| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0368/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1388 |
| Огноо | 2023-11-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1388
2023 11 08 2023/ШЦТ/1388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Эт холбогдох 2303 00556 0562 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа вакум цонхны хаалт зардаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 14 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух хаягтай,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 726 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Б овогт Бийн Э /РД: /.
Хэргийн товч агуулга:
Б.Э нь нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Саруул хотхоны баруун уулзвар дээр 2023 оны 08 дугаар 14-ний өдөр Toyota Prius маркийн 34-50 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “Арван зургаа. 1.3. Замын хөдөлгөөн оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч М.Оюундэлгэрийг мөргөж эрүүл мэндэд нь баруун хөлийн 1-р хурууны шивнүүр ясны хугарал, цус хуралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Б.Э нь нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхоны баруун уулзвар дээр 2023 оны 08 дугаар 14-ний өдөр Toyota Prius маркийн 34-50 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “Арван зургаа. 1.3. Замын хөдөлгөөн оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч М.Оюундэлгэрийг мөргөж эрүүл мэндэд нь баруун хөлийн 1-р хурууны шивнүүр ясны хугарал, цус хуралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,
Зам тээврийн осол гарсан газрын хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /04-07/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.08/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх.11-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Оюундэлгэрийн өгсөн: “Тухайн өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 14-ний орой 18 цаг 10 минутын орчимд би Олимпын гүүр даваад Home plaza орох гээд тухайн замын зүүн талаар явж байсан юм, тэгээд Баянмонгол хороолол руу эргэдэг уулзвар дээр ирээд замын хойд талаас урд тал руу явган хүний гарцаар зам хөдлөн гарч явахад 1 дүгээр эгнээний автомашин зогсож зам тавьж өгсөн, тэгээд явж байхад 2 дугаар эгнээнээс автомашин ирээд миний баруун хөлийн урд хэсэг дээгүүр жолооч талын урд дугуйгаараа дайраад гарсан, тэгээд би машиных нь урд хэсэгт цохиход нөгөө машины жолооч машинаа зогсоогоод машинаасаа бууж ирсэн, тухайн үед жолооч нь машиндаа олуулаа явж байсан. 3 хүүхэд болон эхнэр нь бас ах нь гэх хүмүүс байсан. Тэгээд жолооч бууж ирээд миний биеийн байдлыг асуугаад гэмтэл явъя гээд шууд намайг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан юм. Гэмтлийн эмнэлэг очиж үзүүлэхэд гэмтлийн эмнэлгийн эмч нь савханцар яс хугарсан байж магадгүй гэж хэлсэн, тэгээд томограф шинжилгээ өгсөн юм... Намайг мөргөсөн зүйл байхгүй, жолооч талын урд дугуйгаараа миний баруун хөл дээгүүр дайраад гарсан юм. Тухайн үед жолооч нь хойшоо хүүхдүүд рүүгээ хараад явж байсан юм гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн: “Дээрх хэргийн улмаас хохирогч М.Оюундэлгэр нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 180,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Эаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.20/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10267 дугаартай дүгнэлт /хх.26-27/,
Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх.31-37/,
Мөрдөгчийн магадалгаа /хх.39/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.45-47/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.49/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эын яллагдагчаар өгсөн: “... би гэм буруу дээрээ бол маргахгүй байгаа. Мах их гэмшиж байна. Би тэр хүний хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа...” /хх.50/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн гаргасан хүсэлт /хх.71/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.74/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч М.Оюундэлгэр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, харин хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн даатгалын төлбөрийн 180.000 төгрөгийг шүүгдэгч Б.Эаас гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Б.Эын хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Б овогт Бийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Эт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Эаас 180.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР