| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00421/И |
| Дугаар | 00328 |
| Огноо | 2020-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 00328
| 2020 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2020/00328 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймаг, Булган сум, Хужирт багт оршин суух, ... дугаарын регистртэй, А овогт Д-ийн Сгийн хүсэлттэй 70 дугаар дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1970 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд Дагвын 3 дахь охин болж төрсөн. 1986 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд эцэг эхийн хамт 1992 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад мал маллаж байгаад 1992 онд нөхөр Б.Чимэд-Очиртой гэр бүл болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгаас 70 дугаар данс Саранцэцэг гэдэг нэрээр гарч ирээд байгаа учраас малчнаар ажиллаж байсан жилээ тогтолгох шаардлагатай болоод байна. Намайг төрөхөд аав, ээж С гэдэг нэр өгсөн боловч намайг манай гэрийхнэ болон нутгийнхөн Сараа гэж дууддаг байсан. Сургуульд ороход Сараа, Саранцэцэг гэж дууддаг байсан учраас 70 дугаар данс дээр Саранцэцэг гэдэг нэрээр бичсэн байна. Миний төрсөн ах, эгч дүү нарын дотор Саранцэцэг гэдэг нэртэй хүн байхгүй. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулалтад хамрагдсан учраас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж хүсэлтийнхээ шаардлагыг гаргалаа. Иймд Д.С намайг 70 дугаар дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоож, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тоггоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Д.Сгийн 70 дугаар дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.С нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас ирүүлсэн 70 дугаар дансны жинхэнэ эзэмшигч мөн бөгөөд 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын 1986 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн 1980 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нээлгэсэн 0985337 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 0204000833 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Бүгд найрамдах Монгол ард улс Иргэний паспортын эх хувь, хүсэлт гаргагчид 1991 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Ерөнхий хорооноос олгосон аваргын дипломын эх хувь,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 126/02787 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 126/002825 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Иргэн Н.Батбаярын ...Миний бие Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт Давга овогтой Стай 1986 оноос 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Д.Сг аав ээж ах дүү нар нь Сараа, Саранцэцэг гэж дууддаг байсан... гэх тодорхойлолт,
Иргэн М.Отгоны ...Миний бие Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт Давга овогтой Стай 1986 оноос 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Д.Сг аав ээж ах дүү нар нь Сараа, Саранцэцэг гэж дууддаг байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Сгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар тус шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Сгийн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхийг хойшлуулсан боловч нэхэмжлэгч нь уг шүүгчийн захирамжийг биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Сгаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын 1986 оноос 1989 онуудын 70 дугаар дансны жинхэнэ эзэмшигч Ахсум орьяс овогт Дагвийн С мөн болохыг тогтоож, Д.Сг 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ