Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2018/0140

 

2018 оны 03 сарын 21 өдөр          Дугаар 128/ШШ2018/0183            Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч А.Насандэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Б

Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжлийн ёс зүй, харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, гуравдагч этгээд Б.О, шүүхийн иргэдийн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэж, улмаар Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар албан бичгээр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт Хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр томилуулах тухай санал хүргүүлснийг үндэслэн тус газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдож, Монгол Улсын Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагийг 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өргөсөн.

Улмаар 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тус газрын даргын А/81 дүгээр тушаалын хавсралтаар байгууллагын бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн баталж, миний ажил үүргийн хуваарьт өөрчлөлт орж Хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоон дээр ажиллаж байсан. Миний бие энэхүү хугацаанд ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэргээгээр хүлээсэн чиг үүргээ тухай бүр холбогдох албан тушаалтнаар дүгнүүлэн “Хангалттай сайн” үнэлгээ авч байсан.

Гэтэл Нийслэлийн Эрүүл мэндийн газрын шинээр томилогдсон дарга нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Чиглэл хүргүүлэх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 03/3062 дугаар албан бичигт дурдсан “Гадаад харилцаа, ...Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, ... Газрын даргын туслах ...” гэсэн орон тоог тусгайлан батлахгүй байх талаар чиглэл өгсөөр байтал тус газрын даргын “Бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” 2016 оны А/111 дүгээр тушаалын хавсралтын “Захиргаа, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс” гэсэн хэсэгт “...гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн...” гэсэн орон тоотой ажиллахаар баталж өгсөн атлаа “...Хууль эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоон дээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч болох иргэний миний хуульд заасан хууль ёсны эрх, эрх ашгийг хөндсөн хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг гаргасан.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “.. аливаа захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа .... дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх ...” гэж хуульд заасан зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс гадна энэхүү хуульд заасан захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэнд урьдчилан мэдэгдэх зэрэг эрхийг минь хангаагүй, эдлүүлээгүй.

Түүнчлэн газрын даргын 2016 оны А/111 дүгээр тушаалыг гаргахдаа Эрүүл мэндийн сайдын 2010 оны 405 дугаар тушаалд заасан “...хууль эрх зүйн үйлчилгээ зөвлөгөө, өргөдөл гомдлын шийдвэрийн хяналт, тайлагналт хариуцсан мэргэжилтний орон тоог баталсан байх ..” гэсэнд нийцээгүй.

Хэдийгээр дээрх шийдвэрүүдийг гаргасан боловч хуульд заасан “захиргааны актыг гардуулах буюу гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулсан байн” гэсэн эрхийг минь мөн хангаагүй.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн боловч газрын даргын 2016 оны А/111 дүгээр тушаалын хавсралтад заасан орон тоо болох “Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийг мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэн”-ний ажил үүрэгт миний гүйцэтгэж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн байдаг.

Учир нь уг албан тушаалд томилогдох албан хаагч энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа болно.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэж заасан атал ажил үүргийн хуваарь хэвээр байсаар байхад намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “төрийн албан хаагчийн баталгаа нь ... энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 04 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “...төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэсэн төрийн албаны гол зарчмыг алдагдуулсан шийдвэрийг гаргасанд харамсаж байна.

Өөрөөр хэлбэл миний гүйцэтгэж байсан албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүргийг Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэнд шилжүүлэн гүйцэтгүүлж байгаа. Дээрх албан тушаалд шинээр ажилтан авалгүйгээр намайг үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байхад миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж ажлаас чөлөөлсөн болно.

Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжлийн ёс зүй, харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Т******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай А/111 дугаар тушаал гарсан.

Энэхүү тушаалд хууль, эрх зүй, өргөдөл гомдол, хариуцсан мэргэжилтний албан тушаал цомхотгогдсон тул С.Быг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнөгэж заасны дагуу албан тушаалаас чөлөөлсөн.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу өөр ажил, албан тушаал санал болгосон нь шүүх хурал дээр нотлогддог. Төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших тохиолдолд мэргэжлийн дагуу ажлын байраар үргэлжлүүлэн хангах боломжгүй юм.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/786 дугаар захирамжаар тус газрын орон тооны дээд хязгаарыг 50 байхаар баталсан тул бүтэц орон тоог 50 орон тоотойгоор баталгаажуулсан.

Бүтэц батлагдсанаас хойш ажилд томилогдсон Эрүүл мэндийн бодлого төлөвлөлт, шагнал хариуцсан мэргэжилтэн, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хариуцсан мэргэжилтэн байна. Эдгээр албан хаагч нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу Хүний их эмч мэргэжилтэй болно.

Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаал нь дан ганц хүний нөөцийн асуудлаас гадна салбарын хүний нөөцийн бодлого, ёс зүй, харилцаа, хандлагын асуудлыг хариуцан ажилладаг тул мэргэшсэн албан хаагч байх учиртай. Нийслэлийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтний үндсэн, төрөлжсөн, мэргэжил дээшлүүлэх сургалт, богино хугацааны олгох сургалтын асуудлыг хариуцдаг.

Нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийг тодорхойлж эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, урт хугацаанд тогтвортой ажиллуулах бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг болно. Энэ албан тушаал нь бусад байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй адилтган үзэх боломжгүй юм.

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт сул орон тоо байхгүй байна. Сул орон тоо гарсан тохиолдолд Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд мэдээлэл хүргүүлж шийдвэрлүүлдэг болно” гэжээ.

Гуравдагч этгээд Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэгт нэхэмжлэгчийн буюу Хууль эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний чиг үүрэг хадгалагдаагүй юм.

Энэхүү албан тушаалд ажиллаж байгаа миний бие Хүний их эмч мэргэжилтэй, мөн эрх зүйн чиглэлээр мэргэшиж, эрүүл мэндийн эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Тухайн албан тушаалд би 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр томилогдон ажиллаж байгаа бөгөөд Хууль эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан бүтцийн тушаал гарахаас өмнө энэхүү ажилд орсон байсан.

Миний бие төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тангараг өргөсөн бөгөөд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчихгүй гэдэгт итгэж байна” гэв.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Бын нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж үзэж байна. Байгууллагын удирдлага солигдож ажлын байрны тодорхойлолтыг хүнд нь тааруулж гаргадгын тод жишээгээр хувь хүнийг хохироож байгаа нь шударга бус байна.

Иймд С.Б*******ын нэхэмжлэлийг хангаж ажилгүй байсан хугацааны  цалин хөлсийг буруу шийдвэр гаргасан хүнээр гаргуулах нь зөв гэж дүгнэж байна. Мөн ажлын байр нь эрсдэлд орсон Б.Оийг өөр ажилд томилох нь зүйтэй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

С.Б Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус газрын Төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн удирдлага төлөвлөлтийн албаны Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжлийн ёс зүй харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.Б нь “....хуульд заасны дагуу миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хүний нөөцийн мэрэгжилтэнд шууд шилжсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааны хамгийн эхний баталгаа болох “....өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...”  баталгаагаар хангагдах боломжтой байхад энэ зүйл заалтын хамгийн сүүлчийн баталгаа болох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож ажлаас чөлөөлсөн нь миний  эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус” гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Нийслэлийн эрүүл мэндийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” А/603 дугаар захирамжийн хавсралтаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинэчилсэн бүтэц, орон тооны хязгаарыг 53 байхаар тогтоож, улмаар мөн Засаг даргын 2016 оны А/786 дугаар захирамжаар тус газрын орон тоог 50 хүртэл байхаар шинэчлэн тогтоожээ.

Дээрх Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” А/10 дугаар тушаалыг гаргасан байх бөгөөд уг тушаалын  хавсралтаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан Хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний болон Хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний албан тушаал тус тус батлагдсан байна.

Харин нэхэмжлэгч С.Б Хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа буюу энэ хэргийн гуравдагч этгээд Б.Оийг Хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтнээр томилогдсон 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртлэх хугацаанд дээрх гуравдагч этгээдийн ажлын байрны чиг үүргийг давхар хэрэгжүүлж байсан бөгөөд хэргийн оролцогчид энэ үйл баримттай маргаагүй байна.

Түүнчлэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/10 дугаар тушаалын хавсралтаар “Нийслэлийн эрүүл мэндийн газрын орон тоо, үйл ажиллагааны чиглэл”-ийн Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн удирдлага нийтлэг үйлчилгээний албанд Хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаал бий болгон орон тоог баталж албан тушаалын “Дэс түшмэл”-ийн ангилал, “ТЗ-5” зэрэглэлтэй байхаар ажлын байрны тодорхойлолтыг төрийн жинхэнэ албан хаагчийн статусаар 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөр баталж мөрдүүлсэн атлаа мөн оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, шаардлагыг хангаагүй этгээдийг хөдөлмөрийн гэрээ байгуулах замаар ажиллуулсан нь энэхүү маргааны үндэслэл болсон гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл Хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтнээр энэ хэргийн гуравдагч этгээд Б.Оийг анх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээр, 14 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 02-ны өдрийн  Б/98 дугаар тушаалаар Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилийн ёс зүй, харилцаа хариуцсан ахлах мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар дээрх албан тушаалд жинхлэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтлана:”, 4.2.2-д “ил тод байх;”, 4.2.4-д “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх;”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх;” гэсэн зарчимтай нийцээгүйн дээр нэхэмжлэгчийн “Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилийн ёс зүй, харилцаа хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байранд өрсөлдүүлээгүй” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруутгах боломжгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч С.Быг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаал гарах үед Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжлийн ёс зүй, харилцаа хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байранд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан болзол шаардлагыг хангасан этгээд ажиллаагүй байсан бөгөөд энэ хуулийн 17.1-д заасанчлан сул орон тоо гарсан гэж үзэж тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх боломжтой байжээ.

Үүний зэрэгцээ 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдөр баталсан Хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын “В тавигдах шаардлага”, “мэргэжил”; “Хүний нөөцийн менежер” гэснийг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан энэ ажлын байрны тодорхойлолтоор “хүний их эмч” гэж өөрчилсөн нь Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ажлын байр(албан тушаал)-ны тодорхойлолт боловсруулах заавар”-ын 4 дэх хэсэгт “Ажлын байрны тодорхойлолтыг ажил эрхлэгчид бус, тухайн байгууллагын зорилт, чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулна” гэсэнтэй нийцээгүй гэж дүгнэхээр байна.

Учир нь Хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан тухайн ажлын байрны зорилго, зорилт түүний агуулга өөрчлөгдөөгүй байхад хүний их эмчийн мэргэжилтэй байх шаардлага тавьж, төрийн албанд 5 жилээс дээш хугацаагаар ажилласан нэхэмжлэгчид тухайн ажлын байранд өрсөлдөх боломжийг олгохгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийн болзол, шаардлага хангаагүй этгээдийг ажиллуулсан нь  Төрийн албаны тухай хуулийн 10, 17 дугаар зүйлд заасан “төрийн  албанд тавих шаардлага, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх,төрийн жинхэнэ албан тушаалд авах”  гэснийг болон төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг зөрчсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж зааснаар хариуцагч Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжлийн ёс зүй, харилцаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд заавал хүний их эмч мэргэжилтэй этгээд ажиллах ёстой талаар хангалттай нотлоогүй болно.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо нь хасагдсан хэдий ч хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэхдээ “....өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...”  гэсэн хуульд заасан хамгийн эхний нөхцөлөөс эхэлж эдлүүлэх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагч албан тушаалын орон тоо нь хасагдсан нэхэмжлэгчийн төрийн албанд тодорхой хугацаанд ажилласан туршлага, мэргэшлийн түвшинг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд өөр бусад мэргэжилтний ажил, албан тушаалд өрсөлдөх боломжоор хангаагүй буруутай.

Энэ нь Нийслэлийн Засаг даргын А/786 дугаар захирамжаар тус эрүүл мэндийн газрын орон тоог 50 хүртэл байхаар шинэчлэн тогтоосноос хойш 5 ажлын байранд шинээр ажилтан авч ажиллууласан атлаа нэхэмжлэгч эдгээр ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр өрсөлдүүлэхгүй байгааг зөвтгөх боломжгүй юм.

Түүнчлэн хариуцагч дээрх төрийн албан тушаалын сул орон тоо гарсан болон сул орон тоо гарсантай адилтгаж болох ажлын байранд нэхэмжлэгчийг өрсөлдүүлэх боломжоор хангаж төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хэрэгжүүлэх замаар  Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжлийн ёс зүй, харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах гэсэн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэв.

Мөн нэхэмжлэгчийн эрхэлж байсан Хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор хэрэгжүүлж байсан өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх, байгууллагыг хууль, шүүхийн өмнө төлөөлөх, нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхолын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг бүртгэх, хянах, хадгалах үүргийг хэрэгжүүлэх зэрэг чиг үүрэг Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжлийн ёс зүй, харилцаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй хэдий ч өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд үүнийг үгүйсгэсэн гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Захигааны хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.2, 4.2.4, 4.2.5, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Быг цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах болон өрсөлдөх боломж олгох арга хэмжээ авахыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин 11970757 (арван нэгэн сая есөн зуун далан мянга долоон зуун тавин долоо)төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газарт тус тус даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.БАТСҮРЭН 

              

                                                        ШҮҮГЧ                                 Н.ДАМДИНСҮРЭН

 

                                                        ШҮҮГЧ                                   А.НАСАНДЭЛГЭР