Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1408

 

 

 

 

 

 

 

 

2023         11           13                                       2023/ШЦТ/1408

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Г.Ууганбаатар /томилолтоор/,

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ /ҮД:2818/, Б.Тэнгис /ҮД:0518/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох 2302 00518 0271 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг борлуулалтын менежер мэргэжилтэй, “Акояа” ХХК-д маркетинг борлуулалтын менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, 1 дүгээр байрны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо, 75-А байрны 26 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Гын Б /РД: /.

Хэргийн товч агуулга:

Г.Б нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монгол шилтгээн” амралтын газрын орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан багтдаг цэвэр жин нь 14,2 грамм жинтэй делта-9 тетрагидроканнабинолд /Delta-9 tatrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 42-03 УАУ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Шөнө 2 цаг 30 минутаас 3 цагийн орчимд машиндаа унтах гээд байж байхад 7-8 хар хувцастай хүмүүс ирээд барьсан.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулан шинжилж судалсан болно. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04-07/,

Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.08-26/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх.31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч М.Батмэргэний өгсөн: “...тухайн өдөр миний багийн найз Бат- Эрдэнэ надтай холбогдоод “найзаа надад машинаа түр өгч байгаач, би Playtime явчхаад ирье” гэхээр нь би зөвшөөрөөд 17 цагийн үед манай ажлын гаднаас миний 42-03 УАУ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ирээд авсан. 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би тээврийн хэрэгслээ буцааж авсан. Б надад буцааж өгөхдөө “би playtime дээр явж байгаад машинд чинь мансууруулах бодис хадгалж байгаад цагдаа нарт баригдсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мишээлийн өгсөн: “...манай найз залууг Гантулга гэдэг. Бид сүүлийн 1 жилийн хугацаанд үерхэж байгаа. Тэгээд 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Гантулгын найз Бтэй өдөр 19 цагийн үед уулзаж Playtime хөгжмийн наадам руу явсан. Тухайн үед Б нь найзынхаа машиныг унасан гээд саарал өнгийн Приус 20 машин унасан байсан. Тэр машинаар нь бид 3 БЗД-н 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа Playtime хөгжмийн наадам руу түгжирч явж байгаад шөнийн 02 цагийн үед ирсэн боловч 1 цагаас хойш хүн нэмж оруулахгүй гээд Монгол шилтгээн рүү дотогш оруулаагүй. Тэгээд бид 3 яахаа мэдэхгүй байж байгаад машиндаа унтахаар болж Монгол шилтгээний эсрэг талын гэр хороолол дундуур явж уулын орой дээр гарч зогсоод бэлдэж ирсэн хоол хүнсээ идээд тус бүр 2 пиво уусан. Тэгээд би арын суудал дээр нүүрнийхээ будгийг арилгаад утсаа оролдоод сууж байхад Б жолоочийн суудал дээр, Гантулга жолоочийн хажуу талын суудал дээр суугаад улаан өнгийн төмөр савтай ногоон өнгийн өвс мэт зүйлийг харсан. ...Тэгээд Б, Гантулга 2 машинд сууж байгаад уг өвснөөс сорж хэрэглэсэн. Яг яаж сорж хэрэглэснийг нь мэдэхгүй байна. ...Улаан өнгийн төмөр савтай ургамал мэт зүйл тэр машин дотор байсан. Яг хэнийх нь гэдгийг би мэдэхгүй. Уг өвснөөс Б, Гантулга 2 хэрэглэсэн хэрэглүүр нь хураагдсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.38-39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Гантулгын өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр орой 20 цагийн үед манай найз охин Мишээл, манай найз Б бид 3 уулзаад Батмэргэний приүс-20 маркийн машиныг Централ центрээс очиж аваад Б жолоодоод бид 3 Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол шигтгээнд болж байгаа Play time хөгжмийн наадам руу явсан, орой 22 цагийн үед хотын төвөөс хөдлөөд шөнийн 02 цагийн үед Монгол шигтгээнд очоод билетээ үзүүлээд орох гэтэл хаалгаа хаасан гээд оруулаагүй, тэгэхээр нь бид 3 Монгол шилтгээний замын эсрэг талын гэрийн хороолол дундуур орж сүмс шиг барилгатай уулын орой хэсэгт гарч машинаа зогсоогоод гэрээсээ бэлдэж очсон хоолоо бид 3 идсэн, бас пиво, ус уусан. Тэр үед Б улаан өнгийн төмөр савтай каннабис өвс гаргаж ирээд бид 2 хамт тус бүрдээ ууж байсан усны саваа бонго боолгож /хажуу талыг нь цоолж хуйлсан мөнгөн дэвсгэрт хийх/ тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулж түүн дотроо ногоон өнгийн өвснөөсөө хийж доороос нь асаагуураар шатааж гарсан утааг нь амаараа сорж хэрэглэсэн. Манай найз охин Мишээл өвснөөс огт хэрэглээгүй....” гэх мэдүүлэг /хх.42-43/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын химийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэнгийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3115 дугаартай:

“1. Шинжилгээнд “Г.Б ЖЮ97061310 2023/07/07” гэж хаягласан шээс, “G.Gantulga ЛЮ96112511 2023.07.07” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

2.3. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Б ЖЮ97061310 2023/07/07” гэж хаягласан шээс, “G.Gantulga ЛЮ96112511 2023.07.07” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илрэв. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.45-47/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын химийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэнгийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3113 дугаартай:

 “1. Шинжилгээнд ирүүлсэн “42-03 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн урд шилэн дээр өвс мэт ургамал” гэж хаягласан зиплок гялгар уутанд улаан өнгийн төмөр савтай ургамал мэт зүйл, тугалган цаас, “Voyage” гэсэн бичиглэлтэй бор өнгийн зүйлээр бохирлогдсон хажуу хэсэгтээ цоолсон хуванцар сав, PS2987209 гэсэн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэр, AF7168162 гэсэн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн Шинжилгээнд ирүүлсэн “42-03 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн урд шилэн дээр өвс мэт ургамал” гэж хаягласан зиплок гялгар уутанд улаан өнгийн төмөр савтай ургамал мэт зүйл, тугалган цаас, “Voyage” гэсэн бичиглэлтэй бор өнгийн зүйлээр бохирлогдсон хажуу хэсэгтээ цоолсон хуванцар сав, “Bon aqua” гэсэн бичиглэлтэй бор өнгийн зүйлээр бохирлогдсон хажуу хэсэгтээ цоолсон хуванцар сав, PS2987209 гэсэн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэр, AF7168162 гэсэн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс делта-9 тетрагидроканнабинолд /Delta-9 tatrahydrocannabinol/ илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинолд /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно.

3. Ургамал мэт зүйлийн төмөр савтай жин нь 72,5 грамм, цэвэр жин нь 14,2 грамм болов” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.51-53/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар арын 21-ний өдрийн Д23-46 дугаартай дүгнэлт /хх.64-67/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 574 дүгээр дүгнэлт /хх.72-73/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.85-88/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.91/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 07 сарын 06-ны өдөр би өөрийн найз болох Гантулга болон Гантулгын найз охин болох Мишээлийн хамт Playtime хөгжмийн наадам үзэхээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах Монгол шилтгээн амралтын газар руу очсон. ...Тэгээд бид гурав Монгол шилтгээний ойролцоо тээврийн хэрэгсэл дотроо унтахаар болсон. Тухайн үед надад бага зэргийн “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис байсан бөгөөд энэ тухайгаа Гантулгад хэлээд цуг хэрэглэх санал тавиад цуг хэрэглэсэн. ...2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ZU” шөнийн клубээр үйлчлүүлээд гадаа нь зогсож байхад газар ууттай юм байхаар нь сонирхоод үзтэл өвс байсан. Тэгээд би авчихсан юм...” гэх мэдүүлэг /хх.92-93/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.99/,

Хувийн байдлыг тодорхойлох гэрчийн мэдүүлэг болон баримтууд /хх.96-98, 102-151, шинээр гаргасан 1 хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монгол шилтгээн” амралтын газрын орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан багтдаг цэвэр жин нь 14,2 грамм жинтэй делта-9 тетрагидроканнабинолд /Delta-9 tatrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 42-03 УАУ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Бат-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг хэлнэ.

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын химийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3113 дугаартай дүгнэлтээр, шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн жолоодож байсан тээврийн хэрэгслээс илэрсэн “өвс” мэт ургамал буюу Делта-9 тетрагидроканнабинолд /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарч байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд  иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог.

“Хууль бусаар олж авсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан үйлдлийг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.

Шүүгдэгч Г.Б нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “өвс” мэт ургамал буюу Делта-9 тетрагидроканнабинолд /Delta-9 tetrahydrocannabinol/ гэх нэршилтэй 20.5345 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг жолоодож явсан тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулжээ.

Гэм буруугийн талаар:

Г.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хийснээр төгсдөг, хор учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд Г.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгт хохирогч тогтоогдоогүй учир шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”  гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын гений санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээн, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгон, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгон, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын тун хэмжээ бага, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн эрүүл мэндийн болон хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

          Г.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

          Шүүгдэгч Г.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгах нь зүйтэй.

          Г.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Бусад асуудлаар:

          Шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан мөнгөн дэвсгэртүүдийг улсын банканд шилжүүлж, бусад эд зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Г.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Гын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

          5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй:

             PS2987209 гэсэн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэр, AF7168162 гэсэн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэр зэргийг Монгол Улсын банканд шилжүүлж,

          “42-03 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн урд шилэн дээр өвс мэт ургамал” гэж хаягласан зиплок гялгар уутанд улаан өнгийн төмөр савтай ургамал мэт зүйл, тугалган цаас, “Voyage” гэсэн бичиглэлтэй бор өнгийн зүйлээр бохирлогдсон хажуу хэсэгтээ цоолсон хуванцар сав, “Bon aqua” гэсэн бичиглэлтэй бор өнгийн зүйлээр бохирлогдсон, хажуу хэсэгтээ цоолсон хуванцар сав зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР