Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1264

 

З.Д-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00851 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч З.Д-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Г.З болон “М” ХХК, Төрийн банкинд тус тус холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.З Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, бага тойруу, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаартай барилга нь ашиглалтанд орсоны Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахдаа ганц өөрийнхөө нэр дээр бүртгүүлж гэрчилгээ авсан байна. Мөн Төрийн банкнаас зээл авахдаа хамтран өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаартай барилгыг Зээлийн гэрээний үүргийг хангах хэлбэр болгож 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 23/15-21 дугаар барьцааны гэрээг Төрийн банк ХХК-тай байгуулсан нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасныг зөрчсөн. Барьцааны гэрээг байгуулахдаа хамтран өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй хууль зөрчсөн. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж З.Д намайг Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаартай барилгын хамтран өмчлөгчөөр тогтоож, Төрийн банк ХХК болон иргэн Г.З,  М ХХК нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 23/15-21 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Х.Мөнхзул нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь 2008 онд “Зоос банк" ХХК-иас, Төрийн банк XXK-иас 2011 онд, 2015 онд тyc тус зээл авч өөрсдийн хэрэгжүүлж буй төслөө санхүүжүүлж байсан. 2008 онд Зоос банкнаас олгосон зээлийн судалгаанд ирүүлсэн зээлдэгч М" ХХК-ийн санхүүгийн тайлан болон хөрөнгийн жагсаалтад дуусаагүй барилга нэрээр нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүсч буй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Ерөнхий сайд, Амарын гудамж, 22 дугаартай барилга бүртгэгдсэн байсан. Тухайлбал 2007 оны санхүүгийн тайланд 963.891.766,56 төгрөгөөр үнэлэгдэж дуусаагүй барилга “М” ХХК-ийн оффисын барилга гэдэг нэрээр, 2008 оны санхүүгийн тайланд 963.891.766,56 төгрөгөөр үнэлэгдэж “М” ХХК-ийн оффисын барилга, дуусаагүй барилга нэрээр, 2009 оны санхүүгийн тайланд 1.995.293.841 төгрөгөөр үнэлэгдэж дуусаагүй барилга нэрээр тус тус бүртгэгдсэн байдаг. Үүнээс үзвэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш бөгөөд нэхэмжлэгч З.Д нь тухайн хөрөнгийг бий болгоход оролцсон, хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Д нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө бий болоход хариуцагч Г.З  той хамт амьдарч байгаагүй тул хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй байхаар заасан гэр бүлийн гишүүнд хамаарахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Г.З  гийн төрсөн хүү тул уг барилгын хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад маргахгүй. Хэрэв хүсэлтээ өгвөл банкны зүгээс барьцаа хөрөнгөд өмчлөгч нэмж бүртгүүлэхэд татгалзахгүй. Зээл олгох үед хөрөнгө нэг хүний өмчлөлд бүртгэлтэй байсан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар бүртгэл үнэн зөвд тооцогдох тул барьцааны гэрээг байгуулах үед нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах шаардлага үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Г.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч “М” ХХК шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-220309076 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Ерөнхий сайд амарын гудамж 22 дугаар 5676,7 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Цагаан овогт Г.З гийн Дөлгөөнийг /РД:ЧР88040470/ тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Төрийн банк, М ХХК, иргэн Г.З нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 23/15-21 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.000.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 21.766.410 /хорин нэгэн сая долоон зуун жаран зургаан мянга дөрвөн зуун арван/ төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.З-гийн төлөөлөгч Г.Жанчив давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Г.З 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасан боловч түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй байсан учир энэ талаарх хүсэлт холбогдох нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн. Шүүхээс мэтгэлцэх боломжийг минь хязгаарласан үйлдэл боллоо. Г.З нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн биеэр очиж анх удаа шүүх хуралд орсон боловч шүүхээс хэргийн материалтай танилцаагүй, хэрэгт ямар нотлох баримт цугларсан болохыг мэдээгүй байхад хэргииг шийдвэрлэсэн нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч З.Д нь Төрийн банк, Г.З,  М ХХК-д тус тус холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.З нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч Төрийн банк үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт нэрлэн заасан үндэслэлүүд тогтоогдсон бол “давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно” гэж  заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.З  гийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Жанчив  оролцож, анхан шатны шүүх түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж,  түүнд хэргийн материалыг танилцуулсан баримт хэрэгт авагджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй боловч хариуцагч Г.З  г шүүх хуралдаанд биечлэн оролцуулж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дах хэсэгт заасныг зөрчсөн.

Хариуцагч биечлэн оролцсон тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан эсэхийг шүүх тодруулаагүйгээр Г.З  гийн хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хувьд хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.З  д шүүх хуралдааныг хийсэн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн материалыг танилцуулсан, түүнд шүүх хуралдаан дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж өгсөн зэргээс үзэхэд түүний шүүх хуралдаанд гаргасан “...хэргийн материалтай танилцах..., ...өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах...” тухай хүсэлтийг шүүгчийн 2018 оны 181/ШЗ2018/04576 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх үүргээ хэрэгжүүлээгүй явдлыг хариуцагч өөрөө биечлэн  ирсэн тохиолдолд түүний эрхийг хязгаарлах үндэслэл болгосон  нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

Харин шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дах хэсэгт заасныг хэрэгжүүлсэн бол хариуцагч Г.З  гийн эрх зөрчигдсөн эсэх асуудал хөндөгдөхгүй байжээ.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 168.1.3-т заасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно.

 Нөгөө талаар нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019076 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Ерөнхий сайд амарын гудамж 22 дугаарт байрлах 5676,7 мкв талбай бүхий орон сууц, конторын зориулалттай,              11 111 487 493 төгрөгийн үнэ бүхий /барьцааны гэрээнд зааснаар/ үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, шүүхийн шийдвэрээр тодорхойлогдсон 3 359 706 060 төгрөгийн үүрэгт барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох зэрэг 2 нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн үнэ, түүнд төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмаар тодорхойлсон гэж үзэхэд учир дутагдалтай байгааг, шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсантай холбоотойгоор давж заалдах гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг буруу гэж үзээгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.