| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 188/2019/1242/Э |
| Дугаар | 439 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 439
188/2019/1242/Э
2020 04 09 2020/ДШМ/439
У.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Анхцэцэг,
шүүгдэгч У.М-,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.М-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1708024370946 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 15 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан;
У.М- нь иргэн В.О-г “ажилд оруулж өгнө”, “notebook авч өгнө” гэж хуурч мэхлэн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 630.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 130.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 760.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: У.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .М-ыг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 8 /найм/ сарын хорих ялаар шийтгэж, энэ тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ жил 9 /ес/ хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 286 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, У.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би цагдан хоригдож байхдаа мөрдөгчид В.О-г хуурч мэхэлсэн үйлдлээ ярьж өөрийгөө илчилсэн. Анх байцаалт авахад би болсон бүх хэргээ ярьж В.О-д учруулсан бүх хохирлоо төлж барагдуулахаа хэлсэн. Мөрдөгч дахин ирж мэдүүлэг аваагүй байтал 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр надад холбогдох хэргийн шүүх хурал болоход би прокурор А.Нямсүрэнд “В.О- гэх хүнийг залилан мэхэлсэн гэмт хэрэг байгаа. Мөрдөгч н.Бямба-Эрдэнэ гэх хүн шалгаж байгаа” гэхэд прокурор А.Нямсүрэн намайг загнаж “АСАП сангаас шалгахад В.О- гэх хүн чамд өргөдөл гомдол гаргаагүй байна. Битгий худлаа ярьж шүүх хурал үймүүлээд бай” гэж загнан дуугүй болгосон. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад 6 жилийн хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 3 жилийн хорих ял болгон өөрчилсөн. Ингээд 409 дүгээр хорих ангид хүмүүжиж байхад 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч ахлах дэслэгч н.Өлзийжаргал ирж цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Тэгээд 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр шүүх хурал болоход прокурор Х.Анхцэцэг нь хохирогч В.О- шүүгдэгч У.М-д гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдэгдэж шүүхэд хүсэлт гаргасныг хавтаст хэрэгт хавсаргасан гэж хэлсэн боловч шүүх хуралдаан даргалагч шийтгэх тогтоол уншихдаа У.М- нь бусдад төлөх хохирол, төлбөртэй тул хаалттай хорих байгууллагад 8 сарын хорих ял оногдууллаа гэж уншсан. Үүний дараа шүүгчийн туслах орж ирэн “М-а сая шүүгч андуураад чамайг хохиролтой гээд тогтоол уншчихлаа. Шийтгэх тогтоол бичихдээ бусдад төлөх төлбөргүй гээд биччихнэ” гэж хэлэхээр нь би “сая намайг хохиролтой, гомдолтой гэж үзээд ялласан. Одоо тэгээд би яах вэ” гэхэд “одоо яахав дээ, давж заалдах шатны шүүхэд давж заалд” гэж хэлсэн. Миний бие анхнаасаа өөрийгөө илчилж гэм буруугаа хүлээсэн боловч мөрдөгч, дэслэгч н.Бямба-Эрдэнэ гэх хүн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс хойш дахин мэдүүлэг авалгүй орхиж, ажлаа дуусгаагүйн улмаас миний эрх зүйн байдал дордож байна. ...” гэв.
Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх хэргийг хянан хэлэлцээд У.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. У.М-ын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлэж байсан учраас улсын яллагчийн зүгээс хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. Шүүхээс хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордох учраас өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичих нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан. Үүний дагуу 2019 оны 7 дугаар сард Улсын Дээд шүүхэд дүгнэлт бичсэн бөгөөд Дээд шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал байхгүй, өмнөх шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх боломжтой” гэж үзэж хэргийг хэлэлцэлгүй буцаасан. Шүүгдэгч У.Мөнхтулга анхан шатны шүүхийн шүүгч шийтгэх тогтоол уншихдаа “У.М- нь бусдад төлөх төлбөртэй, хохирогч гомдолтой тул хаалттай хорих байгууллагад 8 сарын хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэлээ” гэж танилцуулсан атлаа шийтгэх тогтоолд “бусдад төлөх төлбөргүй” гэж бичигдсэн учраас давж заалдах гомдол гаргасан гэж яриад байна. Энэ нөхцөл байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, шүүгдэгчийг төлөх төлбөргүй талаар шийтгэх тогтоолд дурдсан, энэ нь шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордоогүй, түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, У.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч У.М- нь хохирогч В.О-г “ажилд оруулж өгнө”, “notebook авч өгнө” хэмээн хуурч 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр түүнээс 630.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 130.000 төгрөг, нийт 760.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч В.О-гийн “...”М- “би таньдаг программист найзаасаа 2.100.000 төгрөгийн үнэтэй notebook авахаар болчихлоо, хугацаатай санхүүгийн программыг нь үнэгүй суулгаж өгнө гэж байна, урьдчилгаа 1.050.000 төгрөг гэсэн. Би 450.000 төгрөгийг нь гаргая, чи 600.000 төгрөг миний /106100041035/ Төрийн банкны данс руу шилжүүлчих” гэхээр нь би тэр дор нь 600.000 төгрөг шилжүүлсэн. ...2017 оны 11 дүгээр сарын 2-ны орой 23 цагийн орчим над руу залгаад “notebook”-ны чинь программыг татаад дуусчихлаа, хаана аваачиж өгөх вэ”, IT нь гар хараад байна” гэж мессеж бичсэн. Тэгснээ “надад 70.000 төгрөг байна, хоёулаа 200.000 төгрөг болгоод өгье, дахиад 130.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь тэр дор нь интернет банкаар 130.000 төгрөг шилжүүлсэн. ...” /хх 17-18/,
У.М-ын яллагдагчаар өгсөн “...би В.О- руу залгаад “хувийн компанид ажилд оруулж өгье, зөөврийн компьютер хэрэгтэй, байгаа юу” гэхэд “байхгүй” гэхээр нь би “таньдаг хүнээсээ хямд олоод өгнө” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн Төрийн банкны дансаар 750.000 төгрөг авсан. ...” /хх 57-60/ гэх мэдүүлгүүд,
В.О-гийн Голомт банкны дансны хуулга /хх 50/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн У.М-ыг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч У.М- нь “...анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол уншихдаа хохирол төлбөр төлөгдөөгүй мэтээр танилцуулж, 8 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ гэсэн атлаа шийтгэх тогтоолд төлөх төлбөргүй гэж бичсэн, мөн В.О-г залилсан талаар мөрдөгчид хэлсээр байтал хэргийг нэгтгэж шийдвэрлээгүй нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дуу, дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шийтгэх тогтоолыг уншиж танилцуулахдаа “...шүүгдэгчээс 260.000 төгрөг гаргуулж хохирогч В.О-д олгохоор шийдвэрлэв...” гэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэж зөрүүтэй байдлаар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9-д заасан ноцтой зөрчил хэдий ч энэ нь шүүхийн шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөөгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээргүй байна.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч У.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулсныг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон хохирогч В.О-гийн “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” /1хх 243/ гэсэн хүсэлт зэргийг харгалзан тухайн зүйл, заалтад заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ял болгон өөрчлөхөөр шийдвэрлэв.
Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 476 дугаартай тогтоолоор “...У.М-ын сүүлд илэрсэн гэх үйлдлүүдэд гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар...” шийдвэрлэх боломжтой. Түүний эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй үйлдлийг эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үйлдлүүдтэй нь нэгтгэснээр хүчин төгөлдөр шийдвэртэй гэмт хэргийн зүйлчлэл хөнгөрөх, хүндрэх, ямар нэг өөрчлөлт орох үндэслэл бүхий нөхцөл байдал илрээгүй...” гэх үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан У.М-д энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч У.М-ын гаргасан “...хэргийг нэгтгэж шийдвэрлээгүйгээс эрх зүйн байдал дордсон. ...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын 2, 3, 4 дэх заалтуудад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 139-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-ыг 8 /найм/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-ыг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.М-д энэ тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ял дээр өмнөх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ний өдрийн 619 дугаартай магадлалаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.М-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 10 /арав/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж,
4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.М-ын эдлэх 2 жил 9 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.М-ын 1 /нэг/ жил 10 /арав/ сар 9 /ес/ хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. …” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч У.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
,