Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00764

 

 

   “Б Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01662 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1673 дугаар магадлалтай,

“Б Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Ш Ө Т” ХХК-д холбогдох

2019.06.18-ны өдрийн бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 55,692,000 төгрөг, алданги 25,908,196 төгрөг, нийт 80,858,196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булгантамирын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Б Т” ХХК нь Ш Ө Т ХХК-д холбогдуулан 2019.06.18-ны өдрийн бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 55,692,000 төгрөг, алданги 25,908,196 төгрөг, нийт 80,858,196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01662 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ш Ө Т” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 50.000.000 төгрөг, гэрээний 2.1-т заасны дагуу үндсэн төлбөр 55.692.000 төгрөгийн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд ногдох 121 хоногийн алданги 20.216.196 төгрөг, үндсэн төлбөр 50.000.000 төгрөгийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ногдох 33 хоногийн алданги 4.950.000 төгрөг, нийт 75.166.196 /Далан таван сая нэг зуун жаран зургаан мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б Т” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Б Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 562.241 /таван зуун жаран хоёр мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш Ө Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 533.780 /таван зуун гучин гурван мянга долоон зуун наян/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б Т” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1673 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булгантамир хяналтын гомдолдоо: ...Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх заалтыг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэгдүгээрт. 1673 тоот магадлалын хянавал хэсэгт: “Хариуцагч үндсэн төлбөрийн үлдэгдлийг 50,000,000 төгрөгөөр тэглэн тооцоо нийлэхдээ алданги төлөхгүй талаар харилцан тохиролцсон гэх үндэслэлээр алдангийг зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдолдоо заасан ч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, мөн анхан шатны шүүхэд уг асуудлаар мэтгэлцээгүй байна” гэжээ гэтэл хариуцагч болох “Ш Ө Т” нь энэ тухай буюу 50,000,000 төгрөг болгон тэгшлэн тооцоо нийлэхдээ харилцан тохиролцсон тухайгаа надад 2020.07.07 өдөр тодорхойлж мэдэгдсэн бөгөөд энэ тухайд анхан шатны шүүхэд харилцан мэтгэлцээгүй болон харилцан хэлэлцэн тохиролцсон аман хэлбэрийг хэлэлцээрийг нотлоход бэрх байсан учир давж заалдах шатны шүүхэд нотлох баримт гаргаж боломжгүй байв. Иймд тухайн төлбөрийг төлснөөр талууд үлдэгдэл 50,000,000 төгрөгний үндсэн үнийн дээр алданги тооцохгүй байхаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь 2020.03.17-ны өдрөөс 2020.04.20 өдөр хүртэл 33 хоногийн алданги болох 4,950,000 төгрөгийг нэмж шаардсан ба үүнийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн байна. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож хяналтын гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч “Б Т” ХХК нь хариуцагч “Ш Ө Т” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 80,858,196 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн төлбөрийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, 2019.11.09-2020.03.17-ны өдөр хүртэл үндсэн төлбөр 55,692,000 төгрөгт хоног дутамд 0.3 хувиар тооцож, нийт 121 хоногийн алданги 20,216,196 төгрөг, 2020.03.17-2020.04.20-ны хүртэл хугацаанд үндсэн төлбөр 50,000,000 төгрөгт 33 хоногийн алданги 4,950,000 төгрөг, нийт 75,166,196 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ багасгасан.

Хариуцагч 50,000,000 төгрөгийг зөвшөөрч, бетон зуурмагийн чанар муу байсан, алданги тооцохгүй гэж тохиролцсон гэх үндэслэлээр маргажээ.

7.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2019.06.18-ны өдрийн бетон зуурмаг худалдах- худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь 2019.10.30-2019.11.09-ний хугацаанд хүлээн авсан бетон зуурмагны төлбөрөөс 50,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтууд, хоёр байгууллагын нягтлан бодогч нарын баталгаажуулсан “тооцооны үлдэгдлийн баталгаа”, “Б Т” ХХК-аас 2019 онд “Ш Ө Т” ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагийн тооцоо гэх баримтуудаар тогтоогджээ.

9. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн, маргааны зүйлийг зөв тодорхойлсон, гэрээний үүрэг, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг үндэслэлтэй дүгнэсэн байна.

10. Худалдан авагч “Ш Ө Т” ХХК нь хүлээн авсан бетон зуурмагийн үнэ 50,000,000 төгрөг төлөхийг маргаагүй бөгөөд төлөх хугацааг хэтрүүлж, үүргээ зөрчсөн тул гэрээний 2.1-т “Захиалагч тал үйлдвэрлэсэн бетон зуурмагийн үнэ, тээврийн зардлыг хугацаандаа төлж чадаагүй бол төлөгдөөгүй мөнгөний дүнгээс хоног тутам 0.3 хувийн алданги тооцож нийлүүлэгчид төлнө” гэж зааснаар алданги төлөх үүрэгтэй, шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Алданги тооцохгүй талаар тохирсон гэх татгалзлаа хариуцагч нотлоогүй, нэхэмжлэгч нь алданги гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаагүй тул алдангийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01662 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1673 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 94,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ