохыг мэдэгдсэн, ...тендерийн баталгааны 7.294.173,0 төгрөгийг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын ... тоот дансанд төвлөрүүлж, ажлын 3 хоногийн дотор хариу мэдэгдэнэ үү” гэсэн мэдэгдлийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хүргүүлжээ.

5.2. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийг тодорхойлсон байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасны дагуу хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солих, хамтран хариуцагчаар татан оролцуулах боломжгүй бол нэхэмжлэлийг хүлээн авах харьяаллын асуудлыг шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Сангийн яамны эрх хэмжээний асуудлыг хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын бүрэн эрхэд хамааруулан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

5.3. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8707 дугаар захирамжаар АТвц ХХК-иас Сангийн яаманд холбогдуулан гаргасан тендерийн баталгааг улсын орлогоос буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар хүлээн авахаас татгалзсан бөгөөд Орхон баймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан гаргах боломжтой эсэхийг тодруулалгүй захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн.

   6. Ийнхүү хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлогдсон хариуцагчийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарах тул давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 119/ШШ2026/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА

 

    ШҮҮГЧ                                                Ц.ОДМАА

 

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН