Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0158

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга 

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Ц.Одмаа

Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн төлөөлөгч  Н.Г

Нэхэмжлэгч: “А м” ХХК

Хариуцагч:  Дархан-Уул аймгийн Х сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “"А м" ХХК-ийн эзэмшдэг Их сэртэн уул нэртэй талбай дахь XV-02**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу 2024 онд хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 онд авч хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, гарын үсэг зурж баталгаажуулахыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 114/ШШ2026/0004 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Г.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 114/2025/0045/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А м” ХХК-иас Дархан-Уул аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан ““А м” ХХК-ийн эзэмшдэг Их сэртэн уул нэртэй талбай дахь XV-02**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу 2024 онд хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 онд авч хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, гарын үсэг зурж баталгаажуулахыг даалгах”-аар маргасан байна.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 114/ШШ2026/0004 дүгээр шийдвэрээр:  Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “А м” ХХК-ийн XV-02**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2024 онд авч хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус баталгаажуулахаас татгалзсан Дархан-Уул аймгийн Х сумын Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, ХV- 02**** дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2024 онд авч хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Х сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Дархан-Уул аймгийн Х сумын Засаг дарга Н.Г дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

3.1. “... Дээрх шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “А м” ХХК-ийн ХV-02**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2024 онд авч хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хсумын Засаг даргад даалгасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.2. “А м” ХХК-ийн XV-02**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь газрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд албан ёсны гэрээ гэрчилгээтэй 12 тариалангийн талбай, 5, өвөлжөө, хаваржааны газар мөн усны онцгой бүс давхцаж байгаа ба Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг "Усны сан бүхий газрын онцгой хамгаалалттай бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно", мөн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайг ялгахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан "...сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх..." гэж заасантай нийцэхгүй байгаа тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч “А м” ХХК-аас Дархан-Уул аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан Х сумын Засаг даргын “А м” ХХК-ийн эзэмшдэг ХV-02**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2024 онд авч хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус баталгаажуулахаас татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, гарын үсэг зурж баталгаажуулахыг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж маргажээ.

            2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлэн, хэргийн үйл баримтад  үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            3. Хариуцагч давж заалдах гомдолдоо: “А м” ХХК-ийн ХV-02**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь газрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд албан ёсны гэрээ гэрчилгээтэй 12 тариалангийн талбай, 5 өвөлжөө, хаваржааны газар мөн усны онцгой бүс давхцаж байгаа ба Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-дахь хэсэг “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалттай бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”, мөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайг ялгахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан “… сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч , 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэж заасантай нийцэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.

            4. Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дах заалт нь иргэн, хуулийн этгээдэд тодорхой зориулалтаар анх удаа газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахын тулд тавигдах хориглосон заалт бөгөөд  нэхэмжлэгч “А м” ХХК нь газар эзэмшүүлэх болон ашиглуулахтай холбоотой ямар нэг шийдвэртэй маргаагүй, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалт нь төрийн захиргааны төв байгууллагаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн этгээдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохын тулд тухайн зөвшөөрөл хүссэн талбай байрших аймаг, сум орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас саналыг нь бичгээр авахтай холбогдсон харилцааг зохицуулсан заалт бөгөөд нэхэмжлэгч компанийн хувьд Ашигт малтмал газрын тосны газраас 2021 онд ХV-02**** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байх бөгөөд тухайн үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас саналыг авсны үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон гэж үзэхээр байх тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

            5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүйн талаарх хууль зүйн үндэслэлийн талаар давж заалдах гомдолдоо дурдаагүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            6. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.1.6-д “энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах” , 38.2-т “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж жилийн эцэст хэрэгжилтийг нь тайлагнах, мөн дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар Х сумын Засаг даргад хүргүүлэх үүрэгтэй, Х сумын Засаг дарга нэхэмжлэгч “А м” ХХК-ийн 2024 оны байгаль орчныг хамгаалаах төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаад 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянаад батлах үүрэгтэй болохыг хуульд зохицуулсан байна.

            7. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд хариуцагч Х сумын Засаг даргын “А м” ХХК-ийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайлан болон 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж дүгнэхээр байна.

            8. Засаг даргын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлээгүй бол мөн хуулийн  38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг сэргээх ажлыг гүйцэтгүүлэх, бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулах бүрэн эрхийг олгосон байна.

            9. Тухайлбал Х сумын Засаг дарга нэхэмжлэгч “А м” ХХК-ийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайлан болон 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд зааснаар 10 хоногийн дотор хянаад Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан үндэслэл байхгүй гэж үзвэл төлөвлөгөөг баталж хүргүүлэх үүрэгтэй бөгөөд өөр бусад үндэслэлээр татгалзах эрхгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 114/ШШ2026/0004 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ШҮҮГЧ                                             Г.МӨНХТУЛГА

                                   ШҮҮГЧ                                             Ц.ОДМАА

                                   ШҮҮГЧ                                             Л.ОДБААТАР