| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 110/2025/0076/З |
| Дугаар | 221/МА2026/0152 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2026/0152
“Э” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У
Гомдол гаргагч: “Э” ХХК
Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар
Гомдлын шаардлага: “Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0957687 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 002 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, гомдол гаргагч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 110/2025/0076/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Э” ХХК-иас Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт холбогдуулан “Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0957687 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”-оор маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 002 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 6.15 дугаар зүйлийн 10, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасныг тус тус баримтлан “Э” ХХК-ийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийтгэлийн хуудасны “жигнэмэг” мөн “хурааж, утсгахаар аймгийн орон тооны бус зөвлөлд шилжүүлж” гэснийг тус тус хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “16 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 14-ийг нь зөрчилтэй учир устгана гэж байгаа юм. Гэтэл лабораторийн шинжилгээгээр 14 нэр төрлийн 11-д нь юу ч илрээгүй, хэвийн, хүнсэндээ хэрэглэж болох бүтээгдэхүүнүүд гэж гарсан. Үлдсэн 3 бүтээгдэхүүн болох печенийн хайрцаг, хар чавга гэх мэт барааг устгах гээд ялгаад тавьчихсан байсныг хаяг шошгогүй, муудчихсан гэх асуудлаар зориуд лабораторид өгч шинжилгээ гаргахлаар муу гарчхаж байгаа юм. Хуульд заасан тоо, хэмжээ, серийн дугаар нь бичигдчихсэн үйлдвэрлэсэн он, сар, өдөр гэж байгаа. Үүнд савлагдсан болон ургац хураалт нь 2024 оны 10 дугаар сарын бараанууд бөгөөд 2025 оны 02 дугаар сард орж ирсэн байсныг анхан шатны шүүх дүгнээгүй. Түүнчлэн тэжээллэг чанар, орц найрлага дээр уг хүнсний бүтээгдэхүүнүүд урд нь хил гаалиар эко, натурал, оригинал бөгөөд ямар ч нэмэлт бүтээгдэхүүн байхгүй гээд шалгагдаад орж ирж байсан бөгөөд хаяг, шошго бүгдээрээ орос, англи, монгол хэл дээр бичигдсэн байсан гэдгийг гомдолдоо гаргасан. Түүнчлэн Гаалийн газрын 2025 оны 02 дугаар сарын 17-нд Алтанбулаг, Цагаан нуур боомтоор оруулахад шаардлага хангана гээд оруулчихсан байдаг. Яагаад хилээр оруулчихсан юм, хэрвээ хаяг шошгогүй, шаардлага хангахгүй байсан юм бол? Болно гэж оруулж ирчхээд чөлөөт бүс дээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдийг ингэж хохироож байгаад гомдолтой байна. Өнөөдрийг хүртэл манай бүх бараа битүүмжлэгдчихсэн, бүр илүү муудаж байгаа ба цаашлаад хохирол төлбөрийн асуудал яригдана. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Гомдол гаргагч “Э” ХХК-иас “Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт холбогдуулан “Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0957687 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий гомдол гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Шалгалтын удирдамж”-аар Цагааннуур чөлөөт бүсэд худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, “Р” ХХК-ийн баталгаат агуулахад 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тус тус шалгалт хийхээр шийдвэрлэж, шалгалтын гишүүнээр Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан Гаалийн улсын байцаагч Х.Ж-г томилжээ.
3.2. Дээрх хяналт, шалгалтад хамрагдсан “Э” ХХК-ийн агуулахад байсан бараанууд болох 12 төрлийн хатаасан жимс, самрыг хадгалсан агуулахын дээвэр, хана зэрэг нь стандартын шаардлага хангаагүй, дээврээс борооны ус гоожсон, хатаасан жимс нь хөгцөрч муудсан, нянгаар бохирдсон, агуулах дотор хулгана үхсэн, барааны шуудай хайрцаг нь хулганын баасаар бохирдсон, урагдаж гэмтсэн байдалтай, хатаасан жимснүүд нь хаяг, шошгын зөрчилтэй гэж үзэж, ажлын хэсгээс 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр илтгэх хуудас бичжээ.
3.3. Улмаар хариуцагч Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан Гаалийн улсын байцаагч Х.Жанаргүлээс маргаан бүхий 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0957687 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар хаяг, шошгогүй хатаасан жимс худалдан борлуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу “Э” ХХК-ийг 3,000,000 төгрөгөөр торгож, хатаасан жимс, самар, жигнэмэг зэрэг барааг хурааж устгахаар аймгийн орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих” гээд 10-д “Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
4.1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, гомдол гаргагч “Э” ХХК-ийг шошгын мэдээллийн шаардлага хангаагүй, шошгогүй хатаасан жимс худалдан борлуулсан гэж буруутгаж, Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан Гаалийн улсын байцаагчаас шийтгэлийн хуудас оногдуулсан байх боловч ямар үндэслэлээр хатаасан жимс, самар, жигнэмэг зэрэг барааг хураах, устгахаар аймгийн орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байна.
4.2. Энэ талаар маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэлд дурдагдаагүй бөгөөд зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хаяг, шошгоны зөрчилтэй гэж хураагдсан жигнэмгийн талаар нотлох баримт байхгүй, улсын байцаагчаас үүнтэй холбоотой ажиллагаа хийж, зөрчлийг бүрэн дүүрэн тогтоосон, нотлох баримтаар бэхжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
4.3. Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т “3өрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж заасан байх ба зөрчилд холбогдогч “Э” ХХК-иас маргаж байгаа тохиолдолд хариуцагчаас ямар үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.
4.4. Анхан шатны шүүх дээрх үндэслэлүүдийг дурдаж, маргаан бүхий 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0957687 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудасны “жигнэмэг” мөн “хурааж, утсгахаар аймгийн орон тооны бус зөвлөлд шилжүүлж” гэснийг тус тус хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
5. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд “Зөрчил шалгах ажиллагаа” гээд 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2.-т “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ”, 3-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана”, 4.4 дүгээр зүйлд “Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах” гээд 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно” гэж тус тус заасан.
5.1. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, хаяг, шошгоны зөрчилтэй гэх жигнэмгийн талаарх нотлох баримт байхгүй, хатаасан жимс, самар, жигнэмэг улсын хилээр орж ирэхдээ хаяг, шошгоны зөрчилтэй байсан, эсхүл чөлөөт бүсэд хадгалагдаж байхдаа хаяг, шошгоны зөрчилтэй болсон эсэх талаар баримтыг бүрдүүлээгүй. Энэ талаар гомдол гаргагчаас тайлбарлан маргаж байгаа буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу бүрэн явагдаагүй, шийтгэлийн хуудас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.
5.2. Энэхүү ажиллагаа нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн буюу улсын байцаагчийн үйл ажиллагаанд хамаарч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу маргаан бүхий актыг түдгэлзүүлж, улсын байцаагчаас дахин шинэ акт гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
5.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий актын биелэлтийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 002 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0957687 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0957687 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэг зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ