Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0260

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б********

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн Боловсролын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох тухай захиргааны акт гаргахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах, нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дүгээр захирамжийн 157 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б********, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн миний бие нь ам бүл зургуулаа бөгөөд дунд охин, бага хүү маань Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд сурдаг бөгөөд миний бие нь тус сургуулийн эцэг, эхийн зөвлөлийн даргаар ажилладаг.

Манай хорооны хүн ам өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа боловч өөрийн байртай улсын гэх нэг ч сургууль, нэг ч цэцэрлэг байхгүй байгаад үнэхээр харамсалтай байна. 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 26 дугаар хороо нь 22,337 хүн амтай байсан бол 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 24,429 хүн амтай болж, 4  сарын дотор 2,092 хүнээр нэмэгдсэн бөгөөд 2020 оны эцсийн байдлаар 28 мянган хүн амтай байгаа нь Багануур дүүргийн хүн амтай тэнцэж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 31 мянга гаруй хүн амтай байгаа нь нийслэлийн хамгийн их хүн амтай хороо болж байгаа юм. Гэтэл Багануур дүүрэгт улсын 3 сургууль, 9 цэцэрлэг байна. Манай хорооны хүн ам Говь-Сүмбэр аймгийн хүн амаас 1,8 дахин их, Багануур дүүргийн хүн амаас 1,1 дахин их хэмжээтэй байхад, Сүхбаатарын талбайгаас 2 км буюу хотын А зэрэглэлийн бүсэд байгаа хүүхдүүд эрхээ эдэлж чадахгүй, төр засгийн удирдлагууд гэр хорооллын хүүхдүүдэд их анхаарал хандуулдаг мөртлөө хотын төв шинэ сууршлын бүсэд байгаа манай хорооны хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байхад тоохгүй 10 гаруй жил болсонд үнэхээр хэлэх үг алга.

Манай хороонд төрийн ерөнхий боловсролын сургууль 3, цэцэрлэг 5-7 шаардлагатай юм. Гэтэл Улсын Их Хурлын зарим гишүүд, Боловсрол,соёл, шинжлэх ухааны яамны болон нийслэлийн удирдлагуудаас 133 дугаар сургуулийг хичээлийн шинэ байртай болгочихвол бүх асуудал шийдэгдэх мэтээр тайлбарлаж байгаа нь үнэхээр өрөөсгөл юм. Учир нь цаашид манай хороонд орон сууцны барилга байнгын ашиглалтад их орж байгаа учраас шилжилт хөдөлгөөн их байгаа, манай хорооны иргэдийн ихэнх нь залуу гэр бүл учраас хүүхдүүд улам нэмэгдэж байгаа юм.

Монгол Улсын 2020 оны статистик мэдээгээр манай хороонд 6 настай – 683, 5 настай -700, 4 настай -800 гаруй хүүхдүүд байна.

Эндээс сургуулийн насны хүүхэд нэмэгдэх хандлагатай бөгөөд 133 дугаар сургуулийн тоон мэдээллийг харахад жил ирэх тусам сурагчдын тоо нэмэгдсэн байна.

133-р сургуулийн сурагчдын тоон мэдээлэл

Хичээлийн жил

Анги бүлэг

 

Анги дүүргэлт

Сурагчдын тоо

1

2017-2018

27

32

866

  

2018-2019

36

49

1531

 

2019-2020

43

38

1632

 

         2020-2021

49

42

2062

Иргэн миний бие Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргад бүртгүүлсний дагуу 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл 26 дугаар хорооны иргэдтэй уулзаж, тус хорооны сургууль, цэцэрлэгийн талаар мэдээлэл өгөх, санал солилцох, Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль буюу бага, дунд, ахлах сургууль болгох, өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж буй О*********** ХХК-ийн маргаан бүхий газарт бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, одоогийн 133 дугаар сургуулийн барилгад дунд сургууль, хэдийгээр хорооны байрнаас 4 км газарт буй ч 2018-2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй хичээлийн байранд ахлах сургууль байгуулахыг дэмжиж, 1500 эцэг эх гарын үсэг зурж дэмжсэн.

Нийслэлийн Засаг дарга 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн захирамжаар тус хорооны Олимп хотхонд 7500 м2 газрыг Нийслэлийн боловсролын газарт эзэмшүүлж, бага сургууль цэцэрлэгийн барилга барихаар болсон боловч уг газрын өмнөх эзэмшигч И****** ХХК-ийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 191 дүгээр шийдвэрээр Засаг даргын шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр  үлдээсэн болно. Энэ маргаан эцэслэгдэж дуусвал уг газарт бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдана гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зүгээс хэлдэг юм.

Зам тээвэр,барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 305 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсын Барилгын норм ба дүрэм “Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлтийн дүрэм”-ийн 2.6-д “Ерөнхий боловсролын сургууль руу хүүхэд явганаар явахад 500 м-ээс ихгүй зайтай байршуулахыг оновчтой гэж үздэг” гэж заасан болон "Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах норм, дүрэм БНбД II-66-88" барилгын норм дүрэмд тухайн суралцагчийн оршин суугаа газраас ерөнхий боловсролын сургууль 750 м зайд байхаар тус тус заажээ.

Боловсролын тухай хуулийн 28¹ дүгээр зүйлийн 28¹.1 “Аймаг, нийслэлийн боловсролын газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 28¹.1.2 ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад санал болгох”, 30 дугаар зүйлийн 30.1 “Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 30.1.3 орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх” гэж тус тус заасны дагуу нийслэлийн Боловсролын газраас 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох асуудлаар Нийслэлийн Засаг даргад санал, дүгнэлт гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой юм.

Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны эцэг эхчүүд 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгохыг дэмжиж, 1500 эцэг эх гарын үсэг зурсан байгаа нь маргаан бүхий захиргааны акт гаргахад Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан тусгай зарчмыг хангаж байгаа юм. Өөрөөр хэлбэл манай хорооны болон 133 дугаар сургуулийн эцэг эхчүүд надтай нэгэн адил санаа зорилготой байгааг харуулж байна.

Гэтэл Нийслэлийн боловсролын газар 2018-2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг ээлжиндээ 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилгад өөр сургуулийн дугаар олгож, шинээр сургууль байгуулахаар төлөвлөж байгаа нь Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлд заасан ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл уг шинээр байгуулах сургууль нь манай хорооны хороолол, хотхонуудаас 3-4 км зайтай тул ямар хотхоны хүүхдүүд нь 4 км зайтай, ямар хотхоны хүүхдүүд нь 0,5-1,0 км зайтай сургуульд сурах нь Үндсэн хуулийн дээрх заалт болон барилгын норм дүрэмд заасан сургуульдаа явганаар явах эрх зөрчигдөж болзошгүй байна.

133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргасныг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн боловсролын газарт шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тус газраас ямар нэгэн хариу гараагүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь гомдол гаргах хугацаа хэтрээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн болно.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр манай хүүхдүүдийн Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 7-д заасан ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл 133 дугаар сургуулийн анги танхим хүрэлцээтэй, хүүхдүүдийн сурч боловсрох стандарт норм дүрэм хангагдаж байвал багшаасаа давтлага авах, хичээлээс гадуур дугуйлан секцэд хичээллэх зэрэг манай хүүхдүүдийн өөрийгөө хөгжүүлэх эрх нээлттэй болно. Шинээр ашиглалтад орох сургууль тусдаа дугаартай сургууль болвол одоогийн 133 дугаар сургуулийн ачаалал эрс нэмэгдэж, 3-4 ээлжид шилжвэл манай хүүхдүүдийн сурч боловсрох эрх асар ихээр зөрчигдөх нөхцөл байдал үүснэ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, хариуцагч нарын Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох тухай захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох захиргааны акт гаргахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 2 дахь заалт БНбД 31-113-11 “Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлтийн дүрэм, БНбД II – 66 – 88 норм дүрмийн зохих заалтыг зөрчиж гарсан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дүгээр захирамжийн 157 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэмж гаргасан тайлбартаа: “Манай хорооны зарим хүүхдүүдийг 133 дугаар сургууль, заримыг нь 21 дүгээр сургуульд сургахаар хамран сургах тойргийг тогтоож байсан. Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 2-т заасан ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн заалтын хүрээнд манай хороонд цогцолбор сургууль байгуулах нь зөв. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр захирамж гаргаж 157 дугаар сургууль гэж байгуулахдаа үндэслэл нь Баянзүрх дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны хүүхдүүд сурдаг 14, 30, 147 дугаар сургуулиудын ачааллыг багасгах гэсэн. 26 дугаар хорооны хүүхдүүдийн эрх ашгийг энэ үндэслэлдээ огт дурдаагүй.

Хэдхэн хоногийн өмнө Хот байгуулалт хөгжлийн газарт хийсэн үзлэгээр эдгээр хорооны хүүхдүүд нь манай хороонд баригдаж байгаа сургууль руу явахад 5,4км-5,9км замыг туулах юм. 26 дугаар хорооны Засаг даргаас 2022 оны 01 дүгээр сард ирүүлсэн бичигт 6-18 насны 8500 хүүхэд манай хороонд байна гэсэн. Тэгэхээр тухайн 3 сургууль нь цогцолбор сургууль болоод ч ерөнхий боловсролын сургуулийг үнэ төлбөргүй эзэмших эрхээ эдэлж чадахгүй байна. Бага, дунд, ахлах гэж 3 сургууль баригдвал Олимп хотхонд баригдаж байгаа сургууль 1 дүгээр ээлжиндээ 640, 2 дугаар ээлжиндээ 640 буюу нийтдээ 1280 хүүхэд явах юм. 133 дугаар сургууль мөн адил 1 дүгээр ээлжиндээ 640, 2 дугаар ээлжиндээ 640 хүүхэд, тухайн 2 сургууль нийлээд 2560 хүүхэд сурч болж байгаа юм. 157 дугаар сургуулийн хичээлийн барилга нь 1 ээлжиндээ 920 , 2 ээлжиндээ 1840 хүүхэд сурна, ингээд 3 сургуульд нийтдээ 4300 хүүхэд Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрхээ эдлэх боломжтой болно.

Иргэн Б.Б******** зүгээс 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох талаар Улсын Их Хурлын дарга, Засгийн газар, Боловсролын сайд, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн боловсролын газарт байнга албан бичиг хүсэлт явуулж байсан. Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн боловсролын газар руу “133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох талаар судалж хариу өгнө үү” гэсэн үүрэг өгсөн боловч харамсалтай нь Баянзүрх дүүргийн боловсролын газрын санал болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн боловсролын газрын саналаар 157 дугаар сургууль гэж дугаар олгосон.

 Баянзүрх дүүргийн Засаг даргаас ирсэн тайлбарт ”Олимп-100 гэсэн хотхоны хүүхдүүд сурах юм” гэсэн үндэслэлгүй тайлбар хэлсэн. Ирээдүйд баригдах орон сууцны хүүхдүүдэд зориулж 157 дугаар сургууль гэсэн дугаар олгосон гэж тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Манай хүүхдийг 157 дугаар сургуульд сургах магадлалтай. Тэгэхээр 133 дугаар сургууль болгоод хамран сургах тойргоор сургавал 26 дугаар хорооны хүүхдүүд Үндсэн хуульд заасан эрхээ нэгэн тэгш эдлэх юм. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн боловсролын газарт “133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгож өгнө үү” гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч  шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байна. 157 дугаар сургуульд дугаар олгосон захирамжийн тухай Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүссэний дараа энэ дугаарыг олгосныг мэдсэн. 157 дугаар сургууль гэж дугаар олгосон захирамжийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

1500 эцэг эхчүүдийн гарын үсэг зуруулсан баримт анхнаасаа гарчиг болон доор бичигдсэн үг хэвээр байгаа. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгохыг дэмжиж буй эцэг эхчүү, иргэд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс  2019 оны 09 дүгээр сарын 01 хүртэл маргаан бүхий И**** ХХК-ийн Олимп хотхоны дунд баригдах бага сургууль, цэцэрлэг, 133 дугаар сургуулийн одоо байгаа барилгад дунд сургууль, 2020 онд ашиглалтад орох барилгад ахлах сургууль гэж тодорхой бичээд гарын үсэг зуруулсан. Энэ гарын үсгүүдийг хуурамчаар хийх ямар ч боломжгүй. Гарчиг нь анх гарын үсэг зурахад л байсан.

Миний хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байгаа учраас зөрчигдөж болзошгүй эрх гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Миний 2 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн насны, тэр агуулгаараа хүүхдийнхээ сурч боловсрох эрхийг хамгаалж нэхэмжлэл гаргасан. Өөр бусад этгээдүүдийг төлөөлөөгүй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно. Нийслэлийн боловсролын газар 2019, 2020, 2021 оны хамран сургах тойргийг тогтоохдоо манай хүүхдүүдийг дандаа 21 дүгээр сургуульд хамран сургах тойргоор тогтоодог. Хэрэв 157 дугаар сургууль хэвээр байвал 21 дүгээр сургууль руу хуваарилагдсан хүүхдүүд бүгд 157 дугаар сургуульд сурах эрсдэлтэй байдал үүсэж байна. Гэтэл манай хүүхэд 133 дугаар сургуульд сурч байгаа. Гэрээсээ алхаад 15-20 минутад сургуульдаа ирдэг. 157 дугаар сургууль хэвээр үлдвэл манай хүүхэд гэрээсээ 3,3 км газар явах асуудал үүсэж байна. Энэ нь барилгын норм, дүрэмтэй яагаад ч тэнцэхгүй байна. Энэ нь зөрчигдөж болзошгүй эрх юм. 157 дугаар сургууль ашиглалтад ороход Нийслэлийн боловсролын газар хамран сургах тойргийг тогтоохдоо 21 дүгээр сургуульд сурч байгаа манай хорооны хүүхдүүдийг бүгдийг нь 157 дугаар сургууль руу хуваарилах магадлалтай. Хэрвээ 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болговол одоо байгаа 133 дугаар сургууль дээр бага ангиа хичээллүүлэх боломжтой. 133 дугаар сургуульд сурч байгаа 1-5 дугаар ангийн хүүхдийн тоо 1200 юм. Тэгэхээр энэ нь 1200 хүүхдийг бага сургууль болгочихоод 1200 хүүхдийг сургаад явах, үлдэгдэл дунд болон ахлах ангийн хүүхдүүдээ одоогийн 157 дугаар сургууль руу хуваарилбал хүүхдүүд сурч боловсрох эрх нь шийдэгдэнэ. Барилгын норм, дүрэм гэдэг маань Барилгын тухай хуулиараа заавал биелэгдэх ёстой.  157 дугаар сургуультай холбоотой захирамжийг хэвээр нь үлдээвэл энэ сургуульд бага, дунд, ахлах ангийн хүүхдүүд сурна. Тэгэхээр одоо 133 дугаар сургуульд сурч байгаа манай хүүхэд мэтийн хүүхдүүдийг 157 дугаар сургууль руу хуваарилахад Үндсэн хуулиар олгогдсон хорооллоосоо шалтгаалж ялгаварлан гадуурхах байдал тогтоно. Үндсэн хуульд заасан тэгш зарчим алдагдана. Тэгш зарчим гэдэг нь яг манай урд талын Олимп хотхоны хүүхдүүд 133 дугаар сургуульд явдаг. Манай хүүхэд замын хойно байдаг болохоор хол байрлах 157 дугаар сургуульд сурах нөхцөл байдал үүсэж болзошгүй байна.

Иргэн миний Үндсэн хуулиар олгогдсон иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй. Гомдол өргөдлийг хууль дүрмийн хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй. Энэ гомдлыг маань шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж байна. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 157 гэсэн дугаар олгохдоо захирамжийн үндэслэл дээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хүүхдүүдийн эрх ашгийг судалж үзсэн үү гэхэд үзээгүй гэж байна. Гэтэл энэ захирамж миний хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болж байгаа. Яагаад гэвэл манай хүүхэд одоо 133 дугаар сургуульд сурч байтал энэ захиргааны актын улмаас 157 дугаар сургуульд сурах нөхцөл байдал үүсэж байна. Иймд Монгол Улсын Барилгын тухай хууль, барилгын норм, дүрэмд тэнцэхгүй.

Олимп хотхонд 3 жил шүүхийн маргаан явсаар эцэслэгдэн шийдвэрлэгдээд одоо сургууль барих болсон. Улсын төсөвт 3 жилээр гэж баталсан боловч чадалтай компанийг оруулаад 1 жилийн дотор барих нөхцөл байдлыг бүрдүүлж ажиллана гэж Боловсролын яамнаас мэдэгдэж байгаа. Тэгэхээр энэ 2023 оны 09 дүгээр сар гэхэд ашиглалтад орох юм. Энэ сургуульд бага сургууль байгуулбал манай хорооны бүх хотхоноос ирэх хүүхдүүд бүгд 500метрт сурах боломжтой нөхцөл байна. Барилгын төлөвлөлтөд бага, дунд, ахлах сургуулийн шаардлага өөр өөр байдаг. Хариуцагчийн хэлж байгаагаар тухайн үедээ бид нөхцөл байдлаа судлаад 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгож шийдвэрлэж магадгүй гэж хэлж байна. Гэтэл одооноос төлөвлөхгүй бол болохгүй. Бага ангийн хүүхдийн ширээ, парт бүгдийг бэлдэх ёстой. Ахлах болон дунд ангийн шаардлага өөр байдаг. Одоо байгаа 133 дугаар сургуульд бага ангийг сургахаар шийдвэл стандарт норм дүрмээ баримтлаад бага ангийн хүүхдүүдийг сургах үргүй зардал гаргахаас сэргийлэх боломжтой.

Ингээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хүн ам байнга өсдөг.  Шүүх шийдвэрээ гаргахдаа 26 дугаар хорооны хүн амыг харгалзаж үзээсэй. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Засаг даргын албан бичигт нийтдээ 22337 хүн буюу сургуулийн насны 4549 хүүхэд сурч байна гэсэн. Гэтэл үүнээс 4 сарын дараа буюу 08 дугаар сарын 27-ны өдөр 24429 хүн,  1650 хүүхэд амьдарч байна. Сургуулийн насны 1000 хүүхэд нэмэгдсэн байна. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичигт 32246 хүн амтай, үүнээс сургуулийн насны 8585 хүүхэд амьдарч байна.

133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгосон ч манай хорооны хүүхдүүдийн эрх хангагдахгүй нөхцөл байдал байгаа. Хэдийгээр би хорооны эцэг эхчүүдийг төлөөлөөгүй боловч Үндсэн хуулиар жагсаал цуглаан хийх эрхийнхээ хүрээнд өөрийн шаардлагыг гаргаж 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгохыг дэмжиж 1500 эцэг эх 3 хоногийн дотор гарын үсгээ зурсан. Гараагүй захирамж, гараагүй тушаалд гомдол гаргаад шүүхээр яваад байна гэдэг. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхдээ зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхаарч үзээсэй.  Нотлох баримт шинжлэн судлахад сүүлийн 3 жилийн хугацаанд миний бие 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох талаар Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Засаг дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан нь нотлогдож байна. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа.  Засгийн газар болон төр засгаас сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмж ажиллаж байгаа боловч доод шатанд гаргаж байгаа шийдвэрүүд нь тухайн хэрэгцээнд хүрэхүйц биш байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванесдүгээр зүйлийн 1-д Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. Тэгэхээр Барилгын тухай хууль, барилгын норм, дүрэм, Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т мөн эзэмшүүлэх боловсролын түвшинг харгалзан ерөнхий боловсролын сургуулийг бага, дунд, ахлах сургууль гэж ангилна. Бага, дунд, ахлах сургууль нь цогцолбор хэлбэрээр хоршин ажиллаж болно гэсэн байгаа. 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгохыг төрөөс иргэний өмнө эрхийг нь эдлүүлэхийг хариуцаж байгаа үйлдэл. Хамрах сургах тойргийг тогтоохдоо тухайн үедээ шийдвэрлэж болно гэж яриад байна. Гэтэл бага, дунд, ахлах сургуулийн норм, стандарт өөр. 157 дугаар сургууль хэвээр нь байлгаад парт ширээ сандал зэргийн худалдан авалт хийх ёстой. Нэхэмжлэгчийн яриад байсан цогцолбор сургууль болговол нөгөө парт ширээгээр хангах боломжгүй. Үндсэн хуульд хүлээсэн үүрэг байна шүү дээ. Хөндөгдөж болзошгүй эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм.

133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох хүсэлт удаа дараа гаргаж байхад энэ хүсэлтийг маань шийдвэрлэхгүй байгаа нь эс үйлдэхүй болохыг тогтоолгож, 133 дугаар сургуульд сурдаг хүүхдүүдийн эцэг эх болон миний хувьд сөрөг нөлөөлөлтэй захиргааны акт болох  2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 211 дүгээр захирамжийг хууль бус болохыг тооцож, 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгохыг даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

4. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль байгуулах, өөрчлөх, татан буулгахтай холбоотой асуудал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5б дахь заалт, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/211 тоот захирамжаар 157 гэсэн сургуулийн дугаарыг олгосон байна.

Мөн тухайн дүүргийн Засаг дарга болон Боловсролын хэлтсээс төрийн өмчийн ерөнхий боловсролын 157, 133 дугаар сургуулийг тусдаа бие даасан сургуулиар хөгжүүлэх саналыг дараах үндэслэлээр ирүүлсэн байна. Үүнд: Тус төрийн өмчийн ерөнхий боловсролын 133,157 дугаар сургууль нь бие даасан барилга байгууламжтай ерөнхий боловсролын сургуулийн статусыг бүрэн хангасан шинэ тутам байгуулагдсан сургуулиуд учраас нэгдсэн цогцолбор байдлаар удирдах чадамж хараахан бүрдээгүй байгаа тул тус сypryyлиудыг бие даасан байдлаар хөгжүүлэх нь илүү тохиромжтой.

Байршлын хувьд 4 км-ийн зайтай тул сургуулийн насны хүүхдүүд хэт хол зорчин явах эрсдэлтэй. Мөн шинээр баригдаж байгаа 157 дугаар сургуулийн байршилд Дүнжингарав орон сууцны хороолол баригдахаар төлөвлөгдсөн байгаа бөгөөд түүнийг дагаад сургуулийн насны хүүхдүүд нэмэгдэх нь зайлшгүй бөгөөд хүүхдийн аюулгүй, эрсдэлгүй байдлыг ханган боловсролын үйлчилгээг ойроос хүргэхэд тус сургууль бие даасан ерөнхий боловсролын сургууль байх нь зөв.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн хүүхдийн тоо жил тутам өсөж байгааг харгалзан хамран сургах тойрог дээр зохицуулалт хийснээр 2 сургууль бие даасан шинжээрээ тэнцвэртэй хөгжих боломжтой.

Тус сургуулиуд одоо байгаа хүчин чадлын хэмжээнд хүрч удирдлагын оновчтой арга зүйг хэрэгжүүлэн боловсролын үйлчилгээг иргэдэд ойр чанартай хүргэх саналыг ирүүлсний дагуу Нийслэлийн боловсролын газраас холбогдох хяналт дүгнэлтийг гаргаж Нийслэлийн Засаг даргад хүргүүлж хуулийн дагуу гарсан хүчин төгөлдөр захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5. хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цогцолбор сургууль болгоно гээд байгаа нь Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор байна гэж заасан байгаа. 3 сургуулийг цогцолбор сургууль болгох боломжгүй. Цогцолбор сургууль болгох нөхцөл бүрдээгүй байгаа. 133 дугаар сургууль одоогийн байдлаар нийслэлийн өмч хөрөнгөд бүртгэгдээгүй. Иймд цогцолбор сургууль болгоход өөрийн байртай, өөрийн хүчин чадалтай болон тодорхой шаардлагууд байдаг. Тэр шаардлагыг хангаагүй тул 133 дугаар сургуулийн тухайд боломжгүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа ирээдүйд баригдах буюу Олимп хотхонд баригдах сургууль баригдаагүй байгаа. Мөн цогцолбор сургууль болох нөхцөл шаардлагыг хангаагүй. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дугаар олгосныг хүчингүй болгож, цогцолбор сургууль болгохыг даалгах нь боломжгүй нөхцөл байдлыг шаардаад байна.

Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Боловсролын тухай хуульд заасан эрхийн хүрээнд суурь боловсрол ая тухтай орчин бүрдүүлэхийн тулд сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Нийслэлийн Засаг даргаас гэр хороолол, орон сууцны дунд ерөнхий боловсролын сургууль баригдахаар төлөвлөгдөн батлагддаг боловч баригддаггүй байсаар өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Ялгаварлан гадуурхаж байна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бодит байдал дээр сургууль цэцэрлэгийн хүртээмж муу. Нэг ангид 40-60 хүүхэд хичээллэдэг. Энэ нөхцөл байдлыг шат шатандаа шийдвэрлэж, аль болох хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Нийслэлийн Засаг дарга үүнтэй холбоотой сүүлийн шийдвэр гэр хороолол, орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллыг дахин хөгжүүлэх хөтөлбөр зэргийн дагуу шинээр төлөвлөгдөн батлагдах сургууль цэцэрлэгийн газрыг барилга угсралтын ажил эхлэхээс өмнө Нийслэлийн боловсролын газрын мэдээг баталгаажуулан өгөх шийдвэр гаргасан байгаа. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1148 дугаар захирамжаар 3000м.кв газрыг Боловсролын газарт олгож сургууль цэцэрлэгийг барьж байгаа. Ирээдүйд биелэгдэх нь тодорхойгүй зүйл дээр маргаан үүсгэж байна. Баянзүрх дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны хүүхдүүдийг сургах гээд байна гэж хамран сургах тойргийн шийдвэрийг ярьж байна.

Засаг дарга, мэргэжилтнүүд ажлын хэсэг гараад, тухайн хороонд гарсан өөрчлөлт, нөхцөл байдалтайгаа уялдаад хамран сургах тойргийг дахин шинээр тогтоодог. Хамран сургах тойргоор одоо байгаа нөхцөл байдалд хамгийн байж болох ойр байгаа сургуульд хуваарилдаг.

Цогцолбор сургууль байх боломжгүй гэж хариу ирүүлээд, нөхцөл байдлаа танилцуулсан. Иргэн хуулийн этгээдийн хүссэнээр байгуулдаг юм биш. Дүрэм журмаар заавал цогцолбор сургууль байгуулна гэж үүрэг хүлээгээгүй. 157 дугаар сургуулийг баригдсаны дараа цогцолбор сургуулийн ахлах анги болгох уу гээд асуугаад байгаа нь байх ёсгүй нөхцөл шаардлагыг шаардаж байна. Цогцолбор сургууль байх боломжгүй.

Засаг даргын захирамж нь иргэн хуулийн этгээдийн хуулиар олгогдсон эрх ашгийг хөндөөгүй, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт. Захиргааны актыг гаргах үндэслэлээ 26 дугаар хорооны хүүхдүүдийн талаар дурдаагүй байгаа нь 26 дугаар хорооны хүүхдүүдийг сургахгүй гэсэн үг биш, 26 дугаар хорооноос гадна бусад хорооны сургуулиудын ачааллыг бууруулах талаар дурдсан.

Барилгын хувьд сургуулийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой, багшлах боловсон хүчин, техник тоног төхөөрөмжийг судалж тусгай зөвшөөрөл хувийн өмчийн сургууль дээр олгодог. Төрийн өмчийн сургууль нь цаанаасаа стандартын дагуу баригддаг учир судалгаа хийхгүй, төсвийн хүрээнд байдаг. Цогцолбор сургууль болгох гэсэн шаардлагыг шийдвэрлэхийн тулд тухайн холбогдох газруудаас санал авсан. 920 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад ороогүй, намар ашиглалтад орно. Олимп хотхоны дунд баригдах сургууль баригдаж эхлээгүй байгаа. Төсөв нь 3 жилээр тавигдсан. 920 хүүхдийн сургуульд 26 дугаар хорооны хүүхдүүдийг сургаад, Олимп хотхоны сургууль баригдахаар хүчин чадал нь хангалттай байвал тэр хавийн хүүхдийг сургах боломжтой. Түүнээс сургахгүй нь гэж ойлгож болохгүй.

Цогцолбор сургууль болгох боломжгүй гэж тайлбарлаад байгаа нь Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-ийг баримталж байгаа. Цогцолбор сургууль болгох нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа. Нийслэлийн Засаг даргын гаргасан А/211 захирамж иргэн, хуулийн этгээдийн ямар нэгэн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. А/211 дүгээр захирамж нь цогцолбор сургуультай холбоотой шийдвэр биш, 157 гэсэн дугаар олгох, сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий захирамж юм. Хамран сургах тойргийн хувьд ажлын хэсэг байгуулаад шийдвэрлэж болох асуудал юм. А/211 дүгээр захирамж хуулиар олгогдох эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд оршин суудаг иргэн Б.Б********нь 133 дугаар сургуульд суралцдаг сургуулийн насны хүүхдүүдийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй үндэслэлээр нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох тухай захиргааны акт гаргахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах, нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дүгээр захирамжийн 157 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан бөгөөд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд. Нэхэмжлэгч Б.Б******** нь 26 дугаар хорооны Эмералд хотхонд оршин суугч бөгөөд түүний сургуулийн насны 2 хүүхэд 133 дугаар сургуульд суралцдаг[1], хамран сургах тойргоор тус хотхоны хүүхдүүд 21 дүгээр сургуульд сурахаар хуваарилагдсан, тухайн сургууль нь хотхоноос хол оршдог, хүүхдийнхээ ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших, сурч боловсрох эрхийг хамгаалах үүрэг эцэг эхийн хувьд хамаарах тул сургуулийн хүртээмжийн талаар захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй байна.   

Хоёр. Хэрэгт авагдсан баримтуудаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хүн ам, сургуулийн насны хүүхдийн тоо, сургуулийн хүртээмжийн талаарх үйл баримтыг дурдвал,

1. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга тодорхойлсноор 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар тус хороонд сургуулийн насны 4549 хүүхэд[2], 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар сургуулийн насны 5650 хүүхэд[3], 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар сургуулийн насны 7623 хүүхэд[4], 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар сургуулийн насны 8585 хүүхэд[5] бүртгэлтэй оршин сууж байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдийн А/482 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдсан ерөнхий боловсролын сургуульд 133 дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, сургуулийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэхээр шийдвэрлэсэн ч, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/196 дугаар тушаалаар тухайн сургуулийн барилгыг Монгол тэмүүлэл сургуульд эзэмшүүлж, барилгын 1, 2 дугаар давхарт 133 дугаар сургуулийг хичээлийн байртай болох хүртэл үйл ажиллагааг явуулахаар зохион байгуулж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 444 дүгээр тогтоолоор тухайн сургуулийн барилгыг Монгол тэмүүлэл сургуулийн үндсэн хөрөнгөнд бүртгэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1148 дугаар захирамжаар 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт олон улсын хөтөлбөртэй сургуулийн барилгын зориулалтаар 10000 м.кв газрыг Нийслэлийн боловсролын газарт эзэмшүүлж, уг газарт 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа, олон улсын хөтөлбөртэй Монгол тэмүүлэл сургуулийн гэх уг барилгыг 2022 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд, ийнхүү ашиглалтад орсноор 133 дугаар сургууль үйл ажиллагаа явуулж буй барилга болон газрын эзэмшлийг 133 дугаар сургуульд буюу орон нутгийн өмчид буцаан шилжүүлэх асуудлыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тавьж шийдвэрлүүлэхээр, Монгол тэмүүлэл сургуульд шинээр баригдаж буй 640 хүүхдийн суудалтай барилга болон газрыг эзэмшилд нь шилжүүлэхээр ажиллаж байгааг Нийслэлийн боловсролын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам шүүхэд тодорхойлсон[6].

3. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн захиргаанаас тодорхойлсноор 640 хүүхдийн суудалтай тус сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 1-12 дугаар ангийн 36 бүлэгт 1531 сурагч, үүний 119 сурагч ахлах ангид, 385 сурагч дунд ангид, 1027 сурагч бага ангид суралцсан, 2019-2020 оны хичээлийн жилд 1801 сурагч бүртгүүлсэн[7], 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 54 бүлгийн 2216 сурагч 2 ээлжээр хичээллэж байна[8].   

4. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/596 дугаар захирамжаар Нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 30000 м.кв газрыг эзэмшүүлсэн, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1148 дугаар захирамжаар талбайг хувааж, олон улсын хөтөлбөртэй сургуулийн барилгын зориулалтаар 10000 м.кв, сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын зориулалтаар 20000 м.кв хэмжээгээр эзэмшүүлж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны тодорхойлсноор[9] тухайн 20000 м.кв газарт[10] шинээр баригдаж буй 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 2020 оны 8 дугаар сард ашиглалтад орох гэрээтэй ч барилгын ажлыг гүйцэтгэж дуусах гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан.

Уг сургуулийн барилгад Нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дүгээр захирамжаар 157 дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон[11].

5. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/754 дүгээр захирамжаар Нийслэлийн Боловсролын газарт төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургууль барих зориулалтаар 7500 м.кв газрыг эзэмшүүлж, тухайн газартай холбогдуулж газрын маргаан үүссэнийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 191 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 351 дүгээр магадлалаар шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл ийнхүү сургуулийн зориулалтаар газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчин төгөлдөр үлдсэн, уг газарт сургуулийн барилга баригдаагүй байна.

6.  Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн сансрын зургаас,  үзвэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр хойд талаараа төмөр замаар тус дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооноос зааглагддаг, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт төрийн өмчийн 133 дугаар сургууль одоогоор Монгол тэмүүлэл сургуулийн эзэмшилд төрийн өмчид бүртгэлтэй барилгад үйл ажиллагаа явуулдаг, Олимп хотхонд баригдах  сургуулийн газар, 133 дугаар сургууль, 157 дугаар олгогдсон сургуулийн барилга хооронд 4-5 км зайтай,   

Гурав. Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох тухай захиргааны акт гаргахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах шаардлагын тухайд.

1. Нэхэмжлэгч Б нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 133 дугаар сургуулийн барилгын эзэмшил болон тус сургуулийн ачааллын асуудлаар, Олимп хотхонд сургуулийн зориулалтаар Нийслэлийн Боловсролын газарт эзэмших эрх олгогдсон газрын маргаан, шинээр баригдах сургуулийн барилгын хөрөнгө оруулалтын асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хандаж, тэдгээр нь хариу өгч байсан, тухайлбал

- Хүний эрхийн комисс нь Б.Б******** “133 дугаар сургуулийн барилгын асуудлаар” гаргасан гомдлыг шийдвэрлүүлэхээр 2019 оны 4 дүгээр сарын 23-нд 2/234 тоот албан бичгээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад шилжүүлсэн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 2019 оны 5 дугаар сарын 03-нд 1а/3870 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад “133 дугаар сургуулийн барилга барих газрын асуудлыг шийдвэрлүүлэх”-ээр хандаж, албан бичгийн хувийг иргэн Б.Б******** хүргүүлсэн,

- Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж “26 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах” талаарх хүсэлт гаргасныг Нийслэлийн Засаг даргад шилжүүлж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2019 оны 5 дугаар сарын 13-нд 02-06/1595 тоот албан бичгээр “сургууль, цэцэрлэгийн зориулалтаар газрын эзэмшлийн асуудлыг шийдвэрлэхээр судалж буй” талаар Б.Б********хариу өгсөн,

- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1а/8392 тоот албан бичгээр Б ирүүлсэн 133 дугаар сургуулийн барилгын асуудлаарх шаардлага, хүсэлтэд хариу өгсөн,

- Нийслэлийн Боловсролын газар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/1629 тоот албан бичгээр 133 дугаар сургуулийн тоног төхөөрөмж болон 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдахаар болсон талаар Б хариу өгсөн,

-  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1а/9096 тоот албан бичгээр Б 133 дугаар сургуулийн барилгын асуудлаар гаргасан шаардлагын талаарх хариуг өгсөн,

- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 2019 оны 11 дүгээр сарын 01-нд 1а/9577 тоот албан бичгээр Б 133 дугаар сургуулийн барилгын асуудлаарх мэдэгдэлд хариу өгсөн,

- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 02/1010 тоот албан бичгээр Б 133 дугаар сургуулийн барилгын асуудлаар гаргасан мэдэгдэлд хариу өгсөн,

- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 04-02/5934 тоот албан бичгээр Б 133 дугаар сургуулийн барилгын асуудлаар гаргасан өргөдөлд хариу өгсөн,

- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 2020 оны 1 дүгээр сарын 13-нд 1а/168 тоот албан бичгээр Б 133 дугаар сургуулийн барилгын асуудлаар хариу өгсөн,

- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 03/2352 тоот албан бичгээр 26 дугаар хороонд баригдах сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгуулах, 133 дугаар сургуулийн барилга болон сургуулийн автобусны талаарх Б өргөдлийг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлсэн,   

- Нийслэлийн Боловсролын газар дээрх өргөдлийн хариуг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3/616 тоот албан бичгээр өгсөн,

- Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраас 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн УИХ-03/215 тоот албан бичгээр Б 26 дугаар хорооны сургууль, цэцэрлэгийн хүртээмж, 133 дугаар сургуулийн барилга, тус хороонд шинээр сургуулийн барилга барих төсөв, газрын асуудлаарх өргөдөлд хариу өгч, өргөдлийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн байна.

Дээрх өргөдөл, гомдол, шаардлага нь 133 дугаар сургуулийг цогцолбор хэлбэрээр ажиллуулах агуулгагүй, тус сургуулийн барилгын эзэмшил, сургуулийн ачаалал, сургалт явуулж буй нөхцөл байдал, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага, шинээр баригдах сургуулийн барилгын газрын эзэмшлийн маргаан, хөрөнгө оруулалт зэрэг асуудлаар гаргаж байсан, түүний гаргасан өргөдөл гомдолд тухай бүр холбогдох газрууд хариу өгч байсан байна.

2. Үүнээс гадна нэхэмжлэгч Б.Б******** нь “133 дугаар сургуулийг цогцолбор хэлбэрээр байгуулах” талаар дараах өргөдөл, хүсэлтийг гаргаж, холбогдох захиргааны байгууллага тухай бүр нь хариуг өгч байжээ, тухайлбал,

- Нийслэлийн Боловсролын газарт 2020 оны 5 дугаар сарын 01-нд 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль хэлбэрээр ажиллуулах өргөдлийг энэ асуудлыг дэмжихээ илэрхийлсэн эцэг, эхчүүдийн гарын үсгийн хамт гаргасан[12], Нийслэлийн Боловсролын газар 2020 оны 5 дугаар сарын 18-нд 3/616 тоот албан бичгээр “тус хороонд 2020 оны улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй 640 хүүхдийн суудалтай олон улсын хөтөлбөртэй сургуулийн барилга баригдсаны дараа Боловсролын тухай хуулийн 30.1.3-т зааснаар холбогдох газраас нь санал авч Нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэх болсон” талаар хариу өгсөн[13],

- Нийслэлийн Засаг даргад хандан 2020 оны 10 дугаар сарын 28-нд мөн л 133 дугаар сургуулийн барилга болон тус хороонд баригдах сургуулийн газрын эзэмшлийн асуудлыг дурьдаад, цогцолбор сургууль байгуулах өргөдөл гаргасан[14], 2021 оны 3 дугаар сарын 15-нд Нийслэлийн Засаг даргад хандан 26 дугаар хорооны сургуулийн насны хүүхдүүдийн тоон мэдээ, тэдгээрийн сурах эрх хангагдахгүй байгаа талаар, сургуулийн хүртээмж, 133 дугаар сургуулийн  ачаалал, тус сургуулийн барилгын эзэмшлийн асуудал, шинээр баригдах сургуулийн газрын эзэмшлийн маргаан зэргийн талаар болон 133 дугаар сургуулийг цогцолбор хэлбэрээр, тухайлбал нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байдлаар газар эзэмших эрхийн маргаантай байгаа газарт баригдах барилгад бага сургууль, цэцэрлэг, одоогийн 133 дугаар сургууль үйл ажиллагаа явуулж буй барилгад дунд сургууль, улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй 920 хүүхдийн суудалтай барилгад ахлах сургууль болгох асуудлаар өргөдөл гаргасан[15], уг өргөдлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 08/2486 тоот албан бичгээр Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлсэн[16],

- Уг өргөдлийн дагуу Нийслэлийн Боловсролын газар 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1/708 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн Боловсролын хэлтсээс энэ асуудлаар буюу 133 дугаар сургуулийг шинээр баригдаж буй 920 хүүхдийн суудалтай сургуультай цогцолбор байдлаар ажиллуулах талаар Боловсролын тухай хуулийн 30.1.3-т зааснаар санал авахаар хандаж[17], ийнхүү санал авахаар хандсан талаарх хариуг 2021 оны 7 дугаар сарын 28-нд 1/763 тоот албан бичгээр Б өгч[18],

- Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 109 тоот албан бичгээр дүүргийн Засаг даргын Тамгын газарт[19], 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 01/606 тоот албан бичгээр Нийслэлийн Боловсролын газарт[20] тус тус “133, 157 дугаар сургуулиуд нь бие даасан барилга байгууламжтай, ерөнхий боловсролын сургуулийн статусыг бүрэн хангасан, шинэ байгуулагдсан сургуулиуд учир нэгдсэн цогцолбор байдлаар удирдах боломжгүй, 157 дугаар сургуулийн байршилд томоохон орон сууцны хороолол баригдахаар төлөвлөгдсөн байгаа, хүүхдийн аюулгүй, эрсдэлгүй байдлыг ханган боловсролын үйлчилгээг ойроос хүргэхэд тус сургууль бие даасан байх шаардлагатай, тус хоёр сургууль нь 4 км-ын зайтай тул сургуулийн насны хүүхдүүд хэт хол зорчих, гэмт хэрэг, зөрчилд өртөх, хохирогч болох эрсдэлтэй” хэмээн “тус сургуулиудыг бие даасан ерөнхий боловсролын статустай үйл ажиллагаа явуулах” санал хүргүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дээрх 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 109 тоот албан бичгээр “133 дугаар сургуулийн ачаалал хэтэрч, хүчин чадал хүрэхгүй болсныг тооцон холбогдох газруудад удаа дараа санал хүргүүлж байсны дүнд Дүнжингарав худалдааны төвөөс зүүн тийш 4 км орчим газарт шинээр сургууль цэцэрлэгийн барилга баригдаж эхэлсэн, 920 хүүхдийн суудалтай 157 дугаартай сургуулийн барилгын ажил төсвөөс шалтгаалан зогссон, 133, 157 дугаар сургууль нь бие даасан барилга байгууламжтай, ерөнхий боловсролын сургуулийн статусыг бүрэн хангасан, шинэ байгуулагдсан сургуулиуд учир нэгдсэн цогцолбор байдлаар удирдах чадамж хараахан бүрдээгүй тул цаашид бие даасан байдлаар хөгжүүлэх нь илүү тохиромжтой, байршлын хувьд 4 км-ын зайтай тул сургуулийн насны хүүхдүүд хэт хол зорчин явах эрсдэлтэй, 157 дугаар сургуулийн байршилд томоохон орон сууцны хороолол баригдахаар төлөвлөгдсөн байгааг харгалзан хүүхдийн аюулгүй, эрсдэлгүй байдлыг ханган боловсролын үйлчилгээг ойроос хүргэхэд тус сургууль бие даасан сургууль байх нь зөв, 133 дугаар сургуулийн хүүхдийн тоо жил тутам өсөж байгааг харгалзан хамран сургах тойрог дээр зохицуулалт хийснээр 2 сургууль бие даасан статусаараа тэнцвэртэй хөгжих боломжтой” хэмээн “цаашид 133, 157 дугаар сургуулиудыг бие даасан ерөнхий боловсролын сургуулиар хөгжүүлэх, тус сургуулиуд одоо байгаа хүчин чадлын хэмжээнд боловсролын үйлчилгээг иргэдэд ойр чанартай хүргэх, 133, 157 дугаар сургуулиудыг бие даасан статусаар хөгжүүлэх саналыг Боловсролын тухай хуулийн 30.1.3, Бага, дунд боловсролын тухай хуулийн 12.3-т зааснаар шийдвэрлүүлэх” саналыг, 133 дугаар сургуулийн багш, сурагчдын тоон мэдээллийн хамт хүргүүлсэн байдаг.

- Баянзүрх дүүргийн Засаг дарга 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Боловсролын газрын дээрх 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/708 тоот албан бичгийн хариуд 8 дугаар сарын 02-ны өдөр 01/606 тоот албан бичгээр мөн л “тус сургуулиудыг бие даасан статустай үйл ажиллагаа явуулах саналыг хүргүүлж[21], үндэслэлээ тусгасан байна.

- Мөн Б.Б******** Хүний эрхийн үндэсний комисст хандан 2021 оны 7 дугаар сарын 22-нд сургуулийг цогцолбор хэлбэрээр ажиллуулах болон сургуулийн ачааллыг шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлаар гомдол гаргасныг Хүний эрхийн үндэсний комисс мөн өдрийн 4/861 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн[22] нь улмаар Нийслэлийн Боловсролын газарт шилжиж, тус газраас дээрх 2021 оны 7 дугаар сарын 28-нд 1/763 тоот албан бичгээр Б.Б******** хариу өгсөн байдаг.

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг тухай бүр хариу өгч байсан тул хариу өгөөгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан гэх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

3. Нөгөө талаас “ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг Олимп хотхонд баригдах сургууль болон шинээр баригдсан 920 хүүхдийн суудалтай сургуультай цогцолбор хэлбэрээр бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль болгож ажиллуулах шаардлагыг хангаагүй” хэмээн хариуцагч Нийслэлийн Боловсролын газар санал оруулсныг, уг саналыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга шинээр баригдсан 920 хүүхдийн суудалтай сургуульд 157 дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосныг  буруутгахааргүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7-д Монгол Улсын иргэн сурч боловсрох үндсэн эрхийг баталгаатай эдлэхийг, төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгохыг заасан, энэ эрхийг баталгаажуулж Боловсролын тухай хуулиар иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг тухайлбал мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгээр сурч эзэмших эрхтэй.”, 6.2-т “Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.” хэмээн тодорхойлсны дээр боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг энэ хуулиар зохицуулжээ.

Тухайлбал нэхэмжлэгчийн маргаж буй ерөнхий боловсролын сургуулийг цогцолбор хэлбэрээр ажиллуулахтай холбогдсон харилцааг “сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор хэлбэртэй байхаар 14 дүгээр зүйлд зааж, 20 дугаар зүйлийн 20.1-д “Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга олгох”-оор, ерөнхий боловсролын сургуульд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо “зориулалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг, багшлах боловсон хүчнээр хангагдсан эсэх нөхцлийг” хангасан байхыг шалгуур болгохоор 19, 21 дүгээр зүйлд заасан байна. Өөрөөр хэлбэл сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа явуулах хэлбэр нь 1/ цэцэрлэг, 2/ ерөнхий боловсролын сургууль, эсхүл 3/ цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор гэсэн хэлбэртэй байхаар, аль ч хэлбэрийн сургалтын байгууллагад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоход зориулалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг, багшлах боловсон хүчнээр хангагдсан байх шаардлага тавигдахаар заасан.   

Мөн сургуулийг цогцолбор хэлбэрээр ажиллуулах боломжийг Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “ерөнхий боловсролын сургууль нь боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн”, 12.2-т “Эзэмшүүлэх боловсролын түвшинг харгалзан ерөнхий боловсролын сургуулийг бага, дунд, ахлах сургууль гэж ангилна. Бага, дунд, ахлах сургууль нь цогцолбор хэлбэрээр хоршин ажиллаж болно.” гэж заажээ.

Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “ерөнхий боловсрол” гэж 12 жилийн сургалтын агуулгын түвшинг, суурь боловсрол гэж 9 жилийн сургалтын агуулгын түвшинг ойлгохоор заасан бол бага боловсролыг 1-5 дугаар ангийн сургалтын агуулгаар олгодог.

Энэ хуулиар хариуцагч нарын чиг үүргийг тодорхойлохдоо 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.4-т Нийслэлийн Засаг дарга орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох”, хичээлийн болон дотуур байр, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ном, сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулах”, 281.1.2, 281.1.10-т Нийслэлийн боловсролын газар “ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад санал болгох”, “өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах чиг үүргийг нийслэлийн дүүргийн боловсролын хэлтсээр дамжуулан хэрэгжүүлэх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлэхээр байна.

Тиймээс ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй авах, суралцах нөхцөл бололцоогоор хангуулах иргэнийхээ эрхийг хангах хүрээнд эрх бүхий этгээд болох Нийслэлийн Боловсролын газар зориулалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг, багшлах боловсон хүчнээр хангагдсан эсэх нөхцөл шаардлагыг хангуулан шинээр баригдсан 920 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуульд улсын сургуулийн дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа бие даан явуулах тусгай зөвшөөрлийг олгохоор, мөн цогцолбор хэлбэрээр ажиллуулах боломжгүй талаар харьяа дүүргийн Боловсролын хэлтсээс ирүүлсэн саналыг харгалзсан санал гаргаж, улмаар тэдгээр саналыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга ерөнхий боловсролын сургуульд улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгосон нь Боловсролын тухай хуулийн дээрх зохицуулалтад болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 “боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байх” зарчимд нийцсэн, 5.1.4иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангах” зарчмыг зөрчөөгүй байна.

            Тодруулбал дүүргийн Боловсролын хэлтсийн гаргасан “133, 157 дугаар сургуулиудыг бие даасан ерөнхий боловсролын статустай үйл ажиллагаа явуулах” саналынхүүхдийн аюулгүй, эрсдэлгүй байдлыг ханган боловсролын үйлчилгээг ойроос хүргэхэд тус сургууль бие даасан байх шаардлагатай, тус хоёр сургууль нь 4 км-ын зайтай тул сургуулийн насны хүүхдүүд хэт хол зорчих, гэмт хэрэг, зөрчилд өртөх, хохирогч болох эрсдэлтэй” хэмээх  үндэслэл нь үгүйсгэгдэхгүй байна.

            Учир нь дээр дурдагдсанаар 133 дугаар сургуулийн үйл ажиллагаа явуулж буй барилга нь тус сургуулийн эзэмшилд биш, орон нутгийн өмчлөлд бүртгэлгүй, Монгол тэмүүлэл сургуулийн эзэмшилд, төрийн өмчлөлд бүртгэлтэй, өөрөөр хэлбэл дунд сургууль хэлбэрээр ажиллуулахаар нэхэмжлэлийн шаардлагад заасан 133 дугаар сургууль нь өөрийн эзэмшлийн сургуулийн зориулалттай барилга байгууламжгүй, бага сургууль хэлбэрээр ажиллуулахаар заасан Олимп хотхоны байршилд сургуулийн барилга баригдаж эхлээгүй, шинээр баригдсан 157 гэсэн дугаар олгогдсон сургуулийн барилга нь 26 дугаар хорооны орон сууцны хотхонуудаас 4 км гаруй зайд байршиж байгаа нь тус сургуулиудыг бага, дунд, ахлах сургуулийн цогцолбор хэлбэрээр байгуулж ажиллах нөхцөл шаардлага хангагдаагүй, хүүхдийн аюулгүй, эрсдэлгүй байдлыг ханган боловсролын үйлчилгээг ойроос хүргэх шаардлагатай гэж үзэх гол үндэслэл болж байна.

            Нэхэмжлэгч нь сургуулиудыг цогцолбор сургууль болгох тухай санал, өргөдөлөө тухайн сургууль баригдсан 26 дугаар хороонд оршин суудаг суралцагчийн эцэг эх, 133 дугаар сургуулийн зөвлөлийн гишүүн гэх субьектийн хувьд гаргасан байх бөгөөд Боловсролын тухай хуулиар Сургуулийн зөвлөлийн чиг үүргийг тодорхойлохдоо “сургуулийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх, байгуулах эсэх”-д санал өгөх, шийдвэр гаргахад оролцох оролцоог хуульчлаагүй, мөн 45 дугаар зүйлийн 45.1.3 дахь заалт дахь суралцагчийн эрх, үүрэгт “сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих” эрх олгогдсон болохоос тухайлан цогцолбор сургууль болгох асуудлаар санал өгөх эрх олгогдоогүй, өөрөөр хэлбэл энэ талаарх шийдвэр гаргахад суралцагч, тэдгээрийн эцэг, эх, мөн сургуулийн эцэг эх оролцсон сургуулийн зөвлөлийн оролцоог, тэдгээрийн саналыг харгалзахаар хуульчлаагүй тул сургуулийг цогцолбор хэлбэрээр ажиллуулах суралцагчийн эцэг эх, сургуулийн зөвлөлийн өргөдөл гомдлыг хангаж шийдвэрлээгүй нь тэдгээрийн хуулиар олгогдсон дээрх эрхийг хязгаарлаагүйн дээр 45.1.1суралцах нөхцөл бололцоогоор хангуулах” суралцагчийн эрхийг, мөн 46 дугаар зүйлийн 46.1.1хүүхдээ аль сургуульд, ямар хэлбэрээр суралцуулахыг зохих журмын дагуу сонгох” эцэг эхийн эрхийг зөрчөөгүй байна.

Дөрөв. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дүгээр захирамжийн 157 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дүгээр захирамжаар сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон 1 сургууль, 2 цэцэрлэгийн барилгад дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосны дунд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 920 хүүхдийн суудалтай сургуульд улсын 157 дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгожээ.

Энэ захирамжийн үндэслэл болсон Нийслэлийн боловсролын газраас гаргасан саналд[23] дүүргийн Боловсролын хэлтсээс ирүүлсэн 133, 157 дугаар сургуулийг бие даасан статусаар хөгжүүлэх саналыг тусгаж, 157 дугаар сургууль бие дааснаар ерөнхий боловсролын 14, 30, 147 дугаар сургуулийн ээлжийн коэффицент буурна, тэдгээр сургуульд суралцаж буй тус дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны хүүхдүүд гэртээ ойр суралцах боломж үүснэ, 133 дугаар сургуулийн ачаалал жил ирэх тусам өсч байгаа, шинээр төлөвлөгдөн баригдаж байгаа сургуулийн орчинд бие даасан хороолол баригдахаар төлөвлөгдсөнийг харгалзан хамран сургах тойрог дээр зохицуулалт хийснээр 2 сургууль бие даасан статусаар тэнцвэртэй хөгжих боломжтой, цаашид 133, 157 дугаар сургуулийг бие даасан байдлаар хөгжүүлэх, боловсролын үйлчилгээг иргэдэд ойр хүргэх саналыг хүргүүлжээ.

Нийслэлийн болон дүүргийн Боловсролын газар, хэлтсийн саналд тусгагдсан “ерөнхий боловсролын 14,  30, 147 дугаар сургуулийн ээлжийн коэффицент буурна, тэдгээр сургуульд суралцаж буй тус дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны хүүхдүүд гэртээ ойр суралцах боломж үүснэ” гэх дүгнэлтийг үгүйсгэхээргүй байна.

Учир нь а/ хороодын болон сургуулиудын байршлын хувьд 12, 13, 14 дүгээр хороо нь 26 дугаар хорооны хойд талд харалдаа төмөр замаар зааглагдан хоорондоо зэргэлдээ оршдог[24], 147 дугаар сургууль нь 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт төв хэсэгт нь байрладаг[25], 14 дүгээр сургууль нь 13 дугаар хорооны хамгийн хойд захад байрладаг[26],  14 дүгээр хороонд улсын сургууль байхгүй бөгөөд тус хорооны хүүхдүүд зэргэлдээ 5 дугаар хорооны 30 дугаар сургуульд 4 ээлжээр суралцдаг[27] тул хэдий төмөр замыг нэвтрэх авто замын гарцаас хамаарч автозамаар зорчих тохиолдолд тодорхой зайтай ч, тухайлбал 157 дугаар сургуульд хамгийн ойр байрших 12 дугаар хорооноос төмөр замын гармаар гараад 157 дугаар сургууль нь 1 км зайтай[28] ч тус хороодын хүүхдүүдэд төмөр замын урд байрлах 157 дугаар сургууль агаарын зургаас харахад одоогийн суралцаж буй сургуулийг нь бодвол гэрт нь илүү ойр[29] гэж үзэхийг үгүйсгэхгүй. Учир нь төмөр замыг нэвтрэх явган болон авто замын төлөвлөлтийг хэрхэн сайжруулах нь тусдаа асуудал.

Түүнчлэн Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнийг байлцуулан Google earth программд сансрын зургаар 12, 13, 14 дүгээр хорооны хилийн хойд зааг дахь тодорхой обьектууд, төв замын уулзвараас шинээр баригдсан 157 дугаар сургууль хүртэлх авто замаар зорчих зайг хэмжсэн хэдий ч энэ нь тухайн хороодын хүүхдүүдийг 157 дугаар сургуульд суралцах боломжтой эсэхийг дүгнэх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй. Учир нь хүүхдүүдийн гэрээсээ сургууль хүртэлх зорчих зайг тухайлан хэмжих боломжгүй байсан.  

б/ Тэдгээр сургуулиудын ачааллыг авч үзвэл Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль нь А байранд 1500, Б байранд 320 хүүхдийн хүчин чадалтай ч 2021-2022 хичээлийн жил 5319 суралцагч 2 ээлжээр хичээллэж байгаа, анги танхим хүрэлцээгүйгээс 3 дугаар ангийн 12 бүлгийн 625 хүүхэд Амгалан цогцолбор сургуулийн байранд хичээллэж байгаа[30],  30 дугаар сургууль нь тус дүүргийн 5 дугаар хороонд байрлах бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1338 дугаар захирамжаар сургалт эрхлэх зөвшөөрөл авсан шинэ сургууль, А байр нь 684, Б байр нь 540, нийт 1224 хүүхдийн хүчин чадалтай ч 2021-2022 оны хичээлийн жилд 2935 сурагч 2 ээлжээр хичээллэж байгаа[31] бөгөөд тус сургуульд улсын сургуульгүй 14 дүгээр хорооны хүүхдүүд суралцдаг[32], 147 дугаар сургууль нь 12 дугаар хорооны 2700 хүүхэд сургахаар хамран сургах тойрог тогтоогдсон, 2020-2021 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа шинээр эхэлсэн, 960 хүүхдийн хүчин чадалтай ч 1508 хүүхэд 52 бүлэгт 2 ээлжээр хичээллэж байна[33], 12 дугаар хороонд өмнө нь ерөнхий боловсролын сургууль байгаагүй бөгөөд хүүхдүүд нь өөр хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан, Баянзүрх цогцолбор сургуульд хамрагдан суралцдаг байжээ.[34]

Дээрхээс дүгнэвэл сургууль, цэцэрлэг барих газар, төсвийн хөрөнгө оруулалтын хязгаарлагдмал нөөцийн хүрээнд тодорхой хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа ч тус дүүргийн хувьд зөвхөн 26 дугаар хороо ч гэлтгүй бусад хороодод ч сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүйгээс хүүхдүүдийн үнэ төлбөргүй ерөнхий боловсрол эзэмших, сурч хөгжих эрх бүрэн хангагдахгүй байгаа тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан 920 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуулийг 133 дугаар сургуулийн ахлах сургууль байдлаар цогцолбор хэлбэрээр байгуулж үйл ажиллагаа явуулах нь, суралцах хүүхдүүдийн хамран сургах тойрогт бусад хороодын хүүхдүүдийг хамруулахгүй зохион байгуулах нь харин ч тэдгээр хүүхдүүдийн сурч боловсрох, ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхийг хязгаарласан, тэгш биш хандсан агуулгатай болно.

Тиймээс цогцолбор сургууль болгох захиргааны акт гаргахгүй байгаа захиргааны үйл ажиллагаа нь, мөн шинээр баригдсан сургуулийн барилгад 157 дугаар олгож, сургалтын үйл ажиллагааг бие даан явуулах зөвшөөрөл олгосон шийдвэр нь төрөөс бүх нийтийн боловсролыг үнэ төлбөргүй олгох, боловсрол нь бүх нийтэд хүртээмжтэй байх, иргэнийг сурч боловсроход оршин суугаа газраас нь хамаарч ялгаварлан гадуурхахгүй байх, сурч боловсрох тэгш боломж, нөхцлөөр хангах зарчмуудыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Тус хорооны нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилгад дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон Нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дүгээр захирамж нь аливаа этгээдэд, тэр дундаа нэхэмжлэгчид, түүний хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлэх агуулгагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох, тайлбар авах ажиллагаа хийх шаардлага байгаагүй.  

Сургуульд дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоход үндэслэл болсон Нийслэлийн Боловсролын газрын саналд 26 дугаар хорооны сургуулийн хүртээмжгүй байдлын талаар дурдаагүй нь тус хорооны хүүхдүүдийг тухайн сургуулийн хамран сургах тойрогт оруулахгүй гэсэн шийдэл агуулаагүй, хорооллоосоо шалтгаалсан ялгаварласан агуулгагүй байна. Харин ч Нийслэлийн боловсролын газрын саналд 12, 13, 14 дүгээр хороодын хүүхдүүдийг уг сургуульд суралцах эрхийг хязгаарлах, зөвхөн 26 дугаар хорооны хүүхдүүдийг сургахаар саналд тусгавал тэдгээр хороодын хүүхдүүдийг оршин суугаа газраас нь хамааруулан ялгаварласан агуулгатай болно.

Тухайн сургуулиудыг цогцолбор сургууль болгож ажиллуулах шаардлагатай эсэх талаар нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтэс, дүүргийн Засаг даргаас санал авч шийдвэрийн үндэслэл болгосон байгаа нь захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцэж байна.

Тав. Шинээр баригдсан 920 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуульд дугаар олгох байдлаар 133 дугаар сургуулиас тусад нь бие даан ажиллуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хязгаарласан, тэгш бус хандсан сөрөг үр дагавар үүсгээгүй байх бөгөөд тухайн сургуулиудад хамран сургах хотхон, орон сууцны байршлын тойргийг тогтоох шийдвэрээр эрх нь хязгаарлагдах магадгүй ч, түүнчлэн өсөн нэмэгдэж буй хүн ам, сургуулийн насны хүүхдийн тоо, шинээр бий болж, тэлж буй суурьшлын бүсээс хамаарч сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал бий ч, энэ нь зөвхөн нэг хорооны, нэг хотхоны, нэг өрхийн асуудал биш, нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй, шийдвэрлэгдэх зайлшгүй шаардлага үүссэн асуудал тул бусад хороодын хүүхдийн суралцах эрхийг хязгаарлах замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.6-д заасан “орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох” чиг үүргийн дагуу сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийг тэгш хамруулах зорилгоор Нийслэлийн боловсролын газар хичээлийн жил бүр нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг тогтоодог, Нийслэлийн боловсролын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар 2019-2020 оны хичээлийн жилийн, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/36 дугаар тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийн, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2021-2022 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг тогтоосон, үүнд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хүүхдүүдийг ерөнхий боловсролын 21, 133 дугаар сургуульд хамрагдахаар тогтоосон байдаг. Ийнхүү шинээр баригдсан 157 дугаартай сургууль 2022-2023 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулахад түүний хамран сургах тойргийг тогтоох бөгөөд тухайн шийдвэр нь нэхэмжлэлийн энэ шаардлагаарх энэ захиргааны хэрэгт дүгнэгдэхгүй.

Дээрх үндэслэлүүдээр нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох тухай захиргааны акт гаргахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах, нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дүгээр захирамжийн 157 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнийн дүнгээр илэрхийлэх боломжгүй, захиргааны үйл ажиллагаанд хамаарах нэхэмжлэлд 70,200 төгрөг төлөх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дахин 70,200 төгрөг төлснийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1, 281 дугаар зүйлийн 281.1.2, 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь заалтыг тус тус баримтлан “нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох тухай захиргааны акт гаргахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль болгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах, нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дүгээр захирамжийн 157 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Б.Б******** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг төрийн сан дахь холбогдох данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

               

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ХАЛИУНА

 

[1] Хэргийн 2 дугаар хавтсын 65 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 10 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 13 дугаар хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтсын 185 дугаар хуудас

[5] Хэргийн 3 дугаар хавтсын 109 дүгээр хуудас

[6] Хэргийн 3 дугаар хавтсын 96, 125 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 14 дүгээр хуудас

[8] Хэргийн 3 дугаар хавтсын 104-105 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 55-60 дугаар хуудас

[10] Хэргийн 2 дугаар хавтсын 212 дугаар хуудас

[11] Хэргийн 2 дугаар хавтсын 38-39 дүгээр хуудас

[12] Хэргийн 1 дүгээр хавтсын 104-106 дугаар хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтсын 107 дугаар хуудас

[14] Хэргийн 1 дүгээр хавтсын 148-153 дугаар хуудас

[15] Хэргийн 1 дүгээр хавтсын 26-31 дүгээр хуудас

[16] Хэргийн 1 дүгээр хавтсын 32 дугаар хуудас

[17] Хэргийн 1 дүгээр хавтсын 50 дугаар хуудас

[18]  Хэргийн 1 дүгээр хавтсын 114  дүгээр хуудас

[19] Хэргийн 3 дугаар хавтсын 50-51 дүгээр хуудас

[20] Хэргийн 1 дүгээр хавтсын 46 дугаар хуудас

[21] Хэргийн 3 дугаар хавтсын 49-51 дүгээр хуудас

[22] Хэргийн 1 дүгээр хавтсын 115-120 дугаар хуудас

[23] Хэргийн 2 дугаар хавтсын 40-42 дугаар хуудас

[24] Хэргийн 3 дугаар хавтсын 57, 62 дугаар хуудас

[25] Хэргийн 3 дугаар хавтсын 60 дугаар хуудас

[26] Хэргийн 3 дугаар хавтсын 61 дүгээр хуудас

[27] Хэргийн 3 дугаар хавтсын 55-57, 133 дугаар хуудас

[28] Хэргийн 3 дугаар хавтсын 129 дүгээр хуудас

[29] Хэргийн 3 дугаар хавтсын 62 дугаар хуудас

[30] Хэргийн 3 дугаар хавтсын 90 дүгээр хуудас

[31] Хэргийн 3 дугаар хавтсын 92 дугаар хуудас

[32] Хэргийн 3 дугаар хавтсын 133 дугаар хуудас

[33] Хэргийн 3 дугаар хавтсын 107 дугаар хуудас

[34] Хэргийн 3 дугаар хавтсын 129 дүгээр хуудас