Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар /00267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт оршин суух, Тайж цөц овогт Ц.Ц/ /-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 153/2020/00211/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ц.Ц нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1986 онд Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн 8-р анги төгссөн. Би эцэг, эхтэйгээ 1991 он хүртэл мал маллаж байгаад 1991 онд гэр бүл болсон. Тэтгэвэрт гарах гэсэн боловч 3 жил дутуу учраас эцгийнхээ ажилласан жилээс авах гэж байгаа юм.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Ц нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 629 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 4 дүгээр бригадын 1989 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, гэрч Б.Жарантай, Л.Бүрнээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7, 27-29, 30-32 дугаар тал/

Харин нэхэмжлэгч Ц.Ц нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оноос 1989 он хүртэл эцэг эхийнхээ хамт малчнаар ажиллаж байсан талаар мэдүүлэх гэрч Б.Жарантай, Л.Бүрнээ нарын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Ц.Ц нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ц.Ц нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 34-35 дугаар тал/

Хавтаст хэргийн 4-6 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 629 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 4 дүгээр бригадын 1986 оноос 1988 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудад нэхэмжлэгчийн нэр бичээгүй буюу нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 14-15 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Жарантай, Л.Бүрнээ нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Ц.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж цөц овогт Ц.Ц/ /-ийн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Нэхэмжлэгч Ц.Ц нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ